2014
Бэрхшээл бол адислал юм
2014 оны зургаадугаар сар


Бидний гэр орон, бидний гэр бүлүүд

Бэрхшээл бол адислал юм

Энэ өгүүллийг бичигч Шинэ Зеландад амьдардаг.

Ариун сүмд гэрлэснээс улбаалсан бэрхшээлүүд гэж бодож байсан маань гайхалтай адислалууд болон хувирсан

Би нэгэн сайн найзтайгаа ариун сүмд гэрлэснээс ирдэг адислалуудын тухай ярилцаж байлаа. Би үүнтэй холбоотой цөөн хэдэн адислал ирдэг харин нэлээд их бэрхшээл байдаг хэмээн тоглоом шоглоомоор хэлсэн юм. Гэтэл найз минь “Гэхдээ тэдгээр нь адислалууд ч юм бил үү!” хэмээн хэлэв.

Түүний зөв гэдгийг би мэдэж байлаа.

Ариун сүмд лацдагдан холбогдсон нь намайг гэрлэлт ба гэр бүлийн талаар мөнхийн талаас нь харах хараагаар адисалсан. Ариун сүмд хийсэн гэрээнүүд маань шинэхэн гэрлэсэн хос болох нөхөр, бид хоёрын хувьд өмнөө байгаа сонголтуудыг харах “нүдний шил” болсоор байгаа билээ.

Мөнхийн талаас нь харах хараа

Бид гэрлэхдээ мөнхийн гэдэг талаас нь харсан бөгөөд бид гэр бүлд маань ирэх хүүхдүүдийн тоог хязгаарлах эсвэл хүүхэдтэй болохыг азнах ёсгүй гэсэн мэдрэмжтэй байлаа. Ам бүл нэмэгдэхийн хажуугаар нөхөр маань дээд боловсролоо үргэлжлүүлж байв. Түүнийг ажлын гараагаа эхлэхэд бид таван хүүхэдтэй болсон байлаа. Би гэртээ хүүхдүүдээ асрахын тулд хагас цагаар сурч байв. Эргээд бодоход тэдгээр эхэн үеийн он жилүүд дотно санагддаг. Тэдгээр он жилүүд гайхалтай байсан! 2 хүүхэд маань ой ч хүрээгүй байсан бөгөөд бид жижигхэн байранд оюутны тэтгэмжээр тарчигхан амьдарч, маш их махан таташ (гамбургер) иддэг байлаа.

Гэрлэлтийнхээ энэ эхэн үеийг би бидний анхдагч он жилүүд хэмээн үздэг ба бид боловсрол олж авах, гэр бүлээ зохиох, хязгаарлагдмал санхүүгийн эх үүсвэрээр амьдрах гэх мэт “тал хөндийгөөр” аялж байв. Би Мартины гар тэрэгний аялалаас амьд үлдэгдэгсдийн нэгэнтэй бага ч болов адил мэдрэмжтэй байлаа. Тэрээр аялалынхаа талаар: “Бидний хүн нэг бүр Бурхан амьдардаг гэсэн баттай мэдлэгтэй болж ирсэн юм. Учир нь бид зовлон бэрхшээлийнхээ дунд Түүнтэй танил болсон” хэмээн хэлсэн байдаг.1

Гэрлэлтийнхээ эхний жилүүдэд бидний хийсэн сонголтууд нь дэлхийн нүдээр харахад ойлгомжгүй байсан юм. Хүүхэдтэй болохын тулд төгсөлтөө хойшлуулан, нэг хүний орлогоор амьдарч мөн зарим тансаг хэрэглээг золиослох нь тэнэг зүйл мэт харагдсан байж болно. Гэвч Их Эзэн Исаиад

“Учир нь миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр” гэж Эзэн айлдаж байна.

“Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ” хэмээн хэлжээ (Исаиа 55:8–9).

Гэр бүлийнхээ төлөө Тэнгэрлэг Эцэгийн хүслийг дагахын тулд дэлхийн зорилгуудыг золиослох нь бидний амьдралд даруусгасан адислал болсон юм.

Бэрхшээлүүдтэй хамтдаа нүүр тулах нь

Сургаал ба Гэрээнд бид “гэрээнүүдээ золиослолоор дагахад бэлэн байгаа тэд … [Их Эзэнээр] хүлээн зөвшөөрөгддөг” хэмээн уншдаг.

“Учир нь Их Эзэн, бибээр үнэт үр жимс нэн ихийг ургуулдаг, цэвэрхэн горхины дэргэд сайн газарт таригддаг мод лугаа адил тэднийг урагш авчрах болгоно” (С ба Г 97:8–9). Таван хүүхэд маань бидний үнэт үр жимс юм. Тэд бол ямар ч эргэлзээгүйгээр бидний хамгийн агуу адислал юм.

Цаг хугацаа өнгөрөх тусам нөхөр бид хоёр гэр бүл дотроо олон бэрхшээлтэй тулгарч байсан ч энэ бүхнийг эргэж хараад би тэдгээр бэрхшээлүүдэд талархаж байгаагаа шударгаар хэлж чадна. Их Эзэн биднийг хувь хүнийх нь хувьд сайжруулахын тулд мөн биднийг Өөр рүүгээ болон хань ижил рүү маань эргүүлэхийн тулд бэрхшээлүүдээр адисалдаг.

Ариун сүмийн гэрлэлт нь өргөмжлөлийн агуу гэрээ юм. Энэ гэрээг сахисан үед энэ нь биднийг селестиел хаант улсын хамгийн дээд түвшин буюу мөнх амьдрал, мөнхийн өсөлт хөгжилт рүү аваачдаг (С ба Г 131:1–4-ийг үзнэ үү). Ийм агуу шагнал байгаа учраас бид ариун сүмийн гэрлэлт биднийг сорьж, мөн чанарыг маань өөрчлөх болно гэсэн бодолтой явах ёстой.

Далын гишүүн асан, ахлагч Брүс С.Хафэн “Бид тав тухтай байхын тулд гэрлэсэн байж болно. Гэвч асуудлууд гарч ирдэг. Бид тэдгээрийг шийдвэрлэхийн тулд чин сэтгэлээсээ хичээх үедээ тав тухтай байхгүй байж мэдэх ч бид өсч хөгжих болно. Тэр үед бид зөвхөн тав тухтай байхын төлөө бус харин баяр хөөртэй байхын төлөө гэрлэсэн байх болно.”2 Хамтдаа асуудлуудаа шийдвэрлэх нь тийм ч таатай байгаагүй, гэхдээ энэ нь үнэхээр бидэнд баяр хөөрийг авчирсан.

Шаргуу хөдөлмөр ба баяр баясал

Эх хүн байх нь миний хийж байсан зүйлүүдээс хамгийн хэцүү нь. Хүүхэдтэй болохоосоо өмнө би эх хүн байх гэдэг нь ихэнхдээ аз жаргалтай байж, цөөн тохиолдолд шаргуу ажиллах ёстой зүйл гэж боддог байлаа. Харин энэ нь эсрэгээрээ болохыг би ойлгосон юм. Бидний гэрлэлт, нөхөр бид хоёрын хоорондын мөнхийн харилцаа, эцэг эх байх зэрэг нь Тэнгэрлэг Эцэгтэй адил болох лаборатори болсон юм. Энэ амьдралд эцэг эх байх үүрэг хариуцлага нь “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсе 1:39) Тэнгэрлэг Эцэгийн маань ажил болон алдар суутай төстэй юм. Эхнэр ба эх хүн байх нь бурханлаг тэвчээр, хүч чадал болон хайрыг шаарддаг. Эх хүн байх нь мөн чанар, хүсэл мөн боломжуудаараа Бурхантай илүү адил болоход минь надад тусалж байна.

Ариун сүмийн лацдан холболт нь төсөөлж байгаагүй арга замуудаар намайг адисалсаар ирсэн. Энэ нь миний хувьд хүч чадлын, хүүхдүүдийн маань хувьд тогтвортой байдлын эх сурвалж юм. Энэ нь өвөг дээдэстэй маань холбосон холбоос бөгөөд би тэдний өмнөөс ариун сүмийн ажил хийх үед тэд адислагдаж байдаг. Ариун сүмийн гэрлэлт нь ямар ч золиослолоос илүү үнэ цэнэтэй бөгөөд энэ нь агуу адислалууд авчирдгийг би мэднэ.

Эшлэлүүд

  1. Францис Вэбстэр, Виллиам Р.Палмэр, “Pioneers of Southern Utah (Өмнөд Ютагийн анхдагчид),” The Instructor, 1944 оны 5-р сар, 217–218.

  2. Брүс C.Хафэн, Covenant Hearts: Marriage and the Joy of Human Love (Гэрээний гол утга учир: Гэрлэлт ба хүмүүний хайраас ирэх баяр баясал) (2005), 13.

Гэрэл зургийг Рачел Харрисоны зөвшөөрлөөр нийтлэв