Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 24

Леменчүүд Бурханы хүмүүсийн эсрэг ирэв—Антай-Нифай-Лихайчууд Христэд баясаж мөн тэнгэр элчүүдээр айлчлагдав—Тэд амиа хамгаалахаас илүүгээр үхлийг хүлцэхээр сонгов—Өөр олон леменчүүд хөрвүүлэгдэв. Ойролцоогоор мэө 90–77 он.

1Мөнхүү улиран тохиох дор Амюлоны нутагт байсан мөн Хилом нутаг дахь, мөн Иерусалим нутагт байсан, эцэст нь, эргэн тойрны бүх нутаг дахь, өөрсөд дээрээ Антай-Нифай-Лихай нэрийг аваагүй мөн хөрвүүлэгдээгүй амалекайчууд мөн амюлончууд мөн леменчүүд, амалекайчуудаар мөн амюлончуудаар ах дүүсийнхээ эсрэг уур хилэнд өдөөн хатгагдав.

2Мөн тэдний занал тэдний эсрэг үлэмж хүчтэй болж, бүр үүний хэрээр тэд хааныхаа өөдөөс эсэргүүцэж эхлэв, үүний хэрээр тэд түүнийг өөрсдийн хаан байлгахыг хүсэхгүй байв; тиймийн тул, тэд Антай-Нифай-Лихайн хүмүүсийн эсрэг зэвсэглэв.

3Эдүгээ хаан хүүгийнхээ дээр хаант улсыг шилжүүлж, мөн тэрээр хүүгийнхээ нэрийг Антай-Нифай-Лихай хэмээн нэрлэв.

4Мөн леменчүүд Бурханы хүмүүсийн эсрэг дайнд бэлтгэл хийж эхэлсэн мөнхүү жил хаан хальж одов.

5Эдүгээ Аммон болон түүний ах дүүс мөн түүнтэй хамт ирсэн тэд бүгд өөрсдийнх нь ах дүүсийг устгах гэсэн леменчүүдийн бэлтгэлийг үзээд, тэд Мидиан нутагт ирж, мөн тэнд Аммон бүх ах дүүстэйгээ уулзав; мөн тэндээсээ тэд Лемонай болон түүнчлэн түүний дүү Антай-Нифай-Лихайтай тэд леменчүүдээс өөрсдийгөө хамгаалахад юу хийвэл зохих талаар зөвлөлдөөн хийж болохын тулд Ишмэилийн нутагт ирсэн ажгуу.

6Эдүгээ Их Эзэнд хөрвүүлэгдсэн бүх хүмүүсийн дунд ах дүүсийнхээ эсрэг зэвсэг барих нэг ч бодгаль байсангүй; үгүй, тэд дайнд бүр ямар ч бэлтгэл хийхгүй байв; тийм ээ, мөн түүнчлэн хаан нь тэд тэгэх ёсгүйг тэдэнд зарлиглав.

7Эдүгээ, эдгээр нь уг хэргийн талаар хүмүүст хэлсэн түүний үгс болой: Би Бурхандаа талархана, хайрт хүмүүс минь, бидний агуу их Бурхан сайн сайхны төлөө эдгээр ах дүүсийг маань, нифайчуудыг, бидэнд номлуулж, мөн ёс бус эцэг өвгөдийн маань уламжлалуудыг бидэнд ойлгуулахаар бидэнд илгээсний учир болой.

8Мөн болгоогтун, тэрээр бид эдгээр ах дүүс, нифайчуудтай харилцааг нээхийн тулд, бидний зүрхийг зөөллөхөөр бидэнд өөрийн Сүнсний хэсгийг өгсөнд нь би агуу их Бурхандаа талархана.

9Мөн болгоогтун, энэ харилцааг нээснээр бид нүглүүдээ, мөн өөрсдийн үйлдсэн олон аллагыг ойлгосондоо би түүнчлэн Бурхандаа талархана.

10Мөн түүнчлэн би Бурхандаа талархана, тийм ээ, агуу их Бурхандаа, тэрээр эдгээр зүйлийг наманчилж болохыг бидэнд зөвшөөрсөнд нь, мөн түүнчлэн тэрээр бидний үйлдсэн олон нүглийг мөн аллагуудыг маань өршөөсөнд нь мөн өөрийн Хүүгийн сайн үйлээр, бидний зүрх сэтгэлээс гэмийг зайлуулан авсанд нь талархана.

11Мөн эдүгээ болгоогтун, ах дүүс минь, бидний хийж чадах бүхэн нь (бид бүх хүн төрөлхтнөөс хамгийн төөрөлдсөн нь байсан учир) өөрсдийн бүх нүглийг мөн үйлдсэн бүх аллагуудаа наманчилж, мөн Бурханаар тэдгээрийг зүрх сэтгэлээсээ зайлуулан авахуулах учраас, тодруулбал бидний хийж чадах бүхэн нь Бурханы өмнө тэрээр бидний толбыг зайлуулахуйц хангалттайгаар наманчлах явдал юм—

12Эдүгээ, хамгийн хайрт ах дүүс минь, Бурхан бидний толбуудыг зайлуулан авч, мөн илднүүд маань өнгөлөг болсон учир, тиймээс ах дүүсийнхээ цусаар илднүүдээ хойшид толботуулахгүй байцгаая.

13Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй, илднүүдээ ах дүүсийнхээ цусанд толботуулалгүй хадгалцгаая; учир нь магадгүй, хэрэв бид илдээ дахин толботуулах аваас тэдгээр нь агуу их Бурханы маань Хүүгийн бидний нүглүүдийн цагаатгалын улмаас урсах цусаар дахин өнгөлөгдөн угаагдах боломжгүй байх болно.

14Мөн агуу их Бурхан бидний дээр нигүүлсэнгүй байж, мөн бид мөхөхгүйн тулд эдгээр зүйлийг бидэнд мэдүүлсэн билээ; тийм ээ, мөн тэрээр эдгээр зүйлийг урьдчилан бидэнд мэдүүлсэн юм, яагаад гэвэл тэрээр хүүхдүүдэд маань хайртайн адил бидний бодгальд ч бас хайртай; тиймийн тул, ирээдүйн үеүдийн адил бидэнд ч авралын төлөвлөгөө мэдүүлэгдэж болохын тулд өөрийн нигүүлсэлд тэрээр тэнгэр элчүүдээрээ бидэнд айлчилдаг.

15Ай, бидний Бурхан хичнээн нигүүлсэнгүй билээ! Мөн эдүгээ болгоогтун, бид өөрсдөөсөө толбуудыг зайлуулан авахуулах нь бидний хийж чадах бүх зүйл байлаа, мөн бидний илд өнгөлөг болгогдсон учир, эцсийн өдөр, өөрөөр хэлбэл бид түүний өмнө шүүгдэхийн тулд зогсохоор авчрагдах тэр өдөр, тэрээр өөрийн үгийг бидэнд түгээж мөн түүгээрээ биднийг цэвэр болгосноос хойш бид илдээ ах дүүсийнхээ цусанд толботуулаагүйн гэрчлэл, тэдгээр нь Бурханд маань гэрчлэл болж, өнгөлөг хэвээрээ хадгалагдаж болохын тулд тэдгээрийг далдлан нууцгаая.

16Мөн эдүгээ, ах дүүс минь, хэрэв бидний ах дүүс биднийг устгахыг эрэлхийлсэн ч гэсэн, болгоогтун, бид илднүүдээ зайлуулан нуух болно, тийм ээ, бүр тэдгээр нь эцсийн өдөр, бид тэдгээрийг хэзээ ч хэрэглээгүйн гэрчлэл болж өнгөлөг хэвээрээ хадгалагдаж болохын тулд газрын гүнд тэдгээрийг булшлах болно; мөн хэрэв ах дүүс маань биднийг устгах аваас, болгоогтун, бид Бурхандаа очиж мөн аврагдах болно.

17Мөнхүү эдүгээ улиран тохиох дор хаан эдгээр үгийг төгсгөж, мөн бүх хүмүүс цугларахад, тэд илднүүдээ, мөн хүмүүний цус урсгахын тулд хэрэглэгдэж байсан бүх зэр зэвсгээ авч, мөн тэдгээрийг газрын гүнд булшлав.

18Мөн үүнийг хийсэн нь тэд хэзээ ч хүмүүний цусыг урсгахаар зэр зэвсэг дахин хэрэглэхгүй хэмээн Бурханд мөн түүнчлэн хүмүүнд хандсан тэдний гэрчлэл мөн гэж тэд үзсэн ажээ; мөн тэд үүнийг хийж, мөн ах дүүсийнхээ цусыг урсгахын оронд тэд амиа алдацгаах болно гэдгээ тэд Бурханд батламжлан мөн гэрээлсэн бөлгөө; мөн ах дүүгээ авснаас түүний оронд тэд өгөх болно хэмээв; мөн өөрсдийн өдрүүдээ залхаг байдалд өнгөрөөсөнд орвол өөрсдийн гараар ихэд хөдөлмөрлөх болно хэмээв.

19Мөн тийн бид, эдгээр леменчүүд итгэхэд мөн үнэнийг мэдэхэд авчрагдаж, тэд тууштай байж, мөн нүгэл үйлдэхийн оронд бүр үхлийг хүртэл зовоход бэлэн байсныг харлаа; мөн тийн тэд энх амгалангийн зэр зэвсгээ, өөрөөр хэлбэл тэд дайны зэр зэвсгээ энх амгалангийн төлөө булшилсныг бид харлаа.

20Мөнхүү улиран тохиох дор тэдний ах дүүс, леменчүүд, дайнд зориулан бэлтгэлүүдийг хийж, мөн хааныг устгах мөн түүний оронд өөрийг тавих, мөн түүнчлэн Антай-Нифай-Лихайн хүмүүсийг уг нутгаас гарган устгах зорилгоор Нифайн нутагт иржээ.

21Эдүгээ хүмүүс өөрсдийнх нь эсрэг тэдний ирж буйг хараад тэдэнтэй уулзахаар тэд гарцгаав, мөн тэдний өмнө өөрсдийгөө газарт сунан хэвтэхэд хүргэж мөн Их Эзэний нэрийг дуудаж эхлэв; мөн тийн леменчүүд тэдний зүг дайран, мөн тэднийг илдээрээ алж эхлэхэд тэд ийм байдалтай байв.

22Мөн тийн ямар ч эсэргүүцэлгүйгээр, тэдний нэгэн мянга тавыг нь алсан болой; мөн тэд адислагдсаныг бид мэднэ, учир нь тэд Бурхантайгаа оршихоор одсон билээ.

23Эдүгээ леменчүүд өөрсдийнх нь ах дүүс илднээс зугтахгүй, бас баруун эсвэл зүүн гар тийш эргэхгүй байгааг, харин тэд хэвтэж мөн эрсдэж, мөн Бурханыг, бүр илдэн дор эрсдэх яг тэр үедээ ч магтаж буйг хараад—

24Эдүгээ леменчүүд үүнийг хараад тэд тэднийг алахаа болив; мөн тэднээс олных нь зүрх сэтгэл илдэн дор унасан ах дүүсийнхээ төлөө гэгэлзэн байв, учир нь тэд хийсэн зүйлүүдийнхээ улмаас наманчилсан ажгуу.

25Мөнхүү улиран тохиох дор тэд дайны зэвсгээ, мөн тэд тэдгээрийг дахин авмааргүйгээр доош хаяв, учир нь тэд өөрсдийн үйлдсэн аллагуудын улмаас зовиурлаж байв; мөн бүр тэднийг алахаар гараа далайсан өөрсдийнх нь нигүүлсэлд хандсан өөрсдийн ах дүүс мэт тэд доош сөхрөв.

26Мөнхүү улиран тохиох дор тэр өдөр алагдсанаас Бурханы илүү олон хүмүүс нэгтгэгдэв; мөн алагдсан тэд зөв шударга хүмүүс байв, тиймийн тул тэднийг аврагдсанд эргэлзэх ямар ч шалтгаан бидэнд үгүй болой.

27Мөн ёс бус хүн тэдний дунд алагдсангүй; харин мянгаас илүү олон нь үнэний мэдлэгт авчрагдав; тийн бид Их Эзэн өөрийн хүмүүсийн авралын төлөө олон аргаар ажилладгийг харлаа.

28Эдүгээ ах дүүсээсээ олныг алсан тэдгээр леменчүүдээс хамгийн олон тоотой нь амалекайчууд болон амюлончууд байв, тэдний ихэнх нь нихорчуудын жаягийн дагуух хүмүүс байв.

29Эдүгээ, Их Эзэний хүмүүст нэгдсэн тэдний дунд, амалекайчууд эсвэл амюлончууд, эсвээс Нихорын жаягийнхнаас нэг ч байсангүй, харин тэд Лемен болон Лемүелийн жинхэнэ үр удам байв.

30Мөн тийн аливаа хүмүүс нэгэнт Бурханы Сүнсээр гэгээрүүлэгдсэний дараа, мөн зөв шударгад хамаарах зүйлсийн агуу мэдлэгтэй байсны дараа, мөн тэгээд нүгэл болон зөрчилд унасан бол, тэд илүү хатуурч, мөн тийн тэдний байдал хэрэв тэд эдгээр зүйлийг хэзээ ч мэдээгүй байснаас дор болдгийг бид тодорхойгоор олж харж чадна.