2014
Ээжид зориулсан адислал
2014 оны зургаадугаар сар


Ээжид зориулсан адислал

Энэ өгүүллийг бичигч АНУ-ын Ютад амьдардаг.

“Санваар сэргээгдсэн, хүмүүнд үнэн илчлэгдсэн, Бурхан дэлхийд хандан ярьсан, Түүний хүч чадал энд дахин байна” (Children’s Songbook, 89).

Хүүхдийн хэсгийн хичээл дуусахад 10 настай Рубэн номлогчдыг хайж байв. Тэд түүнтэй хамт гэр рүү нь явах гэж байлаа. Ахлагч Санчез болон ахлагч Рояас нар Рубэн болон түүний ах Диего хоёрт номлогчийн хичээлүүдийг зааж мөн тэдэнд баптисм хүртээсэн юм. Одоо Рубэн тэднийг хамгийн сайн найзуудаа гэж боддог болсон байна.

Рубэн хаалттай байсан ангийн хаалганы цонхоор харав. Номлогчид тэнд байлаа! Гэхдээ тэд юу хийж байсан юм бол? Тэд тойргийн гишүүн ахын толгой дээр гараа тавиад Рубэнийг гишүүнээр батлагдах үед хэлж байсан шиг залбирал хэлж байгаа юм шиг харагдав.

Тэднийг өрөөнөөс гарч ирэхэд тэр номлогчдоос “Та нар юу хийж байсан бэ?” хэмээн асуув.

“Бид Мэндоза ахад санваарын адислал өгч байсан юм” хэмээн ахлагч Санчез хэлэв. “Энэ нь онцгой залбиралтай адилхан бөгөөд тайтгарал өгч, хэн нэгэнд асуудлаа шийдэхэд нь тусалж эсвэл өвчтэй хэн нэгнийг эдгээж чадна.”

Дараагийн ням гарагт сүмийн цуглааны дараа Рубэн дахиад номлогчдыг хайж байв. “Та нар манай гэрт ирээд ээжид минь адислал өгч чадах уу? Түүний нуруу их өвдөөд байгаа” хэмээн тэр асуув.

Тэд бүгдээрээ Рубэний гэр рүү яаран ирэв. Ахлагч Санчез, Рояас нар Рубэний ээжтэй ярилцлаа. Тэр сүмийн гишүүн байсан бөгөөд удаан хугацааны турш сүмд ирээгүй байжээ.

“Таны бие сайнгүй байгааг бид ойлгож байна, Гарсия эгч ээ” гэж ахлагч Рояас хэлэв.

“Миний нуруу хэдэн долоо хоногийн турш хүнд өвдөж байна” хэмээн тэр тэдэнд хэлэв. “Би олон эмчтэй уулзсан боловч тэд надад тусалж чадсангүй.”

“Рубэн биднийг энд ирж, танд санваарын адислал өгөхийг хүссэн юм. Та биднээс адислал авах уу?” хэмээн ахлагч Санчез асуув.

“Тэгэлгүй яах вэ” хэмээн ээж нь хэллээ.

Номлогчид толгой дээр нь гар тавин, адислал өгөхөд ээжийнх нь хацрыг даган нулимс урсав. Тэднийг адислал өгч дуусахад Рубэн ээжийгээ тэвэрч, “Адислал танд тусална гэдгийг би мэдэж байна” хэмээн хэлэв.

Гурван өдрийн дараа номлогчид Рубэний ээжийн бие ямар байгааг мэдэхээр буцаж ирэв. “Би та нарыг харсандаа маш их баяртай байна. Та нарыг надад адислал өгсний дараа нурууны маань өвдөлт алга болсон ба одоо зүв зүгээр болсон!” гэж ээж хэллээ.

“Гарсия эгчээ, Тэнгэрлэг Эцэг таныг эдгээсэн” гэж ахлагч Санчез хэлээд “Тэр бидэнд санваарын эрх мэдлээ ашиглан таныг адислах замаар Өөрт нь туслах боломжийг олгосон” гэлээ.

Дараагийн болон түүний дараах ням гараг бүрд ээж нь Рубэн, Диего хоёртой хамт сүмд явдаг болсон юм. Тэрээр санваарын хүч чадал нь бодитой гэдгийг мэдсэн бөгөөд Рубэн ч бас үүнийг мэдэж байлаа.

Зураг чимэглэлийг Симини Блокэр