Судрууд
Сургаал ба Гэрээ


Сургаал ба Гэрээ

Хэсэг 88

1832 оны арванхоёрдугаар сарын 27-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлт оршвой (History of the Church, 1:302–312). Энэ бол Диваажингийн модноос таслан авсан “чидуны навч” лугаа адил бидэнд хүрч ирсэн Их Эзэний амар амгалангийн захиас хэмээн Бошиглогчоор тодорхойлогджээ. Энэхүү илчлэлтийн хэсгүүд түүхийн цэдгүүдийн дагуу 1832 оны арванхоёрдугаар сарын 27, 28 түүнчлэн 1833 оны нэгдүгээр сарын 3-нд хүлээн авагдсан бололтой.

1–5, Итгэлтэй Гэгээнтнүүд мөнх амьдралын амлалт болох Тайтгаруулагчийг хүлээн авдаг; 6–13, Бүх зүйл Христийн Гэрлээр хянагдаж мөн удирдагддаг авай; 14–16, Амилуулалт Гэтэлгэлээр дамжин ирдэг; 17–31, Селестиел, террестриел, эсвээс телестиел хуульд дуулгавартай байх нь хүмүүнийг тэдгээр тус тусын хаант улсууд хийгээд алдар суунуудад бэлтгэдэг; 32–35, Нүгэлд байх тэд бузар хэвээр үлддэг; 36–41, Бүх хаант улсууд хуулиар удирдагддаг ажгуу; 42–45, Бурхан бүх зүйлд хууль өгсөн билээ; 46–50, Хүмүүн бүр Бурханыг ойлгох болно; 51–61, Үйлчлэгчдээ талбайд илгээж мөн тэдэн дээр дараа нь очдог хүний тухай сургаалт зүйрлэл; 62–73, Их Эзэнд ойр байгтун, мөн та нар түүний нүүрийг харах болно; 74–80, Өөрсдийгөө ариусга мөн хаант улсын сургаалуудыг бие биендээ заагтун; 81–85, Сэрэмжлүүлэгдсэн хүн болгон хөршөө сэрэмжлүүлэх ёстой; 86–94, Тэмдгүүд, элементүүдийн хөдлөлт, мөн тэнгэр элчүүд Их Эзэний ирэлтийн тулд, замыг нь бэлтгэдэг болой; 95–102, Тэнгэр элчийн бүрээнүүд нас барагсдыг дарааллаар нь урагш дууддаг; 103–116, Тэнгэр элчийн бүрээнүүд сайн мэдээний сэргээлт, Вавилоны уналт, агуу их Бурханы тулалдааныг тунхагладаг; 117–126, Суралцахыг эрэлхийлэгтүн, Бурханы өргөө (ариун сүм) байгуул, мөн өөрсдийгөө энэрлийн холбоогоор хувцаслагтун; 127–141, Бошиглогчдын сургуулийн тогтсон журам түүний дотор хөл угаах ёслол толилуулагдав.

1ӨӨРСДИЙНХӨӨ талаарх түүний тааллыг хүлээн авахаар өөрсдийгөө цуглуулсан та нарт Их Эзэн үнэнээр, ийн хэлэв:

2Болгоогтун, энэ нь та нарын Их Эзэнийг баярлуулж байна, мөн тэнгэр элчүүд та нарын улмаас баясна; та нарын залбирлуудын өргөл Сабаотын Их Эзэний чихэнд ирж мөн ариусгагдсан тэдний, бүр селестиел дэлхийн тэдний нэрсийн номонд цэдэглэгдсэн бөлгөө.

3Иймийн тул, би эдүгээ та нарт, бүр найз нартаа, өөр нэгэн Тайтгаруулагчийг, та нарын зүрх сэтгэлд оршиж болохын тулд бүр амлалтын Ариун Сүнсийг илгээнэ; тэрхүү өөр Тайтгаруулагч нь Иоханы гэрчлэлд цэдэглэгдсэнчлэн, шавь нартаа миний амласан түүнтэй адил билээ.

4Энэхүү Тайтгаруулагч бол та нарт миний өгч буй мөнх амьдралын, бүр селестиел хаант улсын алдар суугийн амлалт юм;

5Энэхүү алдар суу бол Ууган Хүүгийн сүмийнх, бүр түүний Хүү Есүс Христээр дамжсан, бүхнээс хамгийн ариун Бурханы тэрхүү алдар суу юм—

6Тэрээр бүхэнд мөн бүх зүйлээр, үнэний гэрэл байж болохын тулд Тэнгэрт дээш гарсан тэрээр мөн түүнээс гадна бүх зүйлийн доор бууж ирснээртэрбээр бүх зүйлийг ухамсарласан билээ;

7Тэрхүү үнэн гэрэлтдэг. Энэ бол Христийн гэрэл юм. Түүнээс гадна тэр наранд, мөн нарны гэрэл, мөн үүний хүч байдагчлан, үүгээр энэ нь хийгдсэн болой;

8Тэрчлэн тэрхүү саранд байдагчлан, мөн сарны гэрэл мөн үүний хүч бөлгөө, үүгээр энэ нь хийгдсэн болой;

9Тэрчлэн оддын гэрэл мөн тэдгээрийн хүч байдагчлан, эдгээрээр тэдгээр нь хийгдсэн болой;

10Мөн тэрчлэн дэлхий, бүр дээр нь та нарын зогсдог дэлхий, мөн үүний хүч болой.

11Мөн гэрэлтдэг, та нарт гэрэл өгдөг тэрхүү гэрэл нь та нарын мэлмийг гэгээрүүлдэг түүгээр дамжсан байдаг нь та нарын ойлголтуудыг амьдруулдаг мөнхүү тэр гэрэл бөлгөө.

12Уг гэрэл нь сансрын хязгааргүй уудмыг дүүргэхийн тулд Бурханы дэргэдээс урагш гардаг буюу.

13Тэрхүү гэрэл бүх зүйлд байдаг, бүх зүйлд амьдралыг өгдөг, бүх зүйл түүгээр зохицуулагддаг хууль болох, бүр үүрд мөнхийн цээжинд байдаг, бүх зүйлийн дунд буй, хаан сэнтийдээ залран суудаг Бурханы хүч буюу.

14Эдүгээ, та нарын төлөө хийгдсэн гэтэлгэлээр дамжин нас барагсдаас амилуулалт тохион авчрагддаг гэдгийг би үнэнээр та нарт хэлж байна.

15Мөн сүнс хийгээд мөн бие нь хүмүүний бодгаль бөлгөө.

16Мөн нас барагсдын амилуулалт нь бодгалийн гэтэлгэл болой.

17Мөн бодгалийн гэтэлгэл нь дэлхийн ядуус хийгээд доройчууд үүнийг өвлөх болно хэмээн цээжинд нь тогтоогддог бүх зүйлийг амьдруулдаг түүгээр дамждаг бөлгөө.

18Тиймийн тул, энэ нь селестиел алдар суугийн тулд бэлтгэгдэж болохын тулд энэ нь бүхий л шударга бусаас ариусгагдах ёстой нь шаардлагатай бөлгөө;

19Учир нь бүтээлтийн хэмжүүрээр энэ нь дүүрсний дараа, энэ нь алдар суугаар, бүр Бурхан Эцэгийн оршихуйгаар титэмлэгдэх болно;

20Селестиел хаант улсынх болох тэдгээр биес үүнийг үүрд мөн мөнхөд эзэмшиж болохын тулд буюу; учир нь энэхүү зорилгын улмаас, энэ нь хийгдсэн мөн бүтээгдсэн юм, мөн энэхүү зорилгын улмаас, тэд ариусгагдсан бөлгөө.

21Мөн та нарт миний өгсөн хуулиар, бүр Христийн хуулиар дамжин ариусгагдаагүй тэд өөр хаант улсыг, бүр террестриел хаант улсыг, эсвээс телестиел хаант улсыг өвлөх ёстой.

22Учир нь селестиел хаант улсын хуулийг мөрдөх боломжгүй тэд селестиел алдар сууг тэсэн гарч чадахгүй.

23Мөн террестиел хаант улсын хуулийг мөрдөж чаддаггүй тэд террестриел алдар сууг тэсэн гарч чадахгүй.

24Мөн телестиел хаант улсын хуулийг мөрдөж чаддаггүй тэд телестиел алдар сууг тэсэн гарч чадахгүй; тиймийн тул, тэрээр алдар суугийн хаант улсад үл тохирох авай. Тиймийн тул, тэрээр алдар суугийн хаант улс бус хаант улсыг тэсэн гарах ёстой.

25Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, газар дэлхий селестиел хаант улсын хуулийг мөрддөг бөлгөө, учир нь энэ нь бүтээлтийнхээ хэмжүүрийг дүүргэдэг мөн хуулийг зөрчдөггүй—

26Иймийн тул, энэ нь ариусгагдах болно; тийм ээ, хэдийгээр энэ нь үхэх боловч, энэ нь дахин амьдруулагдах болно, мөн амьдруулагдсан тэрхүү хүчийг тэсэн гарах болно, мөн зөв шударга хүмүүс үүнийг өвлөх болно.

27Учир нь хэдийгээр тэд нас нөгчих хэдий ч, тэд тэрчлэн сүнстэй бие болон дахин босч ирэх болно.

28Селестиел сүнснийх болох тэд ердийн биетэйгээ яг адил тийм биеийг хүлээн авах болно; мөн та нар өөрсдийнхөө биеийг хүлээн авах болно, мөн та нарын алдар суу та нарын биенд амьдруулагдах тийм алдар суу байх болно.

29Селестиел алдар суугийн хувь хэмжээгээр амьдруулагддаг та нар тэгээд үүнийг, бүр бүрэн байдлаар нь хүлээн авах болно.

30Мөн террестриел алдар суугийн хувь хэмжээгээр амьдруулагддаг тэд дараа нь мөн үүнийг, бүр бүрэн байдлаар нь хүлээн авах болно.

31Мөн тэрчлэн телестиел алдар суугийн хувь хэмжээгээр амьдруулагдах тэд дараа нь мөн үүнийхийг, бүр бүрэн байдлаар нь хүлээн авах болно.

32Мөн үлдсэн тэд тэрчлэн амьдруулагдах болно; гэсэн хэдий ч, тэд хүлээн авахад бэлэн байгаа түүнийгээ эдлэхийн тулд байрандаа дахин буцаж очих болно, учир нь тэд хүлээн авч болох байсан үүнийг эдлэхийн тулд тэд бэлэн байгаагүй ажээ.

33Учир нь хэрэв түүнд бэлэг хүртээгдсэн байхад мөн тэрээр уг бэлгийг хүлээн аваагүй бол энэ нь хүмүүнд ямар ашиг тус авчрах билээ; Болгоогтун, тэрээр өөрт нь өгөгдсөн тэр зүйлд баясах нь үгүй, мөн уг бэлгийг өгөгч болох түүнд ч баясах нь үгүй болой.

34Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, хуулиар зохицуулагддаг тэр нь тэрчлэн хуулиар хамгаалагдан мөн төгөлдөржиж мөн түүгээр ариусгагддаг бөлгөө.

35Хууль зөрчигч, мөн хуулийг мөрддөггүй атлаа өөрөө өөртөө хууль бийболгохыг эрэлхийлдэг, мөн нүгэлд байхыг хүсдэг, мөн бүхэлдээ нүгэлдбайдаг тэр нь хуулиар ч, мөн нигүүлслээр ч, шударга ёсоор ч, мөн шүүлтээр ч ариусгагдаж чадах нь үгүй. Тиймийн тул, тэд бузар хэвээр үлдэх ёстой.

36Бүх хаант улс өгөгдсөн хуультай болой;

37Мөн олон хаант улс буй; учир нь хаант улс үл байх орон зай гэж үгүй; мөн илүү агуу эсвээс доод хаант улс гэж байхаас, орон зайд үл байх хаант улс гэж үгүй бөлгөө.

38Мөн хаант улс болгонд хууль өгөгдсөн болой; мөн хууль болгонд тодорхой хязгаарууд тэрчлэн мөн нөхцөлүүд буй.

39Тэдгээр нөхцөлүүдийг мөрддөггүй бүх хүмүүн зөвтгөгддөггүй бөлгөө.

40Учир нь оюун билиг оюун билигтэй нэгдэн нийлдэг; мэргэн ухаан мэргэн ухааныг хүлээж авдаг; үнэн нь үнэнийг тэврэн авдаг; ариун журам ариун журмаа хайрладаг; гэрэл гэрэлтэй нэгдэн нийлдэг, нигүүлсэл нь нигүүлслийн өрөвч сэтгэлийг агуулж, мөн өөрийнхөндөө үзүүлдэг; шударга ёс өөрийнхөө замыг үргэлжлүүлж мөн өөрийнхнөөсөө шаарддаг; мөн хаан сэнтий дээр заларч мөн зохицуулдаг мөн бүх зүйлийг гүйцэтгэдэг түүний нүүрний өмнө шүүлт явдаг билээ.

41Тэрээр бүх зүйлийг ухамсарладаг, мөн бүх зүйл түүний өмнө байдаг, мөн бүх зүйл түүний эргэн тойронд байдаг, мөн тэрбээр бүх зүйлийн дээгүүр, мөн бүх зүйлд байдаг, мөн бүх зүйлээр дамжсан байдаг, мөн бүх зүйлийн эргэн тойронд байдаг; мөн бүх зүйл түүгээр, мөн түүнээс, бүр Бурханаас, үүрд мөн мөнхөд болой.

42Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, тэрээр бүх зүйлд хууль өгсөн билээ, үүгээр тэд өөрсдийнхөө цагт хийгээд өөрсдийнхөө улирлуудад хөдөлдөг бөлгөө;

43Мөн тэдний замналууд дэлхий болон бүх гаригийг багтаадаг, бүр тэнгэрийн хийгээд дэлхийн тэрхүү замналууд тогтоогдсон болой.

44Мөн тэд өөрсдийнхөө хормуудад, мөн өөрсдийнхөө цагт, мөн өөрсдийнхөө улирлуудад, өөрсдийнхөө өдрүүдэд, мөн өөрсдийнхөө долоо хоногуудад, өөрсдийнхөө саруудад, мөн өөрсдийнхөө жилүүдэд бие биендээ гэрэл өгдөг—эдгээр бүгд нь хүмүүний хувьд бус, харин Бурханы хувьд нэг жил билээ.

45Дэлхий далавчнууд дээрээ эргэлдэж, мөн нар гэрлээ өдрөөр өгдөг, мөн сар гэрлээ шөнөөр өгдөг, мөн одод, тэдгээр нь өргөмжлөлийн түвшинд далавчнууд дээрээ эргэлдэх үед Бурханы хүчин дотор тэрчлэн гэрлээ өгдөг авай.

46Та нар ойлгож болохын тулд эдгээр хаант улсуудыг бибээр юутай адилтгах билээ

47Болгоогтун, эдгээр бүгд нь хаант улсууд болой, мөн эдгээрийн хамгийн доод алиныг нь ч харсан аль ч хүмүүн сүр жавхлан хийгээд сүр хүчиндээ хөдлөн яваа Бурханыг харсан бөлгөө.

48Би та нарт хэлж байна, тэрээр түүнийг харсан билээ, гэсэн хэдий ч, өөрсдийнхөндөө ирсэн тэрээр хүлээн зөвшөөрөгдөөгүй билээ.

49Гэрэл нь харанхуйд гэрэлтдэг, мөн харанхуй нь үүнийг ойлгох нь үгүй; гэсэн хэдий ч, түүнд мөн түүгээр амьдруулагдсан учраас та нар бүр Бурханыг ойлгох өдөр ирэх болно.

50Тэгээд та нар намайг харсан гэдгээ, би байдаг гэдгийг, мөн би бол та нарт буй тэрхүү үнэн гэрэл гэдгийг, мөн та нар надад байдаг гэдгийг та нар мэдэх болно; эс тэгвээс та нар өсөн хөгжиж чадах нь үгүй.

51Болгоогтун, эдгээр хаант улсуудыг би талбайтай хүнтэй адилтгах болно, мөн тэрээр зарц нараа талбайд газар ухуулахаар талбай уруу урагш илгээжээ.

52Мөн тэрээр эхнийхэд хэлэв: Чи явж мөн талбайд хөдөлмөрлөгтүн, мөн эхний цагт бибээр та нар дээр очих болно, мөн чи миний баяр хөөртэй дүр төрхийг болгоох болно.

53Мөн тэрээр хоёр дахид нь хэлэв: Чи тэрчлэн талбай уруу явагтун, мөн хоёрдахь цагт бибээр баяр хөөртэй дүр төрхөөрөө чам дээр зочлох болно.

54Мөн тэрчлэн гурав дахид нь хэлэв: Бибээр чам дээр зочлох болно;

55Мөн дөрөв дэхэд нь, мөн энэчлэнгээр цааш нь арванхоёрдахид нь буюу.

56Мөн талбайн эзэн эхнийх уруу эхний цагт очиж, тэрхүү бүх цагт түүнтэй хамт үлдэв, мөн эзнийхээ дүр төрхний гэрлээр тэрээр баяртай болгогдсон байв.

57Мөн тэгээд хоёрдахид тэрчлэн дөрөвдэхэд мөн энэ мэтчилэнгээр цааш арванхоёр дахид айлчилж болохын тулд тэрээр эхнийхээс явав.

58Мөн ийн тэд бүгдээр хүн болгон өөрийнхөө цагт мөн өөрийнхөө хугацаанд мөн өөрийнхөө улиралд эзнийхээ дүр төрхний гэрлийг хүлээж авсан ажгуу—

59Нэгдэхэд эхлэн, мөн энэчлэнгээр цааш сүүлчийнхэд нь мөн сүүлчийнхээс эхнийхэд нь мөн эхнийхээс сүүлчийнхэд нь буюу;

60Эзэн нь түүнд мөн тэрээр өөрийнхөө эзэнд алдаршиж болохын тулд, тэд бүгд алдаршиж болохын тулд хүн болгон өөрийнх нь цаг дууссан байх хүртэл, бүр түүний эзэн өөрт нь зарлигласны дагуу өөрийнхөө дараалалд буюу.

61Тиймийн тул, би эдгээр бүх хаант улсыг мөн тэдгээрийн оршин суугчдыг—хаант улс бүрийг үүний цагт нь, мөн үүний хугацаанд нь, мөн үүний улиралд нь, бүр Бурханы хийсэн тэрхүү тогтоолын дагуу, энэхүү сургаалт зүйрлэлтэй адилтгах болно.

62Мөн дахин, үнэнээр би та нарт хэлж байна, найз нар минь, та нар намайг ойр байхад намайг дуудаж болохын тулд эдгээр айлдваруудыг та нарт миний өгсөн энэхүү зарлигийн хамт та нар зүрх сэтгэлдээ тунгаан бодохын тулд би та нарт үлдээе —

63Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар намайг олох болно; асуу тэгвэл та нар хүлээн авах болно; тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно.

64Миний нэрээр та нар Эцэгээс юу ч гуйлаа гэсэн, өөрсдөд чинь шаардлагатай тэр нь та нарт өгөгдөх болно;

65Мөн хэрэв та нар өөрсдөдөө шаардлагагүй ямар нэг зүйлийг гуйваас, энэ нь та нарт буруушаалт болон хувирах болно.

66Болгоогтун, та нарын сонсож буй тэр бол аглаг буйдад хашгирах нэгний дуу хоолой мэт бөлгөө—учир юун гэвэл та нар түүнийг харж чадахгүй—миний дуу хоолой, учир юун гэвэл миний дуу хоолой бол Сүнс мөн; миний Сүнс бол үнэн билээ; үнэн үргэлж оршдог бөгөөд төгсгөл гэж үгүй; хэрэв энэ нь та нарт байх аваас, энэ нь өсөлт хөгжилт байх болно.

67Мөн хэрэв та нар миний сүр жавхлангийн төлөө бүхнээ зориулах аваас, та нарын бүхэл бие гэрлээр дүүргэгдэх болно, мөн та нарт харанхуй байх нь үгүй; мөн гэрлээр дүүргэгдсэн тэрхүү бие бүх зүйлийг ухамсарладаг бөлгөө.

68Тиймийн тул, та нарын оюун Бурханд бүхлээрээ зориулагддаг болохын тулд өөрсдийгөө ариусга, мөн та нар түүнийг харах тэрхүү өдрүүд ирэх болно; учир нь тэрээр нүүрээ та нарт харуулах болно, мөн энэ нь түүний өөрийнх нь цагт, мөн түүний өөрийнх нь замаар, мөн түүний өөрийнх нь тааллын дагуу байх болно.

69Та нарт миний өгсөн агуу хийгээд сүүлчийн амлалтыг санагтун; өөрсдийнхөө дэмий хоосон бодол санаа хийгээд илүүц чанга инээдээ өөрсдөөсөө хол хая.

70Үлдэгтүн та нар, энэхүү газарт үлд та нар, мөн онцгой ариун хуралдайг, бүр энэхүү сүүлчийн хаант улсад анхлан хөдөлмөрлөгч тэднийхийг зарлан хуралдуул.

71Аялалдаа сэрэмжлүүлсэн тэд Их Эзэнийг дуудаг, мөн хүлээн авсан сэрэмжлүүлгээ зүрх сэтгэлдээ богинохон хугацаанд тунгаан бодог.

72Болгоогтун, мөн харагтун, та нарын сүргийн төлөө бибээр анхаарал халамж тавих болно, мөн ахлагчдыг бэлтгэж мөн тэдэнд илгээх болно.

73Болгоогтун, бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно.

74Мөн та нар өөрсдийгөө хамтад нь цуглуул, мөн өөрсдийгөө зохион байгуул, мөн өөрсдийгөө бэлтгэ, мөн өөрсдийгөө ариусга хэмээх зарлигийг энэхүү эцсийн хаант улсын анхны хөдөлмөрлөгчид болох та нарт би өгч байна; тийм ээ, би та нарыг цэвэр ариун болгож болохын тулд зүрх сэтгэлээ цэвэршүүл, мөн миний өмнө гараа мөн хөлөө цэвэршүүлэгтүн;

75Та нарын Эцэг, мөн та нарын Бурхан, мөн миний Бурханд бибээр гэрчилж болохын тулд, та нар ёс бус энэ үеийнхний цуснаас цэвэр ариун бай; энэхүү амлалтыг та нарт миний хийсэн энэхүү агуу хийгээд сүүлчийн амлалтыг хүсэх үедээ бибээр биелүүлж болохын тулд буюу.

76Тэрчлэн та нар энэ цагаас хойш залбирал хийгээд мацгаа үргэлжлүүлэх болно хэмээх зарлигийг би та нарт өгч байна.

77Мөн хаант улсын сургаалыг та нар бие биендээ заах болно хэмээх зарлигийг би та нарт өгч байна.

78Та нар онолд, зарчимд, номлолд, сайн мэдээний хуулинд, та нарын ойлголтод шаардлагатай Бурханы хаант улсад хамаардаг бүх зүйл илүү төгс зааварлагдаж болохын тулд хичээнгүйлэн заагтун та нар, мөн миний ач ивээл та нартай байх болно;

79Тэнгэр дэх мөн дэлхий дэх мөн дэлхийн доорх зүйлүүдийн тухай; байсаар ирсэн зүйлүүд, байгаа зүйлүүд, удахгүй тохиох зүйлүүд; гэрт байгаа зүйлүүд, хол байгаа зүйлүүд; дайнууд болон үндэстнүүдийн ээдрээтэй байдал, мөн уг нутаг дээрх шүүлтүүд; мөн тэрчлэн улс орнуудын тухай хийгээд хаант улсуудын тухай мэдлэг буюу—

80Та нарыг бибээр дуудсан тэрхүү дуудлагыг, би та нарт итгэмжилсэн тэрхүү үүрэг даалгаврыг хичээнгүйлэн гүйцэтгүүлэхээр би та нарыг дахин илгээхэд та нар бүх зүйлд бэлтгэгдэж болохын тулд буюу.

81Болгоогтун, хүмүүст гэрчлэх хийгээд сэрэмжлүүлэхээр би та нарыг илгээсэн билээ, мөн сэрэмжлүүлэгдсэн хүн болгон хөршөө сэрэмжлүүлэх нь хэрэгтэй болой.

82Тиймийн тул, тэд зөвтгөх шалтаггүйгээр үлдэх болно, мөн тэдний нүглүүд өөрсдийнх нь толгой дээр буй.

83Намайг шамдан эрэлхийлэх тэрээр намайг олох болно, мөн орхигдох нь үгүй.

84Тиймийн тул, үлдэгтүн та нар, мөн та нар Их Эзэний ам нэрлэх болгон нь сүүлчийн удаа харийнханы дунд урагш одон хуулийг битүүмжлэн мөн гэрчлэлийг лацдаж, мөн тохиох гэж буй шүүлтийн цагт гэгээнтнүүдийг бэлтгэх тохинуулалдаа төгөлдөржиж болохын тулд хичээнгүйлэн хөдөлмөрлө.

85Тэдний бодгалиуд Бурханы хилэгнэлээс, ёс бусчуудыг энэ дэлхий хийгээд ирэх дэлхийн аль алинд нь хүлээж буй жигшүүрт хэргийн эзгүйрлээс зайлж болохын тулд буюу. Үнэнээр би та нарт хэлнэ, Их Эзэний ам тэднийг дуудтал анхдагч ахлагчид биш тэд талбайд үргэлжлүүлэг, учир нь тэдний цаг хараахан ирээгүй байна; тэдний өмсгөлүүд энэ үеийнхний цуснаас цэвэрлэгдээгүй байна.

86Та нарыг чөлөөтэй болгосон тэрхүү эрх чөлөөндөө оршигтун та нар; өөрсдийгөө нүгэлд бүү орооцолдуул, харин Их Эзэнийг ирэх хүртэл та нарын гар цэвэр байг.

87Учир нь үүнээс олон бус өдрийн дараа мөн дэлхий чичирч мөн согтуу хүн лугаа адил ийш тийш ганхах болно; мөн нар нүүрээ нуух болно, мөн гэрэл өгөхөөс татгалзах болно; мөн сар цусанд хөвөх болно; мөн одод үлэмж их уурлах болно, мөн инжрийн модноос унах инжир лугаа адил өөрсдийгөө доош шидэх болно.

88Мөн та нарын гэрчлэлийн дараа хилэгнэл хийгээд зэвүүцэл хүмүүс дээр ирэх бөлгөө.

89Учир нь та нарын гэрчлэлийн дараа үүний дотор ёололт бий болгох газар хөдлөлтүүдийн гэрчлэл ирэх болой, мөн хүмүүн газарт унаж мөн зогсч чадахгүй байх болно.

90Мөн тэрчлэн аянгын дуу хоолойны, мөн гялбааны дуу хоолойны, мөн шуургануудын дуу хоолойны, мөн өөрсдийгөө зааг хязгаараасаа халин шидлэх далайн давалгааны дуу хоолойны гэрчлэл ирэх бөлгөө.

91Мөн бүх зүйл үймээнд байх болно; мөн хүмүүний зүрх сэтгэл мохох нь гарцаагүй болно; учир нь бүх хүмүүс дээр айдас ирэх болно.

92Мөн тэнгэр элчүүд чанга дуу хоолойгоор хашгиран, Бурханы бүрээг дуугаргаж: Бэлтгэгтүн та нар, бэлтгэгтүн та нар, Ай дэлхийн оршин суугчид аа, учир нь бидний Бурханы шүүлт ирчихээд байна. Болгоогтун, мөн харагтун, Хүргэн Хүү ирж явна; түүнийг угтахаар гарагтун та нар хэмээн хэлж, тэнгэрийн дундуур сүлжин нисэх болно.

93Мөн тэр даруй тэнгэрт агуу тэмдэг гарч ирэх болно, мөн бүх хүмүүс үүнийг хамтдаа харах болно.

94Мөн өөр нэг тэнгэр элч: Тэр агуу сүм, жигшүүрт хэргүүдийн эх, бүх үндэстнийг завхайрлынхаа хилэгнэлийн дарснаас уух болгосон, Бурханы гэгээнтнүүдийг мөшгин хавчдаг, их уснууд дээр, мөн далайн арлууд дээр суудаг тэрээр—болгоогтун, тэрээр дэлхийн зэрлэг өвс бөлгөө; тэрээр боодлуудад боогдсон буюу; түүний хүлээс хүчтэй болгогдсон болой, хүмүүн үүнийг суллаж чадах нь үгүй; тиймийн тул, тэрээр шатаагдахад бэлэн байна хэмээн хэлж бүрээгээ дуугаргах болно. Мөн тэрээр бүрээгээ удаан хийгээд чанга аль алинаар нь дуугаргах болно, мөн бүх үндэстэн үүнийг сонсох болно.

95Мөн хагас цагийн хугацаанд тэнгэрт нам гүм байх болно; мөн үүний дараа тэр даруй хуйлмал ном хуйлагдсаны дараа дэлгэгдэх лугаа адил тэнгэрийн хөшиг нээгдэх болно, мөн Их Эзэний нүүр харагдах болно;

96Мөн дэлхий дээрх гэгээнтнүүд амьд байгаа нь шинэчлэгдэж мөн түүнийг угтахаар дээш аваачигдах болно.

97Мөн булшиндаа нойрссон тэд урагш гарч ирэх болно, учир нь тэдний булшнууд нээгдэх болно; мөн тэрчлэн тэд тэнгэрийн баганан дотор түүнийг угтахаар дээш аваачигдах болно—

98Тэд бол Христийнх, анхны үр жимснүүд бөлгөө, тэд бол түүнтэй хамт анх бууж ирэх тэд болой, мөн тэд бол дэлхий дээр байгаа, мөн түүнийг угтахаар анх түрүүн дээш аваачигдах, булшиндаа байгаа тэд бөлгөө; мөн энэ бүхэн Бурханы тэнгэр элчийн бүрээн дууны дуу хоолойгоор болой.

99Мөн үүний дараа өөр нэг тэнгэр элч, хоёр дахь нь болох бүрээг дуугаргах болно; мөн тэгэхэд Христийнх болох тэдний, сайн мэдээг хүлээн авч мөн маханбодь дахь хүмүүний дагуу шүүгдэж болохын тулд тэдэнд зориулж бэлтгэгдсэн тэрхүү шоронд өөрсдийнхөө хувийг хүлээн авсан тэдний гэтэлгэл түүний ирэлтээр тохиох болой.

100Мөн дахин, гурав дахь нь болох өөр нэг бүрээ дуугарах болно; мөн тэгэхэд шүүгдэх ёстой мөн буруушаалт дор олдсон хүмүүсийн сүнснүүд ирэх бөлгөө.

101Мөн эд бол нас барагсдын үлдсэн нь юм; мөн тэд дахин мянган жил өнгөртөл бас дахин дэлхийн төгсгөл хүртэл амьдрах нь үгүй.

102Мөн дөрөв дэх бүрээ болох өөр нэг бүрээ: Тэрхүү агуу хийгээд сүүлчийн өдөр, бүр төгсгөлийг хүртэл үлдэх ёстой тэдний дунд бузар хэвээр үлдэх тэд болой хэмээн өгүүлж, дуугарах болно.

103Мөн тав дахь бүрээ болох тав дахь тэнгэр элч өөр нэг бүрээ үүрдийн сайн мэдээг бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүст итгэмжлэн тэнгэрийн дундуур сүлжин нисч, дуугарах болно.

104Мөн энэ бол тэнгэр хийгээд дэлхий аль алин дахь мөн дэлхийн доорх бүх хүмүүст, Бурханаас эмээгтүн, мөн хаан сэнтий дээрээ залрах түүнийг үүрд мөн мөнхөд магтан дуулагтун хэмээн хэлэх бүрээн дууг тэд сонсоод—чих бүхэн үүнийг сонсож, мөн өвдөг бүхэн сөхөрч, мөн хэл бүхэн хүлээн зөвшөөрөх болно, учир нь түүний шүүлтийн цаг ирчихээд байна хэмээн хэлэх ажгуу.

105Мөн дахин, зургаа дахь тэнгэр элч болох өөр нэг тэнгэр элч бүрээгээ дуугарган өгүүлэх нь: Тэр бол бүх үндэстнийг өөрийн завхайрлын хилэгнэлийн дарснаас уух болгосон, унасан тэрээр болой; тэр унасан, унасан!

106Мөн дахин, долоо дахь тэнгэр элч болох өөр нэг тэнгэр элч бүрээгээ дуугарган өгүүлэх нь: Энэ нь дууслаа; энэ нь дууслаа! Бурханы Хурга дийлж, мөн дарсны шахуургыг, бүр Бүхнийг Чадагч Бурханы догшин хилэгнэлийн дарсны шахуургыг ганцаараа гишгэлээ.

107Мөн тэгээд тэнгэр элчүүд түүний хүчний алдар суугийн титмээр титэмлэгдэх болно, мөн гэгээнтнүүд түүний алдар суугаар дүүргэгдэх болно, мөн өөрсдийн өвийг хүлээн авч түүнтэй адил тэгш болгогдох болно.

108Мөн тэгээд нэг дэх тэнгэр элч амьд бүхний чихэнд бүрээгээ дахин дуугарган, мөн эхний мянган жил дэх хүмүүний нууц үйлүүд мөн Бурханы хүчирхэг ажлуудыг илчлэх болно.

109Мөн тэгээд хоёр дахь тэнгэр элч бүрээгээ дуугарган мөн хоёр дахь мянган жил дэх хүмүүний нууц үйлүүд мөн тэдний зүрх сэтгэлийн бодлууд хийгээд эрмэлзлэлүүд, мөн Бурханы хүчирхэг ажлуудыг илчлэх болно.

110Мөн энэчлэнгээр долоо дахь тэнгэр элч хүртэл бүрээгээ дуугаргах болно; мөн тэрээр газар дээр, мөн далай дээр урагш гаран зогсож, мөн хаан сэнтийд залрах түүний нэрээр, тэрхүү цаг үргэлжлэхгүй байх болно хэмээн тангараглах болно; мөн чөтгөр хэмээн нэрлэгддэг, хөгшин хорт могой, Сатан хүлэгдэх болно, мөн мянган жилийн хугацаанд суллагдах нь үгүй.

111Мөн тэгээд тэр өөрийн их цэргийг хамтад нь цуглуулж болохын тулд тэрээр багахан хугацаанд суллагдах болно.

112Мөн долоо дахь тэнгэр элч бүр тэргүүн тэнгэр элч Михаил өөрийн их цэргийг, бүр тэнгэрийн түмнийг хамтад нь цуглуулах болно.

113Мөн чөтгөр өөрийн их цэргийг, бүр тамын түмнийг хамтад нь цуглуулах болно; мөн Михаил хийгээд түүний их цэргийн эсрэг тулалдахаар өгсөн ирэх болно.

114Мөн тэгээд агуу Бурханы тулалдаан ирэх бөлгөө; мөн тэд гэгээнтнүүдийн дээр цаашид бүрмөсөн хүчгүй байхын тулд чөтгөр хийгээд түүний их цэрэг байрандаа хаягдах болно.

115Учир нь Михаил тэднийг бут ниргэж, мөн хаан сэнтийд залрах түүний, бүр Хурганы сэнтийг эрэлхийлэх түүнийг дийлэх болно.

116Энэ бол Бурханы мөн ариусгагдагсдын алдар суу бөлгөө; мөн тэд цаашид үхлийг үзэх нь үгүй.

117Тиймийн тул, үнэнээр би та нарт хэлж байна, найз нар минь, та нарт миний зарлигласанчлан, онцгой ариун хуралдайг хуралдуул.

118Мөн бүгдээр итгэлгүй байгаа учраас, та нар хичээнгүйлэн эрэлхийлж мөн мэргэн ухааны үгсийг бие биендээ заагтун; тийм ээ, мэргэн ухааны үгсийг шилдэг номнуудаас эрэлхийлэгтүн та нар; бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэгтүн.

119Өөрсдийгөө зохион байгуул; хэрэгтэй зүйл болгоныг бэлтгэ; мөн өргөө, бүр залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, суралцахын өргөө, алдар суугийн өргөө, дэг журмын өргөө, Бурханы өргөөг байгуулагтун;

120Та нарын оролтууд Их Эзэний нэрэнд байж болохын тулд, та нарын гаралтууд Их Эзэний нэрэнд байж болохын тулд; та нарын бүхий л мэндчилгээнүүд, Бүхнээс Дээдэд өргөсөн гартайгаар Их Эзэний нэрэнд байж болохын тулд буюу.

121Тиймийн тул, өөрсдийнхөө бүхий л хөнгөмсөг үг ярианаас, бүх чанга инээдээс, бүхий л тачаангуй хүслүүдээс, бүхий л бардамнал хийгээд хөнгөмсөг зангаасаа, мөн бүхий л ёс бус үйлүүдээсээ болигтун.

122Өөрсдийнхөө дунд багшийг томил, мөн бүгдээрээ нэг зэрэг яригчид бүү байг; бүгдээрээ ярихад бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд, мөнхүн болгон тэгш боломжтой байж болохын тулд харин нэг нь хэсэг хугацаанд ярьж, мөн бүгдээрээ түүний хэлэхийг сонсог.

123Та нар бие биенээ хайрлахыг мэдэгтүн; шунаг байхаа болигтун; сайн мэдээ үүнийг шаарддагчлан, бие биентэйгээ хуваалцаж сур.

124Залхуу байхаа болигтун; цэвэр ариун биш байхаа боль, бие биенээсээ дутагдал олж харахаа боль; шаардлагатайгаас илүү удаан унтахаа боль; та нар ядрахгүй байхын тулд; эрт босч бай, та нарын бие хийгээд оюун чинь амарч болохын тулд орондоо эрт орж бай.

125Мөн бүх зүйлээс дээгүүр, мөн төгс чанар хийгээд амар амгалангийн холбоо болох нөмрөг лугаа адил өөрсдийгөө энэрлийн холбоогоор хувцаслагтун.

126Та нар намайг ирэх хүртэл шантрахгүйн тулд ямагт залбирагтун. Болгоогтун, мөн харагтун, би гэнэт ирж, мөн та нарыг өөртөө хүлээн авах болно. Амен.

127Мөн дахин, тэдэнд, бүр сүмийн бүх ажилтны хувьд, эсвээс өөрөөр хэлбэл, дээд санваартнуудаас, бүр доош диконууд хүртэл сүмд тохинуулалд дуудагдсан тэдэнд шаардлагатай бүх зүйлд зааварлахын тулд байгуулагдсан бошиглогчдын сургуулийн ерөнхийлөгчийн зөвлөлийн тулд, бэлтгэгдсэн өргөөний тогтсон журмыг буюу—

128Мөн энэ нь уг сургуулийн ерөнхийлөгчийн зөвлөлийн өргөөний тогтсон журам болой: Ерөнхийлөгч байхаар томилогдсон тэрээр, эсвээс багш нь түүний тулд бэлтгэгдсэн байх өргөөнд байрандаа зогсож байхаар олддог байх ёстой.

129Тиймийн тул, тэрээр Бурханы өргөөнд эхнийх байх ёстой, уг өргөөнд цугларагсад түүний үгсийг чанга яриагаар биш, анхааралтай хийгээд тодоор сонсож болох бөлгөө.

130Мөн тэрээр Бурханы өргөөнд ирэх үед, учир нь тэрээр уг өргөөнд эхнийх байх ёстой—болгоогтун, тэрээр үлгэр жишээ байж болохын тулд энэ нь үзэсгэлэнтэй болой—

131Тэрээр үүрдийн гэрээний дохио буюу дурсамж болгон Бурханы өмнө өвдөг дээрээ залбирахад өөрийгөө өргөг.

132Мөн түүний дараа хэн нэг нь орж ирэхэд, багш мөн тэнгэр өөд гараа өргөн босч байг, тийм ээ, бүр ах буюу ах нараа эдгээр үгстэйгээр шууд мэндчилж байг:

133Та нар ах уу эсвээсах нар уу? Таныг нөхөрлөлд хүлээн авах үүрдийн гэрээний дохио буюу дурсамж болгон, тогтоогдсон, хөдөлшгүй мөн хувиршгүй, шийдмэг байдалд, хайрын холбоонуудад Бурханы ач ивээлээр дамжуулан таны найз мөн ах байж, Бурханы бүх зарлигуудад үүрд мөн мөнхөд талархалтайгаар, буруугүйгээр алхахад Их Эзэн Есүс Христийн нэрээр би тантай мэндчилж байна. Амен.

134Мөн энэхүү мэндчилгээнд зохистой бус нь мэдэгддэг тэрээр та нарын дунд байртай байх ёсгүй; учир нь миний өргөө түүгээр бохирлогдохыг та нар үл зөвшөөрөх ёстой.

135Мөн орж ирэх мөн миний өмнө итгэлтэй тэр нь мөн ах, эсвээс ах нар болох тэд тэнгэр өөд гараа өргөж, мөн тэрхүү залбирал хийгээд гэрээгээр, эсвээс мөн тэрхүү дохионд, Амен гэж хэлэн ерөнхийлөгч буюу багшид мэндчилэх ёстой.

136Болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, энэ бол Бурханы өргөөнд, бошиглогчдын сургуульд та нар бие биенээ мэндчилэх загвар болой.

137Мөн энэ нь та нарын сэнхрэлийн төлөөх ариун дуган, Ариун Сүнсний асар болж болохын тулд үүнийг залбирал хийгээд талархлаар, Их Эзэний өргөөнд, бошиглогчдын сургуульд та нарын бүхий л үйлүүдэд Сүнсний өгөх үгээр үйлдэхээр та нар дуудагдсан билээ.

138Мөн тэрээр энэ үеийнхний цуснаас цэвэр байхаас өөр хэнийг ч, та нар өөрсдийн дунд энэ сургуульд хүлээн авах ёсгүй;

139Мөн тэрээр хөл угаах ёслолоор хүлээн авагдах ёстой, учир нь энэхүү төгсгөлд хөл угаах ёслол бий болсон билээ.

140Мөн дахин хөл угаах ёслол нь ерөнхийлөгчөөр буюу сүмийн тэргүүлэх ахлагчаар гүйцэтгэгддэг байх ёстой.

141Энэ нь залбирлаар эхэлдэг байх ёстой; мөн талх болон дарс хүртсэний дараа миний талаарх Иоханы гэрчлэлийн арван гуравдугаар бүлэгт өгөгдсөн загварын дагуу тэрбээр бүсээ бүслэх ёстой.