2016
Дуулгавартай байхад ирдэг адислал
October 2016


Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг

Дуулгавартай байхад ирдэг адислал

Зураг
tree of life

Зураг чимэглэлийг Жим Мадсэн

Ерөнхийлөгч Монсон “Бурханыг ярих тэр үед бид дуулгавартай байж чадвал үргэлж зөв байх болно хэмээх үнэн нь мөнх бус байдалд бидний мэдэж авч болох хамгийн агуу зарчим юм”1 гэж заасан.

Бид мөн адислагдах болно. Саяхан болсон Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Монсоны хэлсэнчлэн: “Бид зарлигуудыг сахивал амьдрал маань илүү аз жаргалтай, утга учиртай, ээдрээ багатай болно. Бид бэрхшээл, асуудлуудаа давж гарахад илүү амар болж, Түүний амласан адислалыг хүлээн авах болно.”2

Сүмийн ерөнхийлөгчийн хувиар заасан сургаалын түүвэрт ерөнхийлөгч Монсон зарлигууд бол аз жаргал, амар амгаланд хүрэх хамгийн баттай хөтөч гэдгийг бидэнд сануулдаг.

Аялалд зориулсан заавар

“Бурханы зарлигууд нь биднийг хааж боох эсвэл бидний аз жаргалд саад болохын тулд өгөгдөөгүй. Харин ч үүний эсрэг зорилгоор өгөгдсөн. Биднийг бүтээж, төгс хайрладаг Бурхан бидний хамгийн эрхэм аз жаргалыг олж авахын тулд хэрхэн амьдрах хэрэгтэйг сайн мэднэ. Тэр бидэнд заавар өгсөн бөгөөд хэрэв бид түүнийг дагаж чадвал ихэнхдээ аюултай байдаг энэхүү мөнх бус аяллын турш хамгаалагдах болно. Бид нэгэн танил дууллын “Зарлигуудыг дагацгаая! Ийн аюулгүй, ийн амар амгалан байна” хэмээх үгсийг санаж байгаа [“Keep the Commandments,” Hymns, 303-р хуудсыг үзнэ үү].”3

Хүч чадал ба мэдлэг

“Дуулгавартай байдал нь бошиглогчдын онцлог шинж чанар юм; олон зууны турш энэ нь тэдэнд хүч чадал, мэдлэгийг олоход тусалсаар ирсэн. Бид ч мөн адил энэхүү хүч чадал, мэдлэгийн эх сурвалжийг авах эрхтэй гэдгээ ухаарах нь маш чухал. Бурханы тушаалуудыг дуулгавартай дагавал бид үүнийг одоо ч гэсэн авч болно. …

Хайж буй мэдлэг, хүлээж буй хариултуудаа болон энэхүү түвэгтэй, хувирамтгай дэлхийн бэрхшээлүүдийг даван туулахад туслах хүч чадлыг бид Их Эзэний тушаалуудыг дуулгавартай дагаснаар л олж авч чадна.”4

Дуулгавартай байхыг сонго

“Бидний амьдарч буй цаг үе ёс суртахуунгүй байдалд хүлцэнгүй хандаж байна. Сонин сэтгүүл, телевизийн нэвтрүүлгүүд залуусын үлгэр дуурайл болсон кино дэлгэцийн одод, спортын талбар дахь баатруудыг Бурханы хуулиудыг зөрчин, олны өмнө нүгэлт үйлдэл хийх нь буруу биш мэтээр харуулж байна. Үүнд бүү итгэ! Бидний амьдралыг дэнслэх өдөр ирнэ. Бид бүгд энэ амьдралд эсвэл ирэх амьдралд хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг амсана. Шүүлтийн өдөр ирнэ. …Би та нараас дуулгавартай байхыг сонгохыг гуйж байна.”5

Баяр баясгалан ба амар амгалан

“Заримдаа Сүмээс гаднах дэлхийн амьдралд байгаа хүмүүс та нараас ч илүү аз жаргалтай, баяр хөөртэй байгаа мэт санагдаж магадгүй. Заримдаа Сүмд дагаж, мөрддөг зүйл та нарын эрх чөлөөг хязгаарлаж байгаа юм шиг санагдаж болно. Ах эгч нар аа, гэсэн хэдий ч Аврагчийг дагаж, зарлигуудыг сахиснаар ирэх Сүнснээс өөр юу ч жинхэнэ баяр баясгалан, амар амгаланг авчирч чадахгүй гэдгийг би тунхаглаж байна.”6

Цэх шулуун алх

“Бидэнд амлагдсан адислал хязгааргүйг би та нарт гэрчилж байна. Аянгын бараан үүлс хуралдаж, аадар бороо бидэн дээр цутгаж мэдэх ч, хэрэв бид цэх шулуун алхаж, зарлигуудыг сахивал сайн мэдээний тухай мэдлэг, Тэнгэрлэг Эцэгээ болон Аврагчийг хайрлах хайр биднийг тайтгаруулж, дэмжих болно. Энэ дэлхийд биднийг юу ч ялж чадахгүй.”7

Аврагчийг дага

“Уй гашуу, гай зовлонг амссан тэр Хүн хэн байв? Алдар суугийн Хаан, олон түмний тэрхүү Их Эзэн хэн бэ? Тэр бол бидний Эзэн. Тэр бол бидний Аврагч. Тэр бол Бурханы Хүү. Тэр бол бидний авралын зохиогч. ‘Намайг дагагтун’ гэж Тэрээр уриалан дууддаг. ‘Явж, үүний адил үйлдэгтүн’ хэмээн зааварлаж, ‘Миний зарлигуудыг сахь’ хэмээн Тэрээр хүсдэг.

Түүнийг дагацгаая. Түүний үлгэр жишээнээс суралцацгаая. Түүний үгийг дуулгавартай дагацгаая. Ингэснээр бид Түүнд тэнгэрлэг талархлын бэлгийг өгч чадна.”8

Эшлэлүүд

  1. “They Marked the Path to Follow,” Лиахонa, 2007 оны 10-р сар, 5.

  2. “Зарлигуудыг сахь,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 69.

  3. “Зарлигуудыг сахь,” 69.

  4. “Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103, 105.

  5. “Итгэ, дуулгавартай бай, тэвч,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 129.

  6. “Ариун газруудад зогсогтун,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

  7. “Зоригтой бай,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган.

  8. “Аялалдаа баяр баяслыг олох нь,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97.