2017
Гордон Б.Хинкли: Өөдрөг үзэлтэй, алсын хараатай бошиглогч
January 2017


Гордон Б.Хинкли: Өөдрөг үзэлтэй, алсын хараатай бошиглогч

Та нар энэ жил Санваарын болон Халамжийн нийгэмлэгийн ангидаа Teachings of Presidents of the Church: Gordon B. Hinckley-ийг судлахдаа дундаршгүй өөдрөг үзэл, хайр, алсын хараатай бошиглогчоос суралцах болно.

Зураг
President Gordon B. Hinckley with cane

“Би хавар бүр хэдэн мод тарих ёстой байдаг” гэж ерөнхийлөгч Гордон Б.Хинкли 82 насандаа өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэн үлдээжээ. “Би ядаж л сүүлийн 50 жил үүнийг хийсэн гэж бодож байна. … Модонд ямар нэгэн гайхалтай зүйл байдаг. Мод анхандаа маш жижигхэн байдаг ч улирал бүрд ургаж томорсоор байдаг. Мод зуны аагим халуунд сүүдрээ тусгаж, амтат жимсийг ч бас ургуулдаг. Бас модны дотор фотосинтезийн гайхамшигтай урвал явагдаж байдаг. … Мод нь Бүхнийг Чадагчийн гайхамшигтай нэгэн бүтээл юм.”1

Ерөнхийлөгч Хинкли 90 нас хүртлээ мод тарьжээ. Түүнийг мод тарих дуртай байсныг олон арга замаар, Сүмийн төлөөлөгч, ерөнхийлөгчийн үйлчлэлээс нь харж болно. Тэрээр модоо тарихдаа өөрийнх нь сургаал, бусадтай харилцах харилцааных нь нэг хэсэг болсон зан чанар болох өөдрөг үзлийг харуулдаг байсан. Тэр хүн бүрийг хайрладаг шигээ мод бүрийг арчилдаг. Тэрээр хүн нэг бүрийн мөнхийн чадавхыг мөн Бурханы ажлын гайхамшигт ирээдүйг хардаг шигээ ирээдүй өөд хараад, модод ямар болохыг хардаг.

“Бидэнд өөдрөг байх олон шалтгаан бий.”

Зураг
President Gordon B. Hinckley at the pulpit

“Би өөдрөг хүн!” Ерөнхийлөгч Хинкли ихэнхдээ “Би та нарыг шуурга салхинаас хайхаа зогсоож, нарны илчинд илүү сайн ээгээсэй гэж хүсэж байна”2 хэмээн хэлдэг байсан. Тэр өөдрөг хандлагыг бий болгож чадсан бөгөөд өөдрөг үзэл нь хандлагаас хавьгүй гүн гүнзгий байсан юм. Түүний өөдрөг үзлийг хүчирхэг болгосон эх сурвалж нь Бурханд итгэх итгэл, Бурханы хүүхдүүдийнхээ аз жаргал, авралын төлөө зохиосон төлөвлөгөөний талаарх гэрчлэл юм.

Ерөнхийлөгч Хинклигийн өөдрөг үзлийн нэгэн илэрхийлэл нь “бүх зүйл сайхан болно” гэдэгт итгэх түүний бат итгэл байсан.3 Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Ерөнхийлөгч Хинкли гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагчдадаа итгэл үнэмшлээ хамгийн олон дахин нотолсон байж болох юм. Тэрээр ‘Хичээсээр бай. Итгэсээр бай. Аз жаргалтай бай. Сэтгэлээр бүү уна. Бүх зүйл сайхан болно’ гэж хэлдэг байсан”4 гэжээ.

Энэ захиас зөвхөн бусдад хандаагүй юм. “Би өглөө бүр өөртөө бас ингэж хэлдэг” гэж ерөнхийлөгч Хинкли цугларагсдад хэлжээ. “Хэрэв та нар чадах бүхнээ хийвэл бүх зүйл сайхан болно. Бурханд итгэл найдвараа тавь. Ирээдүйд итгэх итгэл, найдвараар урагшил. Их Эзэн биднийг орхихгүй.”5

Ерөнхийлөгч Хинклигийн өөдрөг үзэл өөрийгөө зовлон бэрхшээлтэй, хангалтгүй байна гэж бодох үед мөн маш их ачаалалтай үед ч бас тус болдог байсан. Тэр зовлон зүдгүүр, сэтгэл гутрал, зүрхний шаналал, ганцаардалтай тулгарахдаа хүртэл “бүх зүйл сайхан болно” гэдэг итгэл үнэмшилдээ бат зогсдог байв.

Ерөнхийлөгч Хинкли өөдрөг үзэлтэй ч асуудлуудыг бага гэж боддоггүй байв. Тэр “Би энэ дэлхийн олон зүйлийг харсан. … Би дайн дажинтай мөн хүмүүс нь зүрх сэтгэлдээ үзэн ядалт тээсэн газруудад байсан. Би олон газар нутгийг хамарсан аймшигт ядуурлыг харсан. … Мөн нийгмийн ёс суртахуун унан доройтож байгааг сэтгэл эмзэглэн харж байсан.

Гэсэн ч би өөдрөг хүн. Зөв шударга ёс ялж, үнэн ноёлох болно гэдэг энгийн, гэгээлэг итгэл надад байдаг”6 гэжээ.

Америкийн Нэгдсэн Улсын Иллиной мужийн Науву дахь New York Times сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгч Хинкли гай зовлон, сорилт бэрхшээлийн цар хүрээг хүлээн зөвшөөрч мөн өөдрөг үзлийн талаар заахдаа Сүмийн түүхийг хайрлах хайраа жишээ болгожээ.

“Бидэнд өөдрөг байх олон шалтгаан бий. … Наувуг хар л даа. Тэд долоон жилийн турш юуг бариад, орхиод явсныг хар. Тэд юу хийсэн бэ? Тэд зүгээр л үхлээ хүлээгээд хэвтсэн үү? Үгүй ээ! Тэд хөдөлмөрлөхөөр ханцуй шамлан орсон. Тэд энэ тивийн талыг туулж, цөл газарт сарнай цэцэгсийг цэцэглүүлэн хөгжүүлсэн. Сүм энэхүү суурин дээр 140 гаруй үндэстний хүмүүсийн амьдралд сайнаар нөлөөлөх дэлхий дахины нэгэн агуу байгууллага болсон юм. Та нар гутранги үзэл, эргэлзээ бүхий байвал юуг ч хийж, бүтээж чадахгүй. Өөдрөг үзлээр хөдөлмөрлө. Итгэлээр үйлд. Бүх зүйл сайхан болно.”7

Ерөнхийлөгч Хинклигийн өөдрөг үзэл бусадтай найрсаг харилцаа тогтоодог алиа хошин, хөгжилтэй, уриалгахан, эелдэг занд их түлхэц болсон юм. Тэрээр нэг өдөр хуучин сургуулийн байранд амьдардаг нэгэн гадасны ерөнхийлөгчийнд очжээ. Тэр орой ерөнхийлөгч Хинклид нэгэн ангийг унтлагын өрөө болгон өгчээ. Дараагийн өдөр нь гадасны чуулганы үеэр тэр “Би урьд нь олон ч удаа ангид унтаж байсан ч хэзээ ч ангид орон дотор унтаж байсангүй”8 гэж хошигнон хэлсэн байна.

“Бид үргэлж хувь хүмүүст санаа тавьдаг байх ёстой”

Гордон Б.Хинкли Сүмийн ерөнхийлөгчийн хувьд анх удаа Ерөнхий чуулган дээр үг хэлэхдээ Сүмийн өсөлт хөгжилтийн талаар нэлээд ярьсан юм. “Бид нэгэн агуу дэлхий дахины нийгэмлэг болж байна” гэж тэр хэлжээ. Дараа нь тэр “Бид хувь хүмүүст үргэлж санаа тавьж, анхаарал хандуулж байх хэрэгтэй. …

… Бид тооны тухай их ярьдаг. Гэхдээ бидний хүчин зүтгэл хүмүүсийн өсөлт хөгжилд зориулагдах ёстой”9 гэж хэлэн, энэхүү чухал зарчмыг онцолсон.

Ерөнхийлөгч Хинкли Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн байхдаа дайн тулаан болж байсан дэлхийн хамгийн алслагдсан хэсгүүд рүү хувь хүмүүст номлохоор явж байжээ. Ямар ч бүлэг хүн түүнд хэт хол эсвэл хэт өчүүхэн санагдаагүй. Тэрээр Сүмийн ерөнхийлөгч болсон хойноо ч энэ арга замаар номлож байсан ба 60 гаруй улс үндэстэн рүү хэдэн сая километр аялж очдог байсан. Заримдаа томоохон бүлэгтэй, зарим үед цөөн хэдэн хүнтэй уулздаг байв.

Зураг
President and Sister Hinckley in Hong Kong

Ард талд © iStock/Thinkstock; зүүн талд: Busath Photography-ийн зураг; баруун талд: Хятадад авсан Гэрри Авантын зураг, Deseret News; баруун доод талд: Сүмийн түүхийн номын сан ба архивын зөвшөөрлөөр нийтэлсэн зураг

1996 онд ерөнхийлөгч Хинкли, Хинкли эгч хоёр Ази, Номхон далайн найман улс үндэстэн рүү 18 хоног аялжээ. Тэд маш хурдтайгаар аяллаа Японоос эхлүүлж, мянга мянган хүнтэй уулзан, очсон газар бүрдээ дүүрэн хүнтэй байдаг байв. Ерөнхийлөгч Хинкли Солонгост байхдаа “Эдгээр нь миний хувьд үнэхээр сэтгэл хөдлөм туршлага болсон” гэж бичжээ. “Би мөрөөдөж ч байгаагүй зүйлээ 1960 онд анх удаа энд ирэхдээ харсан.”10 Тэрээр энэ аялалд явж байхдаа бас Хятадын Хонконгийн ариун сүмийг онцгойлон адисалсан юм.

Төлөвлөсөн ёсоор хамгийн сүүлийн зогсоол Филиппин байлаа. Ерөнхийлөгч Хинкли Манилад 35000 хүнд хандан үг хэлснийхээ дараа “Зүрх сэтгэл маань ихэд хөдлөн, би босож зогсоод, тэдэн рүү гараараа далласан ба бид нүд дүүрэн нулимстай буцаж билээ” гэж тэмдэглэн үлдээжээ. Тэрээр тухайн өдрийн өглөө, 1961 онд Филиппин дэх номлолын ажлыг эхлүүлэхийн тулд онцгойлон адислах залбирлаа хэлж байсан тэр газартаа эргэж иржээ. “Тэр үед тэнд ганцхан уугуул филиппин хүн байсан” гэж тэрээр дурссан байна. “Уг ганцхан гишүүнээс Сүм 300000 гаруй гишүүнтэй болтлоо өсөж хөгжжээ.”11

Хинклигийнхэн гэр рүүгээ харих замдаа сууж явсан онгоц нь Сайпан арал дээр түлшээ цэнэглэх хэрэгтэйг олж мэджээ. Ерөнхийлөгч Хинкли Сайпанд номлогчид байгаа эсэхийг асуухад цөөхөн номлогч байгаа гэж хариулав. Тэрээр урт аяллын төгсгөлд ихэд ядарсан байсан ч тэдгээр номлогчтой уулзахыг хүссэн байна. “Тэдэнд оройны 7 цагийн үед Сайпанд газардах болно мөн тэдэнтэй мэндлэхээр онгоцны буудлаас гарахыг хичээх болно гэдгийг дамжуулж өгч болох болов уу гэж би асуусан.”

Хэдэн цагийн дараа Сайпанд ирэхэд 10 номлогч, 60 Сүмийн гишүүн Хинклитэй мэндлэхээр ирсэн байв. “Тэд биднийг бүчиж аваад, тэвэрсэн” гэж ерөнхийлөгч Хинкли тэмдэглэн бичжээ. “Тэд биднийг хараад маш их баярласан, бид ч тэднийг хараад туйлын их баярлаж билээ. Онгоцонд түлш хийхэд хэсэгхэн хугацаа шаардах учраас бид маш богино хугацаанд хамт байсан. Бид тэдэнд адислалаа үлдээгээд, онгоц руугаа буцсан.”12

Ерөнхийлөгч Хинклигийн хувь хүнд хэрхэн анхаарал, халамж тавьдгийн өөр нэг жишээ 2002 оны Юта мужийн Солт Лэйк хотод болсон Өвлийн олимпийн үеэр тохиолдсон юм. Тэрээр бараг өдөр бүр ерөнхийлөгч, элчин сайд, ихэс дээдэстэй уулзаж байв. Нэгэн өдөр Германы ерөнхийлөгчтэй уулзахаасаа өмнөхөн тэр төрсөн өдрөө тэмдэглэж байсан 13 настай залуу эмэгтэйтэй уулзжээ. “[Тэр] ясны чөмөг гэмтсэнээс цусны бөөмийн дутагдалд оруулдаг маш аюултай өвчнөөр өвдсөн байсан. Бид хамтдаа гайхалтай сайхан мөчийг өнгөрөөсөн. … Бид түүнийг залбиралдаа оруулах болно гэж би түүнд хэлсэн”13 гэж бичсэн байв.

Ерөнхийлөгч Хинкли ялангуяа Сүмийн хүүхдүүд, өсвөр үеийнхнийг маш их хайрладаг байсан ба тэд ч мөн түүнийг хайрладаг байсан. Түүнийг Бразилд үг хэлж байхыг нь сонссон нэгэн залуу эмэгтэй “Би Бурханы Сүнсийг маш хүчтэй мэдэрсэн. Ерөнхийлөгч Хинкли үгээ хэлж дуусгахдаа ‘Та нар эндээс явж, гэртээ очоод, өнөөдөр миний хэлсэн бүх зүйлийг мартаж болно. Гэхдээ намайг та нарт хайртай гэдгийг хэзээ ч битгий мартаарай’ гэж бидэнд хэлсэн. Би энэ үгсийг хэзээ ч мартахгүй”14 гэжээ.

Зураг
President and Sister Hinckley

Ард талд © iStock/Thinkstock; зүүн талд: Busath Photography-ийн зураг; баруун талд: Хятадад авсан Гэрри Авантын зураг, Deseret News; баруун доод талд: Сүмийн түүхийн номын сан ба архивын зөвшөөрлөөр нийтэлсэн зураг

Ерөнхийлөгч Хинклигийн эхнэр Маржорий түүнийг хувь хүмүүст анхаарал тавих үед түүний хамтрагч, нөлөө үзүүлэгч болдог байв. Тэрээр “Тэр хүмүүст чин сэтгэлээсээ анхаарал хандуулдаг учраас мэддэг хүн бүр нь түүнийг хайрлаж байгаа юм шиг санагддаг. Тэр тэдний асуудал, хэрэгцээнд санаа тавьдаг. Би ийм ханьтай ямар азтай хүн бэ!”15 гэж бичсэн байна.

Таван хүүхэд нь өсөж том болсны дараа Хинклигийнхэн ихэвчлэн хамтдаа аялдаг болсон ба Хинкли эгч дэлхий даяар хайраа түгээн явдаг байлаа. Тэр номлогчидтой уулзсаныхаа дараа гэртээ ирээд, тэдний эцэг эх рүү ярьж, гэнэтийн бэлэг барьдаг байв. Мөн олон үзэгч, сонсогчтой холбоо тогтоож, харилцахдаа авьяастай байсан. “[Маржи] хүмүүст хэрхэн таатай сэтгэгдэл төрүүлэх үгсийг хэлж, бусдад туслахаа мэддэг” гэж ерөнхийлөгч Хинкли орон нутгийн чуулганы дараа бичиж үлдээсэн байна. “Түүнийг хүмүүстэй энгийн яриа өрнүүлж байх хооронд бид номлодог байлаа.”16

Ерөнхийлөгч Хинклигийн оршуулгын ёслол дээр түүний зөвлөх ерөнхийлөгч Хэнри Б.Айринг хийж бүтээсэн зарим зүйлийг нь товч дүгнэн ярьсан билээ. Тэр түүний хийж бүтээсэн бүхэнд ямар нэгэн нийтлэг зүйл байгааг анзаарснаа хэлжээ.

“Тэдгээр нь үргэлж хувь хүмүүст боломж олгон адислах зорилготой байсан. Тэр үргэлж ямар нэг боломжоо алдсан болон өдөр тутмын сорилт бэрхшээлтэй мөн Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахдаа сорилтуудтай тулгарч буй эгэл жирийн хүмүүсийн тухай боддог байв. Нэгээс олон удаа намайг зөвлөгөө өгөх үед тэр миний чээжин дээр хуруугаараа дараад, ‘Хаал, чи зовлон бэрхшээлтэй хүнийг бодож санаж байсан уу?’ гэж хэлж байсан”17

Зураг
President Hinckley with youth

Ирээдүйг бошиглосон алсын хараа

Ерөнхийлөгч Хинклигийн өөдрөг үзэл, хувь хүмүүст тавьдаг анхаарал халамж нь ирээдүйн талаарх бошиглолын суу билэгт алсын хараатай хосолсон байсан юм. Уг алсын хараа нь голчлон ариун сүмүүдэд төвлөрсөн байв. Ерөнхийлөгч Хинкли ариун сүмийн ёслолуудыг “Сүмийн өгч буй хамгийн эрхэм дээд адислал юм”18 гэж онцолсон байдаг.

Түүнийг 1995 онд Сүмийн ерөнхийлөгч болох үед дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 47 ариун сүм байжээ. Түүний удирдлаган доор Сүм тавхан жилийн дотор энэ тоог хоёр дахин өсгөв. Түүний ариун сүмүүдийн талаар тавьсан зорилго эрс шийдэмгий, өргөн цар хүрээтэй байсан боловч энэ бүгдийн эцсийн зорилго нь хувь хүмүүсийг нэг бүрчлэн адислах явдал байсан юм.

Ариун сүмүүдийг барих энэхүү шинэ эрийн үеийн талаарх сүнслэг өдөөлт ерөнхийлөгч Хинклиг 1997 онд Мексикийн Колониа Хуарэз руу Сүмийн сургуулийн 100 жилийн ойг тэмдэглэхээр явах үед иржээ. Тоос татсан замаар удаан аялах үедээ тэр гүн бодолд дарагдсан байв. Түүний нарийн бичиг Дон Х.Стахэли “Үнэхээр таг чимээгүй болсон. Тэгээд би илчлэлт ирж байгааг ойлгосон. Тэрээр урьд нь жижиг ариун сүмүүдийн талаар бодож байсан ч тэр үед арай л өөр арга зам санаанд нь орсон юм”19 гэж дурсан ярьжээ.

Ерөнхийлөгч Хинкли энэ үйл явцыг хожим нь дараах байдлаар дүрсэлсэн байдаг. “Энэ хүмүүсийг ариун сүмтэй болгохын тулд юу хийж болох тухай би өөрөөсөө асууж билээ. … Ийн бодох зуур нэгэн бодол оюун санаанд минь орж ирсэн … Бид ариун сүмийн бүхий л нэн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг харьцангуй жижигхэн ариун сүмд багтааж барьж болно. … Би төлөвлөгөө гаргаж эхэлсэн. … Тов тодорхой, бүрэн дүүрэн дүр зураг оюун санаанд минь орж ирсэн. Би үүнийг Их Эзэнээс ирсэн сүнслэг өдөөлт, илчлэлт байсан гэдэгт бүх зүрх сэтгэлээрээ итгэдэг. Би гэртээ хариад, энэ тухайгаа зөвлөхүүддээ хэлтэл тэд зөвшөөрсөн юм. Дараа нь Арванхоёрт танилцуулахад тэд бас зөвшөөрсөн.”20

Дөрвөн сарын дараа Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Хинкли том ариун сүм барихад хангалтгүй тооны гишүүнтэй бүсүүдэд Сүм жижиг ариун сүмүүд барьж эхлэх тухай түүхэн зарлалыг хэлсэн. Тэр “Бид хүмүүсийг ариун сүмтэй болгож, тэднийг ариун сүмийн шүтлэг бишрэлээс ирдэг маш үнэ цэнтэй адислалуудын боломж бүрээр хангахаар зориг шулуудсан” гэж хэлжээ.21

Дараагийн Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Хинкли 2000 оны сүүл гэхэд үйл ажиллагаагаа явуулж буй 100 ариун сүмтэй болох төлөвлөгөөг танилцуулснаар бас нэгэн түүхэн зарлалыг хэлжээ. “Бид урьд өмнө хэзээ ч ийм өргөн далайцтай ажиллаж байгаагүй” гэж тэр дурдсан байна.22 Тэрээр 1999 оны 4-р сард ариун сүм барих ажлын үйл явцыг тайлагнахдаа “Олон саад бэрхшээлтэй тулгарч байгаа ч энэ нь гайхамшигтай ажил бөгөөд бэрхшээлээс үл хамааран бүх зүйл сайхан болох болно. Бид зорилгодоо хүрнэ гэдэгт би итгэлтэй байна”23 гэсэн танил үгсийг хэлсэн юм.

Зураг
President Packer, President Hinckley, Elder Andersen at the Boston Massachusetts Temple

Ард талд © iStock/Thinkstock; зүүн талд: Busath Photography-ийн зураг; баруун талд: Хятадад авсан Гэрри Авантын зураг, Deseret News; баруун доод талд: Сүмийн түүхийн номын сан ба архивын зөвшөөрлөөр нийтэлсэн зураг

2000 оны 10-р сард ерөнхийлөгч Хинкли АНУ-ын Массачусеттс мужийн Бостон хот руу Сүмийн 100 дахь ариун сүмийг онцгойлон адислахаар явсан нь тухайн жилдээ дөрвөн тивд онцгойлон адисалсан 21 ариун сүмийн нэг байлаа. Түүнийг нас барахад 124 ариун сүм баригдаж дуусан, 13 ариун сүм баригдаж байгааг зарлажээ.

Ерөнхийлөгч Хинклигийн ирээдүйн талаарх алсын хараа нь Бурханы хүүхдүүдийг адислах өөр бусад арга замын талаар илчлэлт эрэлхийлэхэд түүнийг удирдсан юм. Тэрээр нүдээрээ олж харсан зовлон бэрхшээл, ядуурлаас болж сэтгэл нь шаналж байсан бөгөөд Сүмийн маш том хэмжээний хүмүүнлэгийн ажлыг удирдаж, үүнд ихэнхдээ Сүмийн гишүүн бус хүмүүсийг хамруулсан байв. Мөн тэрээр ядуу буурай орнууд дахь Сүмийн гишүүдэд туслахын тулд Тасралтгүй Боловсролын Санг үндэслэн байгуулжээ. Тэд энэ сангаас илүү сайн ажилтай болохын тулд шаардлагатай боловсролыг эзэмшихэд шаардагдах зээл авах боломжтой болсон. Энэ нь тэдэнд ядуурлын гинжийг тасдан, бие даасан болоход тусалдаг. 2016 оны байдлаар 80000 гаруй хүн энэхүү сангийн зээлээр дамжуулан боловсрол олж авч, сургалтад хамрагдах боломжтой болсон байна.

Зураг
President Hinckley in Ghana

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Чуулганы төвийг барих ажил зэрэг ерөнхийлөгч Хинклигийн бошиглосон зорилгуудын олон жишээ Teachings of Presidents of the Church: Gordon B. Hinckley номонд байдаг.

“Миний гэрчлэл”

Ерөнхийлөгч Хинкли 91 нас хүрэхээсээ хэд хоногийн өмнө “Би дахиад мод тарих шаардлагагүй ч тарьсаар байх болно. Энэ бол миний төрөлх зан”24 гэж хэлжээ. Залуу номлогч байсан ч эсвэл 97 настай бошиглогч байсан ч дэлхий даяарх хүмүүсийн зүрх сэтгэлд сайн мэдээний үрийг суулгаж, арчилж тордох нь түүний төрөлх чанар байсан юм. Тэрээр 20 жилийн турш Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр, дараа нь 14 жилийн турш Тэргүүн Зөвлөлийн зөвлөхөөр үйлчилжээ. Тэрээр 84 насандаа Сүмийн ерөнхийлөгч болсноосоо хойш 13 жилийн турш үсрэнгүй өсөлт хөгжилтийг авчирсаар байв.

Ерөнхийлөгч Хинклигийн амьдралын хамгийн чухал хэсэг Есүс Христийн тухай болон бошиглогч Иосеф Смитийн сэргээсэн Түүний сайн мэдээний тухай гэрчлэл байсан. Тэрээр нэгэн Ерөнхий чуулган дээр “Миний гэрчлэл” үгийг хэлэхдээ үе үе нулимс унаган, дараах гэрчлэлийг хуваалцсан юм.

“Өнөө өглөөний миний хамгийн их талархаж байгаа мөн онцгой санагдаж байгаа зүйл бол Есүс Христийн тухай бодит гэрчлэл юм. …

Тэр бол миний Аврагч бас миний Гэтэлгэгч. Тэр үгээр дүрслэхийн аргагүй зовж шаналан, Өөрийн амийг өгснөөр үхлийн дараах мөнхийн харанхуйн гүн ёроолоос намайг болон бидний хүн нэг бүрийг, Бурханы бүх охид, хөвгүүдийг өргөн гаргахаар доош бууж ирсэн юм. …

Тэр бол миний Бурхан бас миний Хаан. Мөнхийн мөнхөд Тэрээр хаадын Хаан, эздийн Эзэнээр хаанчилж, засаглах болно. Түүний эзэгнэлд төгсгөл гэж үгүй. Түүний алдар сууд шөнийн харанхуй гэж үгүй. …

Би талархсан сэтгэл, хэзээ ч үл бөхөх хайраар энэ бүхний талаар Түүний ариун нэрээр гэрчилж байна.”25

Эшлэлүүд

  1. Гордон Б.Хинклигийн хувийн тэмдэглэл, 1993 оны 3-р сарын 22.

  2. Гордон Б.Хинкли, Standing for Something: Ten Neglected Virtues That Will Heal Our Hearts and Homes (2000), 101.

  3. Teachings of Presidents of the Church: Gordon B. Hinckley (2016), 70.

  4. Жэффри Р.Холланд, “President Gordon B. Hinckley: Stalwart and Brave He Stands,” Ensign, 1995 оны 6-р сар, 4.

  5. Teachings of Gordon B. Hinckley, 339.

  6. Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 1969 оны 10-р сар, 113.

  7. Teachings of Gordon B. Hinckley (1997), 412.

  8. Хувийн тэмдэглэл, 1973 оны 11-р сарын 4.

  9. Teachings: Gordon B. Hinckley, 298–299.

  10. Хувийн тэмдэглэл, 1996 оны 5-р сарын 22.

  11. Хувийн тэмдэглэл, 1996 оны 5-р сарын 30.

  12. Хувийн тэмдэглэл, 1996 оны 6-р сарын 1.

  13. Хувийн тэмдэглэл, 2002 оны 2-р сарын 22.

  14. “The Prophet Spoke to Youth,” In Memoriam: President Gordon B. Hinckley, 1910–2008 (supplement to the Ensign, 2008 оны 3-р сар), 15.

  15. Хувийн тэмдэглэл, 1974 оны 11-р сарын 23.

  16. Хувийн тэмдэглэл, 1995 оны 5-р сарын 14.

  17. Хэнри Б.Айринг, Teachings: Gordon B. Hinckley, 202.

  18. Teachings: Gordon B. Hinckley, 313.

  19. Дон Х.Стахэлигийн амаар хэлсэн түүхийн аудио бичлэг (2012), 85, Сүмийн түүхийн номын сан.

  20. Хувийн тэмдэглэл, 1999 оны 3-р сарын 6 Энэхүү эшлэл бол Мексикийн Колониа Хуарез ариун сүмийн анхны онцгойлон адислах хуралдаан дээр түүний хэлсэн үгийн товчлол юм. Ерөнхийлөгч Хинкли жижиг ариун сүмүүдийн тухай 20 жилийн турш боджээ (Teachings: Gordon B. Hinckley, 33, 309–310-ыг үзнэ үү).

  21. Гордон Б.Хинкли, “Some Thoughts on Temples, Retention of Converts, and Missionary Service,” Ensign, 1997 оны 11-р сар, 50.

  22. Teachings of Gordon B. Hinckley, 310.

  23. Гордон Б.Хинкли, “The Work Moves Forward,” Ensign, 1999 оны 5-р сар, 4.

  24. Хувийн тэмдэглэл, 1995 оны 6-р сарын 18.

  25. Teachings: Gordon B. Hinckley, 321–323.