Судрууд
Мормоны Ном


Иферийн Ном

Бүлэг 8

Хаант улсын талаар зөрчил сөргөлдөөн үүсэв—Хааныг хөнөөхөөр тангарагт нэгдсэн нууц хуйвалдааныг Акиш байгуулав—Нууц хуйвалдаанууд чөтгөрийнх бөгөөд үр дүн нь үндэстнүүдийг устгалд хүргэдэг—Орчин цагийн харийнхан бүх нутгийн, үндэстний, мөн улсуудын эрх чөлөөг булаан авахаар тэмүүлэх нууц хуйвалдааны эсрэг сэрэмжлүүлэгдсэн буюу.

1Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Омерыг төрүүлж, мөн Омер түүний оронд засаглав. Мөн Омер Жаредыг төрүүлэв; мөн Жаред хөвгүүд болоод охидыг төрүүлэв.

2Мөн Жаред эцгийнхээ эсрэг босч, мөн Хетийн нутагт ирж мөн суурьшив. Мөнхүү улиран тохиох дор тэрбээр хаант улсын хагасыг эзэгнэх хүртлээ, тэрбээр башир үгсийнхээ учир, олон хүнийг тэрбээр зусардав.

3Мөн тэр хаант улсын хагасыг эзэгнээд эцгийнхээ эсрэг тэрээр тулалдаанд орж, мөн тэрээр эцгээ олзлон авч одов, мөн түүнийг боолчлолд үйлчлүүлэх болгов;

4Мөн эдүгээ, Омерын засаглалын өдрүүдэд, өөрийн өдрүүдийн хагаст тэрээр боолчлолд байв. Мөнхүү улиран тохиох дор тэрбээр хөвгүүд мөн охидыг төрүүлж, тэдний дунд Изром мөн Кориантумр нар байв.

5Мөн тэд өөрсдийн ах Жаредын үйлийн улмаас үлэмж хилэгнэн, үүний хэрээр тэд их цэрэг босгон мөн Жаредын эсрэг тулалдаанд оров. Мөнхүү улиран тохиох дор тэд түүний эсрэг шөнөөр тулалдаанд орсон ажээ.

6Мөнхүү улиран тохиох дор тэд Жаредын их цэргийг хөнөөчихөөд түүнчлэн түүнийг ч хөнөөх гэж байв; мөн тэрбээр өөрийг нь үл хөнөөх аваас тэрбээр хаант улсаа эцэгтээ өгөх болно хэмээн тэднээс гуйв. Мөнхүү улиран тохиох дор тэд түүний амийг хэлтрүүлсэн ажгуу.

7Мөн эдүгээ Жаред хаант улсынхаа алдагдлын улмаас, тэрбээр зүрх сэтгэлээ хаант улсдаа мөн дэлхийн алдар хүндэд байрлуулсны учир үлэмж харуусав.

8Эдүгээ Жаредын охин үлэмж сэргэлэн зальтай, мөн эцгийнхээ харууслыг хараад, тэрбээр хаант улсыг эцэгтээ сэргээж өгөх төлөвлөгөө боловсруулахыг бодов.

9Эдүгээ Жаредын охин үлэмж хонгорхон байв. Мөнхүү улиран тохиох дор тэрээр эцэгтэйгээ ярьж, мөн түүнд хандан өгүүлсэн нь: Юунд эцэг минь ийм их харуусалтай байна вэ? Агуу гүнийг гатлан өвөг дээдсийн минь авчирсан цэдгийг тэрээр эс уншсан юм гэж үү? Болгоогтун, тэд өөрсдийн нууц төлөвлөгөөгөөр хаант улс хийгээд агуу алдар сууг эзэгнэсэн эртний тэдний талаар шастир үгүй гэж үү

10Мөн эдүгээ, тиймийн тул, Кимнорын хүү Акишт эцэг минь илгээг; мөн болгоогтун, бибээр хонгорхон, мөн би түүний өмнө бүжиглэж, мөн би түүнийг баярлуулснаас тэрээр намайг эхнэрээ болгохыг хүсэх болно; иймийн тул хэрэв тэрээр танаас намайг түүнд эхнэр болгон өгөхийг хүсэх аваас, тэгвэл та түүнд хэлэгтүн: Хэрэв та миний эцэг, хааны толгойг надад авчрах аваас би түүнийг танд өгөх болно.

11Мөн эдүгээ Омер Акишт анд нь байв; иймийн тул, Жаред Акишийг дуудаад, Жаредын охин түүний өмнө бүжиглэснээр түүнийг баярлуулж, чингээд тэрээр түүнийг эхнэрээ болгохыг хүсэв. Мөнхүү улиран тохиох дор тэрээр Жаредад хандан хэлсэн нь: Надад түүнийг эхнэр болгон өгөгтүн.

12Мөн Жаред түүнд хандан: Хэрэв та надад миний эцэг, хааны толгойг авчирч өгөх аваас би түүнийг танд өгье хэмээн хэлжээ.

13Мөнхүү улиран тохиох дор Акиш Жаредын гэрт түүний бүх төрлийнхнийг цуглуулан, мөн тэдэнд хэлсэн нь: Би та нараас хүсэх зүйлд та нар үнэнч байхаа надад андгайлах уу

14Мөнхүү улиран тохиох дор тэд бүгдээрээ түүнд тэнгэрийн Бурханаар, мөн бас тэнгэрүүдээр, мөн түүнчлэн газар дэлхийгээр, мөн өөрсдийнхөө толгойгоор, хэн нэг нь Акишийн хүссэн тусламжийг үзүүлэхгүй аваас тэр толгойгоо алдана; мөн Акишийн тэдэнд мэдэгдсэн ямарваа зүйлийг илрүүлсэн хэн боловч, мөнхүү тэр нь амиа алдах болно хэмээн түүнд андгайлав.

15Мөнхүү улиран тохиох дор тийн тэд Акиштай зөвшилцөв. Мөн Акиш эхлэлээс алуурчин байв бүр Каинаас доош гардагдсан тэр хүч чадлыг түүнчлэн эрэлхийлсэн эртний тэднээр өгөгдсөн тангаргийг тэднээр хэлүүлсэн ажгуу.

16Мөн эдгээр тангаргууд хүмүүст хэлэгдэхээр, тэднийг харанхуйд үлдээхийн тулд, хүчийг эрэлхийлэх түүнд хүчийг олж авахад, мөн хүн алахад, мөн тоноход, мөн худал хэлэхэд, мөн бүх л төрлийн ёсон бус үйлэнд мөн садар самууныг хийхэд туслахын тулд чөтгөрийн хүч чадлаар хадгалагдан үлдээгдсэн бөлгөө.

17Мөн эртний эдгээр зүйлийг хайхыг түүний зүрх сэтгэлд суулгасан тэр бол Жаредын охин байв; мөн Жаред үүнийг Акишийн зүрх сэтгэлд суулгасан ажээ; иймийн тул, Акиш үүнийг түүний төрөл мөн нөхдөөр хэлүүлж, өөрийн хүссэн бүх зүйлийг хийхээр дур булаам амлалтаар тэднийг удирдан дагуулжээ.

18Мөнхүү улиран тохиох дор тэд яг л эртнийх лугаа адил, нууц хуйвалдааныг, Бурханы мэлмийд хамгийн жигшүүрт мөн ёс бус болох хуйвалдааныг бий болго.

19Учир нь Их Эзэн нууц хуйвалдаанаар ажиллах нь үгүй, бас хүмүүн цусаа урсгахыг тэр таалах нь үгүй, харин бүх зүйл дээр түүнийг хүмүүний эхлэлээс хориглосон билээ.

20Мөн эдүгээ би, Моронай, тэдний тангаргийн мөн хуйвалдаануудын аргыг эс бичнэм, учир нь тэдгээр нь бүх хүмүүсийн дунд байдаг, мөн тэдгээр нь леменчүүдийн дунд байгаа нь надад мэдүүлэгдсэн болой.

21Мөн тэдгээр нь миний одоо тухайлан ярьж буй эдгээр хүмүүсийн устгалын, мөн түүнчлэн Нифайн хүмүүсийн устгалын шалтгаан болсон юм.

22Мөн хүчийг олж мөн хөрөнгө хураахаар, нууц хуйвалдаанууд тэр үндэстнийг эзэгнэх болтол тэдгээрийг дэмжих ямарваа үндэстэн, болгоогтун, тэд устгагдах болно; учир нь тэдний урсгах өөрийнх нь гэгээнтнүүдийн цус нь тэднээс өс хонзон авахуулахаар газраас өөрт нь хандан үргэлж гуйхыг мөн өөрөө өс хонзонг тэднээс авахгүй байхыг Их Эзэн хүлцэх бөлгөө.

23Иймийн тул, эдгээр зүйлүүд та нарт үзүүлэгдэх нь Бурханы мэргэн ухаан Ай харийнхан та нар, тэгснээр та нар нүглээ наманчилж, мөн хүчийг олж мөн хөрөнгө хураахын тулд байгуулагдсан эдгээр аллагын хуйвалдаанууд өөрсдийн тань дээр давж гарахыг—мөн уг ажил, тийм ээ, бүр устгалын ажил өөрсдийн дээр чинь ирэхийг зөвшөөрөхгүй байж болно, тийм ээ, хэрэв та нар эдгээр зүйлүүдийг оршихыг зөвшөөрөх аваас, та нарын уналт мөн устгалд хүргэх, бүр Мөнхийн Бурханы шударга ёсны илд та нарын дээр буух болно.

24Иймийн тул, та нарын дунд эдгээр зүйлүүд ирэхийг та нар үзэх үед, та нарын дунд орших энэ нууц хуйвалдааны улмаас, өөрсдийн аймшигт байдлынхаа мэдрэмжинд та нар сэрэгтүн хэмээн Их Эзэн та нарт зарлиг болгосон билээ; эс бөгөөс алагдсан тэдний цусны улмаас, үүнд халаг болог; учир нь тэд үүний дээр, мөн түүнчлэн үүнийг бий болгосон тэдний дээр өс хонзон авалт ирүүлэхийн тул газар шорооноос гуйх буюу.

25Учир нь улиран тохиох дор үүнийг бий болгох хэн боловч бүх нутгуудын, үндэстнүүдийн, мөн улсуудын эрх чөлөөг булаан авахаар эрэлхийлдэг мөн энэ нь бүх хүмүүсийн устгалыг улируулан тохиолгодог, учир нь энэ нь бүх худал хуурмагийн эцэг; бүр бидний анхны эцэг эхийг хуурсан тэрхүү худалч, тийм ээ, бүр эхлэлээс эхлэн хүмүүнийг аллага үйлдэх болгосон; тэд бошиглогчдыг алан, мөн тэднийг чулуугаар шидсэн, мөн эхлэлээс эхлэн тэднийг хөөн гаргах болгож хүмүүсийн зүрх сэтгэлийг хатууруулсан мөнхүү тэр худалч болох чөтгөрөөр бий болгогдсон юм.

26Иймийн тул, хилэнцэт үйл зогсоогдож болох, мөн хүмүүний үрсийн зүрх сэтгэлд Сатан ямар ч хүчийг агуулж үл чадах, харин тэд үргэлжлүүлэн сайныг хийхээр ятгагдаж болох, тэд бүх л зөв шударгын эх булагт ирж мөн аврагдаж болох тэр цаг ирж болохын тулд би, Моронай, эдгээр зүйлүүдийг бичихээр зарлиг болгогдсон билээ.