Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Хүү Шиблондоо өгсөн Алмагийн зарлигууд оршвой.

38 дугаар бүлэгт агуулагдав.

Бүлэг 38

Шиблон зөв шударгын төлөө хавчигдав—Дэлхийн амь мөн гэрэл болох Христэд аврал байдаг—Бүхий л дур хүслээ хазаарла. Ойролцоогоор мэө 74 он.

1Хүү минь, миний үгсэд чих тавь, учир нь би чамд хэлнэ, бүр Хиламанд хэлсний адил, та нар Бурханы зарлигуудыг дагахын хэрээр та нар уг нутагт дэгжих болно; мөн та нар Бурханы зарлигуудыг дагахгүй байхынхаа хэрээр та нар түүний дэргэдээс тусгаарлагдах болно.

2Мөн эдүгээ, хүү минь, чиний гуйвшгүй байдал мөн Бурханд итгэх итгэлийн чинь төлөө би чиний учир маш ихээр баясна гэдэгтээ найдаж байна; учир нь чи залуудаа Их Эзэн Бурхандаа хандаж эхэлсэн шигээ, тэрчлэн би чамайг түүний зарлигийг дагахаа үргэлжлүүлнэ хэмээн найддаг; учир нь эцсээ хүртэл тэвчих тэр нь адислагдах болно.

3Би чамд хэлнэ, хүү минь, би аль хэдийн чамд маш ихээр баярласан, учир нь зорамчуудын хүмүүсийн дундах чиний итгэлтэй байдал мөн чиний хичээнгүй чанар, мөн чиний тэвчээр мөн чиний удаан хугацааны тэсвэрийн учир буюу.

4Учир нь чамайг хүлүүлсэн байсныг би мэднэ; тийм ээ, мөн түүнчлэн чи үгийн төлөө чулуугаар шидүүлснийг би мэднэ; мөн Их Эзэн чамтай хамт байсан учир чи энэ бүгдийг тэвчээртэйгээр хүлцсэн; мөн эдүгээ Их Эзэн чамайг чөлөөлснийг чи мэднэ.

5Мөн эдүгээ Шиблон, хүү минь, чи Бурханд найдлага тавихын хэрээр өөрийн бэрхшээл, мөн зүдгүүр, мөн зовлонгуудаасаа ангижруулагдаж мөн эцсийн өдөр өргөгдөх болно гэдгийг чамайг санаасай хэмээнэ би.

6Эдүгээ, хүү минь, эдгээр зүйлийг би өөрийнхөөрөө мэддэг хэмээн би чамайг бүү бодоосой гэнэ, харин эдгээр зүйлийг надад мэдүүлдэг нь надад орших Бурханы Сүнс юм; учир нь хэрэв би Бурханаар төрөөгүйсэн бол би эдгээр зүйлийг мэдэхгүй байх байсан.

7Гэвч болгоогтун, Их Эзэн өөрийн агуу нигүүлсэлдээ өөрийн хүмүүсийн дундах устгалын ажлыг би зогсоох ёстой хэмээн надад тунхаглуулахаар тэнгэр элчээ илгээсэн юм; тийм ээ, мөн би тэнгэр элчийг нүүр тулан харж, мөн тэрээр надтай ярьсан, мөн түүний дуу хоолой аянга мэт байж, мөн энэ нь бүх газрыг доргиосон бөлгөө.

8Мөнхүү улиран тохиох дор би гурван өдөр мөн гурван шөнө бодгалийн хамгийн зовиуртай өвдөлт хийгээд шаналалд байв; мөн хэзээ ч, би Их Эзэн Есүс Христэд нигүүлслийн тул залбиран гуйх хүртлээ, би нүглүүдийнхээ ангижралыг хүлээн аваагүй билээ. Гэвч болгоогтун, би түүнээс залбиран гуйж тэгээд өөрийн бодгальд амгаланг олсон билээ.

9Мөн эдүгээ, хүү минь, чи мэргэн ухаанд суралцаж болно хэмээн, чи зөвхөн Христэд мөн түүгээр бус аваас хүмүүн аврагдаж чадах өөр зам эсвээс арга үгүй гэдгийг надаас суралцаж болохын тул би үүнийг чамд хэлэв. Болгоогтун, тэр бол дэлхийн амь мөн гэрэл билээ. Болгоогтун, тэр бол үнэн хийгээд зөв шударгын үг билээ.

10Мөн эдүгээ, чи үгийг зааж эхэлсэн шигээ, тэрчлэн би чамайг үргэлжлүүлэн заагаасай хэмээнэ; мөн чамайг бүх зүйлд хичээнгүй мөн өөрийгөө захирах чадвартай байгаасай хэмээнэ би.

11Бардамналд хөөрөхгүйгээ мэд; тийм ээ, өөрийн мэргэн ухаанд, бас өөрийн их хүчээр сагсуурахгүй байхаа мэд.

12Зоригийг хэрэглэ, гэвч бүү дээрэлх; мөн түүнчлэн чи хайраар дүүргэгдэж болохын тулд бүх хүслээ хазаарлахыг мэдээрэй; чи залхаг байдлаас татгалзахыг мэдээрэй.

13Зорамчуудын адил бүү залбир, учир нь тэд хүмүүнд сонсгохоор мөн өөрсдийн мэргэн ухааныг магтуулахаар залбирдгийг чи харсан болой.

14Ай Бурхан, бид ах дүүсээсээ илүү учир танд би талархъя гэж бүү хэл; харин: Ай Их Эзэн, миний зохисгүйг өршөө, мөн ах дүүсийг минь нигүүлслээрээ санаач хэмээн хэл—тийм ээ, Бурханы өмнө зохисгүй байдлаа цаг үргэлж хүлээж бай.

15Мөн Их Эзэн бодгалийг чинь адисалж мөн амгалан суулгахаар чамайг өөрийн хаант улсад эцсийн өдөр хүлээн авах болтугай. Эдүгээ явагтун, хүү минь, мөн үгийг энэ хүмүүст заагтун. Чанд байгтун. Хүү минь, сайныг ерөөе.