Судрууд
Мормоны Ном


Нифайн Нэгдүгээр Ном

Бүлэг 5

Сариа Лихайн эсрэг үглэн гомдоллов—Хөвгүүдийнхээ эргэж ирсэнд хоёул баясав—Тэд тахил өргөв—Уг гуулин ялтсууд Мосе болон бошиглогчдын бичиглэлийг агуулжээ—Уг ялтсууд Лихайг Иосефын үр удам гэдгийг таниулав—Лихай өөрийн үр удмын талаар мөн ялтсуудыг хадгалах талаар бошиглов. Ойролцоогоор мэө 600–592 он.

1Мөнхүү улиран тохиох дор бид аглаг буйдад эцэгтээ ирсний дараа, болгоогтун, тэрбээр баяр хөөрөөр дүүргэгдсэн байв, мөн түүнчлэн миний эх Сариа, үлэмж хангалуун байв, учир нь тэрээр бидний төлөө үнэхээр гашуудан байсан ажгуу.

2Учир нь тэр биднийг аглаг буйдад үрэгдсэн хэмээн бодсон ажээ; мөн тэрээр эцгийн минь эсрэг үглэн гомдоллож, тэр зөнч хүн байсныг нь түүнд дурдан; хэлсэн нь: Болгоогтун та биднийг өвлөж ирсэн нутгаас минь дагуулан гаргасан буюу, ингээд хөвгүүд минь үгүй болов, мөн бид аглаг буйдад үрэгдэх буюу.

3Мөн эх минь эцгийн минь эсрэг үглэн иймэрхүү маягийн хэлээр гомдоллосон байв.

4Мөнхүү улиран тохиох дор эцэг минь түүнд хандаж, хэлсэн нь: Би зөнч хүн гэдгээ мэднэ; хэрэв би Бурханы зүйлүүдийг үзэгдэлд хараагүйсэн бол би Бурханы сайн сайхныг мэдэхгүй байх байсан, харин Иерусалимд хоргодон, ах дүүстэйгээ хамт хөнөөгдөх байсан биз ээ.

5Гэвч болгоогтун, би амлалтын нутгийг олж авлаа, үүн дээр би, эдгээр зүйлүүдэд баясна; тийм ээ, мөн Их Эзэн хөвгүүдийг минь Лебений савраас зайлуулна, мөн тэднийг аглаг буйдад бидэнд дахин авчирна гэдгийг би мэднэ.

6Мөн иймэрхүү маягийн хэлээр миний эцэг Лихай, эх Сариаг бидний тухайд тайтгаруулан байв, биднийг иудейчүүдийн цэдгийг олж авахаар, Иерусалимын газар өөд аглаг буйдад аялах зуур болой.

7Мөн биднийг эцгийнхээ майханд эргэж ирэхэд, болгоогтун тэдний баяр хөөр дүүрч, мөн эх минь тайтгаруулагдав.

8Мөн тэрээр ярьж, хэлсэн нь: Эдүгээ Их Эзэн миний эр нөхөрт аглаг буйд тийш зугтаа хэмээн зарлигласныг би баттай мэдэв; тийм ээ, мөн түүнчлэн Их Эзэн хөвгүүдийг минь хамгаалж, бас Лебений савраас зайлуулсныг мөн Их Эзэн тэдэнд зарлигласан зүйлийг гүйцэлдүүлж чадах хүчийг тэдэнд өгснийг би баттай мэдэв. Мөн тэрээр иймэрхүү маягийн хэлээр ярив.

9Мөнхүү улиран тохиох дор тэд үлэмж ихээр баясан, тэгээд Их Эзэнд тахил өргөж мөн өргөл хайлав; мөн тэд Израилын Бурханд талархлаа дэвшүүлсэн болой.

10Мөн тэд Израилын Бурханд хандан талархлаа дэвшүүлсний эцэст, миний эцэг, Лихай, гуулин ялтсууд дээр сийлэгдсэн тэрхүү цэдгийг авч, мөн тэрбээр тэдгээрийг эхнээс нь судалсан авай.

11Мөн тэрээр тэдгээрт дэлхийн үүслийн, мөн түүнчлэн бидний анхны эцэг эх болсон Адам Ева хоёрын тухай шастирыг багтаасан Мосегийн таван ном агуулагдсаныг болгоов.

12Мөн түүнчлэн эхлэлээс бүр Иудейн хаан, Зедикаягийн засаглалын эхлэл хүртэлх иудейчүүдийн цэдгийг буюу.

13Мөн түүнчлэн ариун бошиглогчдын бошиглолууд нь эхлэлээс, бүр Зедикаягийн хаанчлалын үүслийг хүртэл; мөн түүнчлэн Иеремиагийн амаар яригдсан олон бошиглолыг бөлгөө.

14Мөнхүү улиран тохиох дор миний эцэг Лихай түүнчлэн гуулин ялтсууд дээрээс эцэг өвгөдийнхөө угийн бичгийг олов; иймийн тул тэрээр Иосефын удам байсныг мэдсэн ажээ; тийм ээ, бүр Иаковын хүү асан тэр, Египетэд худалдагдсан тэр, мөн өөрийн эцэг Иаков, түүний бүхэл өрх гэрийг өлсгөлөнгийн аюулаас хамгаалж болно хэмээн Их Эзэний мутраар хадгалагдан хамгаалагдсан тэрхүү Иосеф болой.

15Мөн түүнчлэн тэднийг хамгаалсан мөнхүү тэр Бурханаар удирдагдан тэд Египет нутгаас мөн дарангуйллаас гарсан бөлгөө.

16Мөнхүү тийн миний эцэг, Лихай, эцэг өвгөдийнхөө уг удмыг мэдэж авсан ажгуу. Мөн түүнчлэн Лебен ч бас Иосефын удам байж, иймийн тул тэр мөн өөрийн эцэг өвгөдийн цэдгийг хадгалж байжээ.

17Мөн эдүгээ эцэг минь эдгээр бүх зүйлийг хараад, тэрээр Сүнсээр дүүргэгдэв, мөн үр удмынхаа тухай бошиглож эхлэв—

18Эдгээр гуулин ялтсууд түүний үр удам болох бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүст очно гэдгийг болой.

19Иймийн тул, эдгээр гуулин ялтсууд хэзээ ч үрэгдэх учиргүй; цагийг даган бүдгэрэх нь ч бас үгүй хэмээн тэр хэлэв. Мөн тэрээр үр удмынхаа тухай олон зүйлийг бошиглов.

20Мөнхүү улиран тохиох дор өдий хүртэл бидэнд зарлигласан Их Эзэний зарлигуудыг миний эцэг гүйцэлдүүлсэн болой.

21Мөн бид Их Эзэн бидэнд зарлигласнаар цэдгүүдийг олж, мөн тэдгээрийг судалж мөн тэдгээр нь хүсүүштэй болохыг олж мэдэв; тийм ээ, бүр үр хүүхдүүддээ Их Эзэний зарлигуудыг сахиулан өвлүүлэхүйц агуу эрхэм чухал ажгуу.

22Иймийн тул амлалтын нутгийг зорин аглаг буйдад зорчихдоо, бид эдгээрийг өөрсөдтэйгөө авч явах нь Их Эзэний мэргэн ухаан буйза.