Судрууд
Мормоны Ном


Алмагийн НомАЛМАГИЙН ХҮҮ АСАН

Бүлэг 56

Леменчүүдтэй хийж буй дайны байдлын тухай захидлыг Хиламан Моронайд илгээв—Антипус, Хиламан нар леменчүүдийн дээр агуу ялалт байгуулав—Хиламаны хоёр мянган залуу хөвгүүд гайхамшигтай хүчээр тулалдаж, тэдний хэн нь ч алагдсангүй. 1 дүгээр хэсэг ойролцоогоор мэө 62 он; 2–19 дүгээр хэсэг ойролцоогоор мэө 66 он; мөн 20–57 дугаар хэсэг ойролцоогоор мэө 65–64 он.

1Мөнхүү эдүгээ улиран тохиох дор шүүгчдийн засаглалын гуч дахь оны эхэнд, эхний сарын хоёр дахь өдөр, Моронай уг нутгийн тэрхүү хэсэг дэх хүмүүсийн хэрэг явдлыг тэмдэглэсэн захидлыг Хиламанаас хүлээн авлаа.

2Мөн түүний бичсэн үгс нь эдгээр бөлгөө, өгүүлсэн нь: Их Эзэний хувьд түүнчлэн дайн тулаан дахь зовлон бэрхшээлүүдийн хувьд ч эрхэм хайрт ах Моронай минь; болгоогтун, хайрт ах минь, уг нутгийн энэ хэсэг дэх бидний дайны талаар танд хэлэх зарим зүйл надад байна.

3Болгоогтун, Нифайн нутгаас доош Аммоны авчирсан хүмүүсийн хоёр мянган хөвгүүд—эдүгээ тэд бол бидний өвөг Лихайн ууган хүү асан лемений удам байсныг та мэдэж байгаа;

4Эдүгээ тэдний уламжлалуудын эсвэл тэдний итгэлгүйн талаар танд давтах нь надад хэрэггүй, учир нь та эдгээр бүх зүйлийн талаар мэднэ—

5Тиймийн тул эдгээр залуу эрсийн хоёр мянга нь дайны зэвсгүүдээ агсаж, мөн намайг удирдагчаа болоосой хэмээснийг би танд хэлэх нь хангалттай; мөн бид улс орноо хамгаалахаар урагшлан ирсэн билээ.

6Мөн эдүгээ тэдний эцгүүд тэд ах дүүсийнхээ эсрэг цус урсгахаар дайны зэр зэвсгээ агсахгүй хэмээн хийсэн гэрээний талаар та түүнчлэн мэднэ.

7Гэвч хорин зургадугаар онд, тэд өөрсдийнх нь төлөө гэх бидний зүдгүүрүүд хийгээд бидний бэрхшээлүүдийг хараад, тэд хийсэн гэрээгээ цуцалж мөн биднийг хамгаалахын тулд дайны зэвсгүүдээ агсах гэж байв.

8Гэвч тэд хийсэн гэрээгээ цуцлахыг би тэдэнд зөвшөөрөхгүй байв, Бурхан биднийг хүчирхэгжүүлэх буйза, иймээс тэд тавьсан тангаргаа биелүүлэхийн учир бид илүү ихээр зовохгүй байх болно хэмээн би бодсоноос буюу.

9Гэвч болгоогтун, бид агуу баяртай байж болох нэгэн зүйл энэ байна. Учир нь болгоогтун, хорин зургадугаар онд, би, Хиламан, эдгээр хоёр мянган залуу эрсийн тэргүүнд Иуда хотод, уг нутгийн тэр хэсгийн хүмүүсийн дээр таны удирдагчаар нь тохоосон Антипуст туслахаар жагсан одсон билээ.

10Мөн хүчинд нь Антипус үлэмж баяссан тэр хоёр мянган хөвгүүдийг, (учир нь тэд хөвгүүд гэж нэрлэгдэхээр зохистой билээ) Антипусын их цэрэгт нэгтгэв; учир нь болгоогтун, леменчүүдээр түүний их цэрэг багасгагдсан байж, учир нь тэдний цэргүүд бидний эрчүүдээс тоолшгүй олныг нь алсан юм, үүний улмаас бидэнд гашуудах шалтгаан буй.

11Гэсэн хэдий ч, бид энэ зүйлийн хувьд сэтгэлээ тайтгаруулж болох нь, тэд улс орон мөн Бурханыхаа хөдөлгөөний төлөө амь эрсэдсэн юм, тийм ээ, мөн тэд баяртай байгаа.

12Мөн түүнчлэн леменчүүд олон хоригдлыг, бүгд ерөнхий ахмадууд болох тэднийг авч үлдсэн байв, учир нь өөр хэний ч амийг тэд хэлтрүүлсэнгүй. Мөн эдүгээ тэд энэ үед Нифайн нутагт байгаа хэмээн бид бодно; хэрэв тэд алагдаагүй бол энэ нь ийм буйза.

13Мөн эдүгээ маш олон баатарлаг эрсийн маань цусыг урсгаснаар леменчүүдийн эзэмшилдээ авсан хотууд нь эдгээр болой:

14Мантай нутаг, өөрөөр хэлбэл Мантай хот, мөн Зиезром хот, мөн Кууманай хот, мөн Антипара хот юм.

15Мөн эдгээр нь намайг Иуда хотод хүрч ирэхэд тэдний эзэмшиж байсан тэр хотууд юм; мөн уг хотыг бэхлэн хамгаалахаар чадлаараа хөдөлмөрлөж байхад нь би Антипус болон түүний хүмүүсийг олов.

16Тийм ээ, мөн тэд сэтгэлээрээ, үүний нэгэн адил биеэрээ ч сульдсан байв; учир нь тэд өдөр нь баатарлагаар тулалдаж, шөнө нь хотуудаа хадгалан хамгаалахаар хөдөлмөрлөж байв; мөн тийн тэд төрөл бүрийн агуу зовлонгуудыг тэвчсэн ажээ.

17Мөн эдүгээ тэд энэ газарт ялах эс бөгөөс үхэхээр хатуу шийдсэн байв; тиймийн тул миний өөртэйгөө авчирсан тэр багахан хүч, тийм ээ, миний тэдгээр хөвгүүд, тэдэнд агуу найдлага хийгээд их баясал өгсөн хэмээн та ойлговол болно.

18Мөн эдүгээ улиран тохиох дор Антипус их цэрэгтээ нэмэгдэл хүч хүлээн авсныг леменчүүд хараад, тэд Иуда хотын эсрэг, өөрөөр хэлбэл бидний эсрэг тулалдахаар ирэхгүй байхыг Аммороны тушаалаар албадуулагдав.

19Мөн бид Их Эзэний ээл хишгийг хүртэв; учир нь тэд энэ сул дорой байдалд маань бидний дээр ирсэн бол багахан цэргийг маань устгах байсан байж магад; гэвч бид тийн хамгаалагдав.

20Тэд авсан тэр хотуудаа хадгалан хамгаалахыг Аммороноор зарлиг болгогдов. Мөн хорин зургадугаар он ийн төгсөв. Мөн хорин долдугаар оны эхэнд бид хотоо мөн өөрсдийгөө батлан хамгаалахад бэлтгэсэн байв.

21Эдүгээ бид леменчүүдийг бидний дээр ирээсэй хэмээх хүсэлтэй байв; учир нь бид тэдний хориглолтонд тэднийг довтлох хүсэлгүй байв.

22Мөнхүү улиран тохиох дор тэд шөнөөр бас өдрөөр умард дахь манай бусад хотуудад дайралт хийхээр биднийг өнгөрөхгүй байхын тулд бид эргэн тойрондоо, леменчүүдийн хөдөлгөөнүүдийг ажиглуулахаар тандуулуудыг байлгаж байв.

23Учир нь тэд тэр хотууддаа тэдэнтэй тулгарахад хангалттай хүчтэй байгаагүйг бид мэдэж байв; тиймийн тул хэрэв тэд бидний дэргэдүүр өнгөрвөл, бид тэдний араас нь, мөн тийн тэд урдаасаа тулгарахад нь бас нэгэн зэрэг араас нь довтлох буюу дайрах хүсэлтэй байв. Бид тэднийг дийлж чадна хэмээн бодож байв; гэвч болгоогтун, бидний энэ хүсэл бүтсэнгүй.

24Тэд бүх их цэрэгтэйгээ ч бидний дэргэдүүр өнгөрч зүрхэлсэнгүй бас хэсгээрээ ч зүрхэлсэнгүй, тэд хангалттай хүчтэй байгаагүй болохоор тэд унах вий хэмээсэн бөлгөө.

25Тэд бас Зарахемла хотын эсрэг жагсан очиж ч зүрхэлсэнгүй; бас тэд Нифайха хотын зүг, Сидон голын эхийг гаталж ч зүрхэлсэнгүй.

26Мөн тийн, тэд хүчээрээ, өөрсдийн авсан хотуудыг хадгалан хамгаалахаар хатуу шийдсэн байв.

27Мөн эдүгээ улиран тохиох дор энэ оны хоёр дахь сард, тэдгээр хоёр мянган хөвгүүдийн минь эцгүүдээс хүнсний нөөц бидэнд авчрагдав.

28Мөн түүнчлэн Зарахемла нутгаас хоёр мянган эрс бидэнд илгээгдэв. Мөн тийн бид арван мянган эрсээр мөн тэдэнд, мөн түүнчлэн тэдний эхнэр мөн хүүхдэд нь зориулагдсан хүнсээр бид бэлтгэгдэв.

29Мөн леменчүүд, бидний хүч өдөр бүр нэмэгдсээр, мөн биднийг дэмжих хүнс ирсээр буйг тийн харснаас, тэд айж эхлэв, мөн хэрэв боломжтойсон бол бидний хангамжууд мөн хүчийг хүлээн авахыг төгсгөл болгохоор дайрч эхлэв.

30Эдүгээ бид леменчүүд үүндээ тэвдэж эхэлж буйг үзээд, бид тэдний дээр нэгэн зальт арга хэрэгжүүлэхийг хүсч байв; тиймийн тул Антипус намайг залуу хөвгүүдтэйгээ зэргэлдээх нэгэн хот уруу хүнс зөөж байгаа мэтээр, зэргэлдээх хотын зүг жагсан одохыг тушаав.

31Мөн бид Антипара хотын дэргэдүүр, тэнгисийн эргээр хиллэдэг цаадах хотынх нь зүг явах гэж байгаа мэтээр, жагсан алхах ёстой байв.

32Мөнхүү улиран тохиох дор бид хүнстэйгээ байгаа мэтээр, уг хот уруу жагсан алхав.

33Мөнхүү улиран тохиох дор үлдэгдлийг нь уг хотыг хамгаалуулахын тулд орхиод Антипус их цэргийнхээ нэг хэсэгтэй жагсан одов. Гэвч намайг багахан цэрэгтэйгээ явж мөн Антипара хотын дэргэд ирэх хүртэл тэрээр жагсан гарч ирсэнгүй.

34Мөн эдүгээ, Антипара хотод Леменчүүдийн хамгийн хүчирхэг цэрэг; тийм ээ, хамгийн олон тоотой нь байрласан байв.

35Мөнхүү улиран тохиох дор тэд тандуулуудаараа мэдээлэгдсэний дараа, тэд их цэрэгтэйгээ урагшилж мөн бидний эсрэг жагсан ирэв.

36Мөнхүү улиран тохиох дор бид тэдний өмнө нь, умардад зугтав. Мөн бид леменчүүдийн хамгийн хүчирхэг цэргийг тийн холдуулан удирдсан болой;

37Тийм ээ, бүр нилээд их зайд, тэгсний хэрээр тэд Антипусын их цэрэг тэднийг чадлаараа мөрдөж байгааг хараад, тэд баруун тийшээ ч мөн зүүн тийшээ ч эргэсэнгүй, харин бидний араас шулуухан давшихаа үргэлжлүүлэв; мөн, бидний бодсоноор, Антипус тэднийг гүйцэхээс урьд биднийг хөнөөх нь, мөн энэ нь тэд манай хүмүүсээр бүслэгдэхгүйн тулд тэдний зорилго байв.

38Мөн эдүгээ Антипус, бидэнд тулгарсан аюулыг болгоож, их цэргийнхээ алхааг түргэсгэв. Гэвч болгоогтун, энэ нь шөнө байв; тиймийн тул тэд биднийг гүйцсэнгүй, бас Антипус ч тэднийг гүйцсэнгүй; тиймийн тул бид хоноглохоор буудаллав.

39Мөнхүү улиран тохиох дор үүр цайхаас өмнө, болгоогтун, леменчүүд биднийг мөрдөж байв. Эдүгээ бид тэдэнтэй тэмцэлдэхэд хангалттай хүчирхэг байсангүй; тийм ээ, залуу хөвгүүд маань тэдний гарт орохыг би хүлцэхгүй байв; тиймийн тул бид жагсан явахаа үргэлжлүүлж, мөн бид аглаг буйд тийш жагсан одов.

40Эдүгээ тэд бүслэгдэх болуузай хэмээснээс тэд баруун тийшээ ч бас зүүн тийшээ ч эргэж зүрхэлсэнгүй; тэд намайг гүйцэж мөн бид тэдний эсрэг зогсож чадахгүй, харин алагдаж, мөн тэд оргох вий хэмээснээс би ч бас баруун тийш ч, бас зүүн тийш ч эргэхгүй байв; мөн бид тийн бүхэл өдрийн турш бүр харанхуй болтол аглаг буйд тийш зугтав.

41Мөнхүү улиран тохиох дор дахин, өглөөний гэгээ ороход леменчүүд бидний дээр ирж буйг бид хараад, мөн бид тэдний өмнө зугтав.

42Гэвч улиран тохиох дор тэд биднийг хол биш мөрдөөд зогсов; мөн энэ нь долдугаар сарын гурав дахь өдрийн өглөө байв.

43Мөн эдүгээ, тэд Антипусаар гүйцэгдсэн эсэхийг бид мэдсэнгүй, гэвч би хүмүүстээ хэлэв: Болгоогтун, тэд биднийг урхиндаа оруулж болохын тулд, биднийг өөрсдийнхөө эсрэг ирүүлэх зорилгоор азнан зогссон эсэхийг бид мэдэхгүй;

44Тиймийн тул та нар юу хэлнэ, хөвгүүд минь, та нар тэдний эсрэг тулалдахаар явах уу

45Мөн эдүгээ би танд хэлье, хайрт ах Моронай минь, би хэзээ ч тийм агуу зоригийг үзээгүй, үгүй, бүх нифайчуудын дунд ч үгүй билээ.

46Өөрөөр хэлбэл би тэднийг хөвгүүд минь хэмээн үргэлж дуудах болсон шиг (учир нь тэд бүгд маш залуу байв) тэрчлэн тэд надад хэлэв: Эцэг минь, Бурхан минь бид хамт гэдгийг болгоогтун, мөн тэрээр бидний унахыг хүлцэхгүй; тэгвэл биднийг урагш давшихыг зөвшөөрөөч; хэрэв тэд биднийг зүгээр орхивол бид ах дүүсээ хөнөөхгүй; тиймийн тул, тэд Антипусын их цэргийг давамгайлах болуузай хэмээн явахыг маань зөвшөөрөөч.

47Эдүгээ тэд хэзээ ч тулалдаж байсангүй, гэсэн хэдий ч тэд үхлээс айсангүй; мөн тэд аминаасаа илүүтэйгээр эцгүүдийнхээ эрх чөлөөг бодож байв; тийм ээ, хэрэв тэд эргэлзэхгүй аваас, Бурхан тэднийг чөлөөлнө гэдэгт тэд эхчүүдээрээ сургагдсан байлаа.

48Мөн тэд эхчүүдийнхээ үгсийг надад давтаж, хэлсэн нь: Эхчүүд маань үүнийг мэдэж байсан гэдэгт бид эргэлзэхгүй байна.

49Мөнхүү улиран тохиох дор биднийг мөрдөж асан леменчүүдийн эсрэг өөрийн хоёр мянгатай хамт би эргэж очлоо. Мөн эдүгээ болгоогтун, Антипусын их цэрэг тэднийг гүйцсэн байв, мөн аймшигт тулаан эхлэх нь тэр.

50Ийм богино хугацаанд урт замыг туулсан учир, Антипусын их цэрэг ядарснаас, леменчүүдийн гарт орох магадгүй байв; мөн хэрэв би өөрийн хоёр мянгатайгаа эргэж ирээгүй бол леменчүүд зорилгодоо хүрч болохоор байв.

51Учир нь, Антипус мөн түүний удирдагчдаас олон нь, илдэнд өртөж унасан байв, жагсан алхсан хурдаасаа болсон ядралынхаа улмаас буюу—тиймийн тул Антипусын хүмүүс, удирдагчдынхаа уналтын учир самгардсанаас, леменчүүдийн өмнө ухарч эхлэв.

52Мөнхүү улиран тохиох дор леменчүүд зоригжин, мөн тэднийг мөрдөж эхлэв; мөн леменчүүд тийн тэднийг эрч хүчтэйгээр мөрдөж байхад Хиламан тэдний араас нь өөрийн хоёр мянгатайгаа ирж, мөн тэднийг үлэмж ихээр хөнөөж эхлэв, үүний хэрээр леменчүүдийн бүх их цэрэг зогсож мөн Хиламаны зүг эргэв.

53Эдүгээ леменчүүд цааш хандан эргэснийг Антипусын хүмүүс хараад, тэд эрчүүдээ нэгтгэн цуглуулж мөн леменчүүдийн ар талаас дахин ирэв.

54Мөн эдүгээ улиран тохиох дор бид, Нифайн хүмүүс, Антипусын хүмүүс, мөн би хоёр мянгатайгаа, леменчүүдийг бүсэлж, мөн тэднийг хөнөөв; тийм ээ, үүний хэрээр тэд дайны зэвсгүүдээ мөн түүнчлэн өөрсдийгөө дайны олзлогдогсод болгон өгөхөөр албадуулагдав.

55Мөн эдүгээ улиран тохиох дор тэд өөрсдийгөө бидэнд тушаан өгснийх нь дараа, болгоогтун, би надтай хамт тулалдсан тэдгээр залуу эрчүүдээ, тэднээс олон нь алагдсан байх хэмээн айснаас тоолов.

56Гэвч болгоогтун, их баяслыг минь төрүүлэн, тэднээс нэг ч бодгаль газарт унаагүй байв; тийм ээ, мөн тэд Бурханы хүчтэй хамт мэт тулалдсан байв; тийм ээ, хүмүүн тийм гайхамшигтай хүчээр тулалдаж байсан нь хэзээ ч үзэгдэж байсангүй; мөн тэд тэднийг айлгаж ийм агуу хүчтэйгээр тэд леменчүүдийн дээр буусан бөлгөө; мөн энэ шалтгааны учир леменчүүд өөрсдийгөө дайны олзлогдогсод болгон өгсөн болой.

57Мөн бид тэднийг леменчүүдийн их цэргээс зайдуу байлгахаар харгалзаж болохоор, олзлогдогсдод зориулсан байр бидэнд байгаагүй учир, тиймийн тул бид тэднийг, Антипусын алагдаагүй үлдсэн эрчүүдийн нэгэн хэсэгтэй хамт Зарахемла нутаг уруу илгээв; мөн үлдэгдлийг нь би авч мөн залуу аммончуудтайгаа тэднийг нэгтгээд, мөн Иуда хотын зүг буцаж жагсан одов.