Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 18

Хаан Лемонай, Аммоныг Агуу Их Сүнс хэмээн бодов—Аммон Бүтээлийн тухай, Бурханы хүмүүнтэй үилдэх хэргүүдийн тухай, мөн Христээр дамжин ирэх гэтэлгэлийн тухай хаанд заав—Лемонай итгэж мөн үхсэн мэт газар унав. Ойролцоогоор мэө 90 он.

1Мөнхүү улиран тохиох дор Лемонай хаан өөрийн зарц нарыг урагшилж, уг хэргийн талаар харсан бүх зүйлийг гэрчлэх болгов.

2Мөн тэд бүгд өөрсдийн харсан зүйлийг гэрчлээд, мөн тэрээр Аммон түүний сүргийг хадгалан хамгаалахад итгэлтэйг нь, мөн түүнчлэн түүнийг алахаар эрэлхийлсэн тэдний эсрэг тэмцэлдэхэд түүний агуу хүчийг мэдсэний дараа, тэрээр үлэмж гайхан балмагдаж, мөн хэлэв: Энэ бол хүнээс нэт нь гарцаагүй юм. Болгоогтун, тэдний аллагуудын учир агуу шийтгэлүүдийг энэ хүмүүсийн дээр илгээдэг Агуу Их Сүнс нь энэ бус уу

3Мөн тэд хаанд хариулж, мөн хэлэв: Тэрээр Агуу Их Сүнс үү эсвэл хүн үү гэдгийг бид мэдэхгүй; харин бидний мэдэх нь, тэр хааны дайснуудад алагдахгүй; бас тэр бидэнтэй байхад хааны сүргийг тэд тарааж чадахгүй, түүний чадвар болоод агуу хүчний учир буюу; тиймийн тул, тэр бол хааны анд гэдгийг бид мэднэ. Мөн эдүгээ, Ай хаантан, хүнд тийм агуу хүч байдагт бид итгэдэггүй, учир нь тэр алагдахгүйг бид мэднэ.

4Мөн эдүгээ, хаан эдгээр үгийг дуулаад, тэрээр тэдэнд хэлэв: Эдүгээ энэ бол Агуу Их Сүнс мөн гэдгийг би мэдлээ; мөн энэ үед би та нарыг ах дүүсийн чинь адил алахгүй байж болохын тулд та нарын амийг хамгаалахаар тэрээр бууж иржээ. Эдүгээ энэ нь бидний эцэг өвгөдийн ярьсан Агуу Их Сүнс болой.

5Эдүгээ Агуу Их Сүнс байдаг гэдэг нь эцгээсээ хүлээн авсан Лемонайн уламжлал байв. Агуу Их Сүнсэнд тэд итгэсэн хэдий ч, тэд ямар ч юм хийсэн тэдний зөв хэмээн бодсон ажээ; гэсэн хэдий ч, Лемонай, зарц нараа алахдаа бурууг үйлдсэн болов уу хэмээх айдсаар үлэмж ихээр айж эхлэв;

6Учир нь тэдний ах дүүс устай газар тэдний сүргүүдийг тараасан учир тэрээр тэднээс олныг алсан байв; мөн тийн, тэд сүргээ тараалгасан учир тэд алагджээ.

7Эдүгээ Себасын усны дэргэд хүмүүсийн сүргийг тараахаар, тэгснээрээ тэд тараагдсанаас олныг нь нутагтаа тууж болохын тулд зогсдог нь эдгээр леменчүүдийн зуршил байв, учир нь тэдний дунд ингэж тонуул хийх нь зуршил болсон байлаа.

8Мөнхүү улиран тохиох дор Лемонай хаан зарц нараасаа лавлаж, өгүүлсэн нь: Тийм агуу хүчтэй тэр хүн хаана байна

9Мөн тэд түүнд хэлэв: Болгоогтун, тэр таны морьдыг тэжээж байна. Эдүгээ хаан зарц нартаа сүргийг нь услахаас урьд тэд морьдыг нь мөн сүйх тэрэгнүүдийг нь бэлтгэж мөн Нифайн нутагт хүргэж өгөхийг зарлигласан байв; учир нь бүх нутгийг захирах хаан болох Лемонайн эцгээр, Нифайн нутагт их хурим болох нь товлогдсон ажээ.

10Эдүгээ Аммон түүний морьд мөн түүний сүйх тэргүүдийг бэлтгэж буйг хаан Лемонай сонсоод, Аммоны итгэлтэйн учир тэр илүүтэй ихээр гайхан балмагдсан байж, хэлрүүн: Энэ хүний адил ийм итгэлтэй зарц миний бүх зарц нарын дунд байгаагүй нь гарцаагүй; тодруулбал тэрээр бүр миний бүх зарлигуудыг, тэдгээрийг гүйцэлдүүлэхээ санадаг.

11Эдүгээ энэ бол Агуу Их Сүнс гэдгийг би гарцаагүй мэдлээ, мөн би түүнийг над дээр ирэхийг хүсэхсэн, гэвч би зүрхлэхгүй байна.

12Мөнхүү улиран тохиох дор Аммон морьдыг мөн сүйх тэргүүдийг хаанд мөн түүний зарц нарт бэлэн болгоод, тэрээр хаанд очиж, мөн тэрээр хааны царай төрх өөрчлөгдсөнийг харав; тиймийн тул тэрээр түүний дэргэдээс холдон буцахыг завдав.

13Мөн хааны зарц нарын нэг нь түүнд Раббана хэмээж, тэр нь хөрвүүлбээс хүчит эсвээс агуу их хаан гэсэн утгатай, учир нь тэд өөрсдийн хаадыг хүчит хэмээн үздэг байв; мөн тэрээр түүнд тийн хэлэв: Раббана, хаан таныг үлдэхийг хүснэ.

14Тиймийн тул Аммон хааны зүг эргэж мөн түүнд хэлэв: Ай хаантан, та намайг таны төлөө юу хийхийг хүснэв? Мөн тэдний цагийн хэмжүүрийн дагуу нэг цагийн турш хаан түүнд хариулсангүй, учир нь тэр түүнд юу хэлэх ёстойгоо мэдсэнгүй.

15Мөнхүү улиран тохиох дор Аммон түүнд дахин хэлэв: Та надаас юу хүснэв? Гэвч хаан түүнд хариулсангүй.

16Мөнхүү улиран тохиох дор Аммон, Бурханы Сүнсээр дүүргэгдсэн учир, тиймийн тул тэр хааны бодлуудыг мэдэрсэн болой. Мөн тэрээр түүнд хэлэв: Та намайг таны зарц нар болон таны сүргийг хамгаалсан, таны мал мөн таны зарц нарыг хамгаалахын тул, тэдний ах дүүсийн долоог нь дүүгүүр болон илдээр алж, мөн бусдынх нь гарыг тас цохьсоныг дуулсны учир буюу; болгоогтун, таны гайхлыг төрүүлсэн нь энэ үү

17Би танд хэлнэ, юу нь таны гайхлыг ийм ихээр төрүүлсэн билээ? Болгоогтун, би бол хүн, мөн таны зарц билээ; тиймийн тул, таны хүссэн зөв юуг боловч, би түүнийг хийх болно.

18Эдүгээ хаан энэ үгсийг дуулаад, тэрээр дахин гайхав, учир нь Аммон түүний бодлуудыг мэдэж чадсаныг болгоов; гэвч энэ нь болсон хэдий ч Лемонай хаан амаа нээж, мөн түүнд хэлэв: Та хэн билээ? Та бүх зүйлийг мэддэг Агуу Их Сүнс мөн үү

19Аммон хариулж мөн түүнд хэлэв: Би биш.

20Мөн хаан хэлэв: Та яаж миний зүрхний бодлуудыг мэдэв? Та зоригтойгоор ярьж болно, мөн энэ зүйлүүдийн талаар надад хэлж болно; мөн түүнчлэн та ямар хүчээр миний сүргийг тараасан ах дүүсийг минь алж мөн гарыг нь тас цавчсан билээ—

21Мөн эдүгээ, хэрэв та энэ зүйлүүдийн талаар надад хэлэх аваас, таны хүссэн юуг боловч би танд өгнө; мөн хэрэв энэ нь хэрэгтэй бол, би таныг өөрийн их цэргээр сахиулъя; гэвч та бол тэд бүгдээс илүү хүчтэйг би мэднэ; гэсэн хэдий ч, надаас таны хүссэн юуг боловч би танд зөвшөөрөх болно.

22Эдүгээ Аммон зальжин нэгэн; гэвч гэмгүй байсан тул, тэр Лемонайд хэлэв: Хэрэв би ямар хүчээр энэ зүйлийг хийснээ хэлбэл, та миний үгсийг анхааран сонсох уу? Мөн энэ нь танаас миний хүсэх тэр зүйл ажгуу.

23Мөн хаан түүнд хариулж, мөн хэлэв: Тийм ээ, би таны бүх л үгсэд итгэнэ, мөн тийн тэрээр заль мэхэнд нь автагдсан байв.

24Мөн Аммон зоригтойгоор түүнд ярьж эхлэв, мөн түүнд хэлсэн нь: Та Бурхан байдагт итгэдэг үү

25Мөн тэр хариулж, мөн түүнд хэлэв: Тэр нь ямар утгатайг би мэдэхгүй.

26Мөн тэгэхэд нь Аммон хэлэв: Агуу Их Сүнс байдагт та итгэдэг үү

27Мөн тэр хэлсэн нь, Тийм ээ.

28Мөн Аммон хэлсэн нь: Энэ бол Бурхан. Мөн Аммон түүнд дахин хэлэв: Бурхан болох тэр Агуу Их Сүнс тэнгэр мөн газарт байдаг бүх зүйлийг бүтээсэн гэдэгт та итгэдэг үү

29Мөн тэрээр хэлэв: Тийм ээ, газарт буй тэр бүхий л зүйлийг тэр бүтээсэн гэдэгт би итгэдэг; гэвч би тэнгэрийн тухайд мэдэхгүй.

30Мөн Аммон түүнд хэлсэн нь: Тэнгэр гэдэг нь Бурхан мөн түүний бүх ариун тэнгэр элчүүд оршдог тэр газар бөлгөө.

31Мөн Лемонай хаан хэлэв: Энэ нь газраас дээгүүр байдаг уу

32Мөн Аммон хэлэв: Тийм ээ, мөн тэрээр бүх хүмүүний үрсийн дээрээс доош хардаг; мөн тэр бүх зүрхний бодлууд хийгээд санааг мэддэг; учир нь тэд бүгд эхлэлээс түүний мутраар бүтээгдсэн ажгуу.

33Мөн Лемонай хаан хэлэв: Би таны ярьсан эдгээр зүйлд итгэлээ. Та Бурханаас илгээгдсэн үү

34Аммон түүнд хэлэв: Би бол хүн; мөн хүмүүн нь эхлэлд Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн, мөн би бол энэ хүмүүст эдгээр зүйлийг заахаар түүний Ариун Сүнсээр дуудагдсан, тэд шударга бөгөөд үнэн болох тэрхүү мэдлэгт авчрагдаж болохын тулд болой;

35Мөн мэдлэгийг, мөн түүнчлэн Бурханы талаарх миний итгэл хийгээд хүслийн дагуу хүчийг надад өгдөг Сүнсний хэсэг нь надад оршдог.

36Эдүгээ Аммон эдгээр үгсийг хэлээд дэлхийн бүтээлт, мөн түүнчлэн Адамын бүтээлтээс эхэлж, мөн түүнд хүмүүний уналтын талаар бүх зүйлийг хэлж, мөн бошиглогчдоор яригдсан хүмүүсийн цэдгүүд болон ариун судруудыг, бүр тэдний эцэг, Иерусалимыг орхисон Лихайн цагийг хүртэлх тэдгээрийг өгүүлж мөн түүний өмнө дэлгэжээ.

37Мөн тэрээр тэдэнд (тухайлбал хаанд болоод түүний зарц нарт) тэдний эцэг өвгөдийн аглаг буйд дахь бүх аянуудыг, мөн тэдний бүх өлсөж мөн цангасан зовлонгууд, мөн тэдний зүдрэлүүд гэх мэтийг, мөн тийн цааш өгүүлсэн ажгуу.

38Мөн түүнчлэн тэр Лемен болон Лемүелийн мөн Ишмэилийн хөвгүүдийн эсэргүүцлүүдийн талаар тэдэнд тоочиж, тийм ээ, тэдний бүх эсэргүүцлийг тэрээр тэдэнд өгүүлэв; мөн Лихай Иерусалимыг орхисон цагаас одоо цагийг хүртэлх бүх цэдгүүд болон судруудыг тэр тэдэнд тайлбарлав.

39Гэвч энэ нь бүгд бус; учир нь тэр тэдэнд дэлхийн үүслээс бэлтгэгдсэн, гэтэлгэлийн төлөвлөгөөг тайлбарлав; мөн түүнчлэн Христийн ирэлтийн талаар тэр тэдэнд мэдүүлж, мөн Их Эзэний бүх ажлыг тэрээр тэдэнд мэдүүлэв.

40Мөнхүү улиран тохиох дор тэр эдгээр бүх зүйлийг хэлсний, мөн тэдгээрийг хаанд тайлбарласны дараа, хаан түүний бүх үгэнд итгэсэн аж.

41Мөн тэрээр Их Эзэнд залбирч эхлэн, хэлсэн нь: Ай Их Эзэн, нигүүлсэж соёрхоно уу; Нифайн хүмүүсийн дээр байсан өөрийн өгөөмөр их нигүүлслийнхээ дагуу, надад, мөн миний хүмүүсийн дээр соёрхоно уу.

42Мөн эдүгээ, тэрээр үүнийг хэлээд тэрээр үхсэн мэт газар унав.

43Мөнхүү улиран тохиох дор түүний зарц нар түүнийг авч эхнэрт нь хүргэж, мөн орон дээр хэвтүүлэв; мөн тэрээр хоёр өдөр мөн хоёр шөнийн турш үхсэн мэт хэвтэв; мөн леменчүүдийн маягаар, түүнийг алдсанаас асар ихээр гашуудан эхнэр нь мөн хөвгүүд нь мөн охид нь түүний дээр гашуудаж байв.