Судрууд
Мормоны Ном


Иферийн Ном

Бүлэг 6

Жаредчуудын хөлгүүд салхинд туугдан амлагдсан нутагт хүрэв—Сайн сайхных нь учир хүмүүс Их Эзэнийг магтан дуулав—Ораиха тэдний дээр хаан болохоор томилогдов—Жаред болон түүний ах нас эцэслэв.

1Мөн эдүгээ, би, Моронай, Жаред болон түүний ахын цэдгийг үргэлжлүүлсүгэй.

2Учир нь улиран тохиох дор уул өөд Жаредын ахын өргөж гаргасан чулуунуудыг бэлтгэсний дараа, Жаредын ах уулан дээрээс буун ирж, мөн тэрээр бэлтгэгдсэн хөлгүүд дотроо уг чулуунуудыг Их Эзэн хоёр үзүүрт нь нэг нэгийг тавьжээ; мөн болгоогтун, тэдгээр нь хөлгүүдэд гэрэл өгсөн ажээ.

3Мөн тийн Их Эзэн чулуунуудыг харанхуйд гэрэлтэн, эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд, тэд их усыг харанхуйд гатлахгүй байж болохын тулд, гэрэл өгөх болгосон бөлгөө.

4Мөнхүү улиран тохиох дор тэд усан дээр амь зууж болохын тулд, тэд бүхий л төрлийн хоол ундыг, мөн бог болон бод малдаа хүнс тэжээлийг мөн өөрсөдтэйгөө авч явах ёстой аливаа амьтан жигүүртнийг бэлтгээд—мөнхүү улиран тохиох дор эдгээр бүх зүйлийг гүйцэлдүүлснийхээ дараа тэд хөлөг онгоц мөн усан онгоцон дээрээ гарцгаан, мөн өөрсдийгөө Их Эзэн Бурхандаа даатгаад, далайд хөвж одов.

5Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Бурхан, амлагдсан нутгийн зүг усан дээгүүр ширүүн салхи үлээж байхаар болгосон аж; мөн тийн тэд салхины өмнө далайн давалгаанд шидэгдэн явав.

6Мөнхүү улиран тохиох дор тэдний дээр задрах уулс мэт давалгаанууд, мөн түүнчлэн салхины догшноос үүссэн агуу хийгээд аймшигт их шуургануудаас болон далайн гүнд тэд олонтаа автагдсан бөлгөө.

7Мөнхүү улиран тохиох дор тэдний хөлөг таваг лугаа адил нягт, мөн тэд Ноагийн хөлөг онгоц лугаа адил нягт байсан тул гүнд автагдахад нь ус тэднийг огтхон ч гэмтээж эс чадав; тиймийн тул тэд их усанд хучигдсан үедээ Их Эзэнд залбиран гуйж, мөн тэрбээр тэднийг дахин усны мандал дээр гаргаж байв.

8Мөнхүү улиран тохиох дор тэднийг усны мандал дээр байх үест салхи амлагдсан нутаг тийш үлээхээ хэзээ ч зогссонгүй; мөн тийн тэд салхины өмнө урагш туугдсан авай.

9Мөн тэд Их Эзэнийг магтан дуулж байв; тийм ээ, Жаредын ах Их Эзэнийг магтан дуулсан буюу, мөн тэрээр бүх л өдрийн турш Их Эзэнд талархан мөн магтаж байв, мөн шөнө болоход, тэд Их Эзэнийг магтахаа зогссонгүй.

10Мөн тийн тэд урагш туугдаж байв; мөн далайн ямар ч мангас тэднийг сүйтгэж, ямар ч халим тэднийг гэмтээж чадсангүй; мөн тэд усан дээр ч, мөн усан дор ч байсан тэд үргэлжид гэрэлтэй байлаа.

11Мөн тийн тэд гурван зуун дөчин дөрвөн өдөр усан дээр урагш туугджээ.

12Мөн тэд амлагдсан нутгийн эрэгт газардав. Мөн амлагдсан нутгийн эрэгт тэд хөл тавиад, тэдэнд түүний үзүүлсэн эрхэм их нигүүлслийн улмаас, тэд газрын гадаргуу доош өөрсдөө мэхийн, мөн Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусган, мөн Их Эзэний өмнө баяр хөөрийн нулимс дуслуулсан бөлгөө.

13Мөнхүү улиран тохиох дор тэд нутгийн гадаргуу дээгүүр явж, мөн газраа боловсруулж эхлэв.

14Мөн Жаред дөрвөн хүүтэй болов, мөн тэд Жеком, мөн Гилга, мөн Маха, мөн Ораиха хэмээн нэрлэгдсэн бөлгөө.

15Мөн Жаредын ах нь түүнчлэн хөвгүүд охидтой болсон ажгуу.

16Мөн Жаредын мөн түүний ахын найзууд хорин хоёр тооны бодгаль байлаа; мөн тэд түүнчлэн амлагдсан нутагт ирэхийнхээ өмнө хөвгүүд охидыг төрүүлсэн бөлгөө; мөн тиймийн тул тэд олон болж эхлэв.

17Мөн тэд Их Эзэний өмнө даруухнаар алхахыг заалгав; мөн тэд дээрээс түүнчлэн заалгасан байв.

18Мөнхүү улиран тохиох дор тэд нутгийн гадаргуу дээгүүр тархаж, мөн үржиж мөн газраа боловсруулж эхлэн; мөн нутагтаа тэд хүчирхэгжжээ.

19Мөн Жаредын ах нь өтөлж эхлэн, мөн тэр удахгүй доош булшинд орохоор явах ёстойгоо ухаарсан аж; иймийн тул тэр Жаредад хандан хэлрүүн: Бид тэднийг тоолон, түүнчлэн биднийг булшиндаа орохоос өмнө тэд биднээс юу хүсэхийг нь тэднээс бид мэдэж болохын тулд өөрсдийн хүмүүсийг цуглуулцгаая.

20Мөн тийн хүмүүс нэгдэн цуглуулагдав. Эдүгээ Жаредын ахын хөвгүүд болоод охидын тоо хорин хоёр бодгаль байв, мөн Жаредын хөвгүүд охидын тоо арван хоёр байв, тэрбээр дөрвөн хүүтэй байв.

21Мөнхүү улиран тохиох дор тэд өөрсдийн хүмүүсийг тоолов; мөн тийн тэднийг тоолсныхоо дараа, тэд булшиндаа орохоос өмнө тэднийг юу хийгээсэй хэмээн хүсч буйг нь тэднээс асуув.

22Мөнхүү улиран тохиох дор хүмүүс хөвгүүдийнхээ нэгийг тэдний дээр хаан байхаар тослогдохыг тэднээс хүсэв.

23Мөн эдүгээ болгоогтун, энэ нь тэдэнд эмгэнэлтэй байв. Мөн Жаредын ах тэдэнд хандан хэлрүүн: Энэ зүйл боолчлолд гарцаагүй хөтлөх болно.

24Гэвч Жаред ахдаа хандан хэлрүүн: Тэд хаантай байж болохыг тэдэнд зөвшөөрөгтүн. Мөн тиймийн тул тэрээр тэдэнд хэлсэн нь: Хөвгүүдийн маань дундаас бүр өөрсдийн хүссэнээ хаан болгон сонгогтун.

25Мөнхүү улиран тохиох дор тэд бүр Жаредын ахын ууганыг нь сонгов; мөн түүний нэр Пегог байв. Мөнхүү улиран тохиох дор тэрээр татгалзаж мөн тэдний хаан болохгүй хэмээв. Мөн хүмүүс эцэг нь түүнийг албадаасай хэмээсэн аж, гэвч эцэг нь тэгэхээс татгалзав; мөн өөрсдийнхөө хаан болгох гэж тэд нэг ч хүмүүнийг албадах ёсгүйг тэрээр тэдэнд зарлиглав.

26Мөнхүү улиран тохиох дор тэд Пегогийн бүх дүү нарыг сонгосон ч, мөн тэд тэгэхээс татгалзав.

27Мөнхүү улиран тохиох дор Жаредын хөвгүүд ч бас, ганцаас бусад нь, бүр бүгд тэгэхээс татгалзсан буюу; мөн Ораиха хүмүүсийн дээр хаан нь байхаар тослогдсон ажгуу.

28Мөн тэр засаглаж эхлэв, мөн хүмүүс дэгжиж эхлэв; мөн тэд үлэмж баян болцгоосон бөлгөө.

29Мөнхүү улиран тохиох дор Жаред, мөн түүний ах ч нас нөгчив.

30Мөнхүү улиран тохиох дор Ораиха Их Эзэний өмнө даруухнаар алхаж байв, мөн Их Эзэн түүний эцгийнх нь төлөө ямар агуу зүйлүүд үйлдсэнийг санаж, мөн түүнчлэн Их Эзэн тэдний эцэг өвгөдийн төлөө ямар агуу зүйлүүд үйлдсэнийг өөрийн хүмүүст сургасан бөлгөө.