2014
Аравны нэг дотоод хүч чадлыг авчирдаг
2014 оны зургаадугаар сар


Залуучуудын бат бөх байдлын төлөө

Аравны нэг дотоод хүч чадлыг авчирдаг

Зураг
Ахлагч Антони Д. Пэркинс

Аравны нэгээ шударгаар төлөх шийдвэрийг яг одоо гарга. Ингэх нь Их Эзэн амлалтуудаа биелүүлдэг гэдгийг мэдэхэд чамд туслах болно.

Зураг
A boy looking at money and a tithing slip.

Зураг чимэглэлийг Жим Мадсэн

Ерөнхийлөгч Томас С.Монсон “аравны нэгийг шударгаар төлөх нь аливаа хүнийг бусад зарлигуудыг сахих дотоод хүч чадлаар болон шийдвэр төгс байдлаар хангадаг” хэмээн заасан.1 Залуу байхдаа энэ зарчмын талаар гэрчлэлтэй болох аз надад тохиосон юм.

Би 14 настай байхдаа анх ажил хийж эхэлсэн бөгөөд барилгын ажил хийж, цагт 2 ам. долларын цалин авдаг байлаа. Анхны долоо хоногийн маань цалин 80 доллар болсон байв. Би тухайн үеийн хамгийн шинэ хөгжмийн технологи болох найман замтай хуурцаг тоглуулдаг хөгжим авахыг хүсэж байв. Миний авахыг хүссэн бүрэн үйлдэлтэй загвар нь 320 долларын үнэтэй байв. Би дөрвөн долоо хоног ажилласны дараа хөгжим авах хүслээ ээж, аав хоёртойгоо баяр хөөртэй хуваалцсан юм.

Дөрвөн долоо хоногоос ч илүү

Эцэг эх маань “Хөгжим авах хангалттай мөнгө олоход дөрвөн долоо хоногоос ч илүү хугацаа шаардлагатай. Чи авсан олон адислалынхаа төлөө Бурханд талархал илэрхийлж, орлогынхоо 10 хувийг аравны нэг болгон төлөх хэрэгтэй. Мөн орлогынхоо 10 орчим хувийг засгийн газарт татвар болгон өгөх ёстой. Чи санхүүгийн хувьд ирээдүйдээ болон номлолдоо бэлтгэлтэй бай гэсэн бошиглогчдын зөвлөгөөг залуу наснаасаа дагаж сурах хэрэгтэй. Олсон орлогынхоо 30 хувийг хадгаламжийн дансанд хадгал гэж бид чамд зөвлөж байна” гэж мэргэн ухаанаар заасан юм.

Би дотроо хурдхан тооцоолж, хэрэв би эцэг эхийнхээ зааснаар хийвэл долоо хоног бүр 40 доллартай байх бөгөөд хүссэн хөгжмөө авахын тулд доод тал нь хоёр сар ажиллах хэрэгтэй болно гэдгээ ойлгов. Миний өмнө материаллаг зүйлийг эн тэргүүний зүйлээ болгох эсвэл аравны нэгээ төлж, мөнгө хадгалах золиослол хийхийг сонгох шийдвэрлэх мөч ирээд байлаа.

Эхлээд аравны нэгээ төл

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд: Бусад хэрэгцээгээ хангах хангалттай мөнгө байхгүй байсан ч үүнийг [аравны нэгээ] эхлээд төл. Ингэснээр хувиа хичээх байдлаас гарахад чинь та нарт тусалж, Сүнсийг сонсоход илүү амархан болно” хэмээн зөвлөдөг.2

Би 14 настай байхдаа үлдсэн амьдралынхаа турш аравны нэгийг шударгаар төлөх шийдвэр гаргасан юм. Би бошиглогчийг дагаж, номлолд болон ирээдүйн боловсролдоо зориулан мөнгө хадгалахаар шийдсэн. Энэ туршлага нь надад хүсэл, хэрэгцээ хоёрыг ялгаж сурахад тусалсан юм. Би хамгийн сүүлийн үеийн технологийг авахыг хүссэн боловч энэ нь надад хэрэггүй байв. Тиймээс би цөөн үйлдэлтэй илүү хямд загварыг нь авахаар шийдсэн бөгөөд энэ хөгжим нь намайг номлолд явах хүртэл үүргээ хангалттай гүйцэтгэж чадсан юм.

Амлалтууд сахигддаг

Би аравны нэг төлснөөр Их Эзэн амлалтуудаа биелүүлдэг гэдгийг мэдэж авсан үед Түүний бусад зарлигуудыг сахих миний итгэл болон хүсэл илүү хүчтэй болж өссөн юм. Хэрэв би мацгийн өргөлөө өгөөмрөөр төлөх юм бол Тэр миний залбирлуудад хариулж мөн намайг үргэлжлүүлэн удирдах болно гэдгийг би мэдэж авсан юм (Исаиа 58:6–11-ийг үзнэ үү). Хэрэв би Мормоны Номыг уншвал Тэр үүний үнэнийг надад Ариун Сүнсний хүчээр үзүүлнэ гэдгийг ойлгосон (Moронай 10:4–5-ыг үзнэ үү). Хэрэв би мэргэн ухааны үгийг дагавал Тэр надад сайн эрүүл мэнд, мэргэн ухаан ба мэдлэгийг өгч, би “гүйхэд мөн ядрах нь үгүй” байж чадна гэдгийг мөн мэдэж авсан юм (С ба Г 89:18–21-ийг үзнэ үү). Хэрэв би ариун явдлын хуулийг сахивал Ариун Сүнс миний байнгын хамтрагч байж, Аврагч надад хэзээ нэгэн өдөр Түүний дэргэд ичихгүйгээр зогсох итгэлтэй байдлыг өгнө гэдгийг ойлгож авсан билээ (С ба Г 121:45–46-г үзнэ үү).

Аравны нэг болон өргөлүүдийг төлснөөр өөр нэгэн дотоод хүч чадал ариун сүмийн гэрээнүүдээр дамжин ирсэн юм. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд “Ариун сүмд орохын тулд та нар аравны нэгээ бүрэн төлөгч байх ёстой”3 хэмээн заадаг. Би ариун сүмд орох үедээ Бурханы оршихуйг болон Түүний хайрыг мэдэрдэг. Ариун сүмийн ёслолуудад бид мөнх бус амьдралын бэрхшээлүүдийг даван туулах “тэнгэрийн хүчийг” (С ба Г 95:8) хүлээж авдаг гэдгийг би гэрчилж байна.

Хадгалагдсан адислал

Аравны нэг болон өргөлүүдийг төлөх нь Их Эзэн Өөрийн амлалтуудыг биелүүлнэ гэсэн миний итгэлийг өсгөсөн. Тэрээр бошиглогч Малахигаар дамжуулан, “Бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” хэмээн тунхагласан байдаг (Maлахи 3:10).

Амьдралын минь турш, гэрлээд удаагүй байх үеийн санхүүгийн бэрхшээлтэй үед ч гэсэн Бурхан тэнгэрийн цонхнуудыг үргэлж нээдэг байсан бөгөөд ингэснээр манай гэр бүл амьдралын түр зуурын хэрэгцээт зүйлүүдийг хүлээн авсан юм. Аравны нэгийн хуулийг дуулгавартай дагаснаар та нарын итгэл амьдралд тань агуу хүчний эх сурвалж болон өснө гэдгийг би гэрчилж байна.

Би та нарын хүн нэг бүрийг болон бүх гишүүдийг амьдралынхаа турш аравны нэгээ бүрэн төлж, мацгийн өргөлөө өгөөмрөөр өгөх замаар Есүс Христийг болон Түүний бошиглогчдыг анхааран сонсоход урьж байна. Их Эзэн Өөрийн ариун зорилгын дагуу та нарыг зөв шударга хүслүүдээ биелүүлэхэд чинь хүчирхэгжүүлж мөн дэвжүүлэх болно гэдгийг би амлая.

Эшлэлүүд

  1. Томас С.Монсон, “Be Thou an Example (Үлгэр дуурайл бол),” Лиахона, 1997 оны 1-р сар, 42.

  2. Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 38.

  3. Залуучуудын бат бөх байдлын төлөө, 38.