2017
Аврагчийн тухай гэрчлэхдээ нэн хүчтэй байх нь
January 2017


Аврагчийн тухай гэрчлэхдээ нэн хүчтэй байх нь

2014 оны 6-р сарын 17-нд ХҮГ Бизнесийн коллеж дээр хэлсэн “Нэн хүчтэй байх нь” үгээс эш татав. Англи хэл дээрх бүрэн эхийг ldsbc.edu хаягаар орж үзнэ үү.

Бидний хүн нэг бүр хэцүү бөгөөд шийдвэрлэх цаг мөчид үйлдэхээр дуудагдах болно. Эдгээр мөч бидний хэн гэдгийг болон ямар хүн болохыг тодорхойлно.

Зураг
Soliders in South Africa

Зураг чимэглэлийг Дан Бурр

Олон жилийн өмнө би залуудаа Өмнөд Африк руу цэргийн алба хаахаар дуудагдсан буюу бидний хэлдгээр цэрэгт татагдсан юм. Намайг хувь хүнийхээ хувьд сайн ч цэргийн албанд үйлчилж байгаа эрчүүдэд л байдаг бүдүүлэг зан байдал, хэл яриа бүхий эрчүүдтэй нэг салаанд хуваариллаа.

Би иймэрхүү уур амьсгалтай орчинд ороод, сайн мэдээний жишгүүдийн дагуу амьдрахад үргэлж тийм амархан байхгүй гэдгийг ойлгосон юм. Гэхдээ би цэргийн албанд үйлчилж эхэлсэн үеэсээ л итгэл бишрэлийнхээ төлөө зогсохыг хүссэн. Би буруу гэдгийг нь мэдэж байгаа аливаа үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ тодорхой гэгч илэрхийлсэн билээ. Манай салааны залуус эхэндээ миний баримталдаг жишгүүдэд дурамжхан байдаг байсан ч сүүлдээ хүндэтгэдэг болсон.

Нэгэн бэлтгэл сургуулилтад гарах үеэр бид үзэсгэлэнтэй, бүртийх ч үүлгүй, одод түгсэн шөнийн тэнгэр доор түүдэг гал тойрон сууж байв. Манай салааны зарим залуу шар айраг ууж, харин би ундаа ууж байлаа. Ямар нэгэн зохисгүй яриа хөөрөөгүй, ид сайхан байж байтал өөр салааны хэдэн залуу манай аз жаргалтай багийнхан дээр айлчлан ирэв. Тэдний нэг нь над руу ирээд, ундаа ууж байгааг минь харан, тэдэнтэй хамт шар айраг уугаагүйд шоолж гарлаа. Нэг найз маань намайг хариу хэлэхээс урьтаж, тэр залууг зэмлэн, бүр гайхмаар зүйл болов.

Тэр “Эрхэм ээ, та эндээс явсан нь дээр байх” гээд, “Кристэй ингэж харьцахыг бид хэнд ч зөвшөөрөхгүй. Үнэндээ тэр бидний дундаас жинхэнэ Христэд итгэгчийн амьдралаар амьдардаг цорын ганц эр” гэж хэллээ.

Зэмлүүлсэн эр шөнийн харанхуйд чимээгүйхэн цаашилсаар алга болов. Би гэнэтийн энэ магтаалд бага зэрэг балмагдсан ч “итгэгч хүмүүст үлгэр дуурайл бол” (1 Тимот 4:12) гэсэн Паулын зөвлөгөөг дагахаар сонгосондоо баяртай байв.

Сүнс тань та нарыг хүлээж буй агуу боломжуудад нээлттэй, хүлээж авахад бэлэн байгаа амьдралынхаа энэ онцгой үед та нар сонголтуудтай тулгарах болно. Та нар 5, 10, 20 жилийн дараа эсвэл бүр амьдралынхаа төгсгөлд өөрсдийнхөө тухай юу бичихийг хүсэх вэ?

Нэн хүчтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Бошиглогч Иосеф Смит амилуулагдаж, шүүгдсэний дараа селестиел хаант улсыг өвлөн авах хүмүүсийн нөхцөл байдлыг дүрсэлсэн нь ариун судруудад цэдэглэсэн хамгийн гайхамшигтай үзэгдлүүдийн нэгэнд ордог. Сургаал ба Гэрээн дэх энэ хэсэг нь (76-р хэсэг) селестиел хаант улсад тохирохгүй боловч террестриел, телестиел хаант улсыг өвлөн авах хүмүүсийн нөхцөл байдлыг илчилдэг.

Террестриел хаант улсыг өвлөн авагчдын тухай илчлэлтэд тэдгээр нь “хүмүүний башир аргаар харалган болсон дэлхийн шударга сайн хүмүүс … [мөн] [Бурханы] бүрэн байдлыг бус, харин түүний алдар сууг хүлээн авсан тэд юм” (С ба Г 76:75–76) гэж заадаг. Тийн бид “Эдгээр нь Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй биш тэд бөлгөө; иймийн тул, бидний Бурханы хаант улс дээрх титмийг тэд олж авах нь үгүй” (С ба Г 76:79; онцлон тэмдэглэлт нэмсэн) гэдэг гайхамшигтай зарчмыг мэдэж авдаг.

Үүнийг хэсэг хугацаанд төсөөлөн бодоод үз. Бид энэхүү богинохон, мөнх бус, сорилтын байдалд Есүсийн тухай гэрчлэхдээ нэн хүчтэй байгаагүйгээс болж селестиел хаант улсын алдар суу хийгээд үүний бүхий л гүн гүнзгий, мөнхийн адислалыг алдах гэж үү?

Есүсийн тухай гэрчлэхдээ нэн хүчтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Их Эзэний өнөө үеийн нэгэн төлөөлөгч:

“Энэ нь дэлхийтэй хийх тэмцэлд бүхий л хүч чадал, эрч хүч, чадвараа ашиглах мөн итгэлийн сайн тэмцлээр тэмцэх эрэлхэг зоригтой байх явдал юм. … Зөв шударга шалтгааны учир нэн хүчтэй байх үндэс нь бүхий л сайн мэдээний хуулинд дуулгавартай байх явдал мөн.

Есүсийн тухай гэрчлэхдээ нэн хүчтэй байх гэдэг нь ‘Христэд [ирж], түүгээр төгөлдөржи[н]’, ‘бүх бурханлиг бусаас’ өөрсдөө татгалзаж, ‘Бурханыг өөрсдийн хүч хүч, оюун, мөн чадлаар хайрлахыг’ хэлдэг (Moронай 10:32).

Есүсийн тухай гэрчлэхдээ нэн хүчтэй байх нь Христэд болон Түүний сайн мэдээнд гуйвшгүй итгэлтэй байх явдал. Энэ нь дэлхий дээрх Бурханы ажлын үнэн бодит, тэнгэрлэг байдлыг мэдэх явдал юм. …

Зураг
Family studying scriptures

Есүсийн тухай гэрчлэхдээ нэн хүчтэй байх нь ‘найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх’-ийг хэлнэ. Энэ нь ‘эцсээ хүртэл тэвчих’-ийг хэлнэ. (2 Нифай 31:20.) Энэ нь шашныхаа дагуу амьдарч, номлодог зүйлээ хийж, зарлигуудыг сахих явдал билээ. Энэ нь хүмүүний амьдрал дахь ‘цэвэр ариун сүсэглэл’-ийн илэрхийлэл юм. Энэ нь ‘өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг’ эргэж тойрон, ‘өөрийгөө дэлхийгээс толбогүй’ байлгах явдал мөн. (Иаков 1:27.)

Есүсийн тухай гэрчлэхдээ нэн хүчтэй байх гэдэг нь хүслээ хазаарлаж, дур сонирхлоо хянаж, бие махбодын болон хилэнцэт зүйлсийг ялж гарахыг хэлнэ. Энэ бол бидэнд үлгэр жишээ үзүүлсэн, Эцэгийн хүүхдүүд дундаас хамгийн зоригтой нэгэн болох түүнтэй адил ертөнцийг ялах явдал юм. Энэ нь ёс суртахууны хувьд цэвэр ариун байх, аравны нэгээ төлж, мацаг барих, Хүндэтгэлийн өдрийг хүндэтгэх, зүрх сэтгэлийн дүүрэн зорилгоор залбирах, хэрвээ биднийг дуудвал байгаа бүхнээ тахилын ширээн дээр тавихыг хэлдэг.

Есүсийн тухай гэрчлэхдээ нэн хүчтэй байх гэдэг нь бүхий л асуудалд Их Эзэний талд зогсохыг хэлнэ. Энэ нь Tүүнтэй адил сонгохыг хэлнэ. Энэ нь түүний итгэдэг зүйлд итгэж, боддог зүйлийг бодож, адилхан нөхцөл байдалд хэлж, хийх байсан зүйлийг нь хийж, хэлэхийг хэлнэ. Энэ нь Христийн оюун ухааныг авч, тэрээр өөрийнхөө Эцэгтэй нэг байдаг шиг Түүнтэй нэг байхыг хэлнэ”1 хэмээн тунхагласан билээ.

Бидний Аврагч, Их Эзэн Есүс Христийн дэлхий дээр байх мөнх бус үйлчлэлийнхээ үеэр заасан зүйлийг би яг одоо нэмж хэлмээр байна.

“Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод. Би энх тайвныг бус харин илд авчрахаар ирсэн юм.

Би хүүг эцгийнх нь эсрэг, охиныг эхийнх нь эсрэг, бэрийг хадмынх нь эсрэг болгохоор ирсэн.

Хүний дайсан нь өөрийнх нь гэр бүлийнхэн нь болно.

Эцгийгээ эсвэл эхийгээ Надаас илүү хайрладаг хүн Миний хувьд зохистой нэгэн биш юм. Хүүгээ эсвэл охиноо Надаас илүү хайрладаг хүн ч Миний хувьд зохистой нэгэн бишээ.

Загалмайгаа үүрээд Миний хойноос дагахгүй хүн Миний хувьд зохистой нэгэн биш.

Амиа ологч нь түүнийгээ алдах болно. Миний төлөө амиа алдсан нь түүнийгээ олох болно” (Матай 10:34–39).

Мөнх бус амьдрал дахь бидний зорилго бол хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд дахин нэгэнтээ амьдарч, Есүс Христтэй хамт өв залгамжлагчид болох явдал мөн. Эхнэр нөхөр, үр хүүхэд, бусад гэр бүлийнхээ гишүүдтэй хамт байх мөнхийн гэр бүл дэх гайхамшигтай амьдрал нь зарим хүн энэ амьдралын дараа эдгээр адислалыг хүртэх хэдий ч хүн бүрд боломжтой.

Эдгээр адислал загалмайгаа үүрээд, бидний Их Эзэн Аврагчийн тухай гэрчилж, Түүнд үйлчлэхдээ нэн хүчтэй байхыг шаарддаг.

Үйлдэхэд бэлтгэх

Бидний туулах ёстой зам тоолж барамгүй боломж, сорилт бэрхшээлээр дүүрэн байдаг. Бид өдөр бүр жижиг, чухал биш мөн гүн гүнзгий, мөнхийн үр дагавартай олон шийдвэрийг гаргах шаардлагатай байдаг.

Бид хүнд хэцүү боловч шийдвэрлэх мөчүүдэд үйлдэхээр дуудагдах болно гэдэг нь үнэн боловч хүлээн зөвшөөрөхөд хэцүү зүйл юм. Эдгээр мөч бидний хэн гэдгийг мөн хэн болж чадахыг харуулна. Тэдгээр нь ихэвчлэн хүсээгүй үед мөн зөв шударгаар үйлдэж, эр зориг гаргахад тохиромжгүй үед ирдэг. Та нар амьдралынхаа түүхийг бичихээр ганцаараа байгаа үед хамгийн шийдвэрлэх мөчүүд ирдэг гэдгийг мэдэх болно.

Би агуу эсэргүүцэл дунд ганцаараа зогссон нэгэн хүний тухай түүхийг хуваалцъя. 1838 оны 11-р сард бошиглогч Иосеф Смит, Парли П.Пратт (1807–1857) нарын зарим хүн АНУ-ын Миссури мужийн Ричмондод гинжлүүлж, шоронд хоригдсон.

Ахлагч Пратт шоронд хоригдож байх үедээ дараах үйл явдлыг бичиж үлдээжээ.

“Бид шөнө дунд өнгөртөл унтаж байгаа юм шиг хэвтэж байсан ба Колонэл Прайс тэргүүтэй харуулуудын ичгүүргүй доог тохуурхал, ой гутам ам тангараг, аймшигт хараал зүхэл болон бохир үг хэллэгүүдийг олон цагийн турш сонссоноос болж бидний чих болон зүрх өвдөн шаналж байлаа. Тэд Фар Вестэд болон эргэн тойрон дахь нутгуудад мормончуудад үйлдсэн дээрэм тонуул, аллагынхаа тухай ам уралдан ярьцгааж байв. Тэр бүү хэл эхнэр, охин, онгон охидыг нь хүчирхийлж, эрэгтэй, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн толгой руу цохин, буудаж байсан тухай сагсууран ярьцгааж байлаа.

Би жигшиж, цочирдон, айдас төрөм тэдний үгсийг сонсож, зэвүүцэх сэтгэлээр дүүрсэн бөгөөд босож зогсон, харуулуудыг буруушаахаас өөрийгөө арайхийн хорьж байлаа. Гэвч Иосефын хажууд хэвтэж, сэрүүн байсныг нь мэдэж байсан ч түүнд бас хэнд ч юу ч хэлсэнгүй. Гэтэл тэрээр гэнэт ухасхийн босож, аянгын эсвээс архирч буй арслангийнхтай адил дуугаар дараах үгсийг хэлснийг би тун тодхон санаж байна.

‘ЧИМЭЭГҮЙ БАЙЦГАА, тамын шулмасууд аа. Есүс Христийн нэрээр би та нарыг зэмлэн буруутгаж мөн дуугүй байхыг тушааж байна. Би ийм яриаг дахин ганц хором ч сонсож, амьд явж тэвчишгүй нь. Ийм яриагаа зогсоо эсвээс та нар эсвэл би ЯГ ОДОО үхнэ!’

Зураг
Joseph Smith in jail

Тэр ярихаа больсон ба туйлын сүр жавхлантай зогсож байлаа. Гинжлүүлэн, буу зэвсэггүй тэнгэр элч мэт тайван зогсох тэрээр айж чичирсэн харуулууд руу хараа бэлчээх аваас тэдний хөл чичирч, буланд зогсон, түүний хөлд сөхрөөд, уучлалт гуйж байсан ба тэд дараагийн харуулууд солигдох хүртэл чив чимээгүй үлдсэн юм.”2

Бошиглогч Иосеф Смитийн энэ эр зориг бошиглогчдод болон Сүмийн ахимаг настай гишүүдэд л байдаг зүйл биш юм. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн (1838–1918) амьдралд тохиолдсон үйл явдал бас энэ зоригийг харуулдаг. 1857 оны намар 19 настай Жозеф Ф.Смит АНУ-ын Хавайд хийсэн номлолоосоо буцаж ирээд, АНУ-ын Калифорнид битүү тэрэгний багтай нийлжээ. Энэ нь гэгээнтнүүдийн хувьд аюултай цаг үе байлаа. Жонстоны арми Юта руу ирж явсан ба тэд Сүмийн талаар таагүй сэтгэгдэлтэй байв.

Нэгэн орой цөөн танхай этгээд битүү тэрэгний баг руу дайрч, тааралдсан мормон хүн бүрийг харааж, заналхийлэв. Битүү тэргэнд байсан ихэнх хүн бут руу орж нуугдсан ч Жозеф Ф.Смит “Би хамт явж байгаа хүмүүсээ орхиод зугтах гэж үү? Би яагаад тэднээс айх ёстой юм бэ?” гэж боджээ.

Тэр гартаа буу барьсан нэгэн танхай этгээд рүү очтол “Чи мормон уу?” гэж ширүүнээр асуужээ.

Жозеф Ф.Смит “Тийм ээ, эрхэм ээ. Би төрөлхийн мормон хүн. Бүрэн дүүрэн гуйвшгүй үнэнч, итгэлтэй мормон” гэж хариулсан байна.

Тэр үед танхай этгээд түүний гараас бариад, “Чи миний уулзаж байсан хамгийн сайн эр байна! Гар барьцгаая, залуу найз минь, итгэл үнэмшлийнхээ төлөө зоригтой зогсдог залууг харсандаа баяртай байна”3 гэж хэлжээ.

Яг одоо та нар амьдралынхаа хамгийн чухал цаг үед байна! Та нар хором хормоор, өдөр өдрөөр өөрсдийнхөө түүхийг зохиож бичиж байна мөн бичих ч болно. Зарим үед та нар үйлдэх хэрэгтэй болно. Харин зарим үед зүгээр л чимээгүй байх хэрэг гарч мэднэ. Ашиглах боломж, гаргах шийдвэр, даван туулах сорилт олон байх болно!

Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын агуу төлөвлөгөөнд та нар ганцаараа биш гэдгийг үргэлж сана! Энэ амьдралд мөн сүнсний дэлхийд олон хүн яг энэ өдөр Их Эзэний өмнө та нарын өмнөөс гуйж байна. Хүлээн авсан ёслол, хийсэн гэрээгээр тань дамжуулан та нарт агуу хүчийг өгсөн. Хамгийн гайхамшигтай нь та нарын хайрт Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү бидний Аврагч Есүс Христ болох бидний Өмгөөлөгч амьдралд тань та нарт туслахаар та нартай үргэлж хамт байх болно. Аврагч мөнх бус үйлчлэлийнхээ гүн гүнзгий нөлөө бүхий сургаалдаа бодгаль бүрд, бидний хүн нэг бүрд нэгэн урилга өгсөн юм.

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая.

Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн” (Матай 11:28–30).

Би Мөнхийн Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Их Эзэн Есүс Христийн бодит байдлын талаарх чин сэтгэлийн гэрчлэлээ үлдээе. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол бүхий л арга замаар Их Эзэний сэргээгдсэн Сүм, дэлхий дээрх Бурханы хаант улс юм.

Миний бие болон энэ гэрчлэлийг хуваалцаж буй хүмүүс энэхүү агуу учир шалтгааны төлөө үргэлж нэн хүчтэй зогсох болтугай.

Эшлэлүүд

  1. Брүс Р.Макконки, “Be Valiant in the Fight of Faith,” Ensign, 1974 оны 11-р сар, 35.

  2. Парли П.Праттын намтар, хянасан Бага Парли П.Пратт (1938), 210–211.

  3. Teachings of Presidents of the Church: Joseph F.Smith (1998), 104-ийг үзнэ үү.