2014
Есүсийн хайранд өлгийдөгдөн гайхширахуй
2014 оны зургаадугаар сар


Бид Христийн тухай ярьж байна

Есүсийн хайранд өлгийдөгдөн гайхширахуй

Энэ өгүүллийг бичигч Мексикийн Мехико хотод амьдардаг.

Нэгэн ням гарагт ариун ёслолын өмнө бишоп над дээр хүрч ирээд “Та ариун ёслолыг адислахад тусалж чадах уу?” гэж асуухад би тэгэлгүй яахав гэж хэлэв.

Би дууллын номоо аваад дараа нь ариун ёслолын ширээнд суухаасаа өмнө гараа угаалаа. Дууллын номоо нээгээд миний хамгийн эхэнд харсан дуулал нь “Би гайхширна” (Сүмийн дуулал, 22-р хуудас) байлаа. Цуглаан хараахан эхлээгүй байсан учраас би “Би Есүсийн хайранд өлгийдөгдөн гайхширч байна” гэсэн нэгдүгээр бадгийг уншив. Тэр даруйд би зүрхэндээ маш хүчтэй хайрыг мэдэрч билээ.

Өмнөх орой нь би Библи дэх Есүс Христийн амьдралын төгсгөлийн үйл явдлууд—сүүлчийн зоог, Гетсеманы цэцэрлэг болон Түүний нас баралт ба амилалтын тухай уншиж байсан юм. Би Есүсийг тамлагдаж, цохиулж мөн цэргүүдэд доромжлуулж байгаагаар төсөөлөн бодсон. Түүнчлэн би Есүсийг дагалдагчдаа унтаж байх үеэр Өөрийн цагаатгагч золиослолыг Гетсеманы цэцэрлэгт гүйцэтгэж байгаагаар төсөөлөн харав.

Энэ мөчид би Түүний биеийг мөн цусыг төлөөлдөг талх, усыг адислах дөхөж байгаагаа анзаарлаа. Ариун ёслол нь бидэнд баптисм хүртэх үедээ хийсэн Түүнийг үргэлж дурсан санаж, Түүний зарлигуудыг сахиж мөн Түүний нэрийг өөрсөд дээрээ авах гэрээгээ шинэчлэх боломжийг бидэнд олгодог.

Ариун ёслол эхлэхэд эдгээр бодол миний толгойд байв. Есүс бидний төсөөлж чадахаас ч илүү их өвдөлтийг мэдэрч, байж боломгүй арга замаар зовсон гэдгийг би хүчтэйгээр мэдэрсэн юм. Дараа нь Тэрээр гагцхүү бидэнд болон надад хайртай учраас л зовлон шаналалыг тэвчсэн гэсэн бодол орж ирэв.

Би Их Эзэн намайг ямар их хайрладгийг мэдэрч, нулимсаа барьж чадсангүй. Би Аврагчийн миний төлөө хийсэн зүйлийг хүртэхүйц зохистой биш гэсэн мэдрэмж надад байв. Гэвч Түүний намайг хайрлах хайр нь төгс гэдгийг би мэдэрсэн. Найз хүн найзынхаа төлөө амиа зориулна (Иохан 15:13-ыг үзнэ үү). Ариун ёслолын дуулал эхлэхэд ёслолыг эхлүүлэхээр би нэг ахтай хамт бослоо.

Бид талхыг бүтээсэн үзэмжтэй цагаан бүтээлгийг хойш нь эвхлээ. Би талхыг гартаа барих үедээ үүнийг ёслолын нэг хэсэг болгон эмтэлж жижиглэх үүрэгтэй гэдгээ мэдэж байсан боловч тээнэгэлзэж эхлэв. Талх Христийн биеийг төлөөлдөг. Би Их Эзэнийг өвтгөж байсан цэргүүдийг бодоод талхыг эмтэлмээргүй байлаа. Эхний хэсэг талхыг эмтлэх үедээ би Есүсийн үхэхээсээ өмнө амссан зовиур ба доромжлол—өргөст титэм, ташуурдалт, зовлон шаналал зэргийг бодлоо. Талхыг бэлтгэх үед нулимс хацрыг минь даган урссаар байв.

Дараа нь эдгээр зовлон шаналал болон доромжлол нь зайлшгүй шаардлагатай байсан гэсэн бодол надад төрж билээ. Тэдгээр нь Есүс Христийн цагаатгагч золиослолын нэг хэсэг байсан ба Тэрээр надад болон бидний хүн нэг бүрд хайртай учраас золиослол хийсэн юм.

Би агуу амар амгаланг болон баяр баяслыг мэдэрч эхлэв. Би талхны хэсэг нэг бүрийг хянамгай бөгөөд алгуур эмтлэн жижиглэж, миний гарт байгаа энэ зүйл нь нэгэн онцгой зорилгын улмаас мөдхөн адислагдаж мөн ариусгагдан, маш үнэ цэнэтэй, гайхамшигтай ба ер бусын зүйлийг төлөөлөх болно гэдгийг мэдэж байлаа. Би энэ ёслолыг гүйцэтгэх агуу үүрэг хариуцлагыг мэдэрсэн бөгөөд үүгээр дамжуулан цуглаанд оролцож байгаа хүмүүс Их Эзэнтэй гэрээгээ шинэчилж мөн Цагаатгалын адислалуудыг хүлээн авах боломжтой болдгийг ойлгосон юм.

Биднийг ёслол гүйцэтгэж дуусахад би эмтэлсэн талхаар дүүрсэн царуудыг харсан. Энэ нь гайхамшигтай бөгөөд сүр жавхлантай байлаа. Хамтрагч маань залбирал хэлэв. Би “тэд Таны Хүүгийн биеийг төлөөлөн дурсаж, үүнийг идэж болохын тулд” (С ба Г 20:77) гэж хэлдгийг урьд өмнө нь хэзээ ч ийм тодорхой ойлгож байгаагүй юм.

Би талхнаас хүртэх үедээ Аврагчийн хайрыг дахин мэдрэв. Би хамгаалагдан, даруусгагдаж мөн зөвийг хийхээр сэтгэл шулуудсан мэт мэдрэмжтэй байсан. Би амьдралаа эргэн харж мөн хийсэн бүх буруу зүйлээ наманчлахыг хүсч билээ.

Би Есүс Христийн намайг хайрлах хайранд талархдаг. Бид нүглүүдээсээ өршөөгдөж мөн Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очих боломжийг өгөх Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээж авах боломжтой байгаадаа би талархдаг.

Христ цэргүүдээр тохуурхагдав, Карл Хэнрич Блок © Hope Gallery