Түгээмэл асуудаг асуултууд

2018 оны 4-р сарын 1


Аврагчийн амьдрал болон тохинуулал “Өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла … мөн хөршөө өөрийн адил хайрла” (Maтай 22:37, 39) гэсэн хоёр агуу зарлигийн үлгэр жишээ юм. Аврагчийн шавь байхыг үнэнхүү хүсдэг Түүний Сүмийн гишүүд бид Тэнгэр дэх Эцэгээ болон Түүний хүүхдүүдийг хайрлаж, тэдэнд үйлчил гэсэн Түүний сургаалыг дагах ёстой. “Хэрэв чи намайг хайрладаг бол чи надад үйлчилж мөн бүх зарлигуудыг минь сахих ёстой” (С ба Г 42:29) хэмээн Аврагч хэлсэн. “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа” (Moзая 2:17) хэрэг хэмээн хаан Бенжамин заасан. Алма бидний үүргийг “Тиймийн тул тэд өөрсдийн хүмүүсийг харж хандсан, мөн тэднийг зөв шударгад хамаарах зүйлүүд дээр дэмжин асарсан болой” (Мозая 23:18) хэмээн нэгтгэн дүгнэжээ.

Тэргүүн Зөвлөл бусдыг халамжлах, тэдэнд үйлчлэх тэнгэрлэг зарлигийн дагуу үйлдэхэд бидний хүн нэг бүрд туслахын тулд Мелкизедек санваарын чуулга, Халамжийн нийгэмлэгийн хүчин чармайлтыг Аврагчийн адил тохинуулахад төвлөрүүлэх зорилгоор дараах өөрчлөлтийг хийхээ зарлав. Эдгээр өөрчлөлтөд дараах зүйлс орно. Үүнд:

  • Тойргийн түвшинд нэг Мелкизедек санваарын чуулгатай байна.
  • Гадасны түвшинд нэг дээд пристүүдийн чуулгатай байна.
  • Гэрийн болон айлчлагч багшлалтыг тохинууллаар солино.
  • Тохинуулалд өсвөр үеийнхнийг татан оролцуулна.

Эдгээр өөрчлөлтөд дэмжлэг үзүүлэхийн тулд тойрог, гадаснууд санваарын гүйцэтгэх хорооны хурлуудыг цаашид хийхгүй. Гэр бүлийн ярвигтай маргаан эсвэл халамжийн өвөрмөц асуудал зэрэг тойргийн онцгой асуудал гарвал үүнийг бишопын зөвлөлийн өргөтгөсөн хурал дээр ярилцаж болно. Бусад асуудлыг тойргийн зөвлөл дээр ярилцаж болно. “Гадасны санваарын гүйцэтгэх хорооны хурал” хэмээх хурлыг “дээд зөвлөлийн хурал” хэмээн нэрлэнэ (7, 15-р асуултыг харна уу).

Дэлгэрэнгүй мэдээллийг ministering.lds.org-оос авна уу.

Тойргийн түвшинд нэг Мелкизедек санваарын чуулгатай байна.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “илчлэлт нэг дор ирдэггүй. Илчлэлт өсөн нэмэгдэх байдлаар ирж болно”1 хэмээн заасан. Санваарын чуулгатай холбоотой үйл явдлууд тохиолдож, санваарын түлхүүрийн тухай ойлголт улам бүр нэмэгдэж байгаа нь өсөн нэмэгдэх илчлэлтийн загварыг өгч байна. Сүмийн түүхийн туршид Их Эзэн Өөрийн хүүхдүүдийг сайн мэдээний зарчмуудыг одоогийн нөхцөл байдалд хэрхэн хэрэгжүүлэх тухай илүү агуу ойлголтоор байнга адисалж, Өөрийн хүслийг шат шатаар илчилж байв (С ба Г 46:15–16-г үзнэ үү).

Олон жилийн туршид Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга хийх өөрчлөлтүүдээ дараах байдлаар авч үзэж байсан. Маш олон удаа залбирч, санваарын чуулгын судрын үндсийг нягт нямбай судалж мөн Сүмийн тэргүүлэх удирдагчид нэгдсэн ойлголтод хүрснээр энэ бол Их Эзэний хүсэл мөн гэсэн баттай нотолгоог хүлээн авсан удирдагчид гадас, тойргийн түвшинд чуулгыг дахин зохион байгуулж, Сэргээлтийн ажлыг нэг алхмаар урагшлуулж байна.


1Рассэлл М.Нэлсон, “Гуй, хай, тогш,Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 92.

1. Тойргийн дээд пристүүдийн бүлэг болон ахлагчдын чуулга хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?

Тойрогт ахлагчдын болон дээд пристүүдийн чуулгын гишүүд одоо нэг ерөнхийлөгчтэй нэг чуулгад нэгдэнэ. Гишүүдийн тоо болон нэгдмэл байдлын хувьд өссөн энэ чуулгыг “Ахлагчдын чуулга” гэх бөгөөд тойргийн дээд пристүүдийн бүлэг цаашид байхаа болино.

Ахлагчдын чуулгад бүх ахлагч, тойргийн ахлагч болох боломжтой ах нар мөн бишопын зөвлөл, гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, дээд зөвлөлд болон патриархаар үйлчлэхгүй байгаа дээд пристүүд орно.

2. Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл хэрхэн зохион байгуулагдах вэ?

Гадасны ерөнхийлөгч зөвлөхүүдийнхээ хамт одоогийн дээд пристүүдийн бүлэг, ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийг дуудлагаас нь чөлөөлнө. Дараа нь гадасны ерөнхийлөгч тойрог тус бүрийн ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийг шинээр дуудна. Гадасны ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс даалгавар авсан зөвлөх эсвэл дээд зөвлөх ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэх зөвлөхүүдийг дуудна. Шинэ ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд янз бүрийн насны янз бүрийн туршлагатай ахлагч, дээд пристүүд хамтран үйлчилнэ. Ахлагч эсвэл дээд прист нь чуулгын ерөнхийлөгч эсвэл зөвлөх байж болно.2


2 Сургаал ба Гэрээ 107:9–12-ыг үзнэ үү. 11-р шүлэгт орсон “дээд санваар” гэдэг нь тэргүүлэх дээд пристэд хамаатай.

3. Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн ажлыг хэн удирдан чиглүүлэх вэ?

Ахлагчдын чуулгын ерөнхийлөгч нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс өгөх сургалт, удирдамжийг дээд зөвлөлөөрөө дамжуулан өгдөг гадасны ерөнхийлөгчид шууд харьяалагдана. Тойргийн тэргүүлэх дээд прист болох бишоп ахлагчдын чуулгын ерөнхийлөгчтэй тогтмол уулзаж байна. Бишоп түүнтэй зөвлөлдөн, хэрхэн тойргийн бусад байгууллагатай уялдаа холбоотой ажиллах мөн тойргийн гишүүддээ хэрхэн хамгийн сайнаараа үйлчилж, адислах тухайд зохих удирдамжийг өгнө. (Гарын авлага 2, 7.3.1-ийг үзнэ үү.)

4. Чуулга дахь бүтцийн өөрчлөлт чуулгын гишүүдийн санваарын албыг өөрчлөх үү?

Өөрчлөхгүй. Санваарын албаны нэршлийн хувьд ахлагч ахлагч хэвээр, дээд прист дээд прист хэвээр үлдэнэ. Гэхдээ ахлагчид гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, дээд зөвлөл, бишопын зөвлөлд дуудагдах эсвэл зарим үед гадасны ерөнхийлөгчийн залбиран гаргасан шийдвэр, сүнслэг өдөөлтөөр дээд пристэд томилогдох зэрэг нь цаашид хэвээр байна.

5. Тойрогт нэгээс илүү ахлагчдын чуулга байж болох уу?

Болно. Сургаал ба Гэрээ 107:89-д дурдсанаар тойрог дахь идэвхтэй Мелкизедек санваартны тоо ердийнхөөс их байх үед удирдагчид нэгээс олон ахлагчдын чуулгыг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд, ахлагчдын чуулга бүрийг нас, туршлага, санваарын алба, хүчний хувьд эн тэнцүү байхаар зохион байгуулах ёстой.

Гадасны түвшинд нэг дээд пристүүдийн чуулгатай байна.

6. Гадасны дээд пристүүдийн чуулгад ямар өөрчлөлт орох вэ?

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл гадасны дээд пристүүдийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлөөр үйлчилсэн хэвээр байна. Тэрхүү ахлагчдын чуулгын гишүүд нь зөвхөн одоогийн гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөл, дээд зөвлөлд мөн патриархаар үйлчилж байгаа дээд пристүүдээс бүрдэнэ. Тойргийн болон гадасны бичиг хэргийн ажилтан, гүйцэтгэх нарийн бичгүүд дээд пристүүдийн чуулгын гишүүд биш болно.

Ихэнх тохиолдолд гадасны дээд пристүүдийн чуулгын гишүүд өөр газар томилогдоогүй бол ахлагчдын чуулгатай уулзалдаж байна.

7. Гадасны дээд пристүүдийн чуулгын үүрэг юу вэ?

Шаардлагатай үед гадасны ерөнхийлөгчийн зөвлөл тэргүүлэн удирдах үүргийнхээ дагуу гадасны дээд пристүүдийн чуулгын гишүүдтэй уулзан, чуулгын гишүүдэд сургалт өгч, үүргээ биелүүлэхэд нь тусална. Гарын авлага 2, 18.3-р хэсэгт тайлбарласан гадасны хурлуудад дараах өөрчлөлт орж байна. Үүнд:

  • Гадасны санваарын гүйцэтгэх хорооны хурлыг “дээд зөвлөлийн хурал” гэж нэрлэнэ.
  • Гадасны бүх томилогдсон дээд пристийн жил тутмын хурал цаашид хуралдахгүй. Гэхдээ гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс гадасны дээд пристүүдийн чуулгын жил тутмын хурлыг хуралдуулж байх болно.
8. Мелкизедек санваарын чуулгад өөрчлөлт оруулж байгаагийн зорилго юу вэ?

Тойрогт Мелкизедек санваарын нэг чуулгатай болсноор дээр пристүүдийн бүлгийн удирдагчийн зохицуулдаг байсан ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг оролцуулаад авралын ажлыг бүхий л талаар нь хийж гүйцэтгэхэд тойргийн санваартнуудыг нэгтгэх юм. Энэ нь чуулгын гишүүдэд бүхий л насны болон өөр өөр боловсрол, ажил мэргэжилтэй, амьдралын өөр өөр үе шатанд амьдарч буй хүмүүсийн үзэл санаа, туршлагаас суралцах боломжийг олгоно. Энэ нь мөн туршлагатай санваартнуудад бусдад, тухайлбал ахлагч болох боломжтой ах, шинэ гишүүн, залуучууд болон Сүмийн үйл ажиллагаанд эргэн ирж байгаа хүмүүст зааж сургах нэмэлт боломжуудыг олгоно.

Эдгээр өөрчлөлт нь ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэг хоёрт ажлаа уялдуулан холбоход тусална. Тэдгээр нь мөн чуулга болон бишоп, тойргийн зөвлөлийн хоорондын уялдаа холбоог хялбарчилна. Түүнчлэн тэдгээр нь бишопт ахлагчдын чуулга болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчдөд илүү үүрэг даалгавар оноож өгөх боломжийг олгох бөгөөд ингэснээр тэрээр зөвлөхүүдийнхээ хамт өөрсдийн үндсэн үүрэгт, ялангуяа Аароны санваартнуудыг болон залуу эмэгтэйчүүдийг тэргүүлэн удирдах үүрэгтээ анхаарлаа илүү төвлөрүүлэх боломжтой болох юм.

Гэрийн болон айлчлагч багшлалтыг тохинууллаар солино.

Олон жилийн туршид гэрийн болон айлчлагч багш нар сар бүр гишүүн бүрийн гэрт очин, захиас хуваалцаж, шаардлагатай тусламж үзүүлэх үүрэг даалгаврыг биелүүлсээр ирсэн. Тэд энэ агуу ажлыг тоолж баршгүй олон цагийн үйлчлэлийг чин сэтгэлээсээ, амин хувиа үл хичээн гүйцэтгэсэн билээ.

Энэхүү чин сэтгэлийн үйлчлэл дээр тулгуурлан одоо Сүмийн удирдагчид гишүүдээсээ сүнслэг болоод материаллаг байдлын аль алинаар нь бусдыг Христтэй адил халамжлахад анхаарлаа төвлөрүүлээсэй хэмээн хүсэж байна (Гарын авлага 2, 3.2.3 -ыг үзнэ үү). Халамжлах ажлыг онцлох зорилгоор одоо гэрийн болон айлчлагч багшлалтын өмнөх хөтөлбөрүүдийг нэгтгэн “тохинуулал” хэмээн нэрлэх бөгөөд уг хөтөлбөрийг ахлагчдын чуулга болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн бишопын удирдлаган доор хариуцан явуулах болно.

9. “Тохинуулал” гэж юу вэ?

Аврагч Эцэгээ болон хүн нэг бүрийг гэсэн хайраар үйлчилж байхдаа тохинуулал гэж юу болохыг Өөрийн үлгэр жишээгээр харуулсан (Иохан 15:9–10-ыг үзнэ үү). Тэрээр эргэн тойрондоо байгаа хүмүүсийг хайрлаж, тэдэнд зааж сурган, тэдний төлөө залбирч, тэднийг тайтгаруулж, бүх хүнийг Өөрийг нь дагахад урьж байсан (Maрк 8:34-ийг үзнэ үү). Сүмийн гишүүд тохинуулахдаа Аврагчтай адил “тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулан,” “сүмийг ямагт харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүл[ж],” “гишүүн бүрийн гэрээр айлч[илж],” Есүс Христийн жинхэнэ шавь болоход нь туслахын тулд залбирч, үйлчлэхийг эрэлхийлдэг (Moзая 18:9; С ба Г 20:51, 53 мөн Иохан 13:35-ыг үзнэ үү).

Гишүүд тохинуулахдаа харилцан яриа, сүнслэг өдөөлтөөр дамжуулан анхаарч халамжлах хүмүүстэйгээ ямар давтамжаар, ямар байдлаар харилцаа холбоотой байхаа шийднэ. Тэд анхаарч халамжлахаар хариуцаж авсан хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлага, боломж чадавх мөн хийсэн үйлчлэлийнхээ талаар удирдагчтайгаа доод тал нь улиралд нэг удаа зөвлөлдөн, ажлаа тайлагнаж байна. Удирдагчид эдгээр тохинууллын ярилцлагыг улирал тутамд тайлагнана. Тэд айлчилж очсон эсвэл холбоо барьсан хувь хүн, гэр бүлийнхээ тоог цаашид тайлагнахгүй. Түүнээс гадна гишүүн бүртэй холбоо барих санваарын шугамаар дамжуулан тохинуулагч ах, эгч нар аюул осол, онцгой нөхцөл байдлын үед удирдагчдын ашиглаж болох харилцаа холбооны сүлжээг үүсгэнэ.

10. Тохинуулах хүмүүсийг юу гэж нэрлэх вэ?

Санваартнуудыг “тохинуулагч ах нар,” Халамжийн нийгэмлэгийн эгч нарыг “тохинуулагч эгч нар” хэмээн тус тус нэрлэнэ. Ерөнхийдөө тэднийг энгийнээр “Жонс ах,” “Смит эгч” гэх мэтээр нэрээр нь дуудна. Тэднийг “тохинуулагчид” гэхгүй.

11. Тохинуулал нь гэрийн болон айлчлагч багшаар явахтай юугаараа ижил төстэй мөн юугаараа өөр вэ?

Тохинуулал нь айл өрх бүр санваартан ахтай байх буюу тэнд амьдарч байгаа гэр бүл, хувь хүмүүст тохинуулж, тэднийг анхаарч халамжлах тохинуулагч ахтай байна гэсэн утгаараа гэрийн болон айлчлагч багшлалттай адилхан (С ба Г 20:47, 59-ийг үзнэ үү). Насанд хүрсэн эгч бүрд Халамжийн нийгэмлэгийн гишүүд буюу тохинуулагч эгч нар тохинуулан, анхаарч халамжлах бөгөөд энэ нь 2018 оны 1-р сарын эхэн үеэс эхлэн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлөөс тохинуулахад анхаарлаа төвлөрүүлэхийг онцгойлон заасныг улам бүр бататгах юм (“Keep in Touch with Her Anytime, Anywhere, Any Way,” Ensign эсвэл Liahona, Jan. 2018, 7-г үзнэ үү).

Дээрхээс гадна, гэрийн болон айлчлагч багшлалтад тавигддаг зарим шаардлагыг гишүүдийн хэрэгцээ шаардлагад илүү их анхаарлаа төвлөрүүлэн тохинуулахад туслах зорилгоор өөрчилсөн. Харилцаж холбогдох нь заавал албан ёсоор айлчлах явдал байхаа болино. Үүнийг гэр оронд болон Сүм дээр эсвэл аюулгүй, тухтай, хялбар байж болох ямар ч орчинд хийж болно. Ахлагч Жэффри Р.Холландын зааснаар: “Чухамдаа энэ тайланд таны хариуцсан хүмүүсээ хэрхэн адисалж, халамжилсан нь чухал болохоос биш, тодорхой нэг очсон цаг юм уу газар үнэндээ ач холбогдолгүй юм. Та хариуцсан хүмүүсээ хайрлаж, сүмийг ямагт харж хандах' зарлигийг биелүүлсэн байхад л хамгийн гол зорилго нь оршино.

Товчхондоо, тохинуулал нь Сүнсээр удирдуулсан, уян хатан бөгөөд гишүүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байна.


3Жэффри Р.Холланд, “Сүмийн төлөөлөгчид,Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 52.

12. Хэрхэн Сүнсээр удирдуулан тохинуулах вэ?

Гишүүд тохинуулахдаа хэрхэн хамгийн сайнаараа бусдад тусламжийн гараа сунган, тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж болох талаар мэдэхийн тулд сүнслэг өдөөлт эрэлхийлнэ. Ганцаараа амьдардаг өндөр настай эгч дээр хуваарийн дагуу очих эсвэл тогтмол утсаар ярих нь шаардлагатай байгаа харилцааг түүнд өгч чадах уу? Идэвх султай залууг олон нийтийн үйл ажиллагаанд оролцоход урих нь түүнд туслах уу? Өсвөр насныхны хөл бөмбөгийн тэмцээнийг дэмжих нь өсвөр насны хүүхдүүдэд болон тэдний эцэг эхэд тус болох уу? Хэн нэгэнд итгэл найдвараар дүүрсэн судрын эшлэлийг мессежээр явуулах нь түүний ачаа дарамтыг хөнгөлөх үү? Зурвас, мэндчилгээ эсвэл э-мэйл илгээх нь санаа тавьж байгаа гэдгээ тэдэнд мэдүүлэхэд тустай юу? Аврагч үйлчлэгчдээрээ юу хийлгэх байсан бэ? Эдгээр асуултын сүнслэг хариултыг олж, дааж авсан хүмүүстэйгээ холбоо тогтоох бүхий л арга замыг ашиглах явдал сүнслэг тохинууллын төв нь байдаг юм. Христийн адил үйлчлэл үзүүлэхийн тулд тохинуулагч ах, эгч нар өнөөх л хуваарьт айлчлал эсвэл урьдчилж бэлдсэн захиас зэрэгт тулгуурлах ёсгүй. Тэд сүнслэг өдөөлт эрэлхийлэн, гэр бүлийнхээ гишүүдтэй зөвлөлдөж, цаг зав, нөөц боломжоо ашиглан хариуцсан хүмүүстээ хамгийн сайнаараа үйлчлэх ёстой.

13. Тохинууллыг хэрхэн уян хатан байлгаж болох вэ?

Тохинуулагч ах, эгч нар хамгийн үр дүнтэй арга замаар үйлчлэх боломжтой. Анхаарч халамжлахаар дааж авсан хүмүүстээ бүгдэд нь адил хэмжээний анхаарал халамж тавих шаардлагагүй байж болно. Ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн бишопын болон тойргийн зөвлөлтэй хамтран хэнд тусламж хамгийн их хэрэгтэй байгаа талаар ойлголт өгөх зорилгоор тохинуулагч ах, эгч нартай нэн чухал зүйлсийн талаар холбогдож мэдээлэл өгнө. Хүлээн авах магадлал өндөртэй шинэ болон идэвх султай гишүүд, ганц бие эцэг эх, бэлэвсэн хүмүүст нэн түрүүнд анхаарал хандуулах ёстой. Удирдагчид асуудалтай залуу эрэгтэй, эмэгтэйн гэр бүлд өсвөр үеийнхний удирдагчийг томилж мөн шинэ гишүүдэд тохинуулагч эгч, ах нарыг шууд оноож болно. Тэд дээд прист, ахлагч гэх мэт ахлагчдын чуулгын аль ч гишүүнийг ийм тохинуулалд томилж болно.

Тохиромжтой үед, гэрлэсэн хосыг нэг гэр бүлд эсвэл нэг хувь хүнд оноож өгч болох юм. Түүнээс гадна, прист, багш нар Мелкизедек санваартнуудтай хамт үйлчилдгийн адил Лайрел, Миа мейд нар Халамжийн нийгэмлэгийн эгч нарын хамтрагч болон үйлчилснээр асар их хувь нэмэр оруулах боломжтой (доор байгаа 22-р асуултыг үзнэ үү).

14. Тохинуулал нь гишүүн бүрийн хэрэгцээнд хэрхэн нийцсэн байх вэ?

Тохинуулагч ах, эгч нар хувь хүний хэрэгцээнд хамгийн сайн нийцэх зүйлийг үйлдэхийг эрэлхийлнэ. Сүнсний өдөөлтийг даган, үйлчилж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээг хангахын тулд бүхий л харилцаа холбоог ашиглах боломжтой. Тэдгээр хэрэгцээг хангах ажил залбирч байгаад эргэцүүлэн бодох, хариуцан авсан гэр бүл, хувь хүмүүстэйгээ харилцан ярилцаж мэдээлэл авахаас эхэлнэ. Ийнхүү тэд харилцан ярилцаж, дараа дараагийн удаа холбогдохдоо тохинуулах хүмүүсээ сонссоноор тэдэнд хэрхэн хамгийн сайнаараа үйлчилж болох, ямар давтамжтай, ямар байдлаар холбогдохыг тэд хүсэж байгаа мөн хуваалцах захиасын хэрэгцээ, агуулга ямар байвал зохих вэ гэдгийг ойлгоно. Тохинуулах хүмүүс гэр бүлийн бүх гишүүнтэй тогтоосон бүх харилцаа холбоог зөв зохистой байлгахад анхаарна.

Тохинуулагч ах, эгч нар хувь хүн, гэр бүлүүдэд дараагийн ёслолдоо бэлдэх, хийсэн гэрээгээ сахих, бие даах чадвартай болоход нь туслахыг эрэлхийлнэ. Хэдийгээр тохинуулал нь захиас хуваалцах даалгавар биш ч гэлээ, энэхүү тусламжинд хувь хүн, гэр бүлд тохирсон сүнслэг захиас хуваалцах явдал орж болно. Лиахона, Ensign зэрэг сэтгүүлүүдэд тохинуулах үед хуваалцах тусгай захиасыг цаашид нийтлэхгүй.

15. Мелкизедек санваарын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн удирдагчид ажлаа хэрхэн уялдуулан холбож болох вэ?

Бүтцийн өөрчлөлт хийснээр санваарын чуулгууд хүчирхэгжиж, Халамжийн нийгэмлэгтэй уялдаа холбоотой ажиллах болсноор бусдад тохинуулах боломж чадавх нь сайжирсан бөгөөд энэ нь тооцоолж, хүсэн хүлээж байсан бодит үр дүнгийн нэг юм. Тохинуулах нь санваартан “гишүүн бүрийн гэрээр айлчлах,” “сүмийг ямагт харж хандах, мөн тэдэнтэй хамт байж мөн бэхжүүлэх” түүнчлэн Халамжийн нийгэмлэгийн “Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд мөн Түүний Цагаатгалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, ёслол, гэрээнүүдээр дамжуулан хувь хүн, гэр бүл, гэр орныг хүчирхэгжүүлэх, гачигдалтай хүмүүст туслахын тулд нэгдмэл байдлаар ажиллах” (С ба Г 20:47, 53; Гарын авлага 2, 9.1.1) үүргээ тус тус биелүүлэхэд туслах нэгдсэн нэг ажил болж байгаа юм.

Ахлагчдын чуулга ба Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн бишоптой хамтарч мөн түүний удирдлаган доор ажилласнаар хувь хүн, гэр бүл бүрийг харж хандан, халамжлахаар эрэлхийлэхдээ сүнслэг өдөөлт хүлээн авч, зохион байгуулалттай, уялдаа холбоотой байх боломжтой болно. Дараах арга замаар харилцан уялдаа холбоотой хамтран ажиллана. Үүнд:

  • Ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл тойргийнхоо хувь хүн, гэр бүлүүдэд тохинуулах үүрэг даалгавар оноож өгнө. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл Халамжийн нийгэмлэгийн эгч нарт тохинуулах үүрэг даалгавар оноож өгнө. Онцгой хэрэгцээ бүхий газарт ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн эцсийн шийдвэрийг гаргахаас өмнө тусгай даалгаврын талаар ярилцаж болно.
  • Ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн тохинуулах үүрэг даалгаврыг бишопт танилцуулж, зөвшөөрөл авна.
  • Шаардлагатай үед, тохинуулагч ах, эгч нар хувь хүний онцгой нөхцөл байдлын талаар ярилцан, шаардлагатай бол чуулга, Халамжийн нийгэмлэгийн удирдагчидтайгаа холбогдож, нэмэлт туслалцаа, нөөц боломжийг хүсэж болно.
  • Ахлагчдын чуулга болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн улирал тутам нэг удаа уулзаж, тохинууллын ярилцлагаар дамжуулан олж мэдсэн хувь хүний болон гэр бүлийн хэрэгцээ шаардлагын талаар ярилцана.
  • Энэхүү хурлын дараа ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн улирал тутам нэг удаа бишоптойгоо уулзаж, хувь хүний болон гэр бүлийн хэрэгцээ шаардлагын талаар тайлагнана.
  • Шаардлагатай бол ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн удирдагчид тохинууллын ярилцлагын үеэр олж тогтоосон чадавх, хэрэгцээ шаардлагын талаар тойргийн зөвлөлтэй хамт зөвлөлдөж, тойргийн гишүүдэд үйлчлэх, адислах төлөвлөгөө гарган, хэрэгжүүлнэ.

Хамтын ажиллагааг хялбарчлах зорилгоор тойрог нь тойргийн зөвлөлийн хурал дээр анхаарлаа төвлөрүүлэх ба санваарын гүйцэтгэх хорооны хурлыг цаашид хийхгүй. Шаардлагатай бол өмнө нь санваарын гүйцэтгэх хорооны хурлын хөтөлбөрөөр авч хэлэлцдэг байсан асуудлыг бишопын болон тойргийн зөвлөлийн хурлаар эсвэл улирал тутмын бишопын зөвлөлийн болон ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж болно.

16. Гишүүд тохинуулах үүрэг даалгаврыг хэрхэн хүлээн авах вэ?

Удирдагчид тохинуулагч ах, эгч нартай аль болох хамтрагчидтай нь хамтад нь авч уулзан, даалгаврынх нь талаар хуваалцаж, тохинуулах хүмүүсийнх нь боломж чадавх, хэрэгцээ шаардлага, асуудлын талаар зөвлөлдөнө. Энэ ярилцлагыг тохинуулах ярилцлагын үеэр (20-р асуултыг үзнэ үү) эсвэл шаардлага гарсан үед хийж болно.

17. Гэрээр айлчлан очих нь ямар ач холбогдолтой вэ?

Хүн хүчний тоо, орон зайн хол ойр, аюулгүй байдал, өөр бусад асуудлаас шалтгаалан айл болгонд сар бүр очих нь боломжгүй эсвэл үр дүнгүй байж болно. Гэхдээ боломжийнхоо хэрээр биеэр айлчлан очих нь чухал. Аврагчийн адил үйлчлэхийн тулд тохинуулагч ах, эгч нар хариуцсан хүмүүстэйгээ холбоо барих, анхаарч халамжлах бүхий л боломжийг авч үзнэ.

18. Тохинуулахад заавал захиас хуваалцах ёстой юу?

Үгүй ээ. Тохинуулагч ах, эгч нар хариуцсан хүмүүстэйгээ сайн танилцсанаар тэдний хэрэгцээ шаардлага юу болохыг мэддэг болно. Түүнчлэн Ариун Сүнс тэдэнд сайн мэдээний зарчмуудаас заах сүнслэг өдөөлтийг өгч болох юм. Түүнчлэн эцэг эхийн зүгээс гэр бүлдээ зориулан ямар нэг сэдвээр хуваалцахыг хүсэж болно. Гэхдээ хамгийн сайн "захиас" бол халамж, энэрэл гэдгийг бүү март.

19. Тохинуулагч ах, эгч нар хийсэн ажлаа хэрхэн тайлагнах вэ?

Удирдагчид тухайн сарын туршид айлчилж очсон гэр бүл, хувь хүмүүсийнхээ талаар тайлан цуглуулах шаардлагагүй болж байгаа юм. Үүний оронд тохинуулагч ах, эгч нар үйлчилж байгаа хүмүүсийнхээ тухай болон тэдний нөхцөл байдлын талаар мөн хийж буй тохинуулах ажлынхаа тухай ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн удирдагчидтайгаа зөвлөлдөх боломжтой. Ийнхүү хамтдаа зөвлөлдөхдөө доод тал нь улиралд нэг удаа тохинууллын ярилцлагын үеэр мөн шаардлагатай бол өөр ямар ч үед уулзалдаж болно.

20. Тохинууллын ярилцлага гэж юу вэ?

Тохинууллын ярилцлагыг (1) хариуцсан гэр бүл, хувь хүмүүсийнхээ боломж чадавх, хэрэгцээ шаардлага, асуудлын талаар зөвлөлдөх, (2) ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэг эсвэл тойргийн зөвлөлийн зүгээс үзүүлж болох дэмжлэг туслалцааг тодорхойлох, (3) удирдагчдаас суралцаж, тохинуулалд урам дэм авах зорилгоор хийнэ.

Тохинуулагч ах, эгч нар ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн удирдагчтай доод тал нь улиралд нэг удаа тохинууллын ярилцлагын үеэр биечлэн мөн хамтрагчтайгаа хамт уулзана. Хамтдаа тохинуулж буй гэрлэсэн хос ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн удирдагчдын аль нэгтэй эсвэл хоёулантай уулзаж болно. Шаардлагатай бол тохинуулагч ах, эгч нар ярилцлагуудын хооронд бусад мэдээллийг утсаар болон мессежээр мөн э-мэйлээр эсвэл өөр бусад арга замаар өгч болно. Тэд нууц мэдээллийг зөвхөн ахлагчдын чуулгын юм уу Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид эсвэл бишопт шууд хуваалцаж болно.

21. Удирдагчид тохинууллын ярилцлагын тайлангаа хэрхэн хөтлөх вэ?

Ахлагчдын чуулга, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн тохинуулагч ах, эгч нартай хийсэн ярилцлагынхаа тайланг хөтөлнө. Удирдагчид ярилцсан сарыг болон хэнтэй ярилцлага хийснийг тэмдэглэнэ. Улирлын туршид аль нэг хамтрагч нь ярилцлагад орсон тохиолдолд хамтрагчдыг ярилцлагад оролцсоноор бүртгэнэ.

2018 оны 8-р сарын 1 гэхэд, LDS.org дээр ХҮГ хэрэгсэл болон Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн санд энэхүү тайланг хийх үйлдэл шинээр нэмэгдэж орно. Мөн улирал тутмын тайлангийн өөрчлөлтийг 2018 оны дундуур хийсэн байна. Удирдагч, бичиг хэргийн ажилтанд зориулсан дэлгэрэнгүй мэдээллийг Сүмийн удирдах албанаас ирүүлэх мэдэгдлээр өгөх болно.

Тохинуулалд өсвөр үеийнхнийг татан оролцуулах нь

22. Тохинуулалд өсвөр үеийнхнийг хэрхэн татан оролцуулж болох вэ?

Удирдагчид Мелкизедек санваартнуудад прист, багш нарыг хамтрагч болгон томилдгийн адил, одоо Лаурел, Миа мейд нарыг Халамжийн нийгэмлэгийн эгч нарын хамтрагч болгон томилж болно. Өсвөр үеийнхэн авралын ажилд насанд хүрэгчидтэй хамт үйлчилж байх явцдаа мөн тохинууллын ярилцлагын үеэр үйлчлэлийнхээ талаар зөвлөлдөж байхдаа өөрсдийн өвөрмөц бэлгийг хуваалцаж, сүнслэг байдлын хувьд өсөж хөгжих боломжтой. Түүнээс гадна, тохинуулалд өсвөр үеийнхнийг оролцуулах нь оролцож буй гишүүдийн тоог төдийгүй бусдыг асарч халамжлах тусламжийн хэмжээг нэмэгдүүлнэ. Энэ нь мөн гэр бүлийнхнийг хооронд нь буюу ээж нь охинтойгоо, аав нь хүүтэйгээ хамт үйлчлэх боломжийг олгосноор эдгээр ажлыг хялбарчилж, хүчирхэгжүүлэх юм.

23. Өсвөр үеийнхэнд тохинуулагч ах, эгчийг тусгайлан хариуцуулж болох уу?

Болохгүй. Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэдний гэр бүлд тохинуулах хүмүүс анхаарал халамж тавихаас гадна Аароны санваар, Залуу эмэгтэйчүүдийн удирдагчид анхаарал халамж тавина.

Чуулгад оруулж буй өөрчлөлтийг нэн даруй хэрэгжүүлэх ёстой. Тохинуулах өөрчлөлтийг хийхэд цаг хугацаа шаардах хэдий ч аль болох яаралтай хэрэгжүүлбэл зохино. Дэлгэрэнгүй мэдээллийг ministering.lds.org/mon-оос авна уу.

Тойрог, бишоп гэсэн үг хэллэг салбар, салбарын ерөнхийлөгчид мөн гадас гэсэн үг хэллэг дүүрэгт, түүнчлэн гадасны ерөнхийлөгч гэсэн үг хэллэг номлолын болон дүүргийн ерөнхийлөгчид хамаатай болохыг анхаарна уу.