Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 62

1831 оны наймдугаар сарын 13-нд Миссури мөрний эрэг дээрх Чаритонд Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:205–206). Энэ өдөр Бошиглогч болон түүний бүлэг Индепенденсээс Көртланд уруу явах замдаа Сионы нутаг уруу явж байсан хэсэг ахлагчидтай уулзаж, мөн баяр хөөртэйгөөр мэндлэлцсэний дараа энэхүү илчлэлтийг хүлээн авчээ.

1–3, Гэрчлэлүүд тэнгэрт цэдэглэгддэг болой; 4–9, Ахлагчид өөрсдийнхөө шийдвэрийн дагуу хийгээд Сүнсээр чиглүүлэгдсэнээр аялж мөн номлох ёстой.

1БОЛГООГТУН, мөн анхаарагтун, Ай миний сүмийн ахлагчид та нар хэмээн, та нарын Бурхан Их Эзэн, бүр Есүс Христ, хүмүүний сул талыг хийгээд уруу татагдсан тэдэнд хэрхэн туслахыг мэддэг, та нарын өмгөөлөгч тэрээр хэлж байна.

2Мөн үнэнээр миний мэлмий Сионы нутаг өөд хараахан өгсөн яваагүй байгаа тэдэн дээр байна; иймийн тул, та нарын ажил үүрэг хараахан дуусаагүй байна.

3Гэсэн хэдий ч, адислагдсан болой та нар, учир нь та нарын гэрчилсэн гэрчлэл тэнгэр элчүүд харж байхын тулд тэнгэрт цэдэглэгддэг болой; мөн тэд та нарт баясдаг бөлгөө, мөн нүглүүд тань өршөөгдсөн болой та нарт.

4Мөн эдүгээ аяллаа үргэлжлүүлэгтүн. Сионы нутаг дээр өөрсдийгөө цуглуулагтун; мөн цуглаан явуулж мөн хамтдаа баясацгаа, Бүхний Дээдэд ариун ёслолыг өргөгтүн.

5Мөн тэгээд та нар гэрчлэхийн тулд эргэж очиж болох бөлгөө, тийм ээ, бүр та нарт сайн санагдсанаар бүгд хамтдаа, эсвээс хоёр хоёроороо буюу, энэ нь надад хамаагүй бөлгөө; гагцхүү итгэлтэй байж мөн баярт мэдээнүүдийг дэлхийн оршин суугчдад, эсвээс ёс бусчуудын цугларалтуудын дунд тунхаглагтун.

6Болгоогтун, амлалт биелэгдэж болохын тулд, та нарын дундах итгэлтнүүд хамгаалагдаж мөн Миссурийн нутагт хамтдаа баясахын тулд Их Эзэн бибээр та нарыг хамтад нь авчирлаа. Их Эзэн бибээр итгэлтнүүдэд амладаг мөн худал хэлэх нь үгүй.

7Хэрэв та нарын дотроос хэн нэгэн чинь мориор, луусаар, эсвээс сүйх тэргээр явахыг хүсэх аваас Их Эзэн бибээр зөвшөөрч бэлэн байна, хэрэв тэрээр үүнийг Их Эзэний гараас, бүх зүйлд талархах сэтгэлээр хүлээн авбал, тэрээр энэхүү адислалыг хүлээн авах болно.

8Шийдвэр хийгээд Сүнсний чиглүүллүүдийн дагуу эдгээр зүйлүүдийг хийх нь та нарт үлдэх авай.

9Болгоогтун, хаант улс та нарынх бөлгөө. Мөн болгоогтун, мөн харагтун, бибээр итгэлтнүүдтэй ямагт хамт байна. Бүр тийм буюу. Амен.