Судрууд
Мормоны Ном


Мормоны Ном

Бүлэг 1

Ариун нандин цэдгүүдийн талаар Аммарон Мормонд зааварлав—Нифайчууд болон леменчүүдийн хооронд дайн дэгдэв—Нифай үндэстэн болох Гурав холдуулагдан авагдав—Ёс бус явдал, үл итгэх байдал, илбэ шидүүд, мөн шулмын арга газар авав. Ойролцоогоор мэ 321–326 он.

1Мөн эдүгээ би, Мормон, өөрийн үзэж бас сонссон зүйлүүдийн цэдгийг бүтээе, мөн үүнийг Мормоны Ном хэмээн нэрлэе.

2Мөн Аммарон Их Эзэний төлөө цэдгүүдийг нуусан тэр үеийн орчим, тэрбээр надад ирж, (би арав орчим настай, мөн өөрийн хүмүүсийн эрдэм мэдлэгийн дагуу би ямар нэг хэмжээгээр суралцаж эхэлсэн байв) мөн Аммарон надад хэлсэн нь: Чи бол хэрсүү хүүхэд, мөн ажиглан ойлгохдоо түргэн болохыг би ухамсарлаж байна;

3Тиймийн тул, чи хорин дөрөв орчим настай болох үедээ, энэ хүмүүсийн талаар ажигласан зүйлүүдээ чамайг санаасай хэмээн би хүснэ; мөн тэр насандаа чи Антамын нутаг тийш, Шим хэмээн нэрлэгдэх толгойг хүртэл явагтун; мөн энэ хүмүүсийн талаарх бүх ариун нандин сийлбэрүүдийг Их Эзэний төлөө би тэнд хадгалсан буй.

4Мөн болгоогтун, чи Нифайн ялтсуудыг өөртөө авах болно, мөн үлдсэнийг нь тэдгээрийн байгаа тэр газарт нь үлдээх болно; мөн чи Нифайн ялтсууд дээр энэ хүмүүсийн талаар өөрийн ажигласан бүх зүйлүүдийг сийлбэрлэх болно.

5Мөн би, Мормон, Нифайн удам болохоор, (мөн миний эцгийн нэр нь Мормон байсан буюу) Аммарон надад зарлиг болгосон зүйлүүдийг би санав.

6Мөнхүү улиран тохиох дор би, арван нэгэн настай байхдаа, өмнө зүгийн нутаг тийш, бүр Зарахемлагийн нутагт эцгээрээ хүргэгдэв.

7Уг нутгийн бүх гадаргуу нь барилгуудаар бүрхэгдсэн байж, мөн хүмүүс нь бараг л тэнгисийн элс мэт олон тоотой байв.

8Мөнхүү улиран тохиох дор энэ онд, нифайчууд болон иаковчууд, мөн иосефчүүд, мөн зорамчуудаас бүрдсэн нифайчууд дайнд оров; мөн энэ дайн нь нифайчууд, мөн леменчүүд болон лемүелчүүд түүнчлэн ишмэилчүүдийн хооронд байсан бөлгөө.

9Эдүгээ леменчүүд болон лемүелчүүд мөн ишмэилчүүд нь леменчүүд хэмээн нэрлэгдэж, мөн хоёр тал нь нифайчууд болон леменчүүд байв.

10Мөнхүү улиран тохиох дор тэдний дунд Зарахемлагийн хил дээр, Сидоны усны дэргэд, дайн эхлэв.

11Мөнхүү улиран тохиох дор нифайчууд агуу тооны, бүр гучин мянгаас давах тооны эрчүүдийг нэгтгэн цуглуулсан байв. Мөнхүү улиран тохиох дор тэрхүү жилд нифайчууд, леменчүүдийг цохин мөн тэднээс олныг нь хөнөөсөн хэд хэдэн тулалдаанд оров.

12Мөнхүү улиран тохиох дор леменчүүд төлөвлөснөө орхиж, мөн уг нутагт амар амгалан тогтов; мөн тэрхүү амар амгалан нь дөрвөн жил орчмын туршид байв, тиймээс ямар ч цус урссангүй.

13Гэвч бүх нутгийн гадаргуу дээр ёс бус үйл газар авч, үүний хэрээр Их Эзэн өөрийн хайрт шавь нарыг холдуулан авч, мөн гайхамшгийн болоод эдгээх үйлүүд хүмүүсийн алдсын улмаас байхаа болив.

14Мөн тэдний ёс бус үйл мөн үл итгэх байдлын улмаас, Их Эзэнээс ямар ч бэлэг байсангүй, мөн Ариун Сүнс хэний ч дээр ирсэнгүй.

15Мөн би, арван таван настай байхдаа мөн ямартай ч хэрсүү ухаантай байсны учир, тиймийн тул би Их Эзэнээр зочлогдон, мөн Есүсийн сайн сайхныг амталж мөн мэдэв.

16Мөн би энэ хүмүүст номлохыг хичээв, гэвч миний ам хаагдаж, мөн би тэдэнд номлох нь хориглогдов; учир нь болгоогтун тэд Бурханаа санаатайгаар эсэргүүцэж байв; мөн тэдний алдсын улмаас хайрт шавь нар нь уг нутгаас холдуулан авагдсан бөлгөө.

17Гэвч би тэдний дунд үлдэв, харин тэдний зүрх сэтгэл хатуугийн улмаас, би тэдэнд номлох нь хориглогдсон буюу; мөн тэдний зүрх сэтгэлийн хатуугийн улмаас уг нутаг тэдний улмаас зүхэгдсэн бөлгөө.

18Мөн леменчүүдийн дунд байсан Гадиантоны дээрэмчид уг нутагт бужигналдан, үүний хэрээр үүний оршин суугчид эд баялгаа газарт нууж эхлэв; мөн Их Эзэн уг нутгийг зүхсэний улмаас, тэдгээр нь гулгамтгай болж, тиймээс тэд дахин тэдгээрийг барьж, бас эзэмшин үлдээж чадсангүй.

19Мөнхүү улиран тохиох дор ид шидүүд, мөн шулмын арга, мөн илбэ байв; мөн бүх нутгийн гадаргуу дээр, бүр Абинадай, мөн түүнчлэн лемен үндэстэн Самуелын бүх үгсийн биелэл болон уг хилэнцэт нэгний хүч чадал үйлдэгдэж байв.