Судрууд
Мормоны Ном


Иаковын НомНИФАЙН ДҮҮ

Бүлэг 2

Баялаг, бардамнал, мөн ариун бус явдалд дурлахыг Иаков буруушаав—Хүмүүн бусдадаа туслахын тулд баялгийг эрэлхийлэх болно—Иаков зөвшөөрөгдөөгүй олон эхнэртэй байх явдлыг буруутгав—Их Эзэн эмэгтэйчүүдийн ариун явдалд баясдаг. Ойролцоогоор мэө 544–421 он.

1Нифайн дүү Иаков, Нифайг нас барсны дараа Нифайн хүмүүст ярьсан тэрхүү үгс оршвой.

2Эдүгээ, хайрт ах дүү нар минь, Иаков, би, Бурханы өмнө хүлээсэн хариуцлагынхаа дагуу өөрийн албан тушаалд хичээнгүйлэн зүтгэж, мөн би өмсгөлөө та нарын нүглүүдээс ангижруулж болно хэмээн, би энэ өдөр та нарт Бурханы үгийг тунхаглаж болохын тулд ариун сүм өөд та нар дээр ирлээ.

3Мөн би дуудлагынхаа албан тушаалд өдийг хүртэл хичээнгүй байсныг та нар өөрсдөө мэднэ; гэвч би энэ өдөр өдийг хүртэл байснаас үлэмж илүүгээр та нарын бодгалиудын аз жаргалын төлөө хүсэл тэмүүлэл хийгээд зовнилдоо дарагдан байна.

4Учир нь болгоогтун, эдүгээ болтол, миний та нарт өгсөн, Их Эзэний үгэнд та нар дуулгавартай байсан билээ.

5Гэвч болгоогтун, намайг анхааран сонсогтун, мөн тэнгэр болон газрыг Бүтээгч бүхнийг чадагч түүний тусламжаар та нарын бодлуудын талаар миний хувьд машид жигшүүрт гэгдэх, тийм ээ, мөн Бурханд ч жигшүүрт болох тэр нүгэлд та нар хэрхэн замнаж эхэлж байгааг би хэлж чадна.

6Тийм ээ, зүрх сэтгэлийн тань ёсон бусын талаар би та нарт гэрчлэх ёстой болов, энэ нь миний сэтгэлийг гонсойлгож мөн өөрийн Бий Болгогчийн оршихуйн өмнө намайг ичсэнээс нугдайхад хүргэж байна.

7Мөн түүнчлэн Бурханд таалагдах зүйл болох Бурханы өмнө олон нь үлэмж энхрий болоод ариун мөн эмзэг мэдрэмж бүхий тэдгээр эхнэр мөн хүүхдүүдийн чинь өмнө би та нарын талаарх яриандаа маш их шулууныг хэрэглэх ёстой болов, энэ нь намайг гонсойлгож байна.

8Мөн тэд Бурханы таалалт үгийг сонсохоор нааш ирсэн хэмээн надад бодогдов, тийм ээ, шархадсан зүрх сэтгэлийг эдгээгч тэрхүү үгийг болой.

9Иймийн тул, тэдний шархыг эдгээж мөн тайтгаруулахын оронд, аль хэдийн шархалсан тэдгээрийн шархыг сэдрээх, та нарын гэмт хэргүүдийн дагуу та нарт сэрэмжлүүлэн сануулахаар, Бурханаас миний хүлээн авсан чанд зарлигийн учир, би албадуулах болсон нь зүрх сэтгэлийг минь хүндрүүлнэ; мөн шархлаагүй тэдэнд Бурханы таалалт үгсээс зооглохын оронд тэдний сүнсийг цоо хатгахаар мөн тэдний эмзэг оюуныг шархлуулахаар чинжаал хутгууд дүрэгдэх болой.

10Гэвч, уг үүрэг агуу хэдий ч, би Бурханы чанд зарлигуудын дагуу үйлдэж мөн сэтгэлийн цэвэрт мөн харууссан зүрхэт тэдний дэргэд, мөн Бүхнийг Чадагч Бурханы цоо ширтэх мэлмийн харцан доор өөрсдийн чинь ёсон бус мөн жигшүүрт хэргүүдийн чинь талаар та нарт хэлэх ёстой.

11Иймийн тул, Бурханы үгийн тодорхой байдлын дагуу би үнэнийг та нарт хэлэх ёстой. Учир нь болгоогтун, Их Эзэнээс хүссэний минь дагуу, уг үг надад ийн ирж, хэлсэн нь: Иаков, маргааш ариун сүм өөд яв, мөн чамд миний өгөх үгийг энэ хүмүүст тунхагла.

12Мөн эдүгээ болгоогтун, ах дүү нар минь, та нарт миний тунхаглах тэрхүү үг энэ болой, та нарт болон та нарын үр удамд амлалтын нутаг болох тэр, энэхүү нутагт элбэг дэлбэгээр бялхах алт, мөн мөнгө, бас бүх төрлийн үнэт хүдрийг та нарын олонх нь эрж хайж эхэлсэн бөлгөө.

13Мөн хангагч ариун мутар та нарын дээр ихэд тааламжтайгаар инээмсэглэж байсны учир та нар олон баялгийг эзэмшсэн билээ; мөн та нарын зарим нь ах дүүсээсээ илүү баялгийг эзэмшсэний учир та нар зүрх сэтгэлийн бардамналд өргөгдөж, мөн зөрүүдлэн дээгүүр хардаг учир нь та нарын өмсгөл чимэг үнэтэйн учир болой, мөн та нар өөрсдийгөө тэднээс илүү хэмээн бодох учир ах дүүсээ хавчих бөлгөө.

14Мөн эдүгээ, ах дүүс минь, Бурхан та нарыг энэ зүйлд чинь зөвтгөнө хэмээн бодно уу? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй. Харин тэр та нарыг буруушаана, мөн хэрэв та нар эдгээр зүйлүүдэд энэ хэвээрээ үлдэх аваас түүний шүүлтүүд та нар дээр гэнэт ирэх ёстой.

15Ай тэрбээр та нарыг цоо хатгаж, та нарыг мэлмийнхээ ганц харцаар тоос болтол цохьж чадахаа тэрбээр үзүүлээсэй!

16Ай тэрбээр та нарын энэ алдас мөн жигшүүрт хэргээс та нарыг ангижруулаасай. Мөн, Ай та нар түүний зарлигуудын үгийг сонсож, мөн та нарын зүрхний энэ бардамнал бодгалийг тань устгахыг бүү зөвшөөрөөсэй!

17Өөрсдийнхөө нэгэн адил ахан дүүсээ бод, мөн тэд та нарын адил баян байж болохын тулд бүгдтэй нөхөрсөг, бас хөрөнгөөрөө өгөөмөр сэтгэлтэй бай.

18Харин та нар баялгуудыг эрэлхийлэхийн өмнө, Бурханы хаант улсыг эрэлхийлэгтүн та нар.

19Мөн та нар Христэд найдах найдварыг олсныхоо дараа хэрэв та нар тэдгээрийг эрэлхийлэх аваас, та нар баялгуудыг олох болно; мөн та нар тэдгээрийг сайныг үйлдэх зорилгын төлөө эрэлхийлэх болно—нүцгэнийг хувцаслахад, мөн өлссөнийг хооллоход, бас боолчлогдсоныг чөлөөлөхөд, мөн өвдсөн бас зовсныг халамжлахад буюу.

20Мөн эдүгээ, ах дүү нар минь, би та нарт бардамналын талаар ярьсан болой; мөн та нарт Бурханы өгсөн тэр зүйлүүдийн учир зүрхэндээ бардамналыг тээсэн учир хөршийгөө зовоож, мөн түүнийг хавчсан та нар үүнийхээ талаар юу хэлэх билээ

21Бүх маханбодийг бүтээсэн түүнд ийм зүйлүүд жигшүүртэй хэмээн та нар бодохгүй юу? Мөн түүний хувьд нэг нь бусдын адил эрхэм болой. Мөн бүхий л маханбодь тоосных билээ; мөн тэрбээр тэд түүний зарлигуудыг дагаж мөн түүнийг үүрд алдаршуулбал зохино гэсэн нэгэн адил зорилгын учир тэдгээрийг бүтээсэн ажгуу.

22Мөн эдүгээ би энэхүү бардамналын талаар та нарт ярихаа төгсгөл болгоё. Мөн та нарт би үүнээс илүү жигшим гэмт хэргийн талаар ярих ёстой бус байсан аваас, миний зүрх сэтгэл та нарын учир үлэмж их баясах сан.

23Гэвч та нарын илүү жигшим хэргүүдийн учир Бурханы үг намайг шаналгана. Учир нь болгоогтун, ийн Их Эзэн хэлэв: Энэ хүмүүс ёсон бусад уусч эхэлжээ; тэд судруудыг ойлгодоггүй, өөрөөр хэлбэл тэд шалиг завхайг үйлдэхдээ өөрсдийгөө зөвтгөхөөр эрэлхийлдэг, Давид мөн түүний хүү Соломоны талаар бичигдсэн байгаа тэдгээр зүйлүүдийн учир бөлгөө.

24Болгоогтун, Давид Соломон хоёр үнэхээр олон эхнэр мөн татвар эмстэй байсан нь миний өмнө жигшүүрт зүйл болой хэмээн Их Эзэн хэлэв.

25Иймийн тул, Их Эзэн ийн хэлэв, би өөртөө Иосефын хэвлийн үрээс зөв шударга мөчрийг өсгөж болохын тулд би энэ хүмүүсийг өөрийн гараар Иерусалим газраас гаргаж удирдсан билээ.

26Иймийн тул, Их Эзэн Бурхан бибээр энэ хүмүүс эрт цагийн тэдэнтэй адил үйлдэхийг тэвчихгүй.

27Иймийн тул, ах дүүс минь, намайг сонсогтун, мөн Их Эзэний үгийг анхаарцгаа: Өөрөөр хэлбэл та нарын дунд хэн боловч нэгээс илүү эхнэртэй байж үл болно; мөн тэрбээр татвар эмс нэгийг ч авах ёсгүй.

28Учир нь би, Их Эзэн Бурхан, эмэгтэйчүүдийн ариун явдалд баясдаг билээ. Мөн завхайрал нь миний өмнө жигшүүрт хэрэг; тийн Түмний Их Эзэн хэлдэг бөлгөө.

29Иймийн тул, энэ хүмүүс миний зарлигуудыг дагах болно хэмээн Түмний Их Эзэн хэлэв, эсвээс уг нутаг тэдний үйлүүдийн улмаас зүхэгдэг.

30Учир нь хэрэв би, Түмний Их Эзэн, надад үр удмыг өсгөхийг хүсвэл, би өөрийн хүмүүст зарлиглах болно; өөрөөр бол тэд эдгээр зүйлийг анхааран сонсох болно хэмээн хэлэв.

31Учир нь болгоогтун, би, Их Эзэн, Иерусалимын газарт, тийм ээ, мөн миний хүмүүсийн бүх нутгуудад, тэд эр нөхрүүдийнхээ ёсон бус хийгээд жигшүүрт хэргүүдийн улмаас миний хүмүүсийн охидын гашуудахыг сонсож, бас харамсахыг нь харсан билээ.

32Мөн, Түмний Их Эзэн, би бээр Иерусалимын газраас удирдан гаргасан тэдгээр болох энэ хүмүүсийн хонгорхон охидын уйлааныг, миний хүмүүсийн эрчүүдийн эсрэг дээш надад ирэхийг би зөвшөөрөхгүй хэмээн Түмний Их Эзэн хэлэв.

33Учир нь номхон сайхных нь улмаас тэд миний хүмүүсийн охидыг олзлон хөтлөхгүй, тэгвэл би тэдэнд зовлонт зүхлээр, бүр устгалд хүргэх түүгээр айлчлах болно; учир нь тэд садар самууныг эрт цагийн тэдний адил үйлдэх ёсгүй, хэмээн Түмний Их Эзэн хэлэв.

34Мөн эдүгээ болгоогтун, ах дүүс минь, эдгээр зарлигууд бидний эцэг Лихайд өгөгдсөнийг та нар мэднэ; иймийн тул, та нар тэдгээрийг урьд нь мэддэг байв; мөн та нар агуу буруутгалд унасан бөлгөө; учир нь та нар хийх нь зохисгүй зүйлийг үйлдсэн бөлгөө.

35Болгоогтун, та нар өөрсдийн ах дүүс болох леменчүүдээс илүүтэй алдсыг үйлдсэн бөлгөө. Та нар цэвэр эмзэг эхнэрүүдийнхээ зүрхийг эмтэлж, мөн тэдний өмнө өөрсдийн муу жишээнүүдийн учир, хүүхдүүдийнхээ итгэлийг алдсан; мөн тэдний зүрхний мэгшилтүүд та нарын эсрэг Бурхан өөд дээш ирж байна. Мөн та нарын эсрэг доош ирэх Бурханы үг шулууны учир олон бодгаль гүнзгий шархнуудаас цоорч үхсэн билээ.