Судрууд
Мормоны Ном


Нифайн Нэгдүгээр Ном

Бүлэг 2

Лихай гэр бүлээ Улаан тэнгисийн дэргэдэх аглаг буйд тийш авчрав—Тэд хөрөнгө хогшлоо орхив—Лихай Их Эзэнд тахил өргөн мөн зарлигуудыг дагахыг хөвгүүддээ сургамжлав—Лемен Лемүел хоёр эцгийнхээ эсрэг бувтналдав—Нифай дуулгавартай байж басхүү итгэлтэйгээр залбирав; Их Эзэн түүнд ярьж, мөн тэр ах нараа удирдахаар сонгогдов. Ойролцоогоор мэө 600 он.

1Учир нь болгоогтун, улиран тохиох дор Их Эзэн эцэгт минь хэлэв, тийм ээ, бүр зүүд нойронд нь түүнд өгүүлсэн нь: Үйлдсэн зүйлүүдийнхээ учир Лихай чи адислагдсан нэгэн болой; бас итгэлтэй байж мөн миний чамд зарлигласан зүйлүүдийг чи энэ хүмүүст тунхагласны учир, болгоогтун, тэд амийг чинь авахаар эрэлхийлэх авай.

2Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн миний эцэгт, бүр зүүд нойронд нь, тэрээр гэр бүлээ авч мөн аглаг буйд тийш одвол зохино хэмээн зарлиглажээ.

3Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Их Эзэний үгийг дуулгавартай дагасан буюу, иймийн тул тэр Их Эзэн өөрт нь зарлигласнаар үйлдсэн ажгуу.

4Мөнхүү улиран тохиох дор тэрбээр аглаг буйд тийш одов. Мөн тэр өөрийн гэр, бас өвлөж ирсэн нутгаа, бас алт болон мөнгөө, бас үнэт зүйлсээ орхин, мөн гэр бүлийн хамт хоол хүнс, бас майхнаас өөр юуг ч эс аван аглаг буйдыг зорин одсон ажгуу.

5Мөнхүү тэрээр Улаан тэнгисийн хөвөөнд ойр орших хязгаар нутагт уруудан ирэв; бас тэрээр Улаан тэнгисийн ойр орших хил хязгаарыг дагаж аглаг буйдад аялсан авай; басхүү тэрээр миний эх Сариа болон миний ах нар Лемен, Лемүел мөн Самаас бүрдсэн гэр бүлтэйгээ аглаг буйдад аялсан ажгуу.

6Мөнхүү улиран тохиох дор тэрээр гурав хоног аглаг буйдад аялаад, тэрбээр нэгэн хөндийд, уст голын дэргэд майхнаа босгов.

7Мөнхүү улиран тохиох дор тэрээр тахилын чулуун ширээ босгон, Их Эзэнд өргөл үйлдэн, бас Их Эзэн Бурхандаа талархлаа мэдүүлсэн авай.

8Мөнхүү улиран тохиох дор тэрээр эл голыг Лемен хэмээн нэрийдэв, мөн тэр нь Улаан тэнгист цутгадаг байв; мөн уг хөндий нь голын цутгаланд ойрхон байсан болой.

9Мөн эцэг минь тэр голын ус Улаан тэнгисийн усны сан уруу шавхагдан юүлэгдэхийг хараад, тэрээр Леменд хандаж, өгүүлрүүн: Ай чи энэ гол мэт бүхий л зөв шударгын сан уруу зогсолтгүй тэмүүлэх болоосой хэмээв!

10Мөн түүнчлэн тэрбээр Лемүелд хандан, Ай Их Эзэний зарлигуудыг дагахдаа чи энэ хөндий мэт тууштай бас гуйвшгүй бас хөдөлшгүй байгаасай хэмээв!

11Эдүгээ тэрээр эдгээрийг Лемен Лемүел хоёрын зөрүүд араншингийн учир өгүүлсэн ажгуу; учрыг болгоогтун эцэг нь зөнч байж, мөн өвлөгдөж ирсэн газраа, мөн алт болон мөнгөө, бас үнэт зүйлсээ орхин, тэднийг Иерусалим нутгаас гадагш дагуулан, аглаг буйдад амь өрсөх болгосон тул тэд эцгийн хэлсэн олон зүйлийг эсэргүүцэн бувтналдав. Мөн түүнийг зүрх сэтгэлийнхээ хоосон төсөөллийн улмаас ийнхүү үйлдэв хэмээн тэд хэлэлцжээ.

12Мөн ийнхүү, хөвгүүдийн ахмад нь болох Лемен, Лемүел хоёр эцгийнхээ эсрэг бувтналдсан ажээ. Мөн, тэд өөрсдийг нь бүтээсэн Бурханы үйлсийг мэдээгүйн улмаас бувтналдсан болой.

13Тэд бас их хот Иерусалим, бошиглогчдын хэлсэнчлэн устгагдаж болно гэдэгт итгэсэн нь үгүй. Мөнхүү тэд эцгийн минь амийг хөнөөхөөр эрэлхийлсэн Иерусалим дахь иудейчүүдийн адил байсан бөлгөө.

14Мөнхүү улиран тохиох дор миний эцэг Лемүелийн хөндийд Сүнсээр дүүргэгдэж, тэднийг өөрийн өмнө бүх бие нь салгалан чичиртэл хүчтэйгээр сургамжлав.Мөн, тэрээр тэднийг дуугарч зүрхлэхгүй болтол нь мадалж, иймийн тул, тэд түүний зарлигийг дагах болов.

15Мөн, эцэг минь майханд аж төрөн байв.

16Мөн улиран тохиох дор би, Нифай, үлэмж балчир бага хэдий ч, бие ханхар хийгээд Бурханы нууцыг мэдэх асар их хүсэлтэй байсны учир, иймийн тул, би Их Эзэнд хандаж гуйн залбирав; мөн болгоогтун тэрбээр надад зочлов, бас зүрх сэтгэлийг минь зөөллөсний учир би эцгийн ярьсан бүх үгсэд итгэсэн авай; иймийн тул ах нарынхаа адил би түүнийг эсэргүүцсэн нь үгүй.

17Мөн би Самд ярьж Их Эзэн Ариун Сүнсээрээ надад үзүүлсэн зүйлүүдийг түүнд мэдэгдэв. Мөнхүү улиран тохиох дор тэрбээр миний үгэнд итгэв.

18Гэвч болгоогтун, Лемен, Лемүел хоёр миний үгсийг дуулахгүй байсан болохоор тийнхүү тэдний зүрх сэтгэлийн хатуугийн улмаас харамссаны учир би тэдний төлөө Их Эзэнд гуйн залбирлаа.

19Ийнхүү улиран тохиох дор Их Эзэн надад хандаж, өгүүлэв: Адислагдсан буюу чи, Нифай, итгэлийнхээ учир, зүрх сэтгэлийн номхон байдалд байж, намайг хичээнгүйлэн эрэлхийлсний учир болой.

20Миний зарлигийг дагахын хэрээр та нар дэгжиж, бас амлагдсан нутаг тийш удирдагдах бөлгөө; тийм ээ, бүр та нарт зориулан миний бэлтгэсэн тэр нутагт; тийм ээ, нутаг бүгдээс дээгүүр сонгомол нутагт буюу.

21Мөн ах нар чинь чамайг эсэргүүцэхийн хэрээр, тэд Их Эзэний дэргэдээс тусгаарлагдах болно.

22Мөн чи миний зарлигуудыг дагахын хэрээр, ах нарынхаа багш хийгээд захирагч болгогдох ажгуу.

23Учрыг болгоогтун, тэд намайг эсэргүүцэх тэр өдөр, би тэднийг зүхнэ, бүр зовлонт зүхлээр, мөн түүнчлэн чиний үр удам намайг эсэргүүцээгүй цагт тэднийг тэд давамгайлах хүчгүй байх болно.

24Мөн хэрэв тэд миний эсрэг хандвал, тэд чиний үр удамд цээрлэл болон тэднийг дурсан сануулахаар өдөөн хатгах болно.