Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 27

1830 оны наймдугаар сард Пеннсильванийн Хармонид Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:106–108). Талх болон дарсны ариун ёслолыг гүйцэтгэх шашны үйлчлэлийг бэлтгэхэд Иосеф дарс авчрахаар явав. Тэрээр тэнгэр элчтэй уулзаж, нэг хэсгийг нь тэр үед, мөн үлдсэнийг нь дараагийн есдүгээр сард бичсэн энэхүү илчлэлтийг хүлээн авчээ. Эдүгээ Сүмийн ариун ёслолын үйлчлэлүүдэд дарсны оронд ус хэрэглэдэг болов.

1–4, Ариун ёслолоос хүртэхэд хэрэглэгдэх бэлэгдлүүд тайлбарлагдав; 5–14, Христ болон бүх эрин үеийн түүний үйлчлэгчид ариун ёслолоос хүртэх болно; 15–18, Бурханы өвч хуяг дуулгыг өмсөгтүн.

1АНХААРАГТУН, үг нь амьд бөгөөд хүчирхэг өөрийн Их Эзэн, Есүс Христ, өөрийн Бурхан, мөн өөрийн Гэтэлгэгчийн дуу хоолойг.

2Учир нь, болгоогтун, би та нарт хэлж байна, хэрэв та нар үүнийг миний алдар суугийн төлөө бүхнээ зориулснаар та нарын төлөө унасан миний бие хийгээд та нарын нүглүүдийн ангижралын төлөө асгарсан миний цусыг эцэгт минь дурсан үйлдэх аваас, ариун ёслолоос хүртэхдээ та нар юу идэх буюу юу уух нь хамаагүй хэрэг билээ.

3Иймийн тул, та нар дарсыг ч, бас хүчтэй ундааг ч дайснуудаасаа худалдаж авахгүй байх ёстой хэмээх зарлигийг би та нарт өгч байна;

4Иймийн тул, та нарын дунд энэ нь шинээр хийгдэхээс бусдаар, тийм ээ, дэлхий дээр өсөн бэхжих миний Эцэгийн энэ хаант улсад та нар өөр юуг ч хүртэх ёсгүй.

5Болгоогтун, энэ бол надад орших мэргэн ухаан болой; иймийн тул, бүү гайх, учир нь би та нарын хамт, мөн миний үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулсан Мормоны Номыг та нарт илчлэхээр миний илгээсэн, Ефраимын савааны цэдгийн түлхүүрүүдийг миний итгэмжилсэн Моронайн хамт дэлхий дээр усан үзмийн модны жимснээс уух цаг ирнэ;

6Мөн тэрчлэн дэлхий эхэлсэн цагаас хойш бүх ариун бошиглогчдын амаар хэлэгдсэн эцсийн өдрүүдийн талаарх бүх зүйлүүдийн дахин сэргэлтийг улируулан тохиолгохоор авчрах түлхүүрүүдийг миний итгэмжилсэн Елиатай хамт буюу;

7Мөн, тэрээр (Елиа) Захариатай уулзаж тэрбээр хүүтэй болно, мөн түүний нэр нь Иохан байх болно, бас тэрбээр Елиасын сүнсээр дүүргэгдэх болно хэмээх амлалтыг өгсөн, мөнөөх Захариагийн хүү Иохантай буюу;

8Та нар бүр Аароны адил дуудагдаж, мөн томилогдож болохын тулд, та нарын хүлээн авсан тэрхүү анхны санваарт та нарыг томилохоор миний үйлчлэгч Бага Иосеф Смит, Оливер Каудери та хоёрт миний илгээсэн мөнөөх Иохан буюу.

9Мөн тэрчлэн, бүхэл дэлхий зүхлээр цохигдохгүйн тулд эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, мөн хүүхдүүдийнх нь зүрхийг эцгүүд уруу нь эргүүлэх хүчний түлхүүрүүдийг миний түүнд итгэмжилсэн Елиатай болой;

10Мөн тэрчлэн амлалтууд дамжин үлддэг та нарын эцгүүд, Иосеф болон Иаков, мөн Исаак, мөн Абрахамтай хамт буюу;

11Мөн тэрчлэн бүхний эцэг, бүхний хунтайж, эртний нэгэн, Михаил буюу Адамтай хамт буюу;

12Мөн та нарт миний илгээсэн, мөн та нарыг төлөөлөгчид мөн миний нэрний тусгай гэрчүүд байхаар, мөн та нарын тохинууллын хийгээд тэдэнд миний илчилсэн тэрхүү зүйлүүдийн түлхүүрүүдийг авч явахаар та нарыг бибээр тэднээр томилж мөн баталсан Иохан, Петр, мөн Иаковтай тэрчлэн хамт буюу;

13Бибээр өөрийн хаант улсын түлхүүрүүдийг, мөн эцсийн үеүдэд зориулсан сайн мэдээний эрин үеийг тэдэнд итгэмжилсэн бөлгөө; мөн бүх зүйлүүдийг, тэнгэр дэх, мөн дэлхий дээрх аль алиныг нь бибээр нэгд хамтад нь цуглуулах цаг хугацааны бүрэн байдлын тулд буюу;

14Мөн тэрчлэн дэлхийгээс Эцэгийн минь надад өгсөн тэд бүгдтэй хамт буюу.

15Иймийн тул, бүхнийг хийснээр, та нар муу ёрын өдрийг тэсвэрлэн, та нар тэсч гарах боломжтой байхын тулд зүрх сэтгэлээ өргөж мөн баясагтун, мөн хормойгоо шуу, мөн миний өвч хуяг дуулгыг өөрсөд дээрээ авагтун.

16Босогтун, тиймийн тул, үнэнээр бүсээ чанга бүсэлж, зөв шударга ёсны хуягийг өмсөн, мөн бибээр та нарт итгэмжлэхээр тэнгэр элчүүдээ илгээсэн амар амгалангийн сайн мэдээний бэлтгэлийг хөлдөө өмсөгтүн;

17Ёсон бусчуудын бүхий л галт сумнуудыг та нар унтраах боломжтой байх итгэлийн тэрхүү бамбайг гартаа аван;

18Мөн авралын дуулгыг, мөн та нар дээр миний юүлэх Сүнсний минь илдийг, мөн та нарт илчлэх миний үгийг авагтун, мөн надаас асуух бүхий л зүйлсийн талаар та нар санал нэгтэй байгтун, мөн намайг иртэл та нар итгэлтэй байгтун, мөн та нар аваачигдах болно, ингэснээр миний байгаа тэнд та нар тэрчлэн байх болно. Амен.