Судрууд
Мормоны Ном


Моронайн Ном

Бүлэг 10

Мормоны Номын тухай гэрчлэл Ариун Сүнсний хүчээр ирдэг—Сүнсний бэлгүүд итгэлтнүүдэд өгөгддөг—Сүнсний бэлгүүд итгэлийг үргэлж дагалддаг—Моронайн үгс газар шорооноос ярих болно—Христэд ирэгтүн, түүгээр төгөлдөржиж, мөн өөрсдийн бодгалийг ариусгагтун. Ойролцоогоор мэ 421 он.

1Эдүгээ би, Моронай, надад зөв санагдах заримыг бичье; мөн би өөрийн ахан дүүс, леменчүүдэд бичнэ; мөн Христийн ирэлтийн тэмдэг өгөгдсөнөөс чанагш дөрвөн зуун хориос илүү жил улирч одсоныг тэд мэдээсэй хэмээн хүснэ би.

2Мөн та нарт ухуулах замаар хэдэн үг хэлснийхээ дараа, би эдгээр цэдгийг лацдах болно.

3Болгоогтун, та нар эдгээр зүйлийг уншихдаа, хэрэв та нар тэдгээрийг унших нь Бурханы мэргэн ухаанд нийцэх аваас, Адам бүтээгдсэнээс бүр та нар эдгээр зүйлийг хүлээн авах тэр цагийг хүртэл Их Эзэн хүмүүний үрсэд хичнээн нигүүлсэнгүй байсаар буйг та нар санан мөн үүнийг зүрх сэтгэлдээ тунгаахыг та нарт ухуулъя би.

4Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад, та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно.

5Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.

6Мөн сайн болох аливаа зүйл шударга бөгөөд үнэн; иймийн тул, сайн болох юу ч Христийг үгүйсгэдэггүй, харин түүний буйг хүлээн зөвшөөрдөг.

7Мөн Ариун Сүнсний хүчээр, түүний буй гэдгийг та нар мэдэж болно; иймийн тул Бурханы хүчийг та нар үгүйсгэхгүй байхыг та нарт ухуулъя би; учир нь тэрбээр хүмүүний үрсийн итгэлийн дагуу хүчээр үйлддэг, өнөөдөр мөн маргааш, мөн үүрд хэвээр бөлгөө.

8Мөн тэрчлэн, ахан дүүс минь, Бурханы бэлгүүдийг та нар үгүйсгэхгүй байхыг би та нарт ухуулж байна, учир нь тэдгээр нь олон; мөн тэдгээр нь нэг Бурханаас ирдэг. Мөн уг бэлгүүд хүртээгдэх өөр өөр замууд буй; гэвч хаана ч мөн юунд ч үйлдэгч нэг л Бурхан байдаг; мөн тэдгээр нь хүмүүнд, тэдэнд тус болохын тулд, Бурханы Сүнсний нөлөөгөөр өгөгддөг.

9Учир нь болгоогтун, нэгэнд нь Бурханы Сүнсээр, тэрбээр мэргэн ухааны үгийг зааж болох нь өгөгддөг;

10Мөн өөр нэгэнд нь, тэрбээр мөнхүү Сүнсээр мэдлэгийн үгийг зааж болох нь;

11Мөн өөр нэгэнд нь, үлэмж агуу итгэл; мөн өөр нэгэнд, мөнхүү Сүнсээр эдгээх бэлгүүд;

12Мөн тэрчлэн, өөр нэгэнд нь, тэрбээр хүчит гайхамшгуудыг үйлдэж болох нь;

13Мөн тэрчлэн, өөр нэгэнд нь, тэрбээр бүх зүйлийн талаар бошиглож болох нь;

14Мөн тэрчлэн, өөр нэгэнд нь, тэнгэр элчүүдийг мөн тохинуулах сүнснүүдийг болгоох нь;

15Мөн тэрчлэн, өөр нэгэнд нь, бүх төрлийн хэл;

16Мөн тэрчлэн, өөр нэгэнд нь, хэл ярианы мөн олон төрлийн хэлнүүдийг хөрвүүлэх нь өгөгддөг.

17Мөн эдгээр бүх бэлэг нь Христийн Сүнсээр ирдэг; мөн тэдгээр нь түүний тааллын дагуу, хүмүүн бүрд тус бүрчлэн ирдэг.

18Мөн хайрт ахан дүүс минь, сайн бэлэг болгон Христээс ирдгийг та нар санахыг та нарт ухуулъя би.

19Мөн хайрт ахан дүүс минь, тэрбээр өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил гэдгийг, мөн миний ярьсан, сүнснийх болох эдгээр бүх бэлэг хэзээ ч, бүр дэлхий орших бүх хугацаанд алга болохгүй, хэрэв тэгвэл зөвхөн хүмүүний үрсийн итгэлгүйн улмаас л гэдгийг санахыг та нарт ухуулъя би.

20Иймийн тул, итгэл байх учиртай; мөн хэрэв итгэл байх ёстой аваас түүнчлэн найдвар байх учиртай; мөн хэрэв найдвар байх ёстой аваас түүнчлэн энэрэл байх учиртай.

21Мөн та нар энэрэлтэй байхгүй аваас Бурханы хаант улсад та нар яавч аврагдаж чадахгүй; бас хэрэв та нар итгэлгүй аваас Бурханы хаант улсад аврагдаж чадахгүй; мөн хэрэв та нар найдвар үгүй аваас мөн чадахгүй.

22Мөн хэрэв та нар найдвар үгүй аваас шантрах нь гарцаагүй; мөн шантрал алдсын улмаас ирдэг.

23Мөн Христ бидний өвөг дээдэст үнэхээр хэлсэн юм: Хэрэв та нарт итгэл байх аваас та нар миний хувьд зохистой болох аливаа зүйлийг хийж чадна.

24Мөн эдүгээ би дэлхийн бүх хязгааруудад хэлж байна—хэрэв Бурханы хүч мөн бэлгүүд та нарын дундаас алга болох тэр өдөр ирэх аваас, энэ нь итгэлгүйн улмаас байх болно.

25Мөн хэрэв нөхцөл нь ийм байх ахул хүмүүсийн үрсэд халаг болог; учир нь та нарын дунд сайныг хийгч үгүй, үгүй, нэг ч үгүй. Учир нь хэрэв та нарын дунд сайныг үйлдэгч нэгэн байх ахул, тэрбээр Бурханы хүч хийгээд бэлгүүдээр ажиллах болно.

26Мөн эдгээр зүйлсийг үгүй хийж мөн нас нөгчих тэдэнд халаг, учир нь тэд нүглүүддээ нас нөгчинө, мөн тэд Бурханы хаант улсад аврагдаж эс чадах бөлгөө; мөн Христийн үгсийн дагуу би үүнийг ярьж байна; мөн би худал хэлэх нь үгүй.

27Мөн эдгээр зүйлсийг санахыг би та нарт ухуулж байна; учир нь миний худал эс хэлэхийг та нар мэдэх тэр цаг хурдтайгаар ирж байна, учир нь та нар намайг Бурханы тавцан дээр харах болно; мөн Их Эзэн Бурхан та нарт хэлнэ: Нас барагсдын дундаас хашгирах нэгэн мэтээр, тийм ээ, бүр газар шорооноос ярих нэгэн мэтээр, энэ хүнээр бичигдсэн өөрийн үгсийг би та нарт тунхаглаагүй гэж үү

28Бошиглолуудыг гүйцэлдүүлэхээр би эдгээр зүйлүүдийг тунхаглаж байна. Мөн болгоогтун, эдгээр нь үүрдийн Бурханы амнаас гарах болно; мөн түүний үг үеэс үед исгэрэн тархах болно.

29Мөн миний бичсэн энэ нь үүнийг үнэнийг Бурхан та нарт үзүүлэх болно.

30Мөн та нар Христэд ирж, мөн сайн бэлэг болгоноос барьж аван, мөн хилэнцэт бэлэгт, бас цэвэр бус зүйлд үл хүрэхийг та нарт ухуулъя би.

31Мөн сэрэгтүн, мөн шорооноос өндийгтүн, Ай Иерусалим; тийм ээ, мөн үзэсгэлэнт өмсгөлөө өмс, Ай Сионы охин; мөн та нар цаашид үл бусниулагдахын тул, Мөнхийн Эцэгийн Ай Израилын угсаа, та нартай хийсэн гэрээнүүд биелэгдэж болохын тулд, үүрд гадсаа бөхөлж мөн хилээ тэлэгтүн.

32Тийм ээ, Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, мөн бүх бурханлиг бусаас өөрсдөө татгалзагтун; мөн хэрэв та нар бүх бурханлиг бусаас өөрсдөө татгалзаж, мөн Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрлах аваас, тэгвэл түүний ач ивээл та нарт хангалттайгаас түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно; мөн хэрэв Бурханы ач ивээлээр та нар Христээр төгс аваас, та нар Бурханы хүчийг яав ч үгүйсгэж чадахгүй.

33Мөн тэрчлэн, хэрэв Бурханы ач ивээлээр та нар Христээр төгс, мөн түүний хүчийг эс үгүйсгэх аваас, тэгвэл Бурханы ач ивээлээр та нар Христээр, өөрсдийг тань нүглийн ангижралд хүргэх, Эцэгийн гэрээн дэх Христийн цусны урсалтаар ариусгагдсан билээ, тиймээс та нар ариун, толбогүй болно.

34Мөн эдүгээ би бүгдэд сайныг ерөөе. Миний сүнс болон махбодь дахин нэгдэж, мөн амьд үхсэний аль алиных нь Мөнхийн Шүүгч, агуу Иеховагийн таалалт тавцангийн өмнө та нартай уулзахаар би агаараар ялгуусан байдалтайгаар хүргэгдэх хүртэл, Бурханы диваажинд амрахаар удахгүй явах болно би. Амен.

ТӨГСӨВ