2016
Хайрладаг хүмүүстээ хүсэх аз жаргал
нэгдүгээр 2016


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Хайрладаг хүмүүстээ хүсэх аз жаргал

Зураг
Product Shot from January 2016 Liahona
Зураг
A couple and their son walking in the rain along a street in Buenos Aires, Argentina.

Бид бүгдээрээ хайрладаг хүмүүсээ аз жаргалтай байж, аль болох бага зовлон үзээсэй гэж хүсдэг. Мормоны Номон дээрх аз жаргал, зовлон зүдгүүрийн талаарх түүхүүдийг уншиж байхдаа хайртай хүмүүсийнхээ тухай бодох үед зүрх сэтгэл маань шимшрэх шиг болдог. Энд аз жаргалтай үеийн тухай нэгэн үнэн түүх байна:

“Мөнхүү улиран тохиох дор хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайрын учир, уг нутагт зөрчилдөөн огт байсангүй.

“Мөн атаа жөтөө, бас хэрүүл маргаан, бас үймээн, садар самуун ч, худал хэлэх нь ч, аллага ч, ямар ч төрлийн шунал тачаал байсангүй; мөн Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй юм.”

Дараа нь бид ийнхүү уншдаг:

“Мөн хичнээн их адислагдсан билээ тэд! Учир нь Их Эзэн тэдний бүх үйлд тэднийг адисалсан болой; тийм ээ, бүр зуун арван жил улирч одох хүртэл тэд адислагдан мөн дэгжээгдсэн буюу; мөн Христээс хойш эхний үе улирч одсон байв, мөн бүх нутагт зөрчилдөөн огт байсангүй” (4 Нифай 1:15–16, 18).

Христийн хайртай шавь нар ийм адислалыг өөрсдөдөө болон бусдад хүртээхийн төлөө залбирч, ажилладаг. Мормоны Номын түүхээс харахад, мөн бидний олонх нь өөрсдийнхөө туршлагаас харахад бид аз жаргалын бэлгээс хүртэх боломжтой гэдгээ мэднэ. Бидний аз жаргалд хүрэх зам сайтар тэмдэглэгдсэн байдгийг бид мэднэ. Түүнчлэн Аврагчийн айлчилсны дараах нифайчууд адил “Бурханы хайр” сэтгэл зүрхэнд маань байхгүй л бол аз жаргалыг хадгалж үлдэх нь амар биш гэдгийг мөн адил мэдэх билээ.

Нифайчууд тэр хайрыг хадгалж үлдэх хуулийг дагадаг байсан учраас тэдний зүрх сэтгэлд тэрхүү хайр байсан юм. Бид уг хуулийн хураангуй хувилбарыг хайрт Тэнгэрлэг Эцэгтээ өргөх чин сэтгэлийн гуйлтаар эхэлдэг ариун ёслолын залбирлаас мэдэж авч болох юм. Бид хувийн Аврагчдаа итгэх итгэлээр дүүрэн байж, сэтгэл зүрх, Түүнийг хайрлах чин сэтгэлийн хайраа илэрхийлэн залбирдаг. Бид чин сэтгэлээсээ Түүний нэрийг өөрсөд дээрээ авч, үргэлж Түүнийг санаж, Түүний бүх зарлигийг дагах амлалт өгдөг. Эцэст нь бидний сэтгэл зүрхэнд Эцэг болон Түүний Хайрт Хүүг гэрчилдэг Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн болох Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаж болохын тулд бид итгэлээ хөгжүүлдэг билээ. (С ба Г 20:77, 79-ийг үзнэ үү.)

Бид Ариун Сүнсийг хамтрагчаа болгосноор Тэнгэрлэг Эцэгийнхээ болон Их Эзэн, Есүс Христийн хайрыг хүсэмжлэн, урьж авчрахын тулд зүрх сэтгэлээ өөрчилж чадна. Бурханы хайрыг сэтгэл зүрхэндээ хүлээн авах арга зам нь уг хайрын мэдрэмжийг хүлээн аваад, дараа нь алдах адил хялбар байдаг билээ. Жишээлбэл: Хүн Тэнгэрлэг Эцэгтээ хандан арай цөөн удаа залбирах, эсвэл аравны нэгээ бүрэн төлөхгүй байх, эсвэл Бурханы үгс дээр найрлахаа болих юм уу ядуу зүдүү, ядарч яваа нэгнээ үл тоомсорлох зэрэг сонголт хийж байж болох юм.

Их Эзэний зарлигуудыг дагахгүй байх аливаа сонголт нь бидний сэтгэл зүрхнээс Сүнсийг холдуулдаг билээ. Сүнс алдагдахад, аз жаргал бүдгэрч алга болдог.

Бидний хайртай хүмүүстээ хүсэж буй аз жаргал нь тэдний сонголтоос шалтгаална. Бид үр хүүхдээ, сонирхогчоо эсвэл найз нөхдөө хэчнээн их хайрладаг байсан ч, Ариун Сүнс тэдэнд хүрч, сэтгэл зүрхийг нь өөрчилж болохын тулд тэднийг зарлигуудыг дагахад хүчилж чадахгүй.

Тиймээс хайртай хүмүүстээ бидний үзүүлж чадах хамгийн сайн тусламж бол тэдэнд аливаа зүйлд хөтлөгдөн хийх сонголтондоо анхааралтай хандахад нь туслах явдал мөн. Үүнийг Алма урилга маягаар санал болгосон юм:

“Харин та нар Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусган, түүний ариун нэрийг дуудаж, мөн та нар өөрсдийн үүрч чадахаас илүүгээр уруу таталтанд автагдахгүйн тулд үргэлж сэрэмжилж мөн залбираасай, тэгснээр Ариун Сүнсээр удирдуулан, даруухан, дөлгөөн, хүлцэнгүй, тэвчээртэй, хайр хийгээд бүхий л тэсвэрээр дүүрэн болоосой;

“Их Эзэнд итгэх итгэлтэй байгаасай; та нар мөнх амьдралыг хүлээн авах болно гэсэн найдварыг агуулаасай; та нар эцсийн өдөр өргөгдөн мөн түүний амралтад орж болохын тул зүрх сэтгэлдээ Бурханы хайрыг үргэлж тээгээсэй хэмээнэ” (Алма 13:28–29).

Та нарын хайртай хүмүүс эцэс төгсгөлгүй аз жаргалын замыг сонгох энэхүү сүнсээр өдөөгдсөн урилгыг хүлээн аваасай хэмээн би залбирч байна.