2016
Бидний Эцэг, бидний Зөвлөх
June 2016


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Бидний Эцэг, бидний Зөвлөх

Зураг
man with a map

Гэрэл зургийг Аугусто Замбонато

Та өмнө нь ямар нэг эд ангийн хайрцгийг онгойлгоод, угсрах зааврыг гаргаж ирснийхээ дараа “Ямар ойлгомжгүй юм бэ?” гэж бодож байсан уу?

Заримдаа бид хамгийн сайн хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшилтэй байгаа үедээ ч гэсэн нэг эд анги гаргаж ирээд, “Энэ юуных юм бол?” эсвэл “Энэ яаж таардаг юм бол?” гэж асуудаг.

Бид хайрцгийг хараад, “8 ба түүнээс дээш насныханд угсрахад зориулав” гэх өөрсдийг нь үгүйсгэсэн мэдэгдлийг анзаарахдаа улам гонсойдог. Бидэнд ямар ч сэжүүр байхгүй байгаагаас энэ нь бидний өөртөө итгэх итгэлийг эсвэл өөрийгөө хүндлэх хүндлэлийг өсгөдөггүй.

Заримдаа бид сайн мэдээний хувьд үүнтэй адил зүйлтэй тулгардаг. Бид үүний зарим хэсгийг хараад, толгойгоо маажин, юунд зориулагдсан юм бол гэж гайхан бодож болох юм. Эсвэл бид өөр нэг хэсгийг авч үзэн, бүрэн ойлгох гэж шаргуу хичээгээд ч юунд зориулагдсаныг нь ойлгож чадахгүйгээ ухаарч болох юм.

Тэнгэрлэг Эцэг бол бидний Зөвлөх

Аз болоход, бидний Тэнгэрлэг Эцэг амьдралаа зохион байгуулж, өөрсдийгөө хамгийн сайн байлгах гайхалтай заавруудыг бидэнд өгсөн. Энэ зааврууд бидний нас, нөхцөл байдлаас үл хамаардаг. Тэр бидэнд Есүс Христийн сайн мэдээг болон Сүмийг өгсөн. Тэр бидэнд гэтэлгэлийн төлөвлөгөөг болон авралын төлөвлөгөөг, бүр аз жаргалын төлөвлөгөөг хүртэл өгсөн билээ. Тэр биднийг амьдралын тодорхой бус байдалд эсвэл сорилт бэрхшээл дунд “За, яв даа. Амжилт хүсье. Өөрөө учрыг нь олоорой” гээд ганцааранг орхиогүй.

Хэрэв бид зөвхөн тэвчээртэй байж, даруу зүрх, нээлттэй оюунаар харах юм бол Бурхан бидний амьдралын аз жаргалд зориулсан төгс заавруудаа илүү ойлгомжтой байлгах олон хэрэгслийг өгснийг мэдэх болно.

  • Биднийг Бурханы үгийг судалж, бодол санаа, үйлдлээ Түүний үгтэй нийцүүлэхээр хичээх үед Тэр бидний хувийн, тэнгэрлэг зөвлөгч багш байж болох Ариун Сүнсний үнэлж баршгүй бэлгийг бидэнд өгсөн.

  • Тэр чин хүсэл бүхий итгэлийн залбирал, бодит санаа зорилго бүхий гуйлтаар дамжуулан 7 хоногийн 24 цагийн турш Өөрт нь хандах боломжийг бидэнд олгосон.

  • Тэр бидэнд өнөө үед Бурханы үгийг илчилдэг, газар дээр болон тэнгэрт холбох эсвэл лацдан холбох эрх мэдэл бүхий өнөө үеийн төлөөлөгч, бошиглогчдыг өгсөн.

  • Тэр Өөрийн Сүмийг буюу өөрсдийн авралыг айж, чичрэн, мөн зүйрлэшгүй баяр баясгалантай гүйцэтгэхдээ бие биедээ туслан, хамтран ажилладаг итгэгчдийн байгууллагыг сэргээсэн.1

  • Тэр ариун судруудыг буюу бидэнд хандан бичигдсэн Өөрийн үгсийг бидэнд өгсөн.

  • Тэр бидэнд шавийн замаар алхахад туслах орчин үеийн үй олон техник хэрэгслийг өгсөн. Бид энэхүү гайхамшигтай зэмсгүүдийн олныг LDS.org вэбсайтаас олж авч болно.

Яагаад Тэнгэрлэг Эцэг бидэнд ийм их тусалдаг вэ? Яагаад гэвэл, Тэр бидэнд хайртай. Учир нь Тэрээр Өөрийнхөө талаар “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө”2 хэмээн хэлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, Тэнгэрлэг Эцэг бол бидний Бурхан, Бурхан бол бидний зөвлөх юм.

Тэнгэр дэх Эцэг маань хүүхдүүдийнхээ хэрэгцээг хэнээс ч илүү сайн мэддэг. Өөрт нь эргэн очих зам дээрээ гарахад бидэнд туслахын тулд гайхамшигтай материаллаг болон сүнслэг эх сурвалжуудаар хангах нь бидний алхам бүрд туслах Түүний ажил, алдар суу юм.

Аав бүр зөвлөх

Зургаадугаар сард дэлхийн зарим газарт гэр бүлүүд, нийгмийн зүгээс аавуудад хүндэтгэл үзүүлдэг. Эцэг эхчүүдээ хүндлэн, дээдлэх нь ямагт сайн зүйл байдаг. Аавууд гэр бүлийнхээ төлөө олон сайн зүйл хийдэг бөгөөд олон сайхан зан чанартай хүмүүс. Аавуудын хүүхдүүдийнхээ амьдралд хүлээсэн байдаг хамгийн чухал үүргүүдийн хоёр нь сайн үлгэр дуурайл үзүүлэх ба зөвлөх байх явдал юм. Аавууд хүүхдүүддээ зөв, бурууг хэлэхээс илүү чухал зүйлсийг хийдэг. Мөн тэд хүүхдүүддээ заавар өгөхөөс илүү чухал зүйлсийг хийж, амьдралыг өөрсдөө ойлгож мэдээсэй хэмээн хүсдэг.

Аавууд эрхэм нандин үр хүүхдүүддээ зөвлөж, хэрхэн үнэнч шударга амьдарч болохыг өөрсдийн үлгэр жишээгээр харуулдаг. Аавууд хүүхдүүдээ ганцааранг орхидоггүй бөгөөд харин ч бүдрэх тоолонд нь тэднийг босгохоор, тэдэнд туслахаар яардаг. Заримдаа аавууд хүүхдүүдийнх нь хувьд суралцах явдал хамгийн шилдэг арга зам гэдгийг ойлгон, зовж зүдрэхийг нь хүлээн зөвшөөрдөг.

Бид бүгд зөвлөх

Дэлхийн аавууд хүүхдүүдийнхээ төлөө үүнийг хийдэг бол зөвлөгч сүнс нь нас, газар орон, нөхцөл байдлаас үл хамааран Бурханы бүх хүүхдэд бидний санал болгох ёстой тэрхүү зүйл юм. Бурханы хүүхдүүд бол бидний ах, эгч нар гэдгийг санагтун; бид бүгдээрээ мөнхийн нэгэн гэр бүл юм.

Энэ утгаараа бид бүгд хамгийн сайнаараа байхын тулд нэг нэгэндээ хүрч, туслах хүсэлтэй зөвлөхүүд байх болтугай. Бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд учраас бидэнд Түүнтэй адил болох чадвар бий. Бурханыг болон найз нөхдөө хайрлан, зарлиг тушаалуудыг сахиж, Христийн жишээнүүдийг дагах нь тэнгэрлэг эцэг эхийнхээ дэргэд эргэн очих шулуун, нарийн бөгөөд баяр баясгалантай зам юм.

Хэрэв дэлхий ертөнцийн Бурхан бидний Зөвлөх байж, бидэнд ийм их анхаарал тавьдаг юм бол бид ч бас арьс өнгө, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, хэл эсвэл шашин шүтлэгээсээ үл хамааран ойр дотны хүмүүстээ хүрч чадна. Бүгдээрээ өөрсдийн хүүхдүүдэд төдийгүй дэлхий даяарх Бурханы бүх хүүхдэд сүнслэгээр өдөөгдсөн зөвлөхүүд болж, бусдын амьдралыг адисалцгаая.

Зураг
children sidebar

Гэрэл зургийг Лаура Заррин