2016
Хайрласны дараа юу хийх вэ?
Бич 2016


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг, 2016 оны 9-р сар

Хайрласны дараа юу хийх вэ?

Бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсон “хайр бол сайн мэдээний үндсэн зарчим”1 хэмээн заасан байдаг.

Хайр үнэхээр чухал учраас Есүс үүнийг “агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал” гэж нэрлээд, хуулийн жижиг хэсэг бүр болон бошиглогчдын үгс үүн дээр тулгуурладаг хэмээн хэлсэн.2

Хайр нь бидний Сүм дээр хийдэг бүх зүйлийн гол шалтгаан болдог. Есүс Христийн шавийн хувьд бидний оролцдог хөтөлбөр, цуглаан, үйл ажиллагаа бүр энэ шинжийг агуулсан байх ёстой. Учир нь бид “Христийн цэвэр хайр” болох энэрэлгүйгээр хэн ч биш юм.3

Бид үүнийг оюун ухаан, зүрх сэтгэлээрээ ойлгон, Бурханд болон найз нөхдөдөө хайртайгаа харуулсны дараа яах вэ?

Бусдыг гэсэн энэрэл, хайрыг мэдрэх нь хангалттай юу? Бурханд болон хөршдөө хайртайгаа харуулах нь биднийг Бурханы өмнө хүлээсэн үүрэгтээ сэтгэл хангалуун болгодог уу?

Хоёр хүүгийн сургаалт зүйрлэл

Иерусалимын ариун сүмд иудейчүүдийн ахлах тахилч, ахлагчид Есүсийг Өөрийнх нь үгээр унагахаар ирэв. Харин Аврагч нэгэн түүх ярьж өгөн, нөхцөл байдлыг давуу тал болгон хувиргасан юм.

“Нэгэн хүн хоёр хүүтэй байжээ” гэж Тэр эхлэв. Тэр ууган хүү уруугаа очиж, түүнээс усан үзмийн тариалан дээр ажилла гэсэнд хүү нь Үгүй гэжээ. Гэвч дараа нь гэмшиж, ажиллахаар явав.”

Мөнөөх хүн удаах хүүдээ мөн тэгж хэлэхэд хүү нь -За гэсэн атлаа явсангүй.

Дараа нь Аврагч ахлах тахилч, ахлагчид руу харж, “Тэр хоёрын аль нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ?” гэж асуув.

Эхлээд татгалзсан ч дараа нь гэмшиж, усан үзмийн тариалан дээр ажиллахаар явсан ууган хүүг тэд хэлэх ёстой байсан.4

Аврагч зарлигуудыг дуулгавартай дагадаг хүмүүс нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм хэмээх чухал зарчмыг онцлохын тулд энэ түүхийг ашигласан юм.

Энэ нь Есүс хүмүүсийг фарисайчууд болон хуулийн багш нарын үгсийг сонсоод, дагаж болох ч тэдний үлгэр жишээг бүү дага хэмээн хэлсний шалтгаан ч байж болно.5 Эдгээр шашны багш ярьдаг зүйлсийнхээ дагуу үйлддэггүй байв. Тэд шашны тухай ярих дуртай байсан ч мөн чанарыг алдагдуулдаг байсан нь харамсалтай.

Үйлдэл ба бидний аврал

Аврагч шавь нартаа сүүлчийн хичээлүүдээ заах үедээ эцсийн шүүлтийн тухай ярьсан. Ёс бус хийгээд зөвт хүмүүс тусгаарлагдах болно. Сайн хүмүүс мөнх амьдралыг өвлөн авч, харин ёс бусчууд мөнхөд шийтгэгдэхээр хүргэгдэх болно.

Энэ хоёр бүлэг хүний хооронд ямар ялгаа байна вэ?

Хайраа үйлдлээрээ харуулсан хүмүүс аврагдсан. Харин хайраа үйлдлээрээ харуулаагүй хүмүүс буруушаагдсан.6 Есүс Христийн сайн мэдээ, үүний үнэ цэн ба зарчмуудад жинхэнэ хөрвөгдсөн эсэх нь бидний өдөр тутмын амьдралын үйлдлүүдээр илэрхийлэгддэг.

Эцэст нь Бурханд болон найз нөхдөдөө хайртай гэдгээ хэлснээр л өргөмжлөлийг хүртэхэд хангалттай биш юм. Учир нь Есүсийн зааснаар “Эзэн минь, Эзэн минь гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно.”7

Хайрласны дараа юу хийх вэ?

“Хайрласны дараа юу хийх вэ?” гэсэн асуултын хариулт энгийн, шулуун шударга зүйл байж болох юм. Хэрэв бид Аврагчийг үнэхээр хайрладаг бол зүрх сэтгэлээ Түүнд хандуулж, дараа нь шавийн замаар алхдаг. Бид Бурханыг хайрласнаар зарлигуудыг нь сахихаар үргэлжлүүлэн хичээх болно.8

Бид найз нөхдөө үнэхээр хайрладаг бол “ядуус хийгээд гачигдагсад, өвчтөнүүд хийгээд зовж шаналагсдад”9 туслахад өөрсдийгөө зориулах болно. Учир нь энэрэнгүй байж, амин хувиа хичээхгүйгээр үйлчилдэг10 хүмүүс л Есүс Христийн шавь нар мөн.

Энэ нь хайрласны дараа хийдэг зүйл.

Энэ бол Есүс Христийн сайн мэдээний үндсэн мөн чанар юм.

Энэхүү захиасаас заах нь

Ерөнхийлөгч Угдорф Есүс Христийг болон бусдыг үйлдлээрээ хайрладаг хүмүүсийг Түүний жинхэнэ шавь нар хэмээн тодорхойлсон. Тэрээр “хэрэв бид Аврагчийг үнэхээр хайрладаг бол зүрх сэтгэлээ Түүнд хандуулж, дараа нь шавийн замаар алхдаг” хэмээн бидэнд заасан. Зааж байгаа хүмүүсээсээ хайр тэднийг шавийн замаар замнахад нь ямар арга замаар нөлөөлж байсныг асуух тухай бодож үз. Та бас тэдэнтэй туршлагаа хуваалцаж болно. Та тэднийг хайраар үйлдэхийн тулд илүү их энэрэл, хүч чадалтай байлгахын төлөө залбирахад урих тухай бодож болох юм.