2017
Олж авсан бүхнээрээ ухааныг олж ав
January 2017


Олж авсан бүхнээрээ ухааныг олж ав

2015 оны 1-р сарын 14-нд Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн “Өөрийн ойлголтод бүү тулгуурла” үгээс авав. Англи хэл дээрх бүрэн эхийг уншихыг хүсвэл speeches.byu.edu хаягаар орж үзнэ үү.

Жинхэнэ ойлголт таныг судлах, залбирах хоёрыг хослуулахаа ухаарах үед болон суралцах, олж авах үедээ үйлчлэх үед мөн Их Эзэн Есүс Христэд итгэн, найдах үед ирэх болно.

Зураг
Woman reading

Зураг чимэглэлийг Робэрт Хант

Миний их сургуулийн оюутны амьдралын ихэнх цаг номын сангийн эргэн тойронд өнгөрсөн юм. Намайг орох тоолонд “Олж авсан бүхнээрээ ухааныг олж ав” (Сургаалт үгс 4:7) гэж хаалган дээр бичсэн уриа угтдаг байлаа.

Бид бүгд дахин давтаж хийсний дараа сайн санадаг гэдгийг мэддэг. Тийм ч учраас Сургаалт үгсийн энэ судрыг оюун санаандаа мартахын аргагүйгээр тогтоон, бакалаврын дөрвөн жилийн туршид номын санд орох болгондоо уншдаг байв.

Би та бүхнийг яг ингэж “Олж авсан бүхнээрээ ухааныг олж ав” гэж уриалъя. Би та нарт энэ судрын утгыг болон танд ямар тустай байх талаар тунгаан бодоосой хэмээн уриалж байна. Би үүнийг хийдэг. Намайг оюундаа ахин дахин тунгаахад утгынх нь хөрвүүлэг үнэхээр илэрхий болсон. Миний ажиглаж ойлгосон зүйл та бүгдэд ач тусаа өгч магадгүй.

Бусдыг ойлгох зүрх сэтгэл

Японд залуу номлогч байхдаа би хэцүү хэлийг сурах гэж ихэд чармайн, зарим үгийг байн байн сонсдог байв. Тэрхүү үгсийн хоёр нь Охаяо гозаймасу (өглөөний мэнд) эсвэл конничива (өдрийн мэнд) гэх мэт мэндлэх үгс байв. Өөр бас нэг үг бол вакаримасэн “Би ойлгохгүй байна” гэсэн үг байлаа. Энэ үг гараа дэлгэх дохио зангаатай хамт залуу номлогчдыг яриа өрнүүлэхийг оролдох үед япончуудын хэлэх дуртай үг болсон юм шиг санагддаг.

Би эхлээд “Олж авсан бүхнээрээ ухааныг олж ав” гэсэн үгийн утгыг бодохдоо ухаан гэдэг үгийг чихээрээ сонсох, оюундаа ойлгох гэдгээс илүүгээр боддог байв. Вакаримасэн гэсэн япон үгийн талаар би бодлоо. Би ойлгож байна уу эсвэл ойлгохгүй байна уу?

Судар болон амьд бошиглогчдын үгэн дэх ухаан гэсэн үгийг судлаад, ойлгосон хэдий ч илүү гүн утгатай болохыг би мэдсэн. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн Сүмийн тэргүүлэх бишоп байсан үедээ хэлсэн дараах үгийг бодож үз.

“Эхэндээ бид эхээс төрөх үеийн оюунаараа эхэлдэг. Бид оюун ухаандаа асуултын хариултыг эрж хайн, судалж, өөрсдийгөө боловсруулж байх үедээ мэдлэг нэмж авдаг. Мөн бид өөрсдийн мэдлэг дээр мэргэн ухааны түвшинд хүргэх туршлагаа нэмэрлэдэг. Мэргэн ухаан дээрээ бид сүнслэг удирдамж, хүч чадал гуйн, итгэлийн залбирлаараа дамжуулан Ариун Сүнсний тусламжийг нэмж авдаг. Тэгээд зөвхөн тэр үед л ‘алив зүйл тохиовч зөвийг хийхэд’ хөтлөх зүрх сэтгэл дэх ухааныг олж авна. (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, д. 34). Зүрх сэтгэл дэх ухааны мэдрэмжүүд нь бидэнд нөхцөл байдлаас үл хамааран зөвийг мэдэх, хийх баталгааг өгдөг. Зүрх сэтгэл дэх ухаан нь судлах, залбирахыг нягт хослуулахаас ирдэг.”1

Зураг
stairs

Одоо дахиад “Олж авсан бүхнээрээ ухааныг олж авах” гэсэн үгийг эргэцүүлэн бод. Энэ хам сэдэвт ухаан гэдэг нь оюун ухаан, мэдлэг, туршлага, мэргэн ухаан, Ариун Сүнсний өдөөлт зэргийн дараа ирдэг бөгөөд эдгээр нь бүгд юуг зөв болохыг мэдэж, түүнийг хийхэд хүргэдэг.

Та нарын олонх нь амьдралдаа чухал эгзэгтэй үеийг дайрч өнгөрдөг. Жил өнгөрөх тусам та илүү бие дааж, амьдралынхаа “олж авсан бүхэн” рүүгээ илүү гүн гүнзгий орж байдаг. Таны олж авах гээд байгаа зүйл юу вэ? Та хань ижил, гэр бүл, ажил гээд хэд хэдэн зүйл олж авах гэж байгаа байх.

Бид “олж авах” эдгээр чухал зүйлийг зохицуулахын тулд судрын заасан “ухаан”-ыг бас олж авах ёстой. “Энэ ухаан нь судлах, залбирахыг хослуулсны үр дүнд ирдэг. Бас бид Их Эзэн Есүс Христэд итгэж найдах ёстой. Алма үүнийг дүрслэхдээ үгийг үртэй зүйрлэжээ. Тэрээр “энэ нь ойлголтыг минь тэлж эхлэв; тийм ээ, энэ нь надад амтат байх болж эхлэв” гэжээ (Aлма 32:28; тодотгол нэмэгдсэн).

Ерөнхийлөгч Томас С.Монсон Сургаалт үгсээс энэ ойлголтод нэмэх өөр нэг судар болох “Бүх зүрхээрээ Их Эзэнд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ” (Сургаалт үгс 3:5) гэсэн судрыг байнга эш татдаг.2

Бид Их Эзэнд итгэж, найдсанаар бидний зүрх сэтгэл рүү илүү их ойлголт Түүнээс орж ирдэг юм.

“Их Эзэний мутар биднийг хамгаалж байна”

Өөрийн ойлголтод тулгуурлалгүй, Их Эзэнд найдан, Сэргээлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн хүчирхэг эмэгтэйн жишээг хэлэхийг зөвшөөрнө үү.

Нью-Йоркийн Палмирад Сүм байгуулагдаад удаагүй байхад Иосеф Смитийн эх Люси Мак Смит нөхөр Иосефоо хүү Иосеф болон өөр хэдэн хүүтэйгээ түрүүлээд Огайгийн Көртланд руу явсны дараа Нью-Йоркийн Вотэрлу гэдэг газар олон гэгээнтэнтэй хамт үлджээ. Тэрээр бошиглогч хүүгээсээ Огайо руу энэ хэсэг бүлэг хүнийг аваачих захиас авч, үүрэг хүлээсэн байв.

Захиас 1831 оны хаврын эхээр ирсэн байжээ. Люси хэдэн ахын тусламжтайгаар хүмүүсийг Нью-Йоркийн Бафалло руу нүүлгэж эхэлсэн бөгөөд Эри нуурыг хөлөг онгоцоор гатлах санаатай байв. Тэрээр “Ах нарыг хавар усаар аялах цаг болсон гэж үзсэн үед бид бүгд Көртланд руу нүүхэд бэлтгэж эхэлсэн. Бид завь хөлслөв … ; бас … бид наян бодгаль байв” гэж хэлжээ.

Тэднийг Баффало руу Эри сувгаар усан онгоцоор явж байхад тэрээр “Би тэгээд ах, эгч нарыг хамтад нь дуудаад, бид Эцэг Лихай Иерусалимыг орхин, Их Эзэний зарлигийг даган аялсан шиг аялж байгаа бөгөөд хэрэв итгэлтэй байх юм бол Бурханы адислалыг хүлээн авах адил шалтгаан бий гэж сануулсан. Тэгээд би тэднээс амжилттай байж болохын тулд цог жавхлантай байхыг мөн үргэлжлүүлэн залбирч, Бурханд зүрх сэтгэлээ өргөхийг хүссэн” хэмээн хэлжээ.

Баффалогоос Вотэрлу орох замын яг талд нь хүрэх үед сувгаар дайран өнгөрөх зам улам хэцүү болж эхэлжээ. Наян гэгээнтний нөхцөл байдал хүндэрч, тав тухгүй болсон бөгөөд тэр даруй бувтналдаж эхлэв. Люси Их Эзэний хүч чадалд найдан, тэдний итгэлийг нэгдмэл байлгах шаардлагатай болсон байна. Тэрээр “Та нар … өлсөхгүй мөн иймэрхүү зүйл ч болохгүй, ах нар аа, гагцхүү тэвчээртэй байж, бувтналдахаа боль. Би өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Их Эзэний мутар биднийг хамгаалж байгаа” гэж хэлжээ.

Тэднийг Вотэрлугээс гараад тав дахь өдрөө Баффалод ирэхэд Эри нууранд хүргэх боомтын ус хөлдсөн байв. Тэд Люси Смит болон түүний гэр бүлийнхний танил ахмад Блэйкийн онгоцоор явав.

Хэд хоног өнгөрөхөд усан онгоцны нөхцөл байдал тэдэнд бүгдэд нь явах цагаа хүлээхэд тохиромжтой байгаагүй ч Люси “Ахмад Блэйк зорчигчдыг дохио өгч, явж эхлэхэд бэлэн болох хүртэл онгоцон дээрээ үлдэхийг хүссэн. Түүний зэрэгцээ мөсний зузааныг хэмжих нэг хүнийг илгээсэн бөгөөд тэр хүн мөсний зузаан зургаан метр болсон тул эрэг дээр дахин хоёр долоо хоног хүлээх хэрэгтэй гэсэн санал хэлж ирсэн” хэмээн мэдэгджээ.

Энэ нь хүмүүсийг цочирдуулсан мэдээ байв. Хангамж муутай, нөхцөл байдал хэцүү байлаа. Люси Мак Смит “Та нар Бурханд итгэл найдвараа тавьдаг гэж хэлдэг атлаа яаж бувтналдаж, гомдол хэлж чадаж байна аа! Та бүгд Израилийн хүүхдүүдээс ч илүү ухаангүй байна. Учир нь энд эгч нар маань түшлэгтэй сандлаа мөрөөдөн санагалзаж, эрч хүч, эрс шийдэмгий байна хэмээн хүлээж байсан ах нар аяллынхаа төгсгөлд хүрэхээс өмнө өлсөж үхнэ гэдэгтээ баттай итгэж байгаагаа тунхаглаад байна. Тэгвэл яагаад ийм байгаа юм бэ? Та нарын хэн нэг нь ямар нэг зүйлээр дутаж байсан уу? … Та нарын итгэл хаачив аа? Бурханд итгэх итгэлтэй байдал тань хаана байна вэ? Түүгээр бүх зүйл бүтээгдсэн, тэрээр өөрийнхөө мутраар ажлаа удирддаг гэдгийг ухаарахгүй байна гэж үү? Энд байгаа бүх гэгээнтэн бидний өмнө зам нээгдэж болохын тулд Бурханд хандан залбирч, зүрх сэтгэлээ Түүнд хандуулбал биднийг аян замдаа гарах мөчид мөсийг хага зүсэх нь түүний хувьд хэчнээн хялбар байх билээ!” хэмээн зэмлэснээ бичжээ.

Зураг
Saints on boat

Одоо Смит эхийн агуу итгэлийг буюу түүний Бурханд итгэхээ хэрхэн сонгосныг болон тэрээр гэгээнтнүүдээс өөрсдийн ойлголтонд түшиглэхгүй байхыг хүссэнийг анхааралтай унш.

“Ах эгч нар минь, мөс хагарч, бид явах боломжтой болоосой гэж та нар тэнгэрт хандан хүслээ өргөх юм бол Их Эзэн амьдын адил энэ нь хийгдэх болно.” Яг тэр мөчид аянга цахих мэт дуу чимээ сонсогдов. Усан онгоцны ахмад “Хүн бүр байрандаа оч” гэж хашгирлаа. Мөс хуваагдан, усан онгоцонд явах зам арай чүү гарсан бөгөөд онгоц дөнгөж л явж өнгөрөх төдий нарийн зам байв. Усан онгоцны сэнс мөсийг хэдэн хэсэг болон хагалах чимээ, ахмадын тушаах үгс, далайчдын хариу хашгирах сөөнгөтсөн хоолой, харж байсан хүмүүсийн хашгираан, самуун бүгд тэр үеийн болсон үйл явдлын үнэхээр аймшигтай дүр зургийг илэрхийлнэ. Биднийг дөнгөж дундуур нь гарсны дараа мөс дахин нийлж, Колесвиллийн ах нар биднийг дагаж чадалгүй Баффалод хоцров.

Эргээс биднийг хөдөлмөгц эрэг дагуу байсан хүмүүс ‘“Мормон” компани хөдөллөө! Тэр онгоц усанд есөн ямх доошилсон байна. Тэр онгоц живэх болно. Живэх нь баттай боллоо’ хэмээн дуу алдаж байв. Үнэндээ тэд биднийг живнэ гэдэгт бат итгэлтэй байсан бөгөөд биднийг живсэн гэсэн мэдээг сонинд гаргахаар сонины газар руу шууд явсан байв. Бид Фэйрпортод ирээд, сонинуудад биднийг амь үрэгдсэн тухай бичсэнийг олж уншсан юм.”3

“Өөрийн ойлголтод бүү түшиглэ”

“Олж авсан бүх зүйлээрээ ухааныг олж ав” буюу өөрөөр “Бүх зүрхээрээ Их Эзэнд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ” (Сургаалт үгс 3:5).

Би хувьдаа дэлхийн арга замаар “олж авах” дээр түлхүү анхаараад, Их Эзэний “ойлголт” дээр түшиглэдэггүй хүмүүсийн дээр уй гашуу, гай гамшиг ирдгийг харж байсан. Өөрсдийн ойлголтон дээр түшиглэдэг эсвэл маханбодын гарт найдлага тавьдаг хүмүүс материаллаг байдлыг олж авах, нэр алдар, эрх мэдэл, байр суурийн төлөө тун хэмжээг нь тааруулахгүй анхаарал тавьж, хэт шунан зүтгэх хандлагатай байдаг юм шиг санагддаг. Гэхдээ “олж авах”-ыг “ойлголт өгөх” судрын удирдамжтай хослуулах нь таны энэ дэлхийн дур таашаалыг багасгах болно. Энэ нь танд нийгмийн болон Их Эзэний хаант улсын үр бүтээлтэй гишүүний хувьд үйл ажиллагаанд оролцохдоо зөв нөхцөл байдлыг бий болгоно.

Би хүсэл тэмүүллээр дүүрэн оюутан байхдаа “суралц, олж ав, үйлчил” гэсэн захирамжийн дагуу өөрсдийн дэвших гэсэн хүсэл эрмэлзлийг зөв удирдах ёстой гэж нэгэн хүндэтгэл хүлээсэн, амжилттай яваа багшаасаа сонсож байснаа санаж байна. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) Их Эзэнд итгэж, өөрсдөдөө найдахаас илүү Түүнд найдахад хүргэдэг нэгэн загварыг зааж өгсөн. Тэрээр “Бидний хүн нэг бүрд дөрвөн үүрэг байна. Үүнд: Бидэнд Нэгт, гэр бүлийнхнийхээ өмнө, Хоёрт, ажил олгогчдынхоо өмнө, Гуравт, Их Эзэний ажилд, Дөрөвт, өөрсдийнхөө өмнө хүлээх хариуцлага гэж бий” гэжээ.

Бид тэнцвэртэй байдлыг хадгалах ёстой. Ерөнхийлөгч Хинкли гэр бүлийн залбирал, гэр бүлийн үдэш, гэр бүлээрээ судраас судлах, ажил олгогчдоо үнэнч шударга хандах, Сүмд хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх, хувиараа судраас судлах, амралт, чөлөөт цагийг хөгжилтэй өнгөрүүлэх, дасгал хөдөлгөөн хийх зэргээр дамжуулан тэрхүү дөрвөн үүргийг биелүүлэхийг санал болгосон.4

Америкийн философич, яруу найрагч Ральф Уолдо Эмерсон “Энэ цаг бол хэрэв бид тэр цагийг хэрхэн ашиглахаа мэддэг бол бусад цагийн адил бас л сайхан цаг юм” хэмээн хэлжээ.5

Аз болоход, хожмын үеийн гэгээнтнүүд юу хийхээ мэдэхийн тулд холоос эрэх шаардлагагүй. Та Тэнгэрлэг Эцэгийн тухай болон аз жаргалын агуу төлөвлөгөөний тухай мэдсэнээрээ усанд залууртайгаа байна. Одоо сэлүүрээ усанд гүнзгий дүрж, хүчтэй бөгөөд нэгэн жигд хурдаар сэлүүрд.

Нэгэн Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Монсон Сургаалт үгсээс “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ” гэсэн хэсгийг эш татсан. Өөрийн бүх арга замаар Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно” гээд, тэрээр “энэ бол миний амьдралын түүх юм” хэмээн хэлжээ.6 Даган дуураймаар ямар гайхалтай амьдрал вэ.

Эцэг, Хүүгийн нэгэн адил би та нарын хүн нэг бүрээс маш том зүйл хүлээж байдаг. Би үгээ эхлэхдээ хэлсэн Сургаалт үгсийн “Олж авсан бүхнээрээ ухааныг олж ав” гэсэн хэсгийг дахин хэлье.

Жинхэнэ ойлголтыг олж ав. Жинхэнэ ойлголт таныг судлах, залбирах хоёрыг хослуулахаа ухаарах үед болон суралцах, олж авах үедээ үйлчлэх үед мөн Их Эзэн Есүс Христэд итгэн, Түүнд найдах үед ирэх болно.

Эшлэлүүд

  1. Робэрт Д.Хэйлс, “Making Righteous Choices at the Crossroads of Life,” Ensign, 1988 оны 11-р сар, 10; тодотгол нэмэгдсэн.

  2. Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Хаалтын үг,” Liahona, 2010 оны 5-р сар, 112-ыг үзнэ үү.

  3. Люси Мак Смит, History of Joseph Smith by His Mother, Lucy Mack Smith (1979 он), 195–199, 202-205-ыг үзнэ үү. Тодотгол нэмэгдсэн.

  4. Гордон Б.Хинкли, “Rejoicing in the Privilege to Serve,” Дэлхий даяарх удирдагчдын сургалт-ыг үзнэ үү, 2003 оны 6-р сарын 21, 22, 23.

  5. Ральф Уолдо Эмерсон, “The American Scholar,” 1837 оны 8-р сарын 31, Кэмбрижийн Их сургууль дээр хэлсэн үг.

  6. Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Хаалтын үг,” 112; Сургаалт үгс 3:5–6-аас эш татав.