2014
Санваарын хүч чадал—бүгдэд хүртээмжтэй
2014 оны зургаадугаар сар


Санваарын хүч чадал бүгдэд хүртээмжтэй

Зураг
Линда К. Бөртон

Санваарын эрх мэдэл нь томилгоогоор өгөгддөг ч санваарын хүч чадал нь бүх хүнд хүртээмжтэй. Бидний хүн нэг бүр санваарын хүч чадлыг амьдралдаа урих түлхүүр нь зөв шударга байдал юм.

Санваарын талаар илүү олон хүн асууж, тодруулж байгаа сүмийн түүхийн энэ онцгой үед амьдарч байгаа нь бидний хувьд онцгой боломж юм. Бурханы санваартай холбоотой эрх мэдэл, хүч чадал, адислалуудын талаар илүү сайн ойлгох сонирхол ба хүсэл хүмүүст маш их байна. Санваарын номлол “тэнгэрээс буух шүүдэр лугаа адил [бидний сүнсэн] дээр намуухан буух болно” хэмээн би найдаж байгаа (С ба Г 121:45; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн). Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа гэдгийг би гэрчилж байна. Их Эзэн Өөрийн ажлыг хэрхэн гүйцэлдүүлдгийг ойлгох нь бидний хувьд туйлын чухал бөгөөд ингэснээр бид Түүний төлөвлөгөө болон зорилгуудын төлөө ажиллахаас ирдэг хүч чадлыг хүлээн авч чадна.

Их Эзэн “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсе 1:39) Өөрийн ажлыг үргэлж Өөрийн санваарын хүчээр гүйцэлдүүлсээр ирсэн. Үүгээр тэнгэр болон газар бүтээгдсэн юм. Есүс Христийн Цагаатгал байгаа учраас бид уналтын үр дагавруудыг санваарын ёслолуудаар дамжуулан даван туулж чадна. Санваарын эрх мэдэл нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг адислахын тулд хүмүүнд өгөгдсөн учраас Тэрээр биднийг хувийн амьдрал болон гэр бүлүүдээ хүчирхэгжүүлэхийн тулд санваарын хүч чадлыг өөрсдийнхөө гэр оронд авчраасай хэмээн хүсдэг.

2013 оны дэлхий даяарх удирдагчдын сургалт дээр Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүкс “Эрэгтэй хүмүүс бол санваар биш!” хэмээн онцлон мэдэгдсэн.1 Энэ үг миний хувьд ухаарал өгсөн үг байсан бөгөөд бид бүгдийн хувьд санваарын талаар илүү сайн судалж, тунгаан бодож мөн ойлгох урилга байсан юм. Өөр итгэл бишрэлтэй та нарын хүүхэд эсвэл найз тань дараах асуултуудыг асуувал та нар хариулт өгч чадах байсан уу?

  • Санваар гэж юу вэ?

  • Санваар яагаад тийм чухал байдаг вэ?

  • Санваарын түлхүүрүүд гэж юу вэ?

  • Санваарын түлхүүрүүдийг хэн атгадаг вэ?

Санваар гэж юу вэ?

Санваар бол Бурханы мөнхийн хүч ба эрх мэдэл бөгөөд Тэр үүгээр дамжуулан Өөрийн хүүхдүүдийг адисалж, гэтэлгэж мөн өргөмжилдөг. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар санваарын талаар: “Санваар бол Их Эзэн бодгалиудыг аврахын тулд эрэгтэйчүүдээр дамжуулан ажилладаг зүйл юм. … Санваарыг атгагч нь энэ ариун нандин эрх мэдлийг Бурханы ариун оюун, хүсэл болон зорилгуудтай нийцүүлэн ашиглах үүрэгтэй. Санваартай холбоотой нэг ч зүйл өөр дээрээ төвлөрсөн байдаггүй. Санваар нь үргэлж бусад хүмүүст үйлчилж, адисалж мөн тэднийг хүчирхэгжүүлэхэд ашиглагддаг” хэмээн тайлбарласан юм.2

Намайг санваарын талаар ойлгохын тулд судалж, тунгаан бодож мөн эрэлхийлэх үед дэлхий дээр санваар байхгүй бол ямар байх байсан бол гэдэг бодол минь их тус дөхөм болж байсан. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс энэ санааг “Хэрэв ямар ч санваар байхгүй байсан бол мөнх бус амьдрал нь ямар харанхуй мөн ямар их хоосон байх байсныг та нар төсөөлж чадах уу? Хэрэв санваарын хүч дэлхий дээр байхгүй байсан бол чөтгөр ямар ч саадгүйгээр хэрэн хэсэж мөн захирах байсан. Тэр үед биднийг удирдаж мөн гэгээрүүлэх Ариун Сүнсний бэлэг ч, Их Эзэний нэрээр ярих бошиглогчид ч, ариун нандин мөнхийн гэрээнүүдийг хийх ариун сүмүүд ч мөн адислах эсвэл баптисм хүртээх, эдгээх эсвэл тайтгаруулах эрх мэдэл ч байхгүй байх болно. … Ямар ч гэрэл, найдвар байхгүй зөвхөн харанхуй байх болно” хэмээн илэрхийлсэн юм.3

Санваар байхгүй байсан бол гэдэг бодол нэгийг бодогдуулдаг. Энэ ариун нандин хүч энэ цаг хугацааны бүрэн байдлын эцсийн ба алдар суут эрин үед Бурханы бошиглогчоор дамжуулан дэлхий дээр сэргээгдсэнд би бүх чадлаараа баясдаг!

Биднийг санваарын тухай ярихад ахлагч Өүкс: “Заримдаа бид санваар атгагчдыг ‘санваар’ хэмээн хэлдэг боловч санваар атгагчид нь санваарыг эзэмшдэггүй мөн тэд санваар биш гэдгийг бид хэзээ ч мартах ёсгүй. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс ба хүүхдүүдэд адил тэгш ашиг тус хүргэх ариун нандин итгэл дээр үндэслэгдэн олгогддог” гэж анхааруулдаг.4

Санваар яагаад тийм чухал байдаг вэ?

“Аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөө нь насан эцэслэсний дараа ч гэр бүлийн холбоог мөнхжүүлдэг. Ариун сүмийн ёслолууд болон гэрээнүүд нь хувь хүн Бурханы оршихуйд эргэн очих, гэр бүлүүд мөнхөд нэгдэх боломжийг олгодог” гэдгийг бид мэднэ.5 Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны заасанчлан “Гэр бүлүүд мөнхөд лацдан холбогдож болохын тулд санваарын эрх мэдэл сэргээгдсэн юм.”6

“Сайн мэдээний ёслолуудыг гүйцэтгэхэд санваарын эрх мэдэл шаардлагатай. … Ёслол бүр нь арвин баялаг адислалын үүд хаалгыг нээдэг.”7 Есүс хаант улсын ариун нандин түлхүүрүүдийг “Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно” гэсэн үүрэг хариуцлагатайгаар Петрт олгосон юм (Maтай 16:19).

Санваарын түлхүүрүүд гэж юу вэ?

Санваарын түлхүүрүүдийн талаарх энгийн тайлбар 2012 оны 5-р сарын New Era сэтгүүлд нийтлэгдсэн байдаг:

“Түлхүүрүүдийг байшинд орох, автомашин жолоодох, чемодан онгойлгох гэх мэт түлхүүргүйгээр хийх боломжгүй олон зүйлд ашиглаж болдог. Нэг үгээр хэлбэл түлхүүрүүд нь эрх мэдэл ба нэвтрэх эрх юм.

“Санваарын түлхүүрүүд нь үүнтэй мөн адил юм. Тэдгээр нь санваарын адислал болон ёслолуудад нэвтрэх явдлыг хянаж байдаг. … Санваарын түлхүүрүүд нь сүмийг тэргүүлж мөн удирдах эрх юм. … Түлхүүрүүд нь ихэвчлэн газарзүйн бүсийн хувьд буюу тойрог, гадаст эсвэл номлолд хамаатай байдаг. Тэдгээр нь бас ямар нэг тодорхой ёслол ба үйл ажиллагааг захирах эрх мэдлийг агуулдаг (жишээ нь: баптисм, ариун ёслол, номлогчийн болон ариун сүмийн ажил гэх мэт).”8

Санваарын түлхүүрүүдийг хэн атгадаг вэ?

“Есүс Христ Өөрийн сүмд хамаатай санваарын бүх түлхүүрийг эзэмшдэг. Тэрээр дэлхий дээр Бурханы хаант улсад хамаатай бүх түлхүүрийг төлөөлөгч бүрдээ олгосон юм. Хамгийн ахмад, амьд сэрүүн төлөөлөгч бол сүмийн ерөнхийлөгч бөгөөд тэрээр санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл бүхий дэлхий дээрх цорын ганц хүн юм (С ба Г 107:91–92-ыг үзнэ үү). …[Тэрээр] санваарын түлхүүрүүдийг санваартны бусад удирдагчдад хариуцсан бүсүүдийг нь тэргүүлүүлэхээр олгодог. … Туслах бүлгүүдийн ерөнхийлөгч болон тэдний зөвлөхүүд түлхүүрүүдийг хүлээн авдаггүй. Тэд дуудлагадаа тохирсон эрх мэдлийг хүлээн авдаг.”9

Гэхдээ санваарын эрх мэдэл, санваарын хүч чадал хоёрын хооронд ялгаа бий. Санваарын эрх мэдэл нь гагцхүү томилгоогоор дамжин өгөгддөг бол харин санваарын хүч чадал нь бүх хүмүүст боломжтой юм. Бид бүгд санваарын хүч чадлыг өөрсдийн гэр бүлд болон орон гэртээ байлгахыг хүсдэг учраас бид энэ хүчийг амьдралдаа урьж оруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Санваарын хүч чадлыг олж авахад хувийн зөв шударга байдал нь туйлын чухал юм.

Санваарын сургаалыг ойлгох нь

Нэгдүгээрт, Ариун Сүнсний бэлэг хүлээн авахуйц зохистой байхыг эрэлхийл. Санваарын сургаал нь илчлэлтээр хамгийн сайн ойлгогддог учраас энэ сургаалыг бидэнд илчилж мөн бидний бодгаль дээр намуухан буух Ариун Сүнсний тусламжийг авах нь амин чухал юм.

Хоёрдугаарт, ариун сүмд ордог бай. Ариун сүмүүд нь “шүтээний бүх газраас хамгийн ариун нь”10 бөгөөд илчлэлтийн сүнсээр дамжуулан санваарын талаар суралцах хамгийн шилдэг газар гэдгийг бид мэддэг.

Гуравдугаарт, судруудыг судал. Судруудыг эрж хайн, тунгаан бодож, судлах нь бидэнд санваарын тухай чухал үнэнүүдийг илчлэх Ариун Сүнсийг урьдаг. Би та нарт дараах судруудыг залбирч мөн анхааралтай судалж үзэхийг санал болгож байна: Сургаал ба Гэрээ 13, 20, 84, 107, 121-р хэсгүүд мөн Алма 13. Дараа нь би та нарыг Сургаал ба Гэрээ 84:33–40 дээр гардаг санваарын андгай ба тангаргийг цээжлэхэд урьж байна. Үүнийг хийвэл Ариун Сүнс санваарын талаарх ойлголтыг тань тэлж мөн гайхамшигтай арга замуудаар та нарт илчлэлт өгч, та нарыг өргөх болно гэдгийг амлаж байна.

Мөн би та нарыг Сургаал ба Гэрээ 121:34–44-г тунгаан бодож мөн өөрсдөдөө доорхтой төстэй асуултуудыг тавихад урьж байна:

  • Миний зүрх сэтгэл энэ дэлхийн зүйлүүд дээр тавигдсан байна уу?

  • Би хүмүүсээс хүндэтгэл хүлээхийг эрмэлздэг үү?

  • Би нүглээ далдлахыг оролддог уу?

  • Би бардамнадаг уу?

  • Би өөрийнхөө хүүхдүүдийг, эхнэрээ эсвэл бусдыг хянаж, эзэгнэж эсвэл албаддаг уу?

  • Би сэнхрүүлэл, номхон дөлгөөн байдал, тэсвэр тэвчээр, нинжин сэтгэл, эелдэг зөөлөн байдал, чин сэтгэлийн хайр (жинхэнэ эсвэл зүрх сэтгэлийн хайр гэсэн утгатай) зэрэг зөв шударга зарчмуудыг хөгжүүлэхийн тулд шаргуу хичээдэг үү?

  • Бодол санааг минь ариун журам зогсолтгүй чимэн гоёдог уу?

  • Би Ариун Сүнсийг өөрийнхөө байнгын хамтрагч байлгахыг хүсдэг үү?

Би олон жилийн өмнө ааваасаа адислал авахыг хүссэн бөгөөд үүнийгээ эргэн санах үед сэнхрүүлэл, номхон дөлгөөн, тэсвэр тэвчээр, нинжин сэтгэл, эелдэг зөөлөн болон чин сэтгэлийн хайр зэрэг үгс нь миний хувьд шинэ бөгөөд маш дотно утга учиртай болсон юм.

Би залуу насанд хүрэгч байхдаа нэгэн хэцүү шийдвэр гаргах тал дээр нэлээн эргэлзэж байлаа. Би өмнөх шигээ аавдаа хандаж, түүнээс эцгийн адислал авахыг хүслээ. Түүнийг миний хүсэлтэд хариулж тэр дороо адислал өгнө гэж бодсон боловч “чамд адислал өгөхийн тулд өөрийгөө бэлтгэх хугацаа надад хэрэгтэй байна. Чи хоёр өдөр хүлээвэл зүгээр үү?” гэж хэлэхэд нь би гайхаж билээ.

Сонирхолтой нь, 40 жилийн хойно би аав минь надад эцгийн адислал өгөхдөө юу гэж хэлснийг мартсан байсан ч аавыгаа өөрт буй санваарыг ихэд хүндэтгэж мөн надад эцгийн адислал өгөхийн тулд өөрийгөө сүнслэгээр бэлтгэж байсныг би хэзээ ч мартахгүй. Аав минь Сургаал ба Гэрээ 121-р хэсэгт гардаг зарчмуудыг ойлгодог байсан бөгөөд өөрийн гэр бүлийг адислах санваарын хүчийг авахуйц зохистой байхын тулд тэдгээр зарчмуудаар амьдрах шийдвэр төгс байсан юм.

Амьд бошиглогчдын үгс

Өдөр бүр илчлэлт авдаг бошиглогч, үзмэрч, илчлэгчидтэй хамт үйлчлэх нь миний хувьд онцгой боломж мөн. Хэрэв бид санваарын сургаалыг үнэхээр ойлгохыг хүсэх юм бол бидэнд итгэлтэй бөгөөд Бурханаас өгөгдсөн амьд эх сурвалжууд болох бошиглогч, илчлэгч, үзмэрчид байдаг. Тэд бол хувийн зөв шударга байдлаараа дамжуулан санваарыг атгаж буй Бурханы эрс гэдгийг би гэрчилж байна.

Саяхан болсон Ерөнхий чуулган дээр Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч М. Рассэлл Баллард: “Тэнгэрлэг Эцэгийн маань санваараар адислагдсан агуу төлөвлөгөөнд санваарыг ашиглах онцгой үүрэг хариуцлага эрчүүдэд өгөгдсөн ч тэд өөрсдөө санваар биш юм аа. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр үүрэгтэй боловч эдгээр нь адил үнэ цэнэтэй байдаг. Эмэгтэй хүн эр хүнгүйгээр үр хүүхэдтэй болж чадахгүйтэй адил эрэгтэйчүүд эмэгтэй хүнгүйгээр мөнхийн гэр бүлтэй болоход санваарын хүчээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, мөнхийн талаас нь авч үзэхэд хүүхэд төрүүлэх хүч болон санваарын хүчийг эхнэр нөхөр хоёр хуваалцдаг” хэмээн заасан.11

Эмэгтэйчүүдийн ёс суртахууны нөлөө нь санваарын хүч чадлыг дэмжигч бэлэг гэдгийг би ойлгож эхэлж байна. Ерөнхийлөгч Ховард В.Хантэр (1907–1995) сүмийн эмэгтэйчүүдийг “Бид та нарыг өөрсдийн хүчирхэг сайн нөлөөгөөр бидний гэр бүлүүдийг болон сүм ба нийгмийг хүчирхэгжүүлэхийн төлөө тохинуулахад уриалж байна” хэмээн уриалсан.12 Саяхан болсон Ерөнхий чуулган дээр Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон эмэгтэйчүүдэд хандан, “Та нар ганц бие эсвэл гэрлэсэн, хүүхэд төрүүлсэн эсвэл төрүүлээгүй ч бай мөн та нар хөгшин, залуу эсвэл энэ хоёрын дунд байсан ч хамаагүй, та нарын ёс суртахууны хүч бол амин чухал юм” хэмээн хэлсэн билээ.13

Ахлагч Баллард мөн үүнтэй төстэй зүйлийг: “Энэ дэлхий дээр зөв шударга эмэгтэй хүний нөлөөнөөс илүү хувийн, илүү хайраар тэтгэгч эсвэл амьдралыг илүү өөрчлөгч зүйл гэж байхгүй” хэмээн хэлсэн байдаг.14

Бид Бурханы ариун санваартай холбоотой хэдэн асуултын талаар ярилцлаа. Гэхдээ өөр олон асуулт байгаа нь тодорхой.

Эхлээд дуулгавартай дага, дараа нь ойлгож ав

Хариулт байхгүй асуултуудтай зохицож амьдрахад надад тусалсан нэгэн туршлагаар би үгээ өндөрлөе. Хэдэн жилийн өмнө нөхөр, бид хоёр сүмийн туршлагатай олон удирдагч цугласан цугларалтад уригдсан юм. Шинэ тэргүүлэх эрх мэдэлтэн нь дуудагдаад удаагүй байсан бөгөөд хурлын төгсгөлд маш хүнд бөгөөд маргаан дэгдээхүйц асуултыг нэг хүн асуулаа. Уг асуулт маш хэцүү асуулт байсан учраас нөхөр, бид хоёр энэ шинэ удирдагчийн төлөө Тэнгэрлэг Эцэгтээ хандан чин сэтгэлээсээ залбирч билээ. Тэрээр асуултад хариулахаар индэр дээр гарч ирээд сүр жавхлантай, мөр цэх байж мөн Их Эзэний хүч чадлаар ярих үед түүний дүр төрх өөрчлөгдсөн байхыг би харсан юм.

Тэрээр: “Ах минь, би таны асуултын хариулт юу болохыг мэдэхгүй. Гэхдээ би танд юу мэддэгээ хэлье. Бурхан бол бидний Мөнхийн Эцэг гэдгийг би мэднэ. Есүс Христ бол дэлхийн Аврагч бөгөөд Гэтэлгэгч гэдгийг би мэднэ. Иосеф Смит Бурхан Эцэг болон Түүний Хайртай Хүү Есүс Христийг харсан ба дэлхий дээр санваарын хүч чадлыг сэргээх зэмсэг байсан гэдгийг би мэднэ. Мормоны Ном үнэн бөгөөд Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг гэдгийг би мэднэ. Өнөөдөр бидний амьдралыг адислахын тулд Их Эзэний өмнөөс ярьдаг амьд бошиглогч байгаа гэдгийг би мэднэ. Би таны асуултын хариултыг мэдэхгүй ч би эдгээр зүйлүүдийг мэднэ. Бусад зүйлүүдэд би итгэлээрээ ханддаг. Би ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн эхнэр Маржори Хинклигийн хэлсэн ‘эхлээд дуулгавартай дага, дараа нь ойлгож ав’ гэсэн энгийн үгсийн дагуу амьдрахыг хичээдэг” гэж хариулж билээ.

Санваар нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг болон хүүхдүүдийг адисалж, биднийг гэр бүлээрээ Бурханы оршихуйд мөнхөд хамтдаа амьдруулахын тулд өгөгдсөн ариун нандин зүйл юм. Бидний хүн нэг бүр санваарын хүчийг амьдралдаа урих түлхүүр нь зөв шударга байдал юм. Энэ сургаал бидний бодгаль дээр намуухан бууж, энэ сүмийг мөн санваарын хүч чадал болон эрх мэдлийг эзэмшдэг Түүнтэй биднийг илүү ойртуулах болтугай.

Эшлэлүүд

  1. Даллин Х.Өүкс, “Гэр бүл дэх санваарын хүч” (дэлхий даяарх удирдагчдын сургалт); wwlt.lds.org.

  2. Дэвид A.Бэднар, “Тэнгэрийн хүчнүүд,” Лиахона, 2012 оны 5-р сар, 48; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  3. Робэрт Д.Хэйлс, “Санваарын адислалууд,” Ensign, 1995 оны 11-р сар, 32.

  4. Даллин Х.Өүкс “Халамжийн Нийгэмлэг ба сүм,”Ensign, 1992 оны 5-р сар, 36.

  5. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” Лиахона 2010 оны 11-р сар, 129.

  6. Рассэлл M.Нэлсон, “Nurturing Marriage (Гэрлэлтийг тордох нь),” Лиахона, 2006 оны 5-р сар, 37.

  7. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 2.1.2.

  8. “Санваарын түлхүүрүүд,” New Era, 2012 оны 5-р сар, 38.

  9. Гарын авлага 2, 2.1.1.

  10. Судруудын удирдамж, “Ариун сүм, Их Эзэний өргөө”; scriptures.lds.org.

  11. М. Рассэлл Баллард, “Энэ нь Миний ажил болон алдар суу бөлгөө,” Лиахона, 2013 оны 5-р сар, 19.

  12. Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (Миний хаант улсын охид: Халамжийн Нийгэмлэгийн түүх ба ажил) (2011), 157; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  13. Д. Toдд Кристоффэрсон, “Эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүч,” Лиахона, 2013 оны 11-р сар, 30.

  14. Daughters in My Kingdom (Миний хаант улсын охид), 156; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

Гэрэл зураг чимэглэлийг Жэрри Гарнс, Баруун талын гэрэл зураг чимэглэлийг Коди Бэлл

баруун талын: гэрэл зураг чимэглэлийг Дан Картэр

Баруун талын гэрэл зураг чимэглэлийг Коди Бэлл