2017
Скаутын мастерын залбирал
January 2017


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Скаутын мастерын залбирал

Зураг
Scoutmaster praying

Зураг чимэглэлийг Аллен Гарнс

Би АНУ-ын өмнөд Ютад хорин залуу эрэгтэй, хоёр удирдагчийг ахалдаг скаут мастер байсан юм.

Биднийг лагерь руу салсан зам дээр ирэхэд би зогсоод, өмнө харагдах эзгүй газрыг ажиглалаа. Би ийм аялал олон удаа хийж байсан ч яагаад ч юм бэ энэ удаа миний мэддэг байсан зүйл огт харагдахгүй байв. Би баруун, зүүн тийш харж, ямар нэгэн мэдэх зүйлээ хайлаа.

Олон замаар явсан ч бүгд мухар зам болж таарав.

Харанхуй болж байлаа. Эцэст нь би зогсоод тэдэнд бүү хөдөл гэж хэлэв. Би гар чийдэнгээ авч, явган яваад, замаа олмогцоо дохио өгнө гэж тэдэнд хэлсэн.

Үнэндээ миний хийсэн зүйл гэвэл өвдөг сөгдөн суугаад, Тэнгэрлэг Эцэгээс ийм будилуу нөхцөл байдлаас гарахад минь туслахыг гуйсан явдал байсан юм. Би зүрх сэтгэлээ Түүнд нээж, хэр бэлтгэлтэй байгаагаа, хөвгүүдэд хэчнээн их хайртайгаа мөн бидэнтэй хамт эцгүүд нь ирсэнд талархаж байгаагаа болон миний залбиралд Түүнийг хурдан хариулна гэдэгт туйлын итгэлтэй байгаа зэргээ нэгд нэгэнгүй хэлэв. Би залбирч дуусаад, босож зогсов. Өвдгөн дээрээсээ өндийгөөд, харанхуй руу гар чийдэнгээрээ заан, зөв зам руу багийг маань тэр даруй оруулахыг би хүлээж байсан юм.

Гэтэл юу ч болсонгүй.

Би чийдэнгийн гэрэл тусч болох газрыг чимээгүйхэн сайтар гүйлгэн харав.

Бас л юу ч болсонгүй.

Би юу ч болохгүй байгаад итгэж чадахгүй байлаа. Босож зогсоод замаа харна гэдгээ л би мэдэж байсан. Бурхан намайг, ялангуяа надад олон хүн найдаж байгаа энэ үед орхихгүй гэдгийг би мэдэж байлаа.

Тэгээд би сэтгэлээр унасан эцгүүд, хэдэн машин дүүрэн суусан сахилгагүй, бухимдсан хөвгүүдийн бүгд л “Очих болоогүй байна уу” гэж асуухтай нүүр тулахаас аргагүй болсон доо.

Би уучлалт гуйн, ийм аяллыг амьдралдаа хорин удаа хийсэн, зам энд байсныг мэддэг байсан гэдгээ мэдэгдэв. Би ердөө л олж харахгүй байлаа.

Эцэст нь бид хот руу явж, буудлын хоёр өрөө хөлслөхөөр болов. Бид бямба гаргийн өглөө шинээр эхлэхээр боллоо.

Нэгэнт л авчирсан хүнсээрээ оройн хоол хийх гал асааж чадахгүйгээс хойш хотын захад байсан пиццаны газар руу явав.

Пицца амттай байсан бөгөөд хөвгүүд баяртай байсан ч надад буудлын өрөө, оройн хоолны төлбөрийн хувьд өөрийгөө буруутгасан мэдрэмж төрөөд байлаа.

Хоолоо идэж байх үедээ Тэнгэрлэг Эцэг яагаад миний залбиралд хариулаагүйг гайхан бодож суутал гэнэт нүржигнэсэн чанга чимээ гарахыг сонсов.

Би босоод, пиццаны газрын хаалгыг нээтэл өмнө нь үзэж байгаагүй их аадар бороо орж байхыг харав. Баруун хойд зүгт буюу цаг хүрэхгүйн өмнө миний хариулт хүсэн залбирч байсан газрын яг урд цахилгаан цахиж байлаа. Тэр үед Ариун Сүнс надад ирсэн бөгөөд Их Эзэн миний залбиралд хариулсан байсныг би ухаарсан.

Маргааш өглөө нь тэнгэр цэлмэг байсан бөгөөд бид шавар шалбааг болсон толгой эргүүлсэн зам руугаа буцаж явав. Урд орой нь хайж байсан тэр замын салаа руугаа шууд л давхив. Заримдаа залбирал үгүй гэсэн хариултаар хариулдаг ч дандаа хариулагддаг гэдгийг би мэднэ.