2014
Аз жаргалд хүргэх замыг дага
2014 оны зургаадугаар сар


Аз жаргалд хүргэх замыг дага

2012 оны 11-р сард Солт Лэйк хотын табернеклд болсон СБС-ийн онцгой цугларалт дээр хэлсэн үгээс авав. Бүрэн эхээр нь уншихыг хүсвэл lds.org/broadcasts хаягаар орно уу.

Зураг
Бишоп Жэралд Коссэй

Та нарын аз жаргал амьдралын тань гадаад нөхцөл байдлаас биш харин та нарын дагахаар сонгосон зарчмуудаас ихээхэн хамаарах болно.

Ерөнхийдөө өсвөр нас бол хувийн төлөвлөгөө гаргахад хамгийн тохиромжтой үе юм. Бид бүгдээрээ хүүхэд ахуй үедээ янз бүрийн зүйл мөрөөддөг. Залуучууд та нар ирээдүйнхээ төлөө мөрөөдөлтэй бай! Энэхүү мөрөөдөл нь спортод амжилт гаргах, урлагийн шилдэг бүтээл туурвих; ажилч хичээнгүй, шаргуу хөдөлмөрөөрөө нарийн мэргэжил, өндөр боловсрол эзэмших найдвар бүхий байж болно. Ирээдүйд сайн нөхөр, сайн эхнэр болох, гадаад төрх байдалдаа болон биеэ зөв авч явахад анхаарах, зан төлөвийн шилдэг чанаруудыг эзэмших, гэр бүлийг тань адислах сайхан хүүхдүүдтэй болох гээд олон сайхан зүйлийг та нар оюун ухаандаа төсөөлөн бодож болно.

Та нарын мөрөөдлөөс хэд нь биелэгдэх бол? Амьдрал тодорхой бус зүйлээр дүүрэн байдаг. Амьдралын замд санаандгүй явдал өчнөөнөөрөө гарч ирэх болно. Амьдралын чинь зүг чигийг агшин зуурт өөрчлөх чухал мөчүүд ч гарч ирнэ. Ийм мөчүүд нь гадна үзэмж, харилцан яриа эсвэл төлөвлөөгүй үйл явдал гэх мэт зүйлүүдээс бүрдэж болно. Номлолд үйлчлэх насны талаар ерөнхийлөгч Томас С.Монсоны хийсэн саяхны мэдэгдэл шиг шинэ боломжууд ч та нарын амьдралд гарч ирэх болно.1 Заримдаа амьдралын зүг чиг өөрчлөгдөх явдал нь гэнэтийн бэрхшээлүүдээс эсвэл урам хугарахаас ирдэг.

Ихэнх хүмүүс тодорхой бус зүйлд дургүй байдаг. Итгэл дутагдах, янз бүрийн байдлаар ирээдүйгээс айх нь тодорхой бус байдлыг бий болгодог. Зарим хүмүүс нэг удаа бүтэлгүйтсэнээсээ болоод айж, шинэ сайхан боломж олдсон үед ч гэсэн эргэлздэг. Жишээ нь, ийм хүмүүс гэрлэж, гал голомтоо бадраан, өрх гэрээ төвхнүүлэхийг болон боловсролтой болохыг хойшлуулдаг эсвэл тогтвортой ажил мэргэжилтэй болж, бие даан амьдрахын оронд “зүгээр сууж, цаг нөгчөөн,” эцэг эхийнхээ гэр орны ая тухтай байдалд сэтгэл нь хоргоддог.

Биднийг хазаарладаг өөр нэг үзэл баримтлал бол: “Ид, уу, мөн баяс, учир нь маргааш бид үхнэ” (2 Нифай 28:7) гэсэн “дэлхийн мэргэн” ухаан юм. Энэ үзэл баримтлал нь ирээдүйн үр дагаврыг огтхон ч бодохгүйгээр тэр даруй наргиж, цэнгэхийг өөгшүүлэн дэвэргэдэг.

Аз жаргалд хүргэх замыг дага

Айдас, эргэлзээ, амин хувиа бодсон зугаа цэнгэлийн зам нь амьдрал дахь амар амгалан байдал, итгэл найдвар авчирдаг замаас өөр юм. Та нар амьдралынхаа бүх нөхцөл байдлыг хянаж чадахгүй ч аз жаргалдаа хяналт тавьж чадна. Та нар бол аз жаргалынхаа уран барилгачид.

Та нарын аз жаргал бол ихэнхдээ таны сүнслэг байдлын алсын хараа, амьдралаа дээр нь суурилуулдаг зарчмуудын үр дүн мөн. Хүсэн хүлээгээгүй сорилт бэрхшээлүүд дэлхий дээрх аялалуудын тань үед гарцаагүй тохиолдох хэдий ч эдгээр зарчмууд та нарт аз жаргал авчрах болно. Би эдгээр нэн чухал зарчмуудаас заримынх нь талаар та бүхэнтэй ярилцахыг хүсч байна.

1. Өөрийнхөө үнэ цэнийг ухаарч ойлго

Саяхан би гэр бүлийнхээ хамт өмнөд Францад хэд хоног амарлаа. Нэг орой нар жаргаж, хөдөө нутгийг харанхуй нөмөрсөн үед би байшингийнхаа гаднах сандал дээр хэсэг тайван хэвтэж амрахаар шийдэв. Орчныг харанхуй нэлд нь нөмөрсөн учраас эргэн тойрондоо байгаа юмсыг ялган таних аргагүй байв. Тэнгэр өөд хараа бэлчээн ширтлээ. Эхлээд харахад тэнгэр түнэр харанхуй байлаа. Тэнгэрт гэнэт гэрэл гялсхийв, дараа нь хоёр тэгээд гурван удаа гэрэл гарлаа. Аажимдаа миний нүд харанхуйд дасч, жирвэлзэн анивчих үй түмэн одыг ширтэн байлаа. Би харанхуй тэнгэр Сүүн зам болон хувирлаа хэмээн бодож байв.

Хязгааргүй орчлон хорвоогийн тухай бас энэхүү агуу ертөнцтэй харьцуулахад миний бие хэчнээн өчүүхэн болохыг тунгаан бодоод би өөрөөсөө “Энэхүү агуу ертөнцийн өмнө би гэгч ер нь юу юм бэ?” гэж асуулаа. Тэгтэл нэг судар санаанд орж ирэв.

“Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг, Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо

“Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, Хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ? (Дуулал 8:3–4).

Энэхүү тайтгаруулагч өгүүлбэрийн араас залган:

“Та түүнийг Бурханаас арай дор болгож, алдар ба хүндэтгэлийн титмийг түүнд өмсгөжээ” (Дуулал 8:5) гэсэн судрын эшлэл санаанд минь орлоо.

Энэ бол ер бусын зүйл бөгөөд Бүтээлтийн гайхамшиг. Орчлон ертөнц хэмжээ хязгааргүй ч, бид бүгд Бүтээгчийн мэлмийд өөр өөрийн онцлог, өөр өөрийн алдар хийгээд үнэ цэнэтэй юм. Миний бие үл мэдэгдэм өчүүхэн ч миний хувь хүний үнэ цэнэ Тэнгэрлэг Эцэгт минь хэмжээлшгүй чухал юм.

Бурхан биднийг мэддэг, бүр нэг бүрчлэн хайрладаг гэдгийг мэдэх нь бидний амьдралыг гийгүүлж, утга учиртай болгодог гэрэлтэй адил юм. Намайг хэн байлаа ч гэсэн, надад найз нөхөд байна уу, үгүй юү эсвээс би нэрд гарсан уу үгүй юү, бусад хүмүүс намайг хавчдаг уу эсвэл эсэргүүцдэг үү гэдэг нь хамаагүй, Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай гэдэгт би төгс итгэлтэй байдаг. Тэр надад юу хэрэгтэй байгааг мэдэж, надад тулгарч байгаа асуудлуудыг ойлгон, намайг адислахын төлөө санаа тавьдаг.

Бурхан та нарыг хэрхэн хардаг шиг өөрсдийгөө нэг төсөөлж хараад үз дээ. Хэрэв та нарыг Бурхан хайрлаж, энэрэн, та нарт итгэдэг шиг та нар өөрсдийгөө хайр, энэрэл, итгэлээр харж, юу болохыг төсөөлбөл энэ нь ямар утга учиртай зүйл байх бол? Мөнхийн чадавхыг тань Бурхан хэрхэн ойлгодог шиг тийм байдлаар ойлгохын тулд та нарын амьдралд нөлөөлөх нөлөөллийг төсөөлөн бодоод үз дээ.

Бурхан байдгийг би гэрчилж байна. Түүнийг хайгтун! Эрж хайж, судлагтун. Залбирч, асуу. Бурхан Өөрийн оршихуйн тухай, Тэр та нарыг үнэхээр хайрладаг тухай үнэн бодитой тэмдгүүдийг илгээх болно гэдгийг би та нарт амлаж байна.

2. Ямар хүн болох ёстой, тийм л хүн бол2

Энэ өгүүлбэр хачирхалтай сонсогдож болох юм. Би ямар хүн болдгоо аль хэдийн болчихоод байхад одоо яаж өөрчлөгдөх юм бэ? Би энэ зарчмыг нэг түүхээр дамжуулан тайлбарлахыг хичээе.

Би саяхан Ухаан суусан нас нэртэй нэг кино үзлээ. Энэ кино амсхийх завгүй амьдралтай, дэлхийг тойрон аялж, олон хурал зөвлөгөөнд оролцдог, нэрд гарсан банкны эзэн Маргэритын тухай өгүүлдэг. Түүнийг хайрладаг нэгэн байсан ч тэр гэрлэх, үрийн зулай үнэрлэх зав алга гэдэг байв.

Тэр 40 хүрсэн үедээ нэгэн учир битүүлэг захидал хүлээн авчээ. Уг захидалд: “Өөртөө хандсан миний үг. Өнөөдөр би долоон нас хүрлээ. Тэгээд би энэ захидлыг долоон настайдаа хийсэн амлалтуудаа санахад туслахын тулд бас би ямар хүн болохыг хүсдэг байснаа сануулахын тулд энэ захидлыг танд бичиж байна” хэмээн өгүүлжээ. Maргэрит энэ захидлыг өөрөө, долоон настай байхдаа бичсэнээ гэнэт санажээ. Бяцхан охин нэлээд олон хуудсанд багтаан, амьдралын зорилгоо нарийн тодорхой дүрсэлсэн байв.

Тэрээр бяцхан охин байхдаа ямар хүн болохыг хүсдэг байсан нь одоо ямар хүн болсонтой нь огт төсгүй байгааг Маргэрит ойлгов. Тэрээр бяцхан охин байхдаа ирээдүйд ямар хүн болохыг зөгнөсөн шиг тийм хүн болж өөрчлөгдөхийн тулд амьдралаа маш няхуур төлөвлөн, үндсээр нь өөрчлөхөөр шийдсэн байна. Тэрээр гэр бүлтэйгээ эвлэрч, үлдсэн амьдралаа тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэхэд зориулахаар шийджээ.3

Хэрэв та нар өнгөрсөн үеэсээ захидал хүлээж авбал түүнд юун тухай өгүүлэх байсан бол? Мартагдсан боловч үнэн бодит өнгөрсөн үеэсээ чи өнөөдөр захидал хүлээн авбал энэ нь амьдралд чинь хэрхэн нөлөөлөх бол?

Тэр захидалд “Өөртөө хандсан миний үгс: Би ямар хүн болохыг хүсдэг байснаа танд сануулахын тулд захидал бичиж байна. Миний хамгийн агуу хүсэл бол Аврагч, Есүс Христийн шавь байх явдал гэдгийг та санах болно гэдэгт би итгэлтэй байна. Би Түүний төлөвлөгөөг дэмждэг, тиймээс дэлхий дээр байхдаа Түүнд, Түүний авралын ажилд туслахыг хичээх болно. Би бас үүрд мөнх хамт амьдрах гэр бүлийн гишүүн болохыг хүсдэгийг санаарай” гэсэн үгс байх болов уу.

Амьдралд тохиолддог агуу адал явдлуудын нэг бол өөрсдийгөө үнэхээр ямар хүн болох, хаанаас ирснээ олж мэдэх мөн өөрсдийгөө Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэдгийг мэдэх үнэний мэдлэгтэйгээ болон өөрсдийнхөө энд байгаагийн зорилготой нийцүүлэн амьдрах явдал юм.

3. Бурханы амлалтуудад итгэх

Бошиглогч Малахийн сургаал бол сайн мэдээний сэргээлтийн гол төвд байдаг: “Мөн тэрээр эцгүүдэд нь хийсэн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах болно, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно” (Иосеф Смит—Түүх 1:39) гэсэн билээ. Та нар сэргээлтийн ачаар амлалтын хүүхдүүд болсон билээ. Та бүхэн эцгүүдэд тань хийсэн амлалтуудыг хүлээн авах болно.

Патриархын адислалаа дахин дахин уншиж бай. Их Эзэн энэ адислалд Израилын арванхоёр овгийн нэгэнтэй нь таныг холбосон байгааг баталдаг. Иймээс та нар итгэл бишрэлээрээ дамжуулан Абрахам, Исаак, Иаков нарт амлагдсан үй олон агуу адислалыг өвлөгчид болсон билээ. “Учир нь энэ Сайн мэдээг хүлээн авах болгон нь [түүний] нэрээр дуудагддаг байх болно мөн, [түүний] үр удам хэмээн тооцогддог байх болно, мөн босч зогсоод, тэдний эцгийн хувьд, [түүнийг] магтан дуулах болно” (Aбрахам 2:10) хэмээн Бурхан Абрахамд амласан юм.

Эдгээр адислал үнэн бодитой юм. Хэрэв бид өөрсдийн үүргийг биелүүлбэл Бурхан бас хүлээсэн үүргээ биелүүлэх болно. Нөгөө талаар та нарын амьдралд тохиолддог юм бүхэн та нарын хүсэн хүлээсний дагуу болдоггүйг эдгээр амлалт харуулдаг. Бурхан үүний оронд та нарын амьдралд тохиолдох зүйлс Түүний хүслийн дагуу байх болно гэдгийг амладаг. Амьдралдаа бидний хүсч болох хамгийн агуу зүйл бол өөрийнхөө хүслийг Их Эзэний хүсэлд захируулж, бидний амьдралд зориулсан Түүний төлөвлөгөөг хүлээн авах явдал мөн. Тэрбээр бүх зүйлийг эхлэлээс мэддэг бөгөөд бидэнд байдаггүй мэргэн ухаан Түүнд байдаг. Тэр биднийг хэмжээлшгүй хайр энэрлээр хайрладаг билээ.

Энэ зарчмыг би өөрийн туршлага дээр үндэслэн тайлбарлая. Би бага байхдаа Францын бизнесийн шилдэг сургуулиудын элсэлтийн шалгалтад бэлтгэхээр шийдсэн. Бүтэн жил үргэлжилсэн энэхүү бэлтгэл надад яггүй хүнд сорилт болсон бөгөөд өдөр бүр шаргуу хичээллэх шаардлагатай байдаг байлаа. Би тэр жилийн эхээр элсэлтийн шалгалтад бэлтгэхэд хэчнээн хүнд байлаа ч гэсэн ням гаргийн цуглаануудыг болон долоо хоногт нэг удаа хичээллэдэг байсан институтийн хичээлийг ганц ч удаа таслахгүй байхаар шийдсэн юм. Тэр ч байтугай би залуучуудын тойрогт бичиг хэргийн ажилтнаар үйлчлэхийг зөвшөөрөв. Энэ ажилд долоо хоног бүр нэлээн хэдэн цаг зориулдаг байлаа. Их Эзэн миний итгэлтэй байдлыг мэдэж, зорилгоо биелүүлэхэд надад туслах болно гэдэгт би үргэлж итгэлтэй байв.

Жилийн эцэс болж, шалгалт ойртсон үед би чадах бүхнээ хийсэн юм шиг санагдаж байлаа. Тэгээд улам шаргуу залбирч, мацаг барьж эхэллээ. Тэгээд хамгийн их нэр хүндтэй нэгэн сургуульд шалгалт өгөхөөр ирсэн үедээ Их Эзэн миний хүсэлтэд хариулна гэж итгэл дүүрэн байлаа. Харамсалтай нь, үйл явдал миний найдаж байснаас эсрэгээр эргэх нь тэр. Би хамгийн сайн бэлтгэсэн хичээлээрээ өгсөн аман шалгалтдаа доогуур дүн аваад сэтгэлээр маш их унасан юм. Их Эзэн намайг ийм их итгэлтэй байхад яаж хаяж чадаж байна аа?

Миний жагсаалтын хоёрдугаарт байсан өөр нэг сургуульд аман шалгалт өгч байх үеэр эргэлзээ, тодорхойгүй байдал намайг эзэмдлээ. Энэ сургуулийн хамгийн хүнд гэж тооцогддог шалгалтыг сургуулийн захирал нь удирдан, шалгалтын комисс 45 минут ярилцлага хийж авдаг байсан. Ярилцлага эхэндээ хэвийн байлаа. … Тэгтэл ач холбогдол багатай юм шиг санагдсан дараах асуултыг надаас асуув: “Та энэ шалгалтад сайн бэлтгэсэн нь харагдаж байна. Гэвч та хичээлээсээ гадуур ямар үйл ажиллагаануудад оролцдогийг бид сонирхож болох уу?”

Миний зүрх түг түг цохилоод явчихлаа! Бүтэн жилийн турш би шалгалтад бэлтгэх, сүмд явах гэсэн ердөө хоёрхон зүйлийг л хийсэн шүү дээ! Шалгалтын комисс миний сүмийн гишүүнчлэлд сөргөөр хандах вий гэж айсан ч секундын дараа би баримталдаг зарчмууддаа үнэнч байхаар шийдлээ.

Тиймээс “Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн” гэж хэлээд сүмд өөрийн оролцдог бүх үйл ажиллагаа болох хүндэтгэлийн өдрийн цуглаан, институтын хичээл, тойргийн бичиг хэргийн ажилтны үүрэг хариуцлага зэргийн тухай 15 минут орчим ярив. Намайг яриагаа дуусгахад сургуулийн захирал:

“Би залуудаа Нэгдсэн Улсад сурч байсан. Миний хамгийн сайн найз нарын нэг нь Мормон байлаа. Тэр найз маань хүний мөсөөр тун сайн, гайхалтай сайхан залуу байсан. Би мормончуудыг тун сайн хүмүүс гэж боддог” гэж ярилаа.

Tэр өдөр би хамгийн өндөр дүн авч, тэр сургуульд хүндэтгэлтэйгээр элсэн орж билээ.

Би ач ивээлийнх нь төлөө Их Эзэнд талархал илэрхийлэв. Тэр сургуульд орох миний мөрөөдөл биелэгдээгүй нь гайхамшигтай адислал болж хувирсныг ойлгоход надад хэдэн жил хэрэгтэй болсон юм. Хоёр дахь сургуульдаа би маш чухал хүмүүстэй танилцсан юм. Тэдэнтэй тогтоосон харилцаа миний ажил мэргэжилд ч миний амьдралд болон гэр бүлийн минь амьдралд ч онцгой чухал байсан, бүр өнөөдрийг хүртэл чухал хэвээр байгаа билээ.

Та нарыг чадах бүхнээ хийсний эцэст юмс та нарын найдсанаар буюу хүсэн хүлээснээр болохгүй бол Тэнгэрлэг Эцэгийнхээ хүслийг хүлээн авахад бэлэн бай. Тэрбээр бидний сайн сайхны төлөө биш ямар ч зүйлийг биднээр хийлгэхгүй. “Бүх маханбодь миний мутарт байна; хөдөлгөөнгүй байж мөн Би бол Бурхан гэдгийг мэдэгтүн” (С ба Г 101:16) хэмээн бидний чихэнд шивнэх тайтгаруулагч дуу хоолойг анхааралтай сонсогтун.

Та нарын ирээдүй та нарын итгэл лугаа адил гэрэл гэгээтэй

Эхнэр Валеритайгаа өнгөрүүлсэн амьдралынхаа замналыг тунгаан бодох тусам бид хоёр залуу наснаасаа мөнх амьдралын үзэл бодлоо хуваалцаж ирсэн нь бидний амьдралд өөрчлөлт гаргасан юм гэдэгт би төдий чинээ бат итгэлтэй байдаг билээ. Бид хоёр мөнхийн гал голомтоо бадраахыг хүсдэг байв. Бид юуны учир дэлхий дээр байгаагаа, бидний үүрд мөнхийн зорилго юу болохыг мэддэг байлаа. Бурхан бидэнд хайртайг, бид Түүний мэлмийд агуу үнэ цэнэтэйг мэддэг байлаа. Тэр бидний залбиралд Өөрийн арга замаар, сайн гэж бодсон цагтаа хариулах болно гэдэгт бид бат итгэдэг байсан юм.

Түүний хүслийг хүлээн авах гэдэг нь бид ямар нэг зүйлд суралцах, цааш нь үргэлжлүүлэн байнга суралцах явдал учраас бид Түүний хүслийг хүлээн авахад бэлэн байсан эсэхээ би мэдэхгүй. Гэхдээ бид Түүнийг дагаж, Түүнд бие сэтгэл бүхнээ зориулахын тулд чадах бүхнээ хийхийг хүсдэг байсан.

Ерөнхийлөгч Монсоноор удирдуулж байгаа үед та нарын “ирээдүй та нарын итгэл лугаа адил гэрэл гэгээтэй”4 байх болно гэдгийг би гэрчилж байна. Та нарын аз жаргал амьдралын тань гадаад нөхцөл байдлаас биш харин та нарын дагахаар сонгосон зарчмуудаас ихээхэн хамаарах болно. Эдгээр зарчмуудад итгэлтэй байгтун. Бурхан та нарыг мэднэ, бас Тэр та нарт хайртай. Хэрэв та нар Түүний мөнхийн төлөвлөгөөнд нийцүүлэн амьдрах юм бол, хэрэв та нар Түүний амлалтуудад итгэлтэй байх юм бол ирээдүй тань гэрэл гэгээтэй байх болно!

Та нарт мөрөөдөл, зорилго байдаг уу? Тийм бол сайн байна! Мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн төлөө бүх зүрх сэтгэлээ зориулан ажилла. Үлдсэнийг нь Их Эзэн хийх болно. Тэрбээр та нарт хийж чадахгүй зүйлийг тань хүртэл зааж өгөх болно.

Бүх цаг үед Түүний хүслийг хүлээн авч, биелүүлдэг бай. Тэр та нарыг хаашаа явахыг хүснэ, тийшээ явж, та нараас юу хийхийг хүснэ, түүнийг нь хийж бай. Тэрээр та нарыг ямар хүмүүс болоосой гэж хүсдэг шиг тийм л хүмүүс болцгоо.

Энэ амьдрал бол үүрд мөнхийн нэгэн гайхамшигтай үе гэдгийг би гэрчилж байна. Бид Бурхантай уулзахаар бэлтгэх агуу зорилгын тулд энэ дэлхий дээр байгаа билээ.

Эшлэлүүд

  1. Томас С.Монсон “Ерөнхий чуулганд тавтай морилно уу,” Лиахона, 2012 оны 11-р сар, 4–5-ыг үзнэ үү.

  2. Энэ хэллэг нь Грекийн хамгийн алдартай яруу найрагчдын нэг Пиндараас үүсэлтэй гэж үздэг. Пиндар, Pythian 2.72, in Olympian Odes, Pythian Odes, ed. and trans. Виллиам Х.Рэйс (1997), 239.

  3. L‘âge de raison (With Love … from the Age of Reason), Яан Самуэлийн найруулсан (2010), сүүдэр шийг үзнэ үү.

  4. Томас С.Монсон, “Зоригтой бай,” Лиахона, 2009 оны 5-р сар, 92.

Ямар хүн болох ёстой, тийм л хүн бол.

Бурханы амлалтуудад итгэ.

Өөрийнхөө үнэ цэнийг ухаарч ойлго.

Тэр захидалд “Өөртөө хандсан миний үгс: Миний хамгийн агуу хүсэл бол Аврагч, Есүс Христийн шавь байх явдал гэдгийг та санах болно гэдэгт би итгэлтэй байна гэсэн үгс байх болов уу.

Tэр өдөр би хамгийн өндөр дүн авч, тэр сургуульд хүндэтгэлтэйгээр элсэн орж билээ.

Зураг чимэглэлийг Аллэн Гарнс