2017
Ярилцлагын ямар асуулт тавихаа бодож үзэх нь
January 2017


Аврагчийн арга барилаар заах нь

Ярилцлагын ямар асуулт тавихаа бодож үзэх нь

Багш нарын ангидаа ирэхээсээ өмнө өөрсдөдөө тавих асуулт хамгийн чухал асуулт байж болно.

Зураг
Teacher at blackboard

Гэрэл зургийг Аугусто Замбонато

Та нар өдрийн хоолны үеэр найзуудтайгаа хамт үзсэн киноныхоо талаар ярилцаж байна гэж төсөөл. Нэг найз чинь “Киноны хамгийн чухал хэсэг чухам аль нь байсныг надад хэлж өгөөч” гэж хэлжээ.

Та нар эргэлзсэн байдалтай хэсэг зуур бодоод, хамгийн сүүлийн хэсэг хамгийн чухал нь байсан гэж хэллээ. “Тийм шүү, сайхан хариулт байлаа” гэж найз чинь хэлэв. “Гэхдээ миний бодож байсан хариулт биш байна. Өөр хэн хэлмээр байна? Хуваалцаагүй хэн нэгний үгийг сонсоцгооё.”

Иймэрхүү маягаар чи найз нөхөдтэйгөө ярьдаггүй ч ийм яриа ихэнхдээ Ням гаргийн ангид болдог юм шиг санагддаг. Багш нарын хувьд бид сайн мэдээний үнэнийг энгийн бөгөөд тайван байдлаар ярилцахын оронд бусад нөхцөлд хачин жигтэй гэмээр, бас ярилцлагыг унтраахад ч хүргэж болох зүйлүүдийг заримдаа хэлэх нь бий. Бид ангийн гишүүдийг найзуудынхаа дунд байгаа юм шиг мэдрэмжтэй байгаасай мөн суралцаж байгаа зарчмуудынхаа талаар санал бодлоо дуртайяа хуваалцах байх гэж найддаг. Ингэж хуваалцах нь Сүнсийг урьж, хүн бүрийн туршлагыг баяжуулдаг.

Бид асуулт маань илүү энгийн, утга учиртай ярилцлага руу хөтөлж байгаа эсэхэд хэрхэн анхаарах вэ? Хийж болох мөн хийж болохгүй зарим зүйл гэж байдаг ба энэ нь олон багшид ашиг тусаа өгдөг юм. Хариулт нь тодорхой асуулт бүү тавь. Нэгээс илүү хариулттай асуулт тавь. Хэт хувийн чанартай асуулт тавьсны хэрэггүй.

Ангид ямар асуулт тавихаа шийдэхээс өмнө Энэ асуултыг тавьж байгаа үндсэн шалтгаан маань юу билээ? гэж өөрсдөөсөө асуух нь үнэ цэнтэй байдаг.

Яагаад та нар асуулт тавьдаг вэ?

Асуултуудын цаадах учир шалтгаан нь маш том өөрчлөлтийг авчирдаг. Жишээлбэл, бид заримдаа ямар нэгэн хэлэх зүйл байгаа учраас үүнийгээ ангийнхнаар хэлүүлэхийн тулд асуулт тавьдаг уу? Бид зөвхөн өөрсдөө яриад байхыг хүсэхгүй байгаа ч гол санааг нь гаргамаар байгаа учраас сонсохыг хүсэж байгаа хариултаа гаргаж ирэхийн тулд заримдаа асуулт тавьдаг. Энэ нь “Порнографаас зайлсхийх нь оюун санаагаа цэвэр байлгахад хэрхэн туслах вэ?” “Өдөр бүр залбирах нь чухал уу?” зэрэг үнэн учрыг далдалсан асуулт тавихад хүргэдэг.

Тодорхой хариулттай асуултуудад тохирсон төгс нөхцөл байдлууд бас бий. Тэдгээр нь гол санааг онцлох юм уу хичээлийг урьдчилан бэлтгэхэд тус болно. Гэхдээ эдгээр асуулт нь утга учиртай хэлэлцүүлэгт оролцоход ангийн гишүүдийг урамшуулахад тохиромжгүй байдаг.

Өөрөөр хэлбэл, хэрвээ бид ангийнхаа гишүүдийн оюун санаа, зүрх сэтгэл, амьдрал ямар байгааг мэдэхийн тулд асуулт тавьж байгаа бол энэ нь бидний тавьж байгаа асуултуудаас харагдах болно.

Сүнслэг суралцахуйг дэмжин, чин сэтгэлээсээ ярилцахад ангийн гишүүдийг урьдаг асуултууд нь “Чамайг энэ шүлгийг уншиж байх үед юу нь онцгой санагдсан бэ?” “Ямар туршлага чамд Их Эзэний амлалтуудад найдах ёстойг заасан бэ?” “Чи юу гэж бодож байна …?” гэх мэт асуултыг багтаадаг.

Дараах жишээнүүдийг авч үзнэ үү.

  • Сүнс Нифайгаас “Юуг хүснэв та?” (1 Нифай 11:10) хэмээн асуусан.

  • Есүс шавь нараасаа “Та нар намайг хэн гэх вэ?” (Maтай 16:15) гэж асуусан байдаг.

  • Есүс Мартад “Би бол амилалт ба амь мөн … Чи үүнд итгэж байна уу?” (Иохан 11:25, 26) гэж хэлсэн байдаг.

Эдгээр асуулт бүр нь хэн нэгнийг зүрх сэтгэл доторхоо уудлахад урьсан юм. Эдгээр нөхцөл байдал бүрд хүчирхэг сүнслэг туршлага ирсэн.

Асуултууд нь хайрын илэрхийлэл юм

Гайхалтай нь, бараг хүн бүр, бүр өөрсдийгөө сайн багш гэж боддоггүй хүмүүс хүртэл ярилцлага өрнүүлдэг асуулт тавьж чаддаг. Бид гэр бүлтэйгээ эсвэл найзтайгаа утга учиртай ярилцлага өрнүүлэх бүрдээ үүнийг өөрсдөө ч мэдэлгүй хийчихдэг буюу өдрийн хоолны үеэр дуртай киноныхоо тухай яг ингэж ярилцдаг. Бид өөрийн эрхгүй хийчихдэг зүйлээ ангид хичээл заахдаа гэв гэнэт мартаж орхидог.

Ярилцлагын сайн асуулт тавихын чухал бүрэлдэхүүн хэсэг нь “Хэрэв би ангид байгаагүй бол үүнийг яаж асуух байсан бол? Хэрэв би гэртээ хэсэг найзтайгаа сайн мэдээний талаар ярьж байсан бол юу гэж асуух байсан бол?” гэж өөрсдөөсөө асуух явдал юм. Би тэднийг бодол сэтгэгдэл, мэдрэмжээ хуваалцахад хэрхэн урих вэ? Заах нь найзуудтайгаа энгийн яриа өрнүүлэхтэй яг адил биш боловч адилхан талтай. Эдгээр нь чин сэтгэлээсээ сонсох хүсэл, өгөөмөр хайраар өдөөгдөх ёстой.

Хэрэв та уран цэцэн үгтэй асуулт олж чадахгүй байгаа бол бүү санаа зов. Таныг зааж буй хүмүүсээ хайрлахаас өөр зүйл хийж чадахгүй байх үед ч Сүнс таныг удирдаж, та юу хэлэхээ илүү сайн мэдсээр байх болно. Паул “Хайр хэзээ ч дуусдаггүй” (1 Коринт 13:8) хэмээн тунхагласан бөгөөд багш ангид асуулт тавих гэх мэт энгийн зүйлийн хувьд ч энэ нь үнэн юм.