Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Хүү Кориантондоо өгсөн Алмагийн зарлигууд оршвой.

39-өөс 42 дугаар бүлэгт агуулагдав.

Бүлэг 39

Хурьцлын нүгэл нь жигшүүрт хэрэг мөн—Кориантоны нүглүүд үгийг хүлээн авахаас зорамчуудыг түдгэлзүүлэв—Христийн гэтэлгэл бол үүнээс урьдах тэднийг ч итгэлээр нь аврахад хүчинтэй. Ойролцоогоор мэө 74 он.

1Мөн эдүгээ, хүү минь, ахад чинь хэлснээс өөр хэлэх зарим нэгэн зүйл надад байна; учир нь болгоогтун, Бурханы зарлигуудыг дагах ахынхаа тууштай байдал, түүний итгэл дүүрэн байдал, мөн түүний хичээнгүй чанарыг чи анхаараагүй гэж үү? Болгоогтун, тэр чамд сайн үлгэр жишээ үзүүлээгүй гэж үү

2Учир нь чи ахынхтайгаа адил тийм их анхаарлыг, Зорамын хүмүүсийн дунд миний үгсэд хандуулаагүй. Эдүгээ энэ бол чамайг шүүмжлэх миний зүйл; чи өөрийн хүч мөн өөрийн мэргэн ухаанд сагсуурч байсан болой.

3Мөн энэ нь бүгд бус, хүү минь. Чи надад харамсалтай болох түүнийг хийсэн; учир нь чи тохинууллыг орхиж, мөн леменчүүдийн хилийн ойролцоох Широны нутаг тийш янхан эм Изабелын араас одсон шүү дээ.

4Тийм ээ, тэр эмэгтэй олон эрийн зүрх сэтгэлийг хулгайлсан, гэвч энэ нь шалтаг биш юм, хүү минь. Чи өөрт даатгагдан хүлээлгэсэн тэр тохинууллыг анхаарах ёстой байсан.

5Хүү минь, Их Эзэний мэлмийд эдгээр зүйл жигшүүрт хэрэг гэдгийг; тийм ээ, гэмгүй цусыг урсгах эсвээс Ариун Сүнсийг үгүйсгэхээс бусад бүх нүглүүдээс хамгийн жигшүүрт зүйл болохыг чи мэдэхгүй гэж үү

6Учир нь болгоогтун, хэрэв чамд нэгэнтээ оршиж байсан, мөн чи үүнийг мэдэх атал Ариун Сүнсийг чи үгүйсгэх аваас, болгоогтун, энэ бол уучлагдашгүй нүгэл мөн; тийм ээ, мөн Бурханы гэрэл болон мэдлэгийн эсрэг аллага хийдэг хэн боловч, өршөөлийг хүртэх нь амар бус байна; тийм ээ, хүү минь, өршөөлийг хүртэх нь түүнд амар бус байна гэдгийг би чамд хэлнэ.

7Мөн эдүгээ, хүү минь, ийм агуу гэмт үйлд чамайг буруугүй байсан болоосой хэмээн би Бурханд хандана. Хэрэв энэ нь чиний тусын тулд байгаагүйсэн бол, би гэмт үйлүүдийг чинь нуршин, сэтгэлийг чинь шаналгахгүй сэн.

8Гэвч болгоогтун, чи өөрийн гэмт үйлүүдийг Бурханаас нууж чадахгүй; мөн чи наманчлахгүй аваас тэдгээр нь эцсийн өдөр чиний эсрэг гэрчлэл болон босох болно.

9Эдүгээ хүү минь, би чамайг наманчлаасай мөн нүглүүдээ орхиосой, мөн нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яваасай, харин эдгээр бүх зүйлийг өөртөө хориглоосой хэмээнэ; учир нь чи үүнийг хийхгүйгээр Бурханы хаант улсыг өвлөх аргагүй. Ай санагтун, үүнийг өөр дээрээ авч, мөн эдгээр зүйлд өөртөө хориг тавь.

10Мөн би зорьсон үйлүүдийнхээ талаар ах нартайгаа зөвлөхийг өөртөө хүлээхийг чамд зарлиг болгож байна; учир нь болгоогтун, чи залуугаараа байна, мөн чамд ах нараараа залуулж заалгаж байх хэрэгцээ бий. Мөн тэдний зөвлөгөөг анхаарагтун.

11Өөрийгөө ямар нэг хоосон эсвэл мунхаг зүйлд удирдуулахыг бүү тэвч; чөтгөр зүрх сэтгэлийг чинь тэдгээр ёс бус янхан эмсийн хойноос дахин зайцуулан удирдахыг бүү тэвч. Болгоогтун, ай хүү минь, зорамчуудын дээр чи ямар их алдсыг авчирсан билээ; учир нь тэд чиний биеэ авч явахыг хараад миний үгсэд итгэхгүй байсан буйза.

12Мөн эдүгээ Их Эзэний Сүнс надад хэлж байна: Хүүхдүүддээ сайныг хийхийг зарлигла, эс тэгвээс тэд олон хүмүүний зүрх сэтгэлийг устгал уруу удирдахвий; тиймийн тул, хүү минь, Бурханаас эмээх айдаст, чи алдсуудаасаа түдгэлзэх ёстойг би чамд зарлиглана;

13Чи өөрийн бүх оюун, хүч мөн чадлаараа Их Эзэнд хандахыг; чи өөр хэний ч зүрх сэтгэлийг дахин ёс бусыг үйлдэхэд дагуулахгүй байхыг; харин үүний оронд тэдэнд эргэн очиж, мөн өөрийн алдаанууд хийгээд өөрийн үйлдсэн бурууг хүлээхийг буюу.

14Баялгийг болон энэ дэлхийн хоосон зүйлсийг бүү эрэлхийл; учир нь болгоогтун, чи тэдгээрийг өөртэйгээ аваад явж чадахгүй.

15Мөн эдүгээ, хүү минь, би чамд Христийн ирэлтийн талаар зарим нэгийг хэлэхийг хүснэ. Болгоогтун, би чамд хэлнэ, дэлхийн нүглүүдийг зайлуулан авахаар гарцаагүй ирэх нь тэр юм; тийм ээ, тэр өөрийн хүмүүст авралын баярт мэдээг тунхаглахаар ирэх бөлгөө.

16Мөн эдүгээ, хүү минь, эдгээр баярт мэдээг энэ хүмүүст тунхаглахаар, тэдний оюуныг бэлтгэхээр чиний дуудагдсан тохинуулал энэ байв; өөрөөр хэлбэл тэдний дээр аврал ирж болохын тулд, тэд хүүхдүүдийнхээ оюуныг түүний ирэлтийн үед үгийг сонсгоход бэлтгэж болохын тулд буюу.

17Мөн эдүгээ би үүний тухайд чиний санааг амраая. Болгоогтун, чи эдгээр зүйл яагаад ийм эртнээс мэдэгдэх ёстойд гайхаж буй. Болгоогтун, би чамд хэлнэ, Бурханд энэ үеийн бодгаль түүний ирэлтийн үед байх бодгалийн адил эрхэм бус уу

18Гэтэлгэлийн төлөвлөгөө энэ хүмүүст мэдүүлэгдэх нь тэдний хүүхдүүдэд мэдүүлэгдсэн байхтай нэгэн адил зайлшгүй бус уу

19Энэ цагт Их Эзэн эдгээр баярт мэдээг тунхаглуулахаар тэнгэр элчээ хүүхдүүдэд минь илгээхийн адил, өөрөөр хэлбэл түүний ирэлтийн дараах үеийн адил бидэнд ч илгээх нь амархан бус гэж үү