Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 76

1832 оны хоёрдугаар сарын 16-нд Огайогийн Хайрамд Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн үзэгдэл оршвой (History of the Church, 1:245-252). Энэхүү үзэгдлийн цэдгийн оршил болгон Бошиглогч бичихдээ: “Амхерстын чуулганаас эргэж ирснийхээ дараа би Судруудын орчуулгыг цааш үргэлжлүүлэв. Хүлээн авагдсан өөр өөр илчлэлтээс хүмүүний авралын талаарх олон чухал хэсэг Библиэс авагдсан буюу үүнийг эмхтгэн хэвлэгдэхээс өмнө алга болсон нь илэрхий байлаа. Үлдсэн үнэнүүдээсхэрэв бие махбодид хийгдсэн үйлүүдийнх нь дагуу Бурхан хүн бүрийг шагнадаг байсан аваас, Гэгээнтнүүдийн хувьд мөнхийн гэр нь болох ‘Тэнгэр’ гэдэг нэр томьёо нь нэгээс илүү хаант улсуудыг багтаах учиртай нь илэрхий харагдаж байв. Яг үүнчлэн … би өөрөө мөн Ахлагч Ригдон Гэгээнтэн Иоханы Сайн мэдээг орчуулж байхдаа дараах үзэгдлийг харсан билээ” гэжээ (History of the Church, 1:245). Иохан 5:29-ийг орчуулсны дараа энэхүү үзэгдэл Бошиглогчид өгөгдсөн ажээ.

1–4, Их Эзэн бол Бурхан мон; 5–10, Хаант улсын нууцууд итгэлтэй бүгдэд илчлэгдэх болно; 11–17, Шударга хүмүүс эсвээс шударга бус хүмүүсийн амилуулалтанд бүгд урагш гарч ирэх болно; 18–24, Олон дэлхийн оршин суугчид Есүс Христийн цагаатгалаар дамжин Бурханы төрсөн хөвгүүд мөн охид нь билээ; 25–29, Бурханы тэнгэр элч унаж мөн чөтгөр болсон ажээ; 30–49, Мөхлийн хөвгүүд мөнхийн ялд унах болой; бусад бүгд нь авралын зарим зэрэглэлийг авах бөлгөө; 50–70, Селестиел хаант улсад өргөмжлөгдсөн хүмүүсийн алдар суу хийгээд шагнал дүрслэгдэв; 71–80, Террестиел хаант улсыг өвлөх тэд дүрслэгдэв; 81–113, Телестиел, Террестиел мөн Селестиел алдар суунуудад байх тэдний байдал тайлбарлагдав; 114–119, Итгэлтнүүд Ариун Сүнсний хүчээр Бурханы хаант улсын нууцуудыг харж мөн ойлгож болно.

1СОНСОГТУН, Ай тэнгэрүүд та нар, мөн чих тавигтун, Ай дэлхий, мөн тэдгээрийн оршин суугчид та нар баясан цэнгэцгээ, учир нь Их Эзэн бол Бурхан, мөн түүнээс өөр Аврагч үгүй бөлгөө.

2Түүний мэргэн ухаан агуу, түүний замууд ер бусын гайхамшигтай ажгуу, мөн түүний үйлүүдийн хэмжээ хязгаарыг хэн ч мэдэж чадах нь үгүй.

3Түүний зорилгууд бүтэлгүйтэх нь үгүй, мөн түүний гарыг зогсоож чадах хэн ч үгүй бөлгөө.

4Үүрд мөнхөөс үүрд мөнхөд тэрээр нэг адил бөлгөө, мөн түүний жилүүд төгсөх нь хэзээ ч үгүй.

5Учир нь Их Эзэн ийн хэлдэг—Их Эзэн бибээр надаас эмээдэг тэдэнд нигүүлсэнгүй хийгээд ач ивээлтэй бөлгөө, мөн зөв шударга ёсонд хийгээд үнэнд эцсээ хүртэл надад үйлчилдэг тэднийг хүндэтгэхдээ баяртай байдаг билээ.

6Тэдний шагнал агуу байх болно, мөн тэдний алдар суу мөнхөд байх болно.

7Мөн бибээр тэдэнд бүх нууцыг тийм ээ, эрт дээр үеэс нууцлаг байсан хаант улсынхаа бүх нууцыгилчлэх болно, мөн ирэх үеүдэд, хаант улсдаа хамаарах бүх зүйлийн талаарх өөрийн тааллыг сайн таашаалыг би тэдэнд мэдүүлэх болно.

8Тийм ээ, бүр үүрд мөнхийн гайхамшгуудыг тэд мэдэх болно, мөн ирэх тэр зүйлүүдийг, бүр олон үеийн зүйлүүдийг би тэдэнд үзүүлэх болно.

9Мөн тэдний мэргэн ухаан агуу байх болно, мөн тэдний ойлголт тэнгэрт тулах бөлгөө, мөн тэдний өмнө ухаантнуудын мэргэн ухаан мөхөх болно, мөн хэрсүү ухаантнуудын ойлголт юу ч биш болно.

10Учир нь бибээр Сүнсээр тэднийг гэгээрүүлэх болно, мөн бибээр өөрийн сүр хүчээр тааллынхаа нууцуудыг тэдэнд мэдүүлэх болно—тийм ээ, бүр нүд хараагүй, чих сонсоогүй, хүмүүний зүрх сэтгэлд ороогүй тэдгээр зүйлүүдийг буюу.

11Бага Иосеф Смит, Сидней Ригдон бид хоёр манай Их Эзэний нэг мянга найман зуун гучин хоёр онд, хоёрдугаар сарын арван зургаа дахь өдөр Сүнсэнд байснаар—

12Сүнсний хүчээр бидний нүд нээгдэж мөн бидний ойлголтууд гэгээрүүлэгдсэн бөлгөө, тийнхүү Бурханы зүйлүүдийг харж мөн ойлгоход хүрсэн буюу—

13Бүр эхлэлээс Эцэгийн цээжинд байсан түүний Төрсөн Ганц Хүүгээр дамжуулан Эцэгийн томилсон бүр дэлхий байхаас өмнө эхлэлээс байсан тэдгээр зүйлүүдийг буюу;

14Түүний тухай бид гэрчилдэг; мөн бидний гэрчлэх тэрхүү гэрчлэл нь Хүү болох түүнийг бид харж мөн тэнгэрлэг үзэгдэлд бид түүнтэй ярилцсан Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал бөлгөө.

15Учир нь Их Эзэнээс бидэнд тохоон томилсон орчуулгын ажлыг бид хийж байх үед бидэнд өгөгдсөн Иоханы тавдугаар бүлгийн хорин есдүгээр шүлэгт бид хүрч ирсэн нь дараах байдлаар ажгуу—

16Хүний Хүүгийн дуу хоолойг сонсох тэдний тухай нас барагсдын амилуулалтын талаар өгүүлсэн нь:

17Булшинд байгчид бүгдээрээ; сайныг үйлдсэн тэд, шударга хүмүүсийн амилуулалтад, мөн хилэнцэтийг үйлдсэн тэд, шударга бус хүмүүсийн амилуулалтад түүний дуу хоолойг сонсон мөн урагш гарч ирэх болно.

18Эдүгээ энэ нь биднийг гайхахад хүргэв, учир нь энэ нь Сүнснээс бидэнд өгөгдсөн байв.

19Мөн бид эдгээр зүйлүүдийг бясалгаж байх үед, Их Эзэн бидний ойлголтын мэлмийд хүрч мөн тэдгээр нь нээгдсэн болой, мөн Их Эзэний алдар суу эргэн тойронд гийж байв.

20Мөн Эцэгийн баруун гар дахь Хүүгийн алдар сууг бид болгоож, мөн түүнийбүрэн байдлыг хүлээн авсан буюу;

21Мөн, Бурханыг мөн Хургыг сэнтийнийх ньөмнө шүтэн биширч буй мөн түүнийг үүрд хийгээд мөнхөд шүтэн биширдэг ариун тэнгэр элчүүдийг мөн ариусгагдсан хүмүүсийг харав.

22Мөн эдүгээ, түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар бидний өгөх, хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!

23Учир нь бид түүнийг бүр Бурханы баруун гар талд харсан билээ; түүнчлэн тэрээр Эцэгийн Төрсөн Ганц болой хэмээн гэрчлэх дуу хоолойг бид сонссон билээ—

24Ийнхүү түүгээр, мөн түүгээр дамжин, мөн түүнээс, дэлхийнүүд бүтээгдсэн мөн бүтээгддэг ажгуу, мөн тэдгээрийн оршин суугчид нь Бурханы төрсөн хөвгүүд хийгээд охид нь бөлгөө.

25Мөн Эцэгийн дэргэд эрх мэдэлд байсан Бурханы нэг тэнгэр элч асан тэрээр, Эцэг хайрладаг байсан, мөн Эцэгийн цээжинд байсан Төрсөн Ганц Хүүгийн эсрэг бослого гаргаж, Эцэг мөн Хүүгийн дэргэдээс доош хаягдсаныг бид тэрчлэн харсан билээ, мөн гэрчилж байна,

26Мөн Мөхөл хэмээн нэрлэгддэг байв, учир нь тэнгэр түүнээс болж уйлсан аж, тэр бол Люсифер, өглөөний хүү байв.

27Мөн бүр өглөөний хүү тэрбээр унасан! унасныг бид болгоов, мөн харагтун!

28Мөн биднийг Сүнсэнд байхад, бид уг үзэгдлийг бичих ёстой хэмээн Их Эзэн бидэнд зарлиглав; учир нь Бурханы эсрэг бослого гаргасан, Сатан, хөгшин хорт могой, бүр чөтгөрийг бидний Бурханы болон түүний Христийн хаант улсыг авахаар эрэлхийлснийг бид болгоов—

29Иймийн тул, тэрээр Бурханы гэгээнтнүүдтэй дайтдаг, мөн тэднийг тойрон бүсэлдэг ажгуу.

30Мөн түүний дайтаж мөн түүний дийлсэн тэдний зовлонгуудын тухай үзэгдлийг бид харав, учир нь ийн Их Эзэний дуу хоолой бидэнд ирсэн болой:

31Миний сүр хүчийг мэддэг, мөн үүнийг хүртэгсэд болгогдсон, мөн чөтгөрийн хүчээр дамжин өөрсдийгөө ялагдсан байхыг, мөн үнэнийг үгүйсгэхийг хийгээд миний хүчийг эсэргүүцэхийг зөвшөөрсөн тэд бүгдийн талаар ийн Их Эзэн хэлдэг ажгуу—

32Тэд бол мөхлийн хөвгүүд болох тэд болой, тэд огт төрөөгүй байсан бол дээр байх сан хэмээн би тэдний тухайд хэлдэг;

33Учир нь тэд бол үүрд мөнхөд чөтгөр хийгээд түүний элчүүдтэй хамт Бурханы хилэгнэлд зовжбайдаг муу заяатай, хилэгнэлийн савнууд юм;

34Энэ дэлхийд ч, ирэх дэлхийд ч өршөөл үгүй хэмээн би тэдний талаар хэлсэн бөлгөө—

35Ариун Сүнсийг хүлээн авсныхаа дараа үүнийг үгүйсгэсний учир мөн Эцэгийн Төрсөн Ганц Хүүг үгүйсгэсний учир, түүнийг оюун санаандаа цовдолж мөн түүнийг нийтийн өмнө ичгүүрт тавьсны учир бөлгөө.

36Эдгээр нь чөтгөр хийгээд түүний элчүүдийн хамт галт болон хүхэрт нуур уруу очих тэд болой—

37Мөн хоёр дахь үхэл тэдэн дээр хүчтэй байх гагцхүү тэд болой;

38Тийм ээ, үнэнээр, түүний хилэгнэлийн зовлонгуудын дараа, Их Эзэний тогтоосон цагт гэтэлгэгдэх үгүй гагцхүү тэд болой.

39Учир нь үлдсэн бүгд нь, дэлхийнүүд хийгдэхээс өмнө Эцэгийн цээжинд байсан, егүүтгэгдсэ Хурганы алдар суу хийгээд ялгуусан баяраар дамжин нас барагсдын амилуулалтаар урагш авчрагдах болно.

40Мөн энэ бол тэнгэрээс гарах дуу хоолой нь бидэнд гэрчилсэн, сайн мэдээ, баярт мэдээнүүд бөлгөө—

41Ийнхүү тэрээр, бүр Есүс, дэлхийн төлөө цовдлогдохоор, мөн дэлхийн нүглүүдийг үүрэхээр, мөн дэлхийг ариусгахаар, мөн үүнийг бүхий л шударга бус явдлаас нь цэвэрлэхээр дэлхийд ирсэн бөлгөө;

42Ийнхүү Эцэгийн, түүний хүчинд тавьсан мөн түүгээр хийгдсэн тэд бүгд түүгээр дамжин бүгдээрээ аврагдаж болох бөлгөө;

43Тэрээр Эцэгийг алдаршуулж мөн Хүүг Эцэг илчилсний дараа түүнийг үгүйсгэдэг мөхлийн хөвгүүдээс бусад түүний гарын бүх ажлыг тэрээр авардаг бөлгөө.

44Иймийн тул, тэднээс бусдыг нь тэрээр бүгдийг авардаг билээ—төгсгөлгүй шийтгэл болох, мөнхийн шийтгэлболох, үүрдийн шийтгэл уруу,тэдний тарчлал болох өт хорхой нь үхэхгүй, мөн гал нь унтрахгүй тэнд чөтгөр хийгээд түүний элчүүдтэй хамт тэд үүрд мөнхөд хаанчлахаар очих болно—

45Мөн үүний төгсгөлийг ч, мөн үүний газрыг ч, мөн тэдний тарчлалыг ч ямар ч хүмүүн мэдэх нь үгүй;

46Үүнийг хүртэгчид болгогдсон тэднээс бусад хүмүүнд энэ нь илчлэгдэж байгаагүй, одоо ч илчлэгдээгүй, мөн илчлэгдэх нь ч үгүй билээ;

47Гэсэн хэдий ч Их Эзэн бибээр үүнийг үзэгдлээр олонд нь үзүүлэх боловч үүнийг дахин тэр даруй хаадаг билээ;

48Иймийн тул, үүний төгсгөл, өргөн, өндөр, гүнийг, мөн гуниг зовлонг тэд, мөн энэхүү буруушаалтад томилогдсон тэднээс бусад ямар ч хүн ойлгох нь үгүй.

49Мөн дуу хоолой: Үзэгдлийг бичигтүн, учир нь харагтун, энэ бол бурханлиг бусчуудын зовлонгуудын тухай үзэгдлийн төгсгөл болой хэмээн өгүүлэхийг бид сонсов.

50Мөн дахин бид гэрчилж байна—учир нь бид харж мөн сонссон болой, мөн энэ бол шударга хүмүүсийн амилуулалтад урагш гарч ирэх тэдний талаарх Христийн сайн мэдээний гэрчлэл болой—

51Тэд бол Есүсийн тухай гэрчлэлийг хүлээн авсан, мөн түүний нэрэнд итгэсэн, мөн түүний оршуулгын маягаар баптисм хүртсэн, түүний нэрээр усанд оршуулагдсан тэд болой, мөн энэ нь түүний өгсөн тэрхүү зарлигийн дагуу буюу—

52Тийнхүү тэд зарлигуудыг сахиснаар бүх нүглээсээ угаагдаж мөн цэвэршигдэн мөн энэ хүчинд томилогдон мөн лацдагдсан түүнээс гар тавилтаар Ариун Сүнсийг хүлээн авч болох ажгуу;

53Мөн итгэлээр дийлж, мөн шударга хийгээд үнэнч тэд бүгдийн дээр Эцэгийн цутгадаг амлалтын Ариун Сүнсээр лацдагдсан тэд буюу.

54Тэд бол Ууган Хүүгийн сүм болох тэд бөлгөө.

55Тэд бол Эцэг бүх зүйлийг гарт нь өгсөн тэд буюу—

56Тэд бол түүний бүрэн байдлыг, мөн түүний алдар сууг хүлээн авсан санваартнууд хийгээд хаад болох тэд болой;

57Мөн Төрсөн Ганц Хүүгийн жаягийн дагуу байсан Енохын жаягийн дагуу байсан Мелкизедекийн жаягийн дагуух Бүхний Дээдийн санваартнууд бөлгөө.

58Иймийн тул, энэ нь бичигдсэнчлэн, тэд бол бурхад, бүр Бурханы хөвгүүд бөлгөө—

59Иймийн тул, бүх зүйл тэднийх болой, амьдрал эсвээс үхэл, эсвээс одоогийн зүйлүүд, эсвээс ирэх зүйлүүд, бүгд тэднийх болой мөн тэд бол Христийнх, мөн Христ нь Бурханых бөлгөө.

60Мөн тэд бүх зүйлийг дийлэх болно.

61Иймийн тул, хүмүүнд хүмүүн бүү алдаршиг, харин бүх дайсныг хөл дороо захирах Бурханыг тэрбээр алдаршуулаг.

62Эдгээр нь Бурхан хийгээд түүний Христийн дэргэд үүрд мөн мөнхөд орших болно.

63Эдгээр нь тэрээр газар дэлхий дээр өөрийн хүмүүст хаанчлахаар тэнгэрийн үүлэнд ирэхдээ, өөртэйгөө хамт авчрах тэд бөлгөө.

64Эдгээр нь анхны амилуулалтад хувьтай байх тэд болой.

65Эдгээр нь шударга хүмүүсийн амилуулалтад урагш гарч ирэх тэд бөлгөө.

66Эдгээр нь Сион Уул уруу мөн амьд Бурханы хот уруу, тэрхүү тэнгэрлэг, бүхнээс хамгийн ариун газар уруу очих тэд болой.

67Эдгээр нь тоо томшгүй олон тэнгэр элч уруу ерөнхий хуралдайд мөн Енохын сүмд мөн Ууган Хүүгийн сүмд ирэх тэд бөлгөө.

68Эдгээр нь Бурхан хийгээд Христ бүхний шүүгч байдаг тэнгэрт нэр нь бичигдсэн тэд буюу.

69Эдгээр нь өөрийнхөө цус урсгалтаар дамжуулан энэхүү төгс цагаатгалыг хийсэн, шинэ гэрээний зууч Есүсээр дамжин төгс болгогдсон шударга хүмүүс болох тэд бөлгөө.

70Эдгээр нь бие махбодь нь селестиел, алдар суу нь нарных, бүр бүхнээс хамгийн дээд, алдар суу нь огторгуйдердийн байдаг нар лугаа адил хэмээн бичигдсэн Бурханы алдар суу болой.

71Мөн дахин, террестриел дэлхийг бид үзэв, мөн болгоогтун мөн харагтун, тэдгээр нь террестриелийнх болох тэд бөлгөө, тэдний алдар суу нь Эцэгийн бүрэн байдлыг хүлээн авсан Ууган Хүүгийн сүмийнхээс, бүр огторгуй дахь нарнаас сар ялгардгийн адил ялгарах авай.

72Болгоогтун, эдгээр нь хуульгүйгээр нас барсан тэд бөлгөө;

73Мөн тэрчлэн тэд бол хүмүүсийн шоронд хоригдсон сүнснүүд бөгөөд тэд махан бодь дахь хүмүүний дагуу шүүгдэж болохын тулд Хүү тэдэнд айлчилж ирэн, мөн сайн мэдээг тэдэнд номложээ;

74Тэд Есүсийн тухай гэрчлэлийг махан бодид хүлээн аваагүй, харин хожим нь үүнийг хүлээн авсан ажээ.

75Эдгээр нь хүмүүний башир аргаар харалган болсон дэлхийн шударга сайн хүмүүс.

76Эдгээр нь түүний бүрэн байдлыг бус, харин түүний алдар сууг хүлээн авсан тэд юм, гэвч.

77Эдгээр нь Эцэгийн бүрэн байдлыг бус харин Хүүгийн оршихуйг хүлээн авсан тэд юм.

78Иймийн тул, тэд бол селестиел биес бус террестриел биес бөгөөд нарнаас сар ялгардаг шиг алдар сууд ялгардаг билээ.

79Эдгээр нь Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй биш тэд бөлгөө; иймийн тул, бидний Бурханы хаант улс дээрх титмийг тэд олж авах нь үгүй.

80Мөн эдүгээ энэ нь террестриелчүүдийн талаар бидний харсан, биднийг Сүнсэнд байх зуур үүнийг бичихийг Их Эзэн бидэнд зарлигласан үзэгдлийн төгсгөл бөлгөө.

81Мөн дахин, бүр огторгуй дахь сарны алдар суугаас оддын алдар суу ялгардгийн адил бага алдар суу болох телестиелчүүдийн алдар сууг бид харав.

82Эдгээр нь Христийн сайн мэдээг ч, Есүсийн тухай гэрчлэлийг ч хүлээн аваагүй тэд юм.

83Эдгээр нь Ариун Сүнсийг үгүйсгэдэггүй тэд юм.

84Эдгээр нь тамд доош хаягдсан тэд юм.

85Эдгээр нь сүүлчийн амилуулалт хүртэл, Их Эзэн, бүр Христ Хурга ажлаа дуусгах хүртэл чөтгөрөөс гэтэлгэгдэх нь үгүй тэд юм.

86Эдгээр нь террестриелчүүдийн тохинууллаар дамжуулан Ариун Сүнсийг хүлээн авдаг боловч мөнхийн дэлхийд түүний бүрэн байдлыг хүлээн авдаггүй тэд юм;

87Мөн террестриелчүүд нь селестиелчүүдийн тохинууллаар дамжуулан буюу.

88Мөн тэрчлэн телестиелчүүд үүнийг тэдний төлөө тохинуулахаар томилогддог, эсвээс тэдний төлөө тохинуулагч сүнснүүд байхаар томилогддог тэнгэр элчүүдийн тохинууллаас хүлээн авдаг болой; учир нь тэд авралыг өвлөгчид байх болно.

89Мөн бүх ойлголтоос давж гарсан телестиелчүүдийн алдар сууг тэнгэрлэг үзэгдэлд бид ийн харав;

90Мөн Бурхан үүнийг түүнд илчлэхээс бусдаар ямар ч хүмүүн үүнийг мэдэх нь үгүй.

91Мөн бүр алдар суунд, сүр хүчинд, хүч чадалд, мөн эзэгнэлд телестиелчүүдийн алдар сууг бүх зүйлд давамгайлах террестриелчүүдийн алдар сууг тийн бид үзэв.

92Мөн тийн бүх зүйлд давамгайлдаг, Бурхан, бүр Эцэг сэнтийдээ үүрд мөн мөнхөд хаанчлан суудаг селестиелчүүдийн алдар сууг бид үзэв;

93Түүний сэнтийн өмнө бүх зүйл даруухан хүндэтгэлд мэхийж, мөн түүнд алдар сууг үүрд мөн мөнхөд өргөдөг бөлгөө.

94Түүний дэргэд оршин суудаг тэд бол Ууган Хүүгийн сүм болой; мөн түүний бүрэн байдлыг мөн түүний ач ивээлийг хүлээн авч тэд Бурханд үзэгддэгийн адилаар тэд үздэг ажгуу, мөн тэд Бурханд мэдэгддэгийн адилаар мэддэг ажээ;

95Мөн тэрээр тэднийг сүр хүчинд, мөн хүч чадалд, мөн эзэгнэлд адил тэгш болгодог бөлгөө.

96Мөн селестиелчүүдийн алдар суу нь, бүр нарны алдар суу нэгийн адил нэг бөлгөө.

97Мөн террестриелчүүдийн алдар суу нь, бүр сарны алдар суу нэгийн адил нэг бөлгөө.

98Мөн телестиелчүүдийн алдар суу нь, бүр оддын алдар суу нэгийн адил нэг бөлгөө; учир нь нэг од нөгөө одноос алдар сууд ялгардагчлан, бүр тийн телестиел дэлхийд нэг нь нөгөөгөөсөө алдар сууд ялгардаг бөлгөө;

99Учир нь эдгээр нь Паулынх, мөн Аполлынх, мөн Кефийнх болох тэд бөлгөө.

100Эдгээр нь зарим нь нэгнийх мөн зарим нь нөгөөгийнх нь—зарим нь Христийнх мөн зарим нь Иоханых, мөн зарим нь Мосегийнх, мөн зарим нь Елиасынх, мөн зарим нь Есаиасынх, мөн зарим нь Исаиагийнх, мөн зарим нь Енохынх хэмээн хэлдэг тэд юм;

101Гэвч сайн мэдээг, мөн Есүсийн тухай гэрчлэлийг ч, мөн бошиглогчдыг ч, мөн үүрдийн гэрээг ч хүлээж аваагүй бөлгөө.

102Эцсийн эцэст, эдгээр нь Ууган Хүүгийн сүмд аваачигдахын тулд, мөн үүлэнд хүлээн авагдахын тулд гэгээнтнүүдтэй хамт цуглуулагдах нь үгүй болой.

103Эдгээр нь худал хэлэгчид, мэрэг төлөгчид, мөн садарлагчид, мөн завхайрагчид, мөн худал хуурмагт дурладаг мөн тийн үйлддэг тэд юм.

104Эдгээр нь дэлхий дээр Бурханы хилэгнэлд зовдог тэд юм.

105Эдгээр нь мөнхийн галын өс хонзонд зовох тэд юм.

106Эдгээр нь тамд доош хаягдаж мөн Христ бүх дайсныг хөл дороо захирч мөн өөрийн ажлыг төгөлдөржүүлэх цаг хугацааны бүрэн байдлыг хүртэл, Бүхнийг чадагч Бурханы хилэгнэлд зовдог тэд юм;

107Тэрээр хаант улсыг өгч мөн үүнийг Эцэгт толбогүй толилуулан: Дарсны шахуургыг, бүр Бүхнийг Чадагч Бурханы догшин хилэгнэлийн дарсны шахуургыг би ганцаараа дийлж мөн гишгэлээ хэмээн өгүүлэх тэр үед буюу.

108Тэгээд тэрээр, сүр хүчнийхээ сэнтийд үүрд мөн мөнхөд хаанчлан суухаар алдар суугийнхаа титмээр титэмлэгдэх болно.

109Гэвч болгоогтун, мөн харагтун, телестиел дэлхийн алдар суу хийгээд оршин суугчид нь далайн эрэг дээрх элс мэт, эсвээс тэнгэрийн огторгуй дахь одод мэт тоо томшгүй олон болохыг бид үзэв;

110Мөн: Эдгээр бүгд сэнтий дээрээ үүрд мөн мөнхөд залардаг түүнд өвдөг сөгдөх болно, мөн хэл болгон хүлээн зөвшөөрөх болно хэмээн өгүүлэх Их Эзэний дуу хоолойг сонсов;

111Учир нь тэд ажлуудынхаа дагуу шүүгдэх болно, мөн хүн болгон бэлтгэгдсэн харшуудад өөрийн ажлуудын дагуу, өөрийн эзэгнэлийг хүлээн авах болно;

112Мөн тэд Бүхний Дээдийн үйлчлэгчид байх болно; гэвч Бурхан хийгээд Христийн оршдог тэнд, төгсгөлгүй дэлхийнүүдийн цаг хугацаанд тэд очиж чадах нь үгүй.

113Энэ бол бидний үзсэн, биднийг Сүнсэнд байх зуур бичихийг бидэнд зарлигласан тэрхүү үзэгдлийн төгсгөл болой.

114Гэвч Их Эзэний ажлууд, мөн алдар суун дахь мөн хүч чадал хийгээд эзэгнэл дэх бүх ойлголтоос давж гарсан, бидэнд түүний үзүүлсэн хаант улсын нууцууд агуу хийгээд гайхамшигтай билээ.

115Үүнийг Сүнсэнд байх үедээ бичих ёсгүйг тэрээр бидэнд зарлигласан болой, мөн хүмүүнд хэлэх нь хууль бус бөлгөө;

116Мөн тэдгээрийг хүмүүнд мэдүүлэх боломжгүй бөлгөө, учир нь тэдгээр нь өөрийг нь хайрладаг, мөн түүний өмнө өөрсдийгөө цэвэршүүлдэг тэдэнд Бурхан өгдөг гагцхүү Ариун Сүнсний хүчээр үзэгдэх мөн ойлгогдох боломжтой бөлгөө;

117Өөрсдөө үзэх хийгээд мэдэх энэхүү онцгой боломжийг тэрбээр тэдэнд соёрхдог болой;

118Учир нь Сүнсний хүчээр хийгээд тохинууллаар дамжуулан, тэд махан бодид байхдаа алдар суугийн дэлхий дэх түүний оршихуйг тэвчиж чадах болой.

119Мөн алдар суу, мөн алдар хүндэтгэл, мөн эзэгнэл Бурханд хийгээд Хурганд үүрд мөн мөнхөд байх болтугай. Амен.