2015
Бамбараа асаалттай чигээр нь барианд ор
2015 оны аравдугаар сар


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Бамбараа асаалттай чигээр нь барианд ор

Зураг
Runners passing a torch.

Гэрэл зургийг Comstock/Stockbyte/Thinkstock

Эртний Грекийн гүйлтийн тамирчид лампадэдромиа хэмээх буухиа уралдаанд уралддаг байжээ.1 Уралдааны үеэр гүйгчид гартаа бамбар барьж гүйгээд, дараагийн хүндээ дамжуулдаг байсан ба багийн сүүлийн гишүүн барианд ордог байв.

Уралдааны шагналыг хамгийн хурдан гүйсэн багт биш, харин бамбараа асаалттай чигээр барьж, барианд орсон эхний багт өгдөг байсан байна.

Энд ихээхэн сургамжтай зүйл байдаг бөгөөд үүнийг эрт эдүгээгийн бошиглогчид заасаар иржээ. Уралдааныг эхлүүлэх нь чухал ч, бамбараа асаалттай чигээр уралдааныг дуусгах нь илүү чухал юм.

Соломон эрч хүчтэй эхлүүлсэн

Агуу Соломон хаан уралдааныг эрч хүчтэй эхлүүлсэн хүний жишээ юм. Тэрээр залуу байхдаа “эцэг Давидынхаа тогтоолуудаар алхаж ЭЗЭНд хайртай байсан” (Хаадын дээд 3:3). Тэрээр Бурханы таалалд нийцсэн бөгөөд түүнд “Чи надаас юу авахыг хүсэж байгаагаа надаас гуйгтун” хэмээн хэлсэн байдаг (Хаадын дээд 3:5).

Соломон эд баялагтай болохыг, эсвэл урт удаан наслахыг гуйхын оронд “Таны ард түмнийг шүүн, сайн мууг ухааран ялгах чадварыг” гуйжээ (Хаадын дээд 3:9).

Их Эзэн үүнд нь баярлаж, Соломоныг мэргэн ухаанаар төдийгүй хэмжээлшгүй их эд баялгаар адисалж, урт нас хайрлажээ.

Соломон маш ухаантай, тун олон агуу зүйлийг хийсэн боловч тэр уралдааныг эрч хүчтэй дуусгаж чадаагүй юм. Харамсалтай нь, амьдралынхаа төгсгөл хэсэгт “Соломон ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу зүйл үйлдэн, … ЭЗЭНийг гүйцэд дагасангүй” (Хаадын дээд 11:6).

Өөрсдийнхөө уралдааныг дуусгах нь

Эхлүүлсэн зүйлээ дуусгаагүй тохиолдол бидэнд хэр олон байдаг вэ? Хоолны дэглэм? Дасгал хөдөлгөөн? Судраас өдөр бүр унших амлалт? Есүс Христийн илүү сайн шавь байх шийдвэр?

Бид нэгдүгээр сард шинэ оны зорилго тавьсны дараа зорилгоо хэдэн өдөр, хэдэн долоо хоног, хэдэн сар урам зоригтой биелүүлж байснаа, аравдугаар сар гэхэд энэ урам зориг маань замхран алга болсон тохиолдол хэр олон байдаг вэ?

Нэгэн өдөр би урагдаж салбарсан цаасны дэргэд хэвтэж байгаа нохойны хөгжилтэй зургийг харсан юм. Тэр нь “Сургуультай нохойны гэрчилгээ” гэсэн бичигтэй цаас байв.

Бид заримдаа үүнтэй адилхан байдаг.

Бид сайн зорилго тавьж, эрч хүчтэй эхлэн, хамгийн сайнаараа байхыг хүсдэг. Гэтэл эцэстээ бид зорилгуудаа умартан, хөсөр хаядаг.

Амьдралд бүдэрч, бүтэлгүйтэн, заримдаа уралдааны замаас гарахыг хүсдэг нь хүний төрөлх чанар юм. Гэсэн хэдий ч, бид Есүс Христийн шавь нарын хувьд уралдааныг эхлүүлээд зогсохгүй, бамбараа асаалттай чигээр барианд орох амлалт өгсөн. Аврагч шавь нартаа “Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно” хэмээн амласан билээ (Maтай 24:13).

Аврагчийн өнөө үед өгсөн амлалтыг: Хэрэв бид Түүний зарлигуудыг сахиж, бамбараа асаалттай чигээр барианд орвол Бурханы бүх бэлгээс хамгийн агуу нь болох мөнх амьдралтай болох болно хэмээн өөрийн үгээр илэрхийлэхийг минь зөвшөөрнө үү (С ба Г 14:7-г мөн 2 Нифай 31:20-ийг үзнэ үү).

Хэзээ ч бөхдөггүй гэрэл

Заримдаа бид бүдэрч, бүтэлгүйтэн, тэр ч байтугай бууж өгсний дараа сэтгэлээр унаж, гэрэл маань унтарсан мөн уралдаанд ялагдсан гэж боддог. Гэвч Христийн гэрэл бөхдөггүй гэдгийг би гэрчилж байна. Энэ нь түнэр харанхуйд ч гэрэлтдэг бөгөөд бид зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлэх төдийд л зүрх сэтгэлийг маань дахин гэрэлтүүлж эхэлдэг юм (Хаадын дээд 8:58-ыг үзнэ үү).

Бидний хэдэн удаа эсвэл хэр хол унахаас үл хамааран Христийн гэрэл үргэлж хурц тод гэрэлтэж байдаг. Тэр байтугай хамгийн гүн харанхуйд ч бид Түүнийг чиглэн алхах юм бол Түүний гэрэл сүүдрийг хөөж, бидний бодгальд дахин асах болно.

Шавь байх энэхүү уралдаан ойрын зайн гүйлт бус, харин марафон гүйлт юм. Бидний хэр хурдан гүйж байгаа нь тийм ч чухал биш. Чухамдаа, уралдаанд ялагдах ганц зам бол бууж өгөх явдал байдаг.

Бид унасан газраасаа босож, Аврагчийг чиглэн явж байгаа үедээ дүрэлзэн асаж буй бамбартайгаа уралдаанд түрүүлэх болно.

Бамбар нь биднийг болон бидний хийсэн зүйлийг дөвийлгөх зорилготой биш юм.

Энэ нь дэлхийн Аврагчийг алдаршуулдаг.

Энэ нь хэзээ ч үл бөхөлзөх Гэрэл юм. Энэ нь харанхуйг үлдэн хөөж, бидний шархыг эдгээн, хамгийн хэцүү уй гашуу тохиосон үед төдийгүй ёроолгүй харанхуйд ч дүрэлзэн асдаг Гэрэл билээ.

Энэ нь ухаан санаанд ч багтамгүй Гэрэл юм.

Бидний хүн нэг бүр эхлүүлсэн замаа дуусгах болтугай. Аврагч ба Гэтэлгэгч, Есүс Христийн тусламжтайгаар бид бамбараа асаалттай чигээр, баяр баясгалантай барианд орох болно.

Эшлэл

  1. Harpers Dictionary of Classical Antiquities (1898), “Lampadedromia,” www.perseus.tufts.edu/hopper. Овог бүрээс нэг хүн оролцдог, гүйгч нь бамбараа дамжуулдаггүй өөр нэг гүйлтийн талаар Посаниас дурдсан байдаг. Гэсэн хэдий ч лампадэдромиа хэмээх уралдаанд бамбараа асаалттай чигээр барьж, барианд орсон эхний хүн ялагч болдог байжээ.

Зураг
Product Shot from October 2015 Liahona