Судрууд
Мормоны Ном


Нифайн Хоёр дахь Ном

Лихайн үхлийн тухай цэдэг оршвой. Нифайн ах нар түүнийг эсэргүүцэв. Их Эзэн Нифайд аглаг буйд тийш одохыг сануулан зөвлөв. Түүний аглаг буйд дахь аян мөн цаашдын үргэлжлэл оршвой.

Бүлэг 1

Лихай эрх чөлөөт нутгийн талаар бошиглов—Хэрэв тэд Израилын Ариун Нэгэнийг эсэргүүцэх аваас түүний үр удам тараагдаж бас цохигдох болно—Зөв шударгын хуяг өмсөхийг тэрээр хөвгүүддээ ухуулав. Ойролцоогоор мэө 588–570 он.

1МөнХҮҮ эдүгээ улиран тохиох дор би, Нифай, ах нартаа сургамжлан байснаа төгсгөл болгосны дараа, бидний эцэг, Лихай, түүнчлэн тэдэнд олон зүйлийг ярьж, мөн тэднийг Иерусалим нутгаас авчирснаараа Их Эзэн тэдний төлөө ямар агуу зүйлийг үйлдсэнийг давтан өгүүлэв.

2Мөн тэрээр тэдэнд хандан тэдний усан дээрх эсэргүүцлийн, мөн далайд үйхээс тэдний амийг хэлтрүүлсэн Бурханы нигүүлслийн талаар ярив.

3Мөн түүнчлэн тэрээр тэдэнд хандан тэдний эзэмшсэн тэр амлалтын нутгийн талаар—биднийг Иерусалим нутгаас зайлан гарахыг бидэнд сэргийлэн сануулснаараа Их Эзэн ямар нигүүлсэнгүй байсныг ярьсан билээ.

4Тэрээр хэлэв, учир нь болгоогтун, Иерусалим устгагдсаныг мэдүүлэх нэгэн үзэгдлийг би харав; мөн бид Иерусалимд үлдсэн аваас бид ч түүнчлэн эрсдэх байсан биз ээ.

5Тэрээр хэлэв, гэвч, бид зовж зүдэрсэн ч, бид амлалтын нутгийг эзэмшсэн, бүхий л нутгуудаас сонгомол тэр нутгийг бөлгөө; миний үр удамд өвлүүлэхээр Их Эзэн Бурхан надтай гэрээ хийсэн тэр нутгийг бөлгөө. Тийм ээ, Их Эзэн энэ нутгийг надад бас миний хүүхдүүдэд, мөн түүнчлэн Их Эзэний мутраар бусад орнуудаас удирдагдах тэд бүгдэд үүрд гэрээлэн өгсөн билээ.

6Иймийн тул, би, Лихай, надад орших Сүнсний нөлөөний дагуу, Их Эзэний мутраар тэд авчрагдахаас бусдаар хэн ч энэ нутагт ирэхгүйг бошиглон хэлж байна.

7Иймийн тул, түүний авчрах түүнд энэ нутаг ариулан адислагдсан буюу. Мөн хэрэв энэ нь үүнчлэн байж тэд түүний өгсөн зарлигуудын дагуу түүнд үйлчлэх аваас, энэ нь тэдэнд эрх чөлөөний нутаг байх болно; иймийн тул, тэд хэзээ ч боолчлол дор авчрагдахгүй; хэрэв үүнчлэн тохиовол энэ нь алдсуудын учир болой; учир нь хэрэв алдас ихээр оршвоос уг нутаг тэдний хувьд зүхэгдэнэ, гэвч зөв шударгыг үйлдэгчдэд энэ нь үүрд адислагдах болно.

8Мөн болгоогтун, энэ нутаг бусад зарим үндэстнүүдэд хараахан мэдэгдэхгүйгээр хадгалагдах нь мэргэн ухаан болой; учир нь болгоогтун, олон үндэстэн уг нутгийг хөндлөн гулд туучсан аваас, өвлөгдөх газаргүй байх сан билээ.

9Иймийн тул, Их Эзэн, Бурхан Иерусалим нутгаас авчрах тэд түүний зарлигуудыг дагахын хэрээр, тэд энэ нутгийн гадаргуу дээр дэгжих болно; мөн тэд энэ нутгийг өөрсдөдөө эзэмшиж болохын тулд тэд бусад бүх үндэстнээс хамгаалах болно гэдэг амлалтыг Лихай, би олж авсан билээ. Мөн хэрэв тэд түүний зарлигуудыгдагаваас тэд энэ нутгийн гадаргуу дээр адислагдаж, мөн тэднийг гоочлох нэгээхэн ч, бас тэдний өвлөх нутгийг булаан авах хэн ч байхгүй байх болно; мөн тэд үүрд аюулгүй орших болно.

10Гэвч болгоогтун, газар дэлхийн мөн бүх хүмүүний бүтээгдсэн мэдлэгийг эзэмшиж; дэлхий бүтээгдсэнээс хойших Их Эзэний агуу хийгээд гайхамшигт ажлуудыг мэдэж; итгэлээр бүх зүйлийг үйлдэх хүч тэдэнд өгөгдсөи юм; мөн бүх зарлигууд эхлэлээс өгөгдөх болно, мөн түүний хэмжээлшгүй сайн чанараар энэ эрхэм сайхан амлалтын нутагт авчрагдах агуу адислалуудыг Их Эзэний мутраас хүлээн авсныхаа дараа тэд итгэлгүйдээ бууран доройтох цаг нь ирэхэд—болгоогтун, би хэлнэ, хэрэв тэд үнэн Мессиа, тэдний Гэтэлгэгч, мөн тэдний Бурхан, Израилын Ариун Нэгэнийг эсэргүүцэх өдөр ирэх аваас, болгоогтун, түүний шударга шүүлтүүд тэдний дээр ирэх ажгуу.

11Тийм ээ, тэрээр тэдний дээр бусад үндэстнүүд болох тэднийг авчрах болно, мөн тэрээр тэдэнд хүчийг өгч, мөн тэрээр тэднээс эзэмшил газруудыг нь салган авч, мөн тэрээр тэднийг тараагдсан бас бут цохигдсон байлгах болно.

12Тийм ээ, нэг үе нөгөөгөө халахад цус урсан, мөн агуу цээрлэлүүд тэдний дунд байх болно; иймийн тул, хөвгүүд минь, та нарыг санаасай хэмээнэ би; тийм ээ, та нарыг миний үгсийг анхаараасай хэмээнэ би.

13Ай та нар сэрээсэй; гүн нойрноос сэрээсэй; тийм ээ, бүр тамын нойрноос, тэгээд та нар хүлэгдсэн тэр аймшигт гинжээ сэгсрэн зайлуулаасай хэмээнэ, зовлон гамшгийн мөнхийн ангалд тэднийг доош олзлон хүргэхийн тулд хүмүүний үрсийг хүлэх тэр гинжийг буюу.

14Сэрэгтүн! Тэгээд газар шорооноос бос, мөн үе мөчүүдийг нь, тэндээс нэгээхэн ч аянчин буцаж ирж чадахгүй тэрхүү хүйтэн бас чимээгүй булшинд та нарыг удахгүй хэвтүүлэх ёстой, салгалан чичрэх эцгийн үгсийг сонс; дахиад хэдхэн өдөр, тэгээд би энэ дэлхийн жамаар явна.

15Гэвч болгоогтун, Их Эзэн бодгалийг минь тамаас гэтэлгэсэн; би түүний алдар сууг болгоож, мөн би түүний хайрын мутраар мөнхөд хүрээлүүлсэн буюу.

16Мөн та нар Их Эзэний дүрэм болон тогтоолуудыг мөрдөхийг санаасай хэмээн хүснэм би; болгоогтун, энэ нь эхнээсээ бодгалийн минь зовнил байсан бөлгөө.

17Миний зүрх сэтгэл цагаас цагт харамсалдаа хүндрэн байв, та нарын зүрх сэтгэл хатуугийн учир Их Эзэн та нарын Бурхан, хилэгнэлээ тэр чигээр нь та нарын дээр гарган та нарыг үүрд зайлуулж бас устгах буйза;

18Эсвээс, олон үеийн турш зүхэл та нар дээр ирэх болно; мөн та нар илдээр, мөн өлсгөлөн, бас үзэн ядалтаар дайлагдаж мөн чөтгөрийн таалал хийгээд боолчлолын дагуу удирдагдах бий хэмээн эмээхийн учир бөлгөө.

19Ай хөвгүүд минь, эдгээр зүйлүүд та нарын дээр ирэхгүй байж болно, харин та нар Их Эзэний сонгомол мөн таалалт хүмүүс байгаасай. Гэвч болгоогтун, түүний тааллаар бүтэх болтугай; учир нь түүний замууд үүрд зөв шударга болой.

20Мөн тэрээр хэлсэн байдаг: та нар миний зарлигуудыг дагахын хэрээр та нар уг нутагт дэгжих болно; харин та нар миний зарлигуудыг дагахгүй байхын хэрээр та нар миний дэргэдээс зайлуулагдах болно.

21Мөн эдүгээ бодгаль минь та нарт баясаж болохын тулд, мөн миний зүрх та нарын учир баяртайгаар энэ дэлхийг орхиж болохын тулд, уйтгар гуниг болон харамслыг тээн доош булшинд аваачигдахгүй байж болохын тулд, газар шорооноос бос, хөвгүүд минь, мөн эр хүн шиг бай, бүх зүйлүүдэд нэгдэн хамтарч бас хатуу шийдэмгий нэг бодол мөн нэг сэтгэлтэй бай, та нар боолчлолд орохгүй байж болохын тулд буюу.

22Та нар зовлонт зүхлээр зүхэгдэхгүйн тулд; мөн түүнчлэн, та нар өөрсдийн дээр устгад, тийм ээ, сүнс болон биеийн аль алиных нь мөнхийн устгалд хүргэх, шударга Бурханы харамсал дургүйцлийг хүртэхгүй байж болохын тулд буюу.

23Сэрцгээ, хөвгүүд минь; зөв шударгын хуягийг өмсөцгөө. Та нарыг хүлсэн тэр гинжийг сэгсрэн хая, тэгээд түнэр харанхуйгаас гарч ир, мөн газар шорооноос бос.

24Мөн бид Иерусалимыг орхисон тэр цагаас, зарлигуудыг дагасан, мөн биднийг амлалтын нутагт авчрахад Бурханы мутарт зэмсэг болж байсан, түүний үзсэн нь дуурсгалт болох тэр дүүгийнхээ өөдөөс дахин бүү эсэргүүц; учир нь тэрбээр байгаагүй сэн бол бид аглаг буйдад өлсөж эрсдэх байсан биз ээ; гэсэн хэдий ч та нар түүний амийг авахаар эрэлхийлсэн; тийм ээ, мөн тэрээр та нарын улмаас их шаналлыг амссан билээ.

25Мөн тэрээр дахин зовох болов уу хэмээн би үлэмж айж бас дагжих нь та нарын улмаас бөлгөө, учир нь болгоогтун, тэрээр та нарыг давах хүч чадал болон эрх мэдлийг эрэлхийллээ гэж та нар түүнийг буруутгасан билээ; гэвч тэрээр та нарыг давах хүч чадал мөн эрх мэдлийг ч эрэлхийлээгүй, харин тэрээр Бурханы алдар сууг, мөн та нарын өөрсдийн тань мөнхийн зол жаргалыг эрэлхийлснийг би мэднэ.

26Мөн тэрээр та нарт илэн далангүй байсан учраас та нар бувтналдсан. Та нар тэрээр хурц ширүүнийг хэрэглэсэн гэдэг; та нар түүнийг өөрсдөд тань ууртай хандсан гэдэг; гэвч болгоогтун, түүний хурц ширүүн нь түүнд байсан Бурханы үгний хүчний хурц ширүүн байсан болой; мөн та нарын уур гэх тэр нь, тэрээр тэвчиж үл чадан, та нарын алдсуудын талаар шударгаар нотолсон, Бурханд орших үнэний дагуух үнэн билээ.

27Мөн Бурханы хүч түүнтэй хамт байх ёстой нь зайлшгүй, бүр түүнийг тушаахад та нар дагах ёстой болтол буюу. Гэвч болгоогтун, энэ бол тэр биш, харин энэ бол түүнд оршсон, хамхиж чадахгүй болтол нь түүний амыг нээж яриулах Их Эзэний Сүнс байсан билээ.

28Мөн эдүгээ Лемен, хөвгүүн минь, мөн түүнчлэн Лемүел мөн Сам, мөн түүнчлэн Ишмэилийн хөвгүүд болох хөвгүүд минь, болгоогтун, хэрэв та нар Нифайн хэлснийг сонсох аваас та нар эрсдэхгүй болой. Мөн хэрэв та нар түүнийг анхааран сонсвоос би та нарт адислалыг үлдээнэ, тийм ээ, бүр өөрийн эхний адислалыг буюу.

29Гэвч хэрэв та нар түүнийг анхааран сонсохгүй бол би өөрийн эхний адислалыг зайлуулан авна, тийм ээ, бүр өөрийн адислалыг, тэгээд энэ нь түүний дээр орших болно.

30Мөн эдүгээ, Зорам, би чамд хэлнэ; Болгоогтун, та бол Лебений зарц; гэсэн хэдий ч, чи Иерусалим нутгаас авчрагдсан, мөн чи бол миний хүү Нифайн үүрдийн үнэнч нөхөр гэдгийг би мэднэ.

31Иймийн тул, чи итгэл хүлээснээс үр удам чинь түүнийхтэй хамт энэ нутгийн гадаргуу дээр удаан хугацаанд дэгжин оршихоор тэд адислагдах болно; мөн тэдний дундах алдсаас өөр юу ч, тэднийг энэ нутгийн гадаргуу дээр үүрд дэвжин хөгжихөд хор хөнөөл үзүүлж мөн саад болж чадахгүй.

32Иймийн тул, хэрэв та нар Их Эзэний зарлигуудыг дагах аваас, миний хүүгийн үр удамтай хамт чиний үр удмын аюулгүй байдлын тулд энэ нутгийг Их Эзэн ариулан адислах болой.