Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 103

1834 оны хоёрдугаар сарын 24-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 2:36–39). Гэгээнтнүүдийг хөнгөвчлөх хийгээд Жаксон гүнлэг дэх тэдний газруудыг сэргээх асуудлаар Бошиглогчтой зөвлөхөөр Парлей П.Пратт, Лайман Вайт хоёр Миссуригээс Огайогийн Көртландад ирсний дараа энэхүү илчлэлт хүлээн авагджээ.

1–4, Яагаад Их Эзэн Жаксон гүнлэг дэх Гэгээнтнүүд мөрдөн хавчигдахыг зөвшөөрөв; 5–10, Хэрэв Гэгээнтнүүд зарлигуудыг сахих аваас тэд дийлэх болно; 11–20, Сионы гэтэлгэл сүр хүчээр ирэх болно, мөн Их Эзэн өөрийн хүмүүсийн өмнө явах болно; 21–28, Гэгээнтнүүд Сионд цуглах ёстой, мөн амиа зориулдаг тэд үүнийг дахин олж авах болно; 29-40, Нилээд олон ах нар Сионы Хуаранг зохион байгуулах, мөн Сион уруу явахаар дуудагдав; хэрэв тэд итгэлтэй байх аваас ялалт тэдэнд амлагдав.

1Үнэнээр би та нарт хэлж байна, найз нар минь, болгоогтун, Сионы нутагт тараагдсан ах нарынхаа аврал хийгээд гэтэлгэлийн талаарх үүргүүдээ биелүүлээгүй тухайд хэрхэн үйлдэхийг та нар мэдэж болохын тулд би нэг илчлэлт болон зарлигийг та нарт өгөх болно;

2Миний өөрийн цагт хилэгнэлээ тэдний дээр бибээр хэмжээлшгүй ихээр цутгах, миний дайснуудын гараар туугдан мөн цохигдон байгааг нь буюу.

3Учир нь тэд алдсуудынхаа хэмжээг дүүргэж болохын тулд, тэдний аяга дүүрсэн байхын тулд би тэднийг ийн өдий хүртэл зөвшөөрсөн билээ.

4Мөн миний нэрээр өөрсдийгөө дууддаг тэд бүгд багаахан учир шалтгааны улмаас зовлонтой хийгээд гашуудалтай гэсгээн цээрлүүлэлтээр гэсгээн цээрлэгдэж болох бөлгөө; учир нь тэд өөрсдөд нь миний өгсөн заавар хийгээд зарлигуудыг нийтээрээ анхаараагүй билээ.

5Харин би та нарт үнэнээр хэлж байна, яг энэ цагаас эхлэн тэд Их Эзэн, тэдний Бурхан, миний тэдэнд өгөх зөвлөгөөг анхаарахын хэрээр миний хүмүүс олж авах болно хэмээх тогтоолыг би тогтоосон билээ.

6Болгоогтун яг энэ цагаас эхлэн тэд миний дайснуудын эсрэг дийлж эхлэх болно, учир нь би үүнийг тогтоосон билээ.

7Мөн Их Эзэн тэдний Бурхан миний тэдэнд хэлэх бүх үгсийг анхаарснаар дэлхийн хаант улсууд миний хөл дор захирагдах хүртэл мөн дэлхий үүрд болон үргэлжид эзэмшихээр гэгээнтнүүдэд өгөгдөх хүртэл тэд дийлэх нь хэзээ ч зогсохгүй байх болно.

8Гэвч тэд миний зарлигуудыг сахихгүй мөн миний бүх үгсийг анхаарахгүй байхын хэрээр, дэлхийн хаант улсууд тэдний эсрэг дийлсээр байх болно.

9Учир нь тэд дэлхийн гэрэл, мөн хүмүүний аврагчид байхаар болгогдсон байлаа;

10Мөн тэд хүмүүний аврагчид байхгүй байхын хэрээр, тэд амтаа алдсан давс мэт болох бөлгөө мөн тэр цагаас хойш зайлуулагдаж мөн хүмүүний улан дор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэггүй болдог.

11Харин үнэнээр би та нарт хэлж байна, та нарын тараагдсан ах дүүс тань өвийнхөө газруудад эргэж ирэх болно, мөн Сионы балгас болсон газруудыг сэргээн босгох болно хэмээн би тогтоож байна.

12Учир нь, өмнөх зарлигтаа би та нарт хэлсэнчлэн, их гай зовлонгийн дараа адислал ирдэг.

13Болгоогтун, та нарын гэтэлгэл, мөн ах дүүсийн чинь гэтэлгэл, бүр Сионы газар нутагт тэдний сэргээлт төлөвшүүлэгдэж дахин доош хаягдахгүй байх нь та нарт миний амласан тэрхүү адислал бөлгөө.

14Гэсэн хэдий ч, хэрэв тэд өвүүдээ бохирлох аваас тэд доош хаягдах болно; учир нь хэрэв тэд өвүүдээ бохирлох аваас би тэдний амийг хэлтрүүлэх нь үгүй.

15Болгоогтун, би та нарт хэлж байна, Сионы гэтэлгэл хүчээр ирэх ёстой нь шаардлагатай бөлгөө.

16Тиймийн тул, Израилын хүүхдүүдийг Мосе удирдсан лугаа адил тэднийг удирдах нэг хүнийг би өөрийн хүмүүсийн дунд бэлтгэх болно.

17Учир нь та нар Израилын хүүхдүүд, мөн Абрахамын үр удам билээ, мөн хүчээр, мөн сунгасан гараар та нар боолчлолоос удирдан гаргагдах ёстой нь шаардлагатай болой.

18Мөн та нарын эцгүүд урьд нь удирдагдсан шиг, бүр Сионы гэтэлгэл тийм байх болой.

19Тиймийн тул, зүрх сэтгэл чинь бүү унаг, учир нь би та нарын эцгүүдэд хэлсэн шигээ, би та нарт хэлэх нь үгүй: Миний бие оршихуй биш, харин миний тэнгэр элч та нарын өмнө явах болно.

20Харин би та нарт хэлнэ: Та нар тэрхүү сайхан газар нутгийг эзэмших тэр цагт миний тэнгэр элчүүд, мөн тэрчлэн миний оршихуй та нарын өмнө явах болно.

21Үнэнээр, үнэнээр би та нарт хэлж байна, миний үйлчлэгч Бага Иосеф Смит бол та нарт миний өгсөн сургаалт зүйрлэлийн жимсний цэцэрлэгийн Эзэн түүнтэй ярьсан тэр зарцтай миний адилтгасан тэр хүн юм.

22Тиймийн тул, миний үйлчлэгч Бага Иосеф Смит, миний өргөөний хүчин чадал, миний залуу эрчүүд болон дунд насныханд— надад ариулан адислагдсан мөнгөөр миний худалдаж авсан Сионы газар нутагт өөрсдийгөө хамтад нь цуглуулагтун хэмээн хэлэг.

23Бүх сүмүүд ухаалаг эрчүүдийг мөнгөтэй нь хамт илгээг, мөн бүр тэдэнд миний зарлигласанчлан газрууд худалдаж аваг.

24Сионы нутаг байхаар миний ариулан адисалсан сайхан газар нутгаас минь, бүр тэдний эсрэг эдгээр гэрчлэлүүдийг та нар миний өмнө авчирсны дараа өөрсдийн чинь нутгаас та нарыг хөөхөөр миний дайснууд та нарын эсрэг ирэхийн хэрээр, та нар тэднийг зүхэх ёстой;

25Мөн та нар хэнийг ч зүхлээ гэсэн, би зүхэх болно, мөн та нар дайснуудаас минь миний өс хонзонг авах ёстой.

26Мөн дайснуудаас минь миний өс хонзонг авахад, бүр намайг үзэн яддаг тэдний гурав дахь болон дөрөв дэх үеийнхэн дээр миний оршихуй та нартай хамт байх болно.

27Хүмүүн миний төлөө амиа зориулахаас бүү айг; учир нь миний төлөө амиа зориулдаг хэн ч гэсэн үүнийгээ дахин олж авах болно.

28Мөн миний төлөө амиа зориулахыг хүсдэггүй хэн ч гэсэн миний шавь биш болой.

29Миний шавь Сидней Ригдон, Сионы сэргээлт ба гэтэлгэлийн талаар тэдэнд миний өгсөн зарлигуудыг сахихад сүмүүдийг бэлтгэн, дорнын мужууд дахь цугларалтууд дээр дуу хоолойгоо өргөх ёстой нь миний таалал бөлгөө.

30Миний үйлчлэгч Парлей П.Пратт мөн миний үйлчлэгч Лаймен Вайт нар Сионы нутаг өөд явах бүлэг эрсийг олох хүртлээ, миний өргөөний хүчин чадлаас таван зуун тооныхыг арав, эсвээс хорь, эсвээс тавь, эсвээс зуугаар ньолох хүртлээ ах дүүсийнхээ нутагт эргэж ирэх ёсгүй нь миний таалал бөлгөө.

31Болгоогтун энэ бол миний таалал ном; асуу тэгвэл та нар хүлээн авах болно; гэвч хүмүүн миний тааллыг байнга хэрэгжүүлэх нь үгүй.

32Тиймийн тул, хэрэв та нар таван зууг олж үл чадах аваас, та нар магадгүй гурван зууг олж болохын тулд хичээнгүйлэн эрэлхийлэгтүн.

33Мөн хэрэв та нар гурван зууг олж үл чадах аваас, та нар магадгүй нэг зууг олж болохын тулд хичээнгүйлэн эрэлхийлэгтүн.

34Харин би үнэнээр та нарт хэлж байна, та нартай хамт Сионы нутаг өөд өгсөн очих миний өргөөний хүчин чадал болох нэг зууг олох хүртлээ Сионы нутаг өөд та нар явах ёсгүй хэмээх зарлигийг би та нарт өгч байна.

35Тиймийн тул, би та нарт хэлсэнчлэн, асуу мөн та нар хүлээн авах болно; миний үйлчлэгч Бага Иосеф Смит магадгүй та нартай хамт явж, мөн миний хүмүүсийн дунд тэргүүлж, мөн ариулан адислагдсан нутаг дээр миний хаант улсыг зохион байгуулж, мөн та нарт өгөгдсөн хийгээд өгөх хуулиуд мөн зарлигуудаар Сионы хүүхдүүдийг төлөвшүүлэхийн тулд шаргуу залбирагтун.

36Та нарын хичээл зүтгэл, итгэлтэй байдал мөн итгэлийн залбирлуудаар дамжин бүх ялалт хийгээд алдар суу та нарт тохиохоор авчрагддаг болой.

37Миний үйлчлэгч Парлей П.Пратт миний үйлчлэгч Бага Иосеф Смиттэй хамт аялаг.

38Миний үйлчлэгч Лаймен Вайт миний үйлчлэгч Сидней Ригдонтой хамт аялаг.

39Миний үйлчлэгч Хайрум Смит миний үйлчлэгч Фредерик Г.Виллямстай хамт аялаг.

40Миний үйлчлэгч Оорсон Хайд миний үйлчлэгч Оорсон Праттай хамт, та нарт миний өгсөн эдгээр зарлигуудын биелэлтийг хангахаар миний үйлчлэгч Бага Иосеф Смитийн тэдэнд зөвлөх тэр зүгт аялаг, мөн үлдсэнийг нь миний гарт үлдээг. Бүр тийм буюу. Амен.