Судрууд
Мормоны Ном


Иаковын НомНИФАЙН ДҮҮ

Ах нартаа номлосон түүний үгс оршвой. Тэрбээр Христийн сургаалыг сүйрүүлэхийг эрэлхийлэгч хүмүүнийг гутаав. Нифайн хүмүүсийн түүхийн талаарх хэдэн үг оршвой.

Бүлэг 1

Христэд итгэж мөн түүний зарлигуудыг дагахыг хүмүүнд ятгахыг Иаков Иосеф хоёр эрэлхийлэв—Нифай нас нөгчив—Нифайчуудын дунд ёсон бусын үйлс тархав. Ойролцоогоор мэө 544–421 он.

1УЧИР нь болгоогтун, улиран тохиох дор Лихай Иерусалимыг орхисон цагаас тавь бас таван жил улиран одов; иймийн тул, Иаков надад, эдгээр зүйлийг дээр нь сийлбэрлэсэн, жижиг ялтсуудын талаар зарлигийг Нифай өгсөн болой.

2Мөн тэрбээр Иаков надад, би эдгээр ялтсууд дээр хамгийн үнэт байна хэмээн өөрийн эргэцүүлсэн зүйлүүдээс цөөн хэдийг нь бичвэл зохихыг, Нифайн хүмүүс гэж нэрлэгдсэн энэ хүмүүсийн түүхийн талаар өнгөцхөн дурдахаас бусдаар хүрч эс болохыг зарлигласан билээ.

3Учир нь тэрбээр түүний хүмүүсийн түүх түүний бусад ялтсууд дээр сийлэгдсэн байвал зохихыг, мөн би эдгээр ялтсуудыг хадгалан үлдээж мөн тэднийг үр удамдаа үеэс үед гардуулан өгвөл зохихыг хэлсэн бөлгөө.

4Мөн хэрэв ариун нандин гэгдсэн номлол, эсвээс агуу гэгдсэн илчлэлт, эсвэл бошиглол байх аваас, эдгээр ялтсууд дээр тэдгээрийн гол чухлыг нь сийлбэрлэн, мөн тэдгээрийн талаар аль болох ихийг Христийн тулд, мөн өөрсдийн хүмүүсийн тусын тулд тухайлан бичиглэхийг болой.

5Өөрөөр хэлбэл итгэлийн мөн агуу зовнилын учир, бидэнд өөрсдийн хүмүүсийн талаар, тэдэнд чухам юу тохиолдох талаар үзүүлэгдсэн болой.

6Мөн түүнчлэн бид олон илчлэлт, мөн их бошиглолын суу билигтэй байлаа; иймийн тул, ирэх ёстой Христийн, мөн түүний хаант улсын талаар бид мэдсэн билээ.

7Иймийн тул тэд Израилын хүүхдүүдийг аглаг буйдад байхад уруу таталтын өдрүүдийн үеийн өдөөн хатгалтын адилаар тэд орох нь зохисгүй хэмээн өөрийн хилэгнэлд түүнийг зүхэх вий хэмээн Христэд ирж, мөн Бурханы сайн сайхныг хүртэж болно хэмээн, тэд түүний амралтад орж болно хэмээн бид тэднийг ухуулж болохын тулд, бид өөрсдийн хүмүүсийн дунд шаргуугаар хөдөлмөрлөсөн бөлгөө.

8Иймийн тул, бид бүх хүмүүнийг, Бурханыг уурлуулахаар түүний эсрэг эсэргүүцэхгүй байхыг ятгаж чаддаг ч болоосой, харин бүх хүмүүн Христэд итгэж, мөн түүний үхлийг тунгааж, мөн түүний загалмайг үүрэлцэж бас дэлхийн шившгийг хуваалцаасай хэмээн Бурханд хандана; иймийн тул, би, Иаков, өөрийн ах Нифайнхаа зарлигийг биелүүлэхийг өөрийн биед хүлээх ажгуу.

9Эдүгээ Нифай өндөр настай болж эхлэв, мөн тэрбээр өөрийгөө удахгүй наснаас халих ёстойг мэдэв; иймийн тул, тэрээр хаадын засаглалуудын дагуу, эдүгээ өөрийн хүмүүсийн дээр удирдагч мөн хаан байх хүнийг тослон адисалсан бөлгөө.

10Хүмүүс Нифайг үлэмж хайрладаг байв, тэрбээр тэдэнд агуу өмгөөлөгч болж, тэднийг хамгаахын тулд Лебений илдийг эзэмшиж, мөн бүх өдрүүддээ тэдний тусын тулд хөдөлмөрлөж байсны учир бөлгөө.

11Иймийн тул, хүмүүс түүний нэрийг санан хадгалах хүсэлтэй байв. Мөн түүний оронд засагласан хэн боловч хүмүүсээр, хоёрдугаар Нифай, гуравдугаар Нифай, мөн цаашлан, хаадын засаглалуудын дагуу нэрлэгдсэн ажээ; мөн тэдний нэр хэн байснаас үл хамааран, хүмүүсээр тэд тийн нэрлэгдсэн бөлгөө.

12Мөнхүү улиран тохиох дор Нифай нас нөгчив.

13Эдүгээ хүмүүс леменчүүд бус аваас нифайчууд гэгдэх болов; гэсэн хэдий ч тэд нифайчууд, иаковчууд, иосефчууд, зорамчууд, леменчүүд, лемүелчүүд, мөн ишмэилчүүд хэмээн нэрлэгддэг байв.

14Харин би, Иаков, цаашид тэднийг эдгээр нэрүүдээр онцлохгүй, харин Нифайн хүмүүсийг устгахыг эрэлхийлэх тэднийг леменчүүд гэж нэрлэн, мөн Нифайд нөхөрсөг байдаг тэднийг нифайчууд, эсвээс Нифайн хүмүүс хэмээн нэрлэх болно, хаадын засаглалуудын дагуу болой.

15Эдүгээ мөнхүү улиран тохиох дор Нифайн хүмүүс, хоёр дахь хааны засаглалын дор, зүрх сэтгэлдээ хатууг агуулж, мөн эртний Давид, мөн түүнчлэн түүний хүү Соломон нарын олон эхнэр болон татвар эмсийг хүссэнчлэн, ёсон бус дадлуудад өөрсдийгөө өөгшүүлж эхэлсэн бөлгөө.

16Тийм ээ, мөн тэд түүнчлэн маш их алт болоод мөнгийг эрж эхлэв, мөн бардамналдаа зарим талаар ихэрхэх болж эхлэв.

17Иймийн тул би, Иаков, эхлээд өөрийн даалгаврыг Их Эзэнээс аваад, ариун сүмд би тэдэнд сургахдаа эдгээр үгсийг тэдэнд өгсөн бөлгөө.

18Учир нь би, Иаков, мөн миний дүү Иосеф, энэ хүмүүсийн санваартнууд хийгээд багш нар болж Нифайн гараар ариулан адислагдсан билээ.

19Мөн бид Их Эзэнд өөрсдийн албан тушаалд хичээнгүйлэн зүтгэх, үүрэг хариуцлагыг өөрсдийн дээр авч, хэрэв бид тэдэнд бүх чадлаараа хичээнгүйлэн Бурханы үгийг заагаагүй аваас хүмүүний нүглийг толгой дээрээ хүлээх буюу; иймийн тул, өөрсдийн хүчээр хөдөлмөрлөснөөр тэдний цус бидний өмсгөл дээр ирэхгүй байж болох буюу; эс бөгөөс тэдний цус бидний өмсгөл дээр ирж, мөн бид эцсийн өдөр толбогүй байж эс чадах болно.