Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 54

1831 оны зургадугаар сард Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Ньюел Найтад өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:180–181). Огайогийн Томпсон дахь салбарын гишүүд өмч хөрөнгийг ариулан адислахтай холбоотой асуудал дээр хуваагдсан байлаа. Амин хувиа хичээх үзэл хийгээд шунаг сэтгэл харагдсан байв, мөн өөрийн том фермийг Колесвилл, Нью-Йоркоос ирж буй Гэгээнтнүүдийн өвийн газар болгон өгөхөөр хийсэн гэрээгээ Леман Копли зөрчив. Эзра Тайре ч бас сөрөг үйл ажиллагаанд оролцов. Үүний улмаас, Ньюел Найт (Томпсон дахь салбарын ерөнхийлөгч ) мөн бусад ахлагчид хэрхвэл зохихыг асуухаар Бошиглогч дээр иржээ. Бошиглогч Их Эзэнээс асууж мөн энэхүү илчлэлтийг хүлээн авчээ. (Энэ асуудлын үргэлжлэл болох хэсэг 56-г үз).

1–6, Нигүүлслийг олохын тулд Гэгээнтнүүд сайн мэдээний гэрээг сахих ёстой; 7–10, Гай зовлонд тэд тэвчээртэй байх ёстой.

1БОЛГООГТУН, Их Эзэн, бүр Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл, бүр дэлхийн нүглүүдийн улмаас цовдлогдсон тэрбээр ийн өгүүлнэ—

2Болгоогтун, үнэнээр, үнэнээр, миний үйлчлэгч Ньюел Найт чамд би хэлнэ, миний томилсон тэрхүү албан тушаалд чи чанд шаргуу зогсох ёстой.

3Мөн хэрэв ахан дүүс чинь дайснуудаасаа зайлсхийхийг хүсэх аваас, тэд бүх нүглээ наманчлаг, мөн миний өмнө чин сэтгэлээсээ даруу төлөв хийгээд гэмшсэн байг.

4Мөн тэд надтай хийсэн гэрээгээ зөрчсөн учраас, бүр энэ нь хүчингүй бөгөөд ямар ч үр нөлөөгүй болсон бөлгөө.

5Энэхүү нүгэл ирсэн түүнд халаг, учир нь тэрээр тэнгисийн гүнд үйж эрсэдсэн бол энэ нь түүний хувьд дээр байх байсан юм.

6Харин гэрээг сахьж мөн зарлигийг дагасан тэд адислагдсан болой, учир нь тэд нигүүлслийг олж авах болно.

7Иймийн тул, дайснууд чинь та нар дээр ирэхгүйн тулд эдүгээ явж мөн уг нутаг уруу зугт; мөн аян замдаа гарагтун, мөн та нарын өмнөөс мөнгө төлөх мөн удирдагчаа болгохыг та нар хүсдэг түүнийг томилогтун.

8Мөн ийнхүү та нар өрнөд бүс нутгууд уруу, Миссурийн нутаг уруу, леменчүүдийн хил хязгаарууд уруу хийх аян замдаа гарах ёстой.

9Мөн та нар аялал хийснийхээ дараа, болгоогтун, би та нарт хэлнэ, та нарт зориулсан газрыг би бэлтгэх хүртэл, хүмүүний адилаар амьдралаа залгуулахыг та нар эрэлхийлэгтүн.

10Мөн дахин, намайг иртэл гай зовлонд тэвчээртэй байгтун; мөн, болгоогтун, би гэнэт ирнэ; мөн миний шагнал надтай хамт байх бөлгөө, мөн намайг түрүүнд эрэлхийлсэн тэд өөрсдийнхөө сүнсэнд амралтыг олох болно. Бүр тийм буюу. Амен.