Судрууд
Мормоны Ном


Нифайн Нэгдүгээр Ном

Бүлэг 8

Лихай амьдралын модыг үзэгдэлд харав—Тэрээр жимснээс нь хүртэж мөн өөрийн гэр бүлийг тэрчлэн үйлдэхийг хүсэв—Төмөр бариул, давчуу бөгөөд нарийн зам, мөн хүмүүсийг бүрхэх харанхуй мананг тэр харав—Сариа, Нифай, Сам нар жимснээс хүртэж, харин Лемен, Лемүел хоёр татгалзав. Ойролцоогоор мэө 600–592 он.

1Мөнхүү улиран тохиох дор бид бүхий л зүйлийн үрийг төрөл бүрээр, зүйл бүрийн үр тарианы, мөн түүнчлэн зүйл бүрийн жимсний үрийг аль алиныг нь нэгтгэн цуглуулав.

2Мөнхүү улиран тохиох дор эцэг минь аглаг буйдад саатан байх зуур тэрээр бидэнд хандан ярьж, өгүүлсэн нь: Болгоогтун, би зүүд зүүдлэв; эсвээс, өөрөөр хэлбэл, би үзэгдэл үзэв.

3Мөн болгоогтун, би үзсэн зүйлийнхээ учир, Их Эзэнд баясах шалтгаан надад буй нь Нифай болон түүнчлэн Самын тул бөлгөө; учир нь тэд болон тэдний үр удмаас олон нь аврагдана гэж бодох шалтгаан надад буй.

4Гэвч болгоогтун, Лемен, Лемүел хоёр, би та нарын төлөө үлэмж ихээр айна; учир нь болгоогтун, миний ухаарснаар би зүүдэндээ бүрэнхий мөн дүнсгэр аглаг буйдыг харсан болой.

5Мөнхүү улиран тохиох дор би цагаан орхимж өмссөн нэгэн хүмүүнийг харав; мөн тэрбээр ирж бас миний өмнө зогсов.

6Мөнхүү улиран тохиох дор тэрбээр надад хандан ярьж, мөн түүнийг дагахыг надад тушаав.

7Мөнхүү улиран тохиох дор би түүнийг дагаад өөрийгөө бүрэнхий мөн дүнсгэр зэлүүдэд байгааг би ажив.

8Мөн би харанхуйд олон цагийн турш зорчсоны эцэст би Их Эзэнд хандан түүний эрхэм их нигүүлслийн улмаас намайг нигүүлсэн үзэхийг хүсэн залбирч эхэлсэн буюу.

9Мөнхүү улиран тохиох дор би Их Эзэнд хандан залбирсны эцэст би уудам болоод цэлгэр талбарыг ажиглав.

10Мөнхүү улиран тохиох дор хүртсэн нэгнийг жаргалтай болгох дур булаам жимстэй нэгэн модыг би харсан бөлгөө.

11Мөнхүү улиран тохиох дор би урагшлан түүний жимснээс хүртэв; мөн энэ нь урьд өмнө миний амсаж асан бүхнээс дээгүүр тэргүүн амтат байсныг би болгоосон бөлгөө. Тийм ээ мөн түүний жимс нь цагаан, урьд өмнө миний үзсэн бүхнээс үлэмж цагаан байсныг би болгоов.

12Мөн би түүний жимснээс хүртэхийн сацуу энэ нь миний сэтгэлийг үлэмж агуу баяраар дүүргэв; иймийн тул, гэр бүлийнхэн маань үүнээс түүнчлэн хүртээсэй хэмээн би хүсч эхлэв; би энэ нь бүхий л жимснээс дээгүүр дур булаам болохыг бибээр мэдсэний учир буюу.

13Мөн түүнчлэн гэр бүлийнхнээ олж болзошгүй хэмээн би эргэн тойрон хараа бэлчээвээс, нэгэн уст голыг олж харав би; мөн энэ нь жимснээс нь миний хүртсэн тэр модны дэргэдүүр урсах ажгуу.

14Мөн би үүнийг хаанаас эхтэйг нь ажиглан харав; мөн үүний эх нь ялимгүй цаана байхыг үзэв; мөн үүний эхэн дээр та нарын эх Сариа, мөн Сам болон Нифайг харав; мөн тэд хааш одвол зохихыг мэдэхгүй зогсож байсан болой.

15Мөнхүү улиран тохиох дор би тэднийг даллав; мөн түүнчлэн би тэдэнд хандан өндөр дуугаар тэднийг надад ирж, мөн бүхий л жимснээс дээгүүр хүсэл татам тэр жимснээс хүртвэл зохино хэмээн хэлсэн бөлгөө.

16Мөнхүү улиран тохиох дор тэд надад ирж, мөн жимснээс түүнчлэн хүртсэн авай.

17Мөнхүү улиран тохиох дор Лемен болон Лемүел хоёрыг ирж мөн түүнчлэн жимснээс хүртээсэй хэмээн би хүсэв; иймийн тул, би тэднийг харж магад хэмээн голын эхэн тийш хараа бэлчээв.

18Мөнхүү улиран тохиох дор би тэднийг харав, гэвч тэд надад ирж жимснээс хүртсэн нь үгүй бөлгөө.

19Мөн би төмөр бариулыг харав, мөн энэ нь голын эргийн дагуу сунан үргэлжилсэн бөгөөд дэргэд нь миний зогсох тэр модны зүг удирдсан авай.

20Мөн түүнчлэн уг төмөр бариулыг дагах, бүр миний дэргэд нь зогссон тэр модонд хүргэх давчуу бөгөөд нарийн замыг би харав; мөн түүнчлэн энэ нь урсгалын эхийн дэргэдүүр өнгөрч, дэлхий мэт уужим бөгөөд цэлгэр талбар тийш удирдах ажээ.

21Мөн би тоогүй олон хүмүүсийг харав, дэргэд нь миний зогссон тэр модны зүг удирдах замыг олохоор тэднээс олон нь урагш зүтгэж байгааг би харав.

22Мөнхүү улиран тохиох дор тэд урагшлан мөн модны зүг дагуулах замаар явж эхэлсэн буюу.

23Мөнхүү улиран тохиох дор харанхуй манан бий болов; тийм ээ, бүр харанхуй үлэмжийн их манан, үүний хэрээр харгуйг эхэлсэн тэд замаа алдсанаар тэд хэрэн тэнэж төөрөлдөх ажгуу.

24Мөнхүү улиран тохиох дор шаргуу урагшлан буй бусдыг би ажив, мөн тэд урагшлан мөн төмөр бариулын үзүүрт хүрэн барив; мөн тэд харанхуй манан дундуур зүтгэн урагшилж, ойртон бүр мөн уг модны жимснээс тэд хүртэх хүртлээ төмөр бариулаас барьсаар явах ажээ.

25Мөн тэд уг модны жимснээс хүртсэний дараа тэд ичингүйрхэв гэлтэй нүд бэлчээн харах ажээ.

26Мөн түүнчлэн би эргэн тойрон хараа бэлчээн, бас уст голын нөгөө эрэгт агуу хийгээд нүсэр барилгыг харав; мөн энэ нь газраас өндөрт, агаарт тогтсон мэт байв.

27Мөн энэ нь өтөл болоод залуу, эрэгтэй болоод эмэгтэй хүмүүсээр дүүрэн байв; мөн тэдний хувцасласан маяг нь үлэмж тансаг; мөн тэд, ирж бас жимснээс хүртсэн тэднийг хуруугаараа занган басхүү элэглэх байдалтай байх ажээ.

28Мөн тэд жимсийг амссаныхаа дараа тэднийг тохуурхсан тэднээс ичингүйрхсэн болой; мөн тэд хориглогдсон замаар будилан орж мөн төөрч байв.

29Мөн эдүгээ би, Нифай, эцгийнхээ бүх үгсийг ярих нь үгүй.

30Гэвч товчлон бичвээс, болгоогтун, замаараа урагш зүтгэж буй бусад олныг тэрээр харав; тэд ирж бас төмөр бариулын үзүүрт хүрч барив; мөн тэд урагшлан, доош унаад мөн уг модны жимснээс хүртэх хүртэл төмөр бариулаас үргэлж тууштай зуурсаар урагш зүтгэх бөлгөө.

31Мөн түүнчлэн тэрбээр агуу хийгээд нүсэр барилгыг зүглэн бэдрэх бусад олныг харсан бөлгөө.

32Мөнхүү улиран тохиох дор олон нь урсгалын гүнд живэв; мөн олон нь түүний хараанаас алдран, этгээд замаар бэдрэх бөлгөө.

33Мөн уг этгээд барилга уруу орогсод үлэмж олон байв. Мөн тэд тэр барилга дотор орсны эцэст түүнчлэн жимснээс хүртэх намайг болон тэднийг хуруугаараа занган тохуурхацгаах аж; гэвч бид тэднийг анхаарсан нь үгүй болой.

34Эдгээр нь миний эцгийн үгс буюу: Учир нь тэднийг анхаарсан болгон нь будилан одох ажгуу.

35Мөн Лемен Лемүел хоёр тэр жимснээс хүртсэнгүй хэмээн эцэг минь хэлэв.

36Мөнхүү улиран тохиох дор миний эцэг өөрийн зүүд буюу үзэгдлийн тухай тэрхүү бүх үгсийг ярьсны эцэст, тэрээр бидэнд хэлэв, үзэгдэлд харсан тэр зүйлүүдийнхээ учир, Лемен Лемүел хоёрын улмаас тэрээр үлэмж айв; тийм ээ, тэднийг Их Эзэний дэргэдээс зайлуулагдах болуузай хэмээн тэр айсан ажээ.

37Мөн Их Эзэн тэднийг нигүүлсэн, зайлуулахгүй байж болохын тулд тэднийг өөрийнх нь үгийг дуулахыг, эцэг минь энэрэлт эцгийн бүхий л сэтгэлээр ухуулж, тийм ээ, эцэг минь тэдэнд номлон байв.

38Мөн тэрбээр тэдэнд хандан номлосны дараа, мөн түүнчлэн тэдэнд олон зүйлийн тухай бошиглосны эцэст Их Эзэний зарлигуудыг дага хэмээн тэр тэдэнд тушаав; мөн тэр тэдэнд хандан ярьж байсныгаа зогсов.