Түгээмэл асуудаг нэмэлт асуултууд

2018 оны 5-р сарын 11


Тэргүүн Зөвлөлийн 2018 оны 4-р сарын 2-ны өдрийн “Хүчирхэгжсэн Мелкизедек санваарын чуулга, Халамжийн нийгэмлэгтэй хамт тохинуулах нь” захидлын хавсралтад 2018 оны 04-р сарын Ерөнхий чуулган дээр зарласан өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхэд тус болох хэд хэдэн асуулт, хариултыг оруулсан байна.

Нэмэлт асуултуудын хариултуудыг энд оруулсан болно.

Чуулгууд ба Халамжийн нийгэмлэг

1. Ахлагчдын чуулга болон Халамжийн нийгэмлэгт анхаарал төвлөрүүлж байгаа нь бишопын болон тойргийн зөвлөлийн үүргийг бэхжүүлэх үү?

Тийм ээ. Бишоп нь тэргүүлэх дээд прист бөгөөд “тойргийнхоо бусад удирдагчдад удирдамж, зөвлөгөө өгдөг” (Гарын авлага 1, 2.1.1). Тэрбээр тохинуулах даалгавар бүрийг хянаж баталдаг. Бишопын удирдлаган доор тойргийн зөвлөл нь “гишүүд гэрчлэлтэй болох, авралын ёслолуудыг хүлээн авах, гэрээнүүдийг сахих, Есүс Христийн ариуссан дагалдагчид болоход нь хүмүүст [туслах]” (Гарын авлага 2, 4.4) үндсэн үүрэг хариуцлагаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Хүчирхэгжсэн ахлагчдын чуулга болон Халамжийн нийгэмлэгийг тойргийн зөвлөлийн гишүүд болох ерөнхийлөгчид төлөөлөх ба тэд тухайн зөвлөлийн бүтээмжийг өсгөн нэмэгдүүлнэ.

2. Ариун сүм, номлол, номлогчийг бэлтгэх төвийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд ямар чуулгад харьяалагдах вэ?

Эдгээр ах өөрсдийн тойргийн ахлагчдын чуулгын гишүүд юм.

3. Гадасны түвшинд салбарын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж буй дээд пристүүд дээд пристүүдийн чуулгын гишүүд мөн үү?

Үгүй. Гадасны салбарын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байгаа дээд пристүүд нь дээд пристүүдийн чуулгын гишүүд биш. Дээд пристүүдийн чуулгын гишүүд нь зөвхөн гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөл, дээд зөвлөл үйлчилж буй патриарх зэрэг дээд прист байхыг шаарддаг дуудлагатай хүмүүс юм.

4. Бишопын зөвлөлд (тухайлбал, ганц бие залуучуудын гадсанд) үйлчилж байгаа ахлагчид дээд пристүүдийн чуулгын гишүүд мөн үү?

Үгүй. Бишопын зөвлөлд үйлчилж байгаа ахлагчид дээд пристүүдийн чуулгын гишүүд биш болно.

5. Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд нь улирал тутмын тохинууллын ярилцлагаас гадна чуулгын гишүүдийнхээр айлчилж эсвэл тэдэнтэй жилд доод тал нь нэг удаа ярилцлага хийх ёстой юу? ( Гарын авлага 2, 7.3.2-ыг үзнэ үү)

Тийм. Ерөнхий үүрэг хариуцлагынхаа хүрээнд ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл нь санваарын үүрэг хариуцлагатай холбоотой ярилцлагыг чуулгын гишүүдтэй хийдэг байвал зохино. Үүнд тухайн санваартны болон эхнэр, гэр бүлийнх нь байдлын талаар жилд доод тал нь нэг удаа ярилцлага хийсэн байна. Ийм ярилцлагыг тухайн жилийн аль ч үед хийж болно. Энэ ярилцлагыг хамтрагчтай нь хамт хийдэг тохинууллын ярилцлагатай нэгтгэн хийж болохгүй.

6. Ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдэд авралын ажлыг хийж гүйцэтгэхэд нь хэн тусалж болох вэ?

Ахлагчдын чуулга ба Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн шаардлагын дагуу гишүүдийг зохион байгуулан тухайн ажлыг хэрэгжүүлж болно. Жишээлбэл, үйлчлэл, ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажил, сайн мэдээг хуваалцах, халамж зэрэг ажлыг удирдаж, тусламж дэмжлэг үзүүлэхэд гишүүдийг дуудаж болно.

7. Тойрогт нэгээс илүү ахлагчдын чуулга эсвэл Халамжийн нийгэмлэг байж болох уу?

Болно. Сургаал ба Гэрээ 107:89-д дурдсанаар тойргийн идэвхтэй Мелкизедек санваартны тоо ердийнхөөс олон байгаа тохиолдолд удирдагчид нэгээс илүү ахлагчдын чуулгыг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд чуулга бүр нас, туршлага, санваарын алба, хүч чадлын хувьд аль болох тэнцвэртэй байх ёстой. Халамжийн нийгэмлэгийн хувьд ижил зарчим баримтална.

Тохинуулах нь

8. Дээд пристийн чуулгын гишүүд тохинууллыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Бишопынхоо удирдлаган доор тухайн тойргийн тэргүүлэх дээд прист болон дээд пристүүдийн чуулгын гишүүд, тэдгээрийн гэр бүлүүдэд ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгээс тохинуулах ах, эгчийг томилдог.

Гадасны ерөнхийлөгчийн болон бишопын зөвлөлүүд тухайн гадас эсвэл тойргийн бүх гишүүнийг хариуцдаг учраас энэ ах нарыг тодорхой хувь хүн эсвэл гэр бүлүүдэд тохинуулах ахаар томилдоггүй. Дээд зөвлөлийн гишүүд болон үйлчилж буй патриархуудыг тухайн орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан томилох эсэхийг гадасны ерөнхийлөгч шийднэ. Хэрэв тэднийг томилсон бол тойргийнх нь бишопын удирдлаган доорх ахлагчдын чуулгын ерөнхийлөгч томилно.

Бишоп нь тэргүүлэх дээд прист, Израиль дахь олон нийтийн шүүгч зэрэг бусад чухал үүрэг хариуцлагаас гадна зөвлөхүүдийнхээ хамт тэр өсвөр үеийнхнийг халамжлах онцгой үүрэг хариуцлагатай. Сургаал ба Гэрээ 107:15-д “Бишопын зөвлөл бол [Аароны] санваарын ерөнхийлөгчийн зөвлөл бөгөөд үүний түлхүүрүүд буюу эрх мэдлийг атгадаг” гэсэн байдаг. Гарын авлага 1, 2.2-т зааснаар “Бишопын зөвлөлийн гишүүд тойргийнхоо залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдэд анхаарал тавьж, дэмжиж тусална” гэжээ.

Түүнчлэн гадасны ерөнхийлөгч нь гадсан дахь тэргүүлэх дээд пристийн хувьд “гадасны анхдагч сүнслэг удирдагч нь” (Гарын авлага 1, 1.1.1) ба “авралын ажлыг тэргүүлнэ” (Гарын авлага 1, 1.1.2).

9. Ахлагчдын чуулга болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид нь тохинуулах ажилд туслуулахаар зөвлөхүүдийг нэмж дуудаж болох уу?

Болохгүй. Ерөнхийлөгч хоёр зөвлөхтэй байдаг. Хэрэв удирдагчид нэмэлт туслалцаа хэрэгтэй гэж үзвэл, нэг эсвэл түүнээс олон тохинуулал хариуцсан нарийн бичгийг дуудах талаар бишоптойгоо зөвлөлдөж болно. Эдгээр тохинуулал хариуцсан нарийн бичгийг, жишээлбэл, тохинууллын ярилцлагын хуваарь гаргах, ярилцлагын улирал тутмын тайланг боловсруулан гаргах ажилд томилж болно

10. Тохинууллын зохицуулагч, хянагчид ямар үүрэгтэй вэ?

Тохинууллын зохицуулагч ба тохинууллын хянагч гэсэн дуудлагууд цаашид байхаа больж байна. Эдгээр албанд дуудлагатай байсан хүмүүс чөлөөлөгдөнө.

11. Тохинууллын ярилцлагыг хэн хийдэг вэ?

Ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн бүр нь тохинууллын ярилцлагыг хийнэ. Том тойрогт ч гэсэн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн бүр долоо хоног тутамд хэд хэдэн ярилцлага хийж байх юм бол эдгээр ярилцлагыг хийх боломжтой гэдгийг удирдагчид олж мэдэх болно. Тохинууллын ярилцлага нь үр ашигтай байхын тулд урт сунжруу байх шаардлагагүй.

12. Удирдагчид тохинууллын ярилцлагыг улирлын явцад хэзээ хийдэг байвал зохих вэ?

Тохинууллын ярилцлагуудыг улирлын туршид хийж болох ба хийдэг байх ч ёстой бөгөөд улирлын сүүлийн долоо хоногт эсвэл сүүлийн сард хийхээр хойш тавьж болохгүй. Удирдагчид ярилцлагыг тогтмол хийснээр тохинууллын сүнслэг болон материаллаг зорилгод хүрэх боломжтой гэдгийг ойлгох болно.

Тохинуулалд өсвөр үеийнхнийг татан оролцуулах нь

13. Залуу эрэгтэйчүүд болон залуу эмэгтэйчүүдийг насанд хүрсэн хамтрагчтай тохинуулахаар томилж болох уу?

Болно. Сүүлийн үед гарсан “Preventing and Responding to Abuse” гэх баримтад тусгасан удирдамж нь тохинуулах хамтрагч болгон өсвөр үеийнхнийг насанд хүрэгчидтэй хамт томилох боломжийг олгоно. Тухайн удирдамжинд зааснаар “тохинуулал” нь “үйл ажиллагаа” эсвэл “хичээл” биш юм.

Удирдагчид өсвөр үеийнхнийг тохинууллын хамтрагчаар томилохдоо сүнсний өдөөлтөд үндэслэн шийдвэр гаргах ёстой. Насанд хүрсэн хамтрагчид буруу ойлголтод хүргэж болзошгүй нөхцөл байдлаас зайлсхийх ёстой. Хоёулхнаа үлдэх нөхцөлд болгоомжтой хандах ёстой бөгөөд ингэснээр өсвөр үеийнхэн тохинууллын талаар аюулгүй, үр өгөөжтэй туршлага олж авах болно. Мөн өсвөр үеийнхнийг хүнд хэцүү нөхцөл байдалтай гэр орон, гэр бүлүүдэд томилохгүй байх мэргэн ухааныг ашигладаг байвал зохино.

14. Бүх Миа Мейд болон Лаурел тохинуулах ажилд томилогдох ёстой юу?

Миа Мейд болон Лаурел нарыг тохинууллын ажилд урьж оролцуулж болно. Эцэг эхчүүд болон удирдагчид залуу эмэгтэй болгонтой уулзаж зөвлөлдөх ёстой ба хэрвээ тэр үйлчлэл хийх боломжтой бөгөөд хүсэл зоригтой байгаа бол түүнийг тохинууллын ажилд томилж болно. Залуу эмэгтэйчүүд Халамжийн нийгэмлэгийн эгч нарын хамтрагчаар үйлчилнэ.

15. Өсвөр үеийнхэнд хэн тохинууллын даалгавар өгдөг вэ?

Бишопын зөвшөөрч баталснаар Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл нь Миа Мейд болон Лаурел нарт тохинууллын даалгавар өгдөг. Мөн бишопын зөвшөөрлөөр ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн багш болон пристүүдэд тохинууллын даалгавар өгнө.