Судрууд
Алма 32


Бүлэг 32

Зүдгүүрүүд нь тэднийг даруу болгосон тэрхүү ядууст Алма заав—Итгэл нь үнэн боловч хараагүй тэрхүү зүйлд найдах найдлага юм—Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүдэд тэнгэр элч нар тохинуулдгийг Алма гэрчлэв—Алма үгийг нэгэн үртэй зүйрлэв—Энэ нь суулгагдаж мөн арчлагдах ёстой—Тэгвэл энэ нь мөнх амьдралын жимсийг хураах мод болон ургадаг. Ойролцоогоор МЭӨ 74 он.

1 Мөнхүү улиран тохиох дор тэд явж, мөн тэдний синагогуудад, мөн тэдний гэрт орж хүмүүст Бурханы үгийг номлож эхлэв; тийм ээ, мөн тэд бүр тэдний гудамжнуудад үгийг номлов.

2 Мөнхүү улиран тохиох дор тэдний дунд ихэд хөдөлмөрлөсний дараа, тэд хүмүүсийн ядуу хэсгийн дунд амжилт олж эхлэв; учир нь болгоогтун, тэд хувцасныхаа муугийн учир синагогуудаас хөөгдсөн байв—

3 Тиймийн тул бузар муугийн адил үнэлэгдсэний учир өөрсдийн синагогуудад Бурханыг шүтэхээр орох нь тэдэнд зөвшөөрөгдсөнгүй; тиймийн тул тэд ядуу байв; тийм ээ, тэд ах дүүсээрээ хаягдал мэт үнэлэгддэг байв; тиймийн тул тэд дэлхийн зүйлсээр ядуу байв; мөн түүнчлэн тэд зүрх сэтгэлдээ ч ядуу байв.

4 Эдүгээ, Алма Онида гүвээн дээр хүмүүст зааж мөн ярьж байхад, түүн дээр бидний тухайлан ярьж байсан, дэлхийн зүйлсээр ядуугийн учир зүрх сэтгэлдээ ядуу асан их олон ард ирэв.

5 Мөн тэд Алмад ирж; мөн тэдний дундаас түрүүнд нь байсан нэг нь түүнд хэлэв: Болгоогтун, миний эдгээр ах дүүс юу хийх билээ, учир нь тэд ядуу зүдүүгийнхээ учир бүх хүнд, тийм ээ, мөн ялангуяа өөрсдийн пристүүдэд ад үзэгддэг; тухайлбал, ихэд хөдөлмөрлөж өөрсдийн гараар барьсан синагогуудаас маань тэд биднийг хөөв; мөн тэд биднийг үлэмж ядуу зүдүүгийн маань учир хөөв; мөн бидэнд Бурханаа шүтэх газар алга; мөн болгоогтун бид юу хийх билээ?

6 Мөн эдүгээ Алма үүнийг дуулаад, тэрээр эргэн харж, тэрээр түүнтэй нүүр тулгарч, мөн тэрээр агуу баясалтайгаар болгоов; учир нь зүдгүүрүүд нь тэднийг үнэхээр даруу болгосныг, мөн тэд үгийг сонсоход бэлэн буйг тэрээр болгоов.

7 Тиймийн тул тэрээр нөгөө талын ардуудад дахин юу ч хэлсэнгүй; харин тэр гараа сунгаж, мөн үнэхээр гэмшсэн байдалтай байхыг нь харсан тэдэнд хашхирч, мөн тэдэнд хэлэв:

8 Та нар зүрх сэтгэлдээ даруу болохыг би болгоож байна; мөн тийм бол адислагдсан болой та нар.

9 Болгоогтун, Бид юу хийх билээ?—учир нь бид Бурханаа шүтэж чадахгүй болж синагогуудаасаа хөөгдөв хэмээн ах тань хэллээ.

10 Болгоогтун би та нарт хэлнэ, та нар зөвхөн өөрсдийн синагогуудад бус бол Бурханыг шүтэж чадахгүй хэмээн бодно уу?

11 Мөн үүнээс гадна, би асууя, та нар Бурханыг долоо хоногт зөвхөн нэг удаагаас илүү шүтэх ёсгүй хэмээн бодно уу?

12 Би та нарт хэлнэ, та нар даруухан байж болохын тулд, мөн та нар мэргэн ухааныг сурч болохын тулд, та нар синагогуудаасаа хөөгдсөн нь сайн болой; учир нь та нар мэргэн ухаанд суралцах нь чухал юм; та нар хөөгдөн, үлэмж ядуу зүдүүгийнхээ учир ах дүүсээрээ ад үзэгдсэн учир зүрх сэтгэлийн даруу байдалд авчрагдсан ажгуу; учир нь та нар зайлшгүйгээр даруу байдалд авчрагдсан бөлгөө.

13 Мөн эдүгээ, та нар даруу байхад албадуулагдсан учир адислагдсан болой; учир нь хүн заримдаа, хэрэв тэрээр даруу байхад албадуулагдсан аваас, наманчлалыг эрэлхийлдэг; мөн эдүгээ наманчилсан хэн боловч нигүүлслийг олох нь гарцаагүй; мөн нигүүлслийг олдог бас эцсийг хүртэл тэвчдэг мөнхүү тэр нь аврагдах болно.

14 Мөн эдүгээ, та нар даруу байхаар албадуулагдсан учир адислагдсан хэмээн би та нарт хэлсэнчлэн, үгийн учир өөрсдийгөө үнэхээр даруусгах тэд илүү ихээр адислагдсан хэмээн та нар бодохгүй байна уу?

15 Тийм ээ, өөрийгөө үнэхээр даруусгадаг, мөн нүглээ наманчилдаг, мөн эцсийг хүртэл тэвчдэг тэрээр, мөнхүү тэр нь адислагдах болно—тийм ээ, өөрсдийн үлэмж ядуу зүдүүгийнхээ учир даруу байхаар албадагдсан тэднээс бүр илүү ихээр адислагдсан болой.

16 Тиймийн тул, даруу байхыг албадуулалгүйгээр өөрсдийгөө даруу болгох тэд адислагдсан болой; эсвээс, өөрөөр хэлбэл, Бурханы үгэнд итгэх, мөн зүрх сэтгэлийн зөрүүдгүйгээр баптисм хүртэх, тийм ээ, итгэхээсээ өмнө үгийг мэдэхэд хүргэгдэлгүйгээр, өөрөөр хэлбэл мэдэхээр албадуулаагүй тэр нь адислагдсан болой.

17 Тийм ээ, хэрэв та бидэнд тэнгэрээс тэмдэг үзүүлбэл, тэгвэл бид гарцаагүй мэдэх болно; тэгээд бид итгэх болно хэмээн хэлэх тэд олон байдаг.

18 Эдүгээ би асууя, энэ нь итгэл гэж үү? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; учир нь хэрэв хүн аливаа зүйлийг мэддэг аваас түүнд итгэх шалтгаан үгүй, учир нь тэр үүнийг мэддэг.

19 Мөн эдүгээ, Бурханы тааллыг мэддэг бөгөөд үл хийгч тэрээр, итгэх эсвээс зөвхөн итгэх шалтгаан бүхий бөгөөд зөрчилд унадаг түүнээс хэчнээн илүүгээр зүхэгдсэн билээ?

20 Эдүгээ энэ зүйлийн талаар та нар шүүн бодох ёстой. Болгоогтун, би та нарт хэлнэ, энэ нь нэг гар дээр байгаа шиг бүр нөгөө дээр нь ч адил; мөн энэ нь хүн бүрд өөрийнх нь үйлийн дагуу байх болно.

21 Мөн эдүгээ миний итгэлийн талаар хэлсэнчлэн—итгэл бол юмсын тухай төгс мэдлэгтэй гэсэн үг биш юм; тиймийн тул хэрэв та нар итгэлтэй аваас та нар үнэн бөгөөд үл харагдах зүйлсийн тул найддаг.

22 Мөн эдүгээ, болгоогтун, би та нарт хэлнэ, Бурхан өөрийнх нь нэрэнд итгэдэг бүгдэд нигүүлсэнгүй гэдгийг та нарыг санаасай хэмээнэ би; тиймийн тул тэрээр юун түрүүнд та нарыг, тийм ээ, бүр түүний үгсэд итгээсэй хэмээн хүсдэг.

23 Мөн эдүгээ, тэрээр өөрийн үгийг тэнгэр элч нараар эрчүүдэд, тийм ээ, зөвхөн эрчүүдэд бус харин эмэгтэйчүүдэд бас мэдүүлдэг. Эдүгээ энэ нь бүгд бус; бяцхан хүүхдүүдэд ч мэргэнийг мөн эрдэмтнийг мадлах үгс олон удаа өгөгддөг.

24 Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, та нар зовж мөн хөөгдсөн учир та нар юу хийхээ надаас мэдэхийг хүссэн учир—эдүгээ би зөвхөн үнэний дагуу та нарыг шүүнэ хэмээн та нарыг бодоосой гэж хүсэхгүй байна би—

25 Учир нь та нар бүгдээрээ өөрсдийгөө даруу байхаар албадуулагдсан гэж би хэлээгүй; учир нь ямар ч нөхцөл байдалд байсан өөрсдийгөө даруу болгох зарим нь та нарын дунд байгаа гэдэгт би үнэхээр итгэж байна.

26 Эдүгээ, итгэлийн талаар—энэ нь төгс мэдлэг биш хэмээн—миний хэлсэнчлэн, үүнчлэн миний үгсийн хувьд тийм болой. Итгэл нь төгс мэдлэг бусын адил та нар эхэндээ тэдгээрийн лавтайг төгс сайнаар мэдэж чадахгүй.

27 Гэвч болгоогтун, хэрэв та нар бүр миний үгсийг туршин, сэрж мөн чадвараа сэргээх аваас, мөн итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн хэрэгжүүлэх аваас, тийм ээ, бүр та нарт итгэх хүслээс илүү нь байхгүй ч гэсэн, энэ хүслийг өөрсдөдөө, бүр та нар миний үгсийн нэгэн хэсгийг өөртөө байрлуулж чадахаар итгэх хүртлээ хөгжүүл.

28 Эдүгээ, бид үгийг үртэй зүйрлэх болно. Эдүгээ, хэрэв та нар зүрх сэтгэлд тань үр суулгагдаж болохын тулд зай тавьж өгвөөс, болгоогтун, хэрэв энэ нь үнэн үр, эсвээс энэ нь сайн үр аваас, хэрэв та нар Их Эзэний Сүнсийг эсэргүүцэн, итгэлгүй байдлаараа үүнийг та нар зайлуулахгүй аваас, болгоогтун, энэ нь та нарын цээжинд өсөж эхлэх болно; мөн та нар эдгээр өсөлтийг мэдрээд, та нар өөрсдөдөө—Энэ нь сайн үр, өөрөөр хэлбэл үг нь сайн болох нь зайлшгүй, учир нь энэ нь бодгалийг минь тэлж эхлэв; тийм ээ, энэ нь ойлголтыг минь гэгээрүүлж эхлэв, тийм ээ, энэ нь надад амтат болж эхлэв хэмээн хэлж эхлэх болно.

29 Эдүгээ болгоогтун, энэ нь та нарын итгэлийг нэмэхгүй гэж үү? Би та нарт хэлнэ, Тийм ээ; гэсэн хэдий ч энэ нь төгс мэдлэгт хүртэл ургаагүй буюу.

30 Гэвч болгоогтун, үр өсөж, мөн соёолж, мөн ургаж эхлэхэд, тэгэхэд та нар уг үр нь сайн хэмээн хэлэх нь зайлшгүй; учир нь болгоогтун, энэ нь өсөж, мөн соёолж, мөн ургаж эхэлдэг. Мөн эдүгээ, болгоогтун, энэ нь та нарын итгэлийг хүчирхэгжүүлэхгүй гэж үү? Тийм ээ, энэ нь та нарын итгэлийг хүчирхэгжүүлэх болно: Учир нь би энэ үр сайн гэдгийг мэднэ хэмээн та нар хэлэх болно; учир нь болгоогтун энэ нь соёолж мөн ургаж эхэлдэг.

31 Мөн эдүгээ, болгоогтун, энэ нь сайн үр гэдэг нь та нарт лавтай байна уу? Би та нарт хэлнэ, Тийм ээ; учир нь үр болгон өөрийнхөө нэгэн адил үрийг гаргадаг билээ.

32 Тиймийн тул, хэрэв үр ургавал энэ нь сайн, гэвч хэрэв ургахгүй бол, болгоогтун энэ нь сайн биш, тиймийн тул энэ нь хаягдах болно.

33 Мөн эдүгээ, болгоогтун, та нар туршиж үзсэн, мөн үрийг тарьсан учир, мөн энэ нь өсөж мөн соёолж, мөн ургаж эхэлсэн учир, та нар уг үр нь сайн юм гэдгийг мэдэх нь зайлшгүй.

34 Мөн эдүгээ, болгоогтун, та нарын мэдлэг төгс үү? Тийм ээ, та нарын мэдлэг тэр зүйлд төгс, мөн та нарын итгэл зогсонги; мөн энэ нь та нар мэддэгийн улмаас, үг нь та нарын бодгальд тэлсэн болохыг та нар мэддэгийн улмаас, мөн та нарын ойлголт гэгээрүүлэгдэж эхэлсэн, мөн та нарын оюун тэлж эхэлсэн учир, энэ нь соёолсныг та нар түүнчлэн мэддэгийн улмаас болой.

35 Ай тэгвэл, энэ нь бодитой бус уу? Би та нарт хэлнэ, Тийм ээ, учир нь энэ бол гэрэл; мөн ямар ч гэрэл бай, энэ нь сайн, энэ нь ялгагдахуйц учраас болой, тиймийн тул та нар сайныг нь мэдэх ёстой; мөн эдүгээ болгоогтун, та нар энэ гэрлийг амталсны дараа мэдлэг тань төгс үү?

36 Болгоогтун би та нарт хэлнэ, Үгүй; бас та нар итгэлээ орхих ёсгүй, учир нь та нар үрийг сайн эсэхийг мэдэхээр туршин үзэж болохын тулд, зөвхөн үрийг тарихад л итгэлээ хэрэгжүүлсэн билээ.

37 Мөн болгоогтун, мод ургаж эхлэхэд, та нар хэлэх болно: Энэ нь үндэслэж болохын тулд, энэ нь ургаж, мөн бидэнд жимс гаргаж болохын тулд агуу халамжаар үүнийг арчилцгаая. Мөн эдүгээ болгоогтун, хэрэв та нар үүнийг их халамжаар арчилбаас энэ нь үндэслэн, мөн ургаж, тэгээд жимс гаргах болно.

38 Гэвч хэрэв та нар уг модыг хайхралгүй, мөн үүний арчилгааны талаар эс бодвоос, болгоогтун энэ нь үндэслэхгүй байх болно; мөн нарны илч тусаж, мөн түүнийг шарж төөнөхөд, үндэсгүйн учир энэ нь хатан хувхайрч, мөн та нар үүнийг сугалж, тэгээд үүнийг хаях болно.

39 Эдүгээ, энэ нь үр сайн бус байснаас, эсвээс үүний жимс нь амтгүй байх байсан гэдгээс болсон биш юм; харин энэ нь газар чинь үржил шимгүйгээс, мөн та нар модыг арчлаагүйгээс болсон юм, тиймийн тул та нар үүний жимсийг авч чадахгүй.

40 Мөн тийн, хэрэв үүний жимсийг итгэлийн нүдээр хүсэн хүлээж та нар үгийг арчлахгүй аваас, та нар хэзээ ч амьдралын модны жимснээс түүж чадахгүй.

41 Гэвч хэрэв та нар үгийг арчилбал, тийм ээ, модыг ургаж эхлэхэд, өөрийн агуу шаргуу итгэл болон тэвчээрээр, жимсийг нь хүсэн хүлээн үүнийг арчлах аваас, энэ нь үндэслэх болно; мөн болгоогтун энэ нь үүрдийн амьдралд хүргэн нахиалах мод байх болно.

42 Мөн энэ нь та нарын дотор үндэслэж болохын тулд, та нар үгийг арчлахдаа зориулсан шаргуу байдал болон та нарын итгэл түүнчлэн та нарын тэвчээрийн учир, болгоогтун, удахгүй та нар үүний жимсийг, хамгийн эрхэм, амтат бүхнээс дээд амтат, мөн цагаан бүхнээс цагаан түүнийг, тийм ээ, цэвэр бүхнээс цэвэр түүнийг түүх болно; мөн та нар бүр цадталаа, та нар өлсөхгүй, бас цангахгүй болтлоо энэ жимснээс зооглох болно.

43 Тэгэхэд, ах дүүс минь, уг мод та нарт жимс өгөхийг хүлээж байх зуур гаргасан итгэлийнхээ, мөн шаргуу байдал, тэвчээр мөн тэсвэрийнхээ шагналыг та нар хурааж авах болно.