Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 34

1830 оны арваннэгдүгээр сарын 4-нд Нью-Йоркийн Фейеттед Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Оорсон Праттад өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:127–128). Пратт ах тэр үед арван есөн настай байв. Тэрээр сэргээгдсэн сайн мэдээний номлолыг анх удаа өөрийн ах Парлей П. Праттаас зургаан долоо хоногийн өмнө сонсоод, хөрвүүлэгдэж мөн баптисм хүртсэн байлаа. Энэхүү илчлэлт Ахмад Петр Витмерийн гэрт хүлээн авагджээ.

1–4, Итгэлтнүүд Цагаатгалаар дамжин Бурханы хөвгүүд болдог; 5–9, Сайн мэдээг номлох нь Хоёр дахь Ирэлтийн замыг бэлтгэдэг; 10–12, Бошиглол Ариун Сүнсний хүчээр ирдэг.

1ООРСОН Хүү минь, Их Эзэн Бурхан, бүр Есүс Христ, чиний Гэтэлгэгч бибээр чамд хэлэх тэр зүйлийг анхааран сонсож мөн дуулж мөн болгоогтун;

2Дэлхийн гэрэл ба амьдрал, харанхуйд гялалзагч гэрэл нь тэр бөгөөд харанхуй нь үүнийг ойлгох нь үгүй бөлгөө;

3Итгэсэн болгон нь Бурханы хөвгүүд болж болохын тулд дэлхийг нэн ихээр хайрлаж амьдралаа өгсөн нь тэр бөлгөө. Иймийн тул чи миний хүү болой;

4Мөн чи итгэсний учир адислагдсан болой чи;

5Мөн чи миний сайн мэдээг номлохоор надаас дуудагдсан учраас улам ч илүү адислагдсан болой чи—

6Бүрээн дуу мэт дуу хоолойгоо удаан бөгөөд чангаар өргөхөөр, мөн Их Эзэний замыг түүний хоёр дахь ирэлтэд бэлтгэн, гажууд хийгээд тэрслүү үеийнхэнд наманчлалыг тунхаглахаар буюу.

7Учрыг болгоогтун, үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, миний бие үүлэн дунд сүр хүч хийгээд агуу алдар сууд ирэх тэр цаг ойрхон байна.

8Мөн миний ирэлтийн үед энэ нь агуу өдөр байх болно, учир нь бүх үндэстнүүд дагжин чичрэх болно.

9Гэвч тэрхүү агуу өдөр тохиохын өмнө, нар харанхуйлж, сар цус болон хувирах болно; мөн одод гэрэлтэхээ больж, мөн зарим нь унах болно, мөн агуу устгалууд ёс бусыг үйлдэгчдэд тохиох ажгуу.

10Иймийн тул, дуу хоолойгоо өргөж мөн бүү татгалз, учир нь Их Эзэн Бурхан ярилаа; тиймийн тул бошигло, мөн энэ нь Ариун Сүнсний хүчээр өгөгдөх болно.

11Мөн хэрэв чи итгэлтэй байх аваас, болгоогтун, би ирэх хүртлээ чамтай хамт байна–-

12Мөн үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, би гэнэт ирнэ. Бибээр чиний Их Эзэн мөн чиний Гэтэлгэгч бөлгөө. Бүр тийм буюу. Амен.