Судрууд
Сургаал ба Гэрээ


УДИРТГАЛ

Сургаал ба Гэрээ бол эцсийн өдрүүдэд дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулах болон зохицуулахын тулд өгөгдсөн бурханлиг илчлэлтүүд хийгээд сүнсээр ирсэн тунхаглалуудын цуглуулга болой. Олонх хэсэг нь Есүс Христийн Хожмын Yеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд хандсан хэдий ч, захиас, сэрэмжлүүлэг, түүнчлэн тайлбарууд нь бүх хүмүүн төрөлхтний ашиг тусын төлөө бөгөөд газар бүрийн бүх хүмүүстИх Эзэн Есүс Христийн дуу хоолойг сонсох урилгыг агуулан, тэдний цаг зуурын сайн сайхан байдал хийгээд мөн тэдний мөнхийн авралын төлөө тэдэнд хандан ярьдаг билээ.

Энэхүү эмхэтгэл дэх илчлэлтүүдийн олонх нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны бошиглогч бөгөөд ерөнхийлөгч Бага Иосеф Смитээр дамжин хүлээн авагдсан юм. Бусад нь Ерөнхийлөгчийн Зөвлөл дэх түүний зарим залгамжлагчдаар дамжуулан өгөгдсөн бөлгөө (хэсэг 135, 136 болон138–ын гарчгууд түүнчлэн Албан Тунхаг 1, 2-ыг үз).

Сургаал ба Гэрээ ном бол Ариун Библи, Мормоны Ном, түүнчлэн Агуу Yнэт Сувдын хамт Сүмийн жишиг бүтээлүүдийн нэг юм. Гэсэн хэдий ч, энэ нь эртний баримт бичгүүдийн орчуулга биш, харин орчин үеийн гарал үүсэлтэй бөгөөд Бурханаас өөрийн сонгосон бошиглогчдоор дамжуулан өөрийн ариун ажлыг сэргээх хийгээд өнөө үед дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулахын тулд өгөгдсөн учраас Сургаал ба Гэрээ нь хосгүй өвөрмөц юм.Илчлэлтүүдэд цаг хугацааны бүрэн байдлын эрин үед дахин шинээр ярьж буй Их Эзэн Есүс Христийн намуухан атлаа хүчтэй дуу хоолойг хүн сонсох бөгөөд энд үүсгэгдсэн ажил нь түүний хоёр дахь ирэлтэд бэлтгэх, дэлхийн эхлэлээс хойших бүх ариун бошиглогчдын үгсийн биелэлт хийгээд тохирол болох бөлгөө.

Бага Иосеф Смит 1805 оны арванхоёрдугаар сарын 23-нд Вермонт муж улсын Виндсор гүнлэгийн Шаронд төржээ. Амьдралынхаа эхэн үед тэрээр гэр бүлийнхээ хамт баруун Нью-Йоркийн Манчестерт шилжжээ. 1820 оны хавар арвандөрвөн настайдаа тэрээр Манчестерын ойролцоо амьдарч байхдаа Мөнхийн Эцэг, Бурхан, түүний Хүү Есүс Христ өөрсдийн биеэр хүрэлцэн ирсэн анхны үзэгдлээ харсан юм. Тэрхүү үзэгдэлд Шинэ Гэрээний үед байгуулагдаж, сайн мэдээний бүрэн байдлыг гүйцэтгэж байсан Есүс Христийн үнэн Сүм дэлхий дээр байхаа больсныг түүнд хэлжээ. Бурханлиг бусад тунхгуудыг дараа нь олон тэнгэр элч түүнд зааж; дэлхий дээр түүгээр хийлгэх тусгай ажил Бурханд байгааг мөн түүгээр дамжуулж Есүс Христийн Сүм дэлхий дээр сэргээгдэх нь түүнд үзүүлэгдсэн байлаа.

Тэр үед Иосеф Смит бурханлиг тусламжаар Мормоны Номыг орчуулж, мөн хэвлүүлэх боломжийг олсон бөлгөө. Мөн тэр үед 1829 оны тавдугаар сард тэрээр Оливер Каудерийн хамт Иохан Баптистаар Аароны санваарт томилогдсон байлаа (С ба Г 13-г үз), мөн үүнээс хойш удалгүй тэд эртний Төлөөлөгчид Петр, Иаков болон Иоханаар Мелкизедек санваарт томилогдсон байв (С ба Г 27:12–ыг үз). Санваарын түлхүүрүүдийг тэдэнд хүртээсэн бусад томилолтуудыг дараа нь тэдэнд Мосе, Елиа, Елиас болон эртний олон бошиглогчид олгожээ (С ба Г 110; 128:18, 21–ийг үз). Чухамдаа эдгээр томилолтууд нь дэлхий дээр хүмүүнд бурханлиг эрх мэдлийг сэргээжээ. 1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд тэнгэрлэг чиглүүллийн дор Бошиглогч Иосеф Смит Сүмийг зохион байгуулсан бөгөөд тийнхүү Есүс Христийн үнэн Сүм хүмүүний дунд байгууллагын хувьд сайн мэдээг заах хийгээд авралын ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдэлтэйгээр нэгэнтээ үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. (Агуу Yнэт Сувд, Иосеф Смит—Түүх 1:1–75; мөн С ба Г 20-ийг үз.)

Эдгээр ариун илчлэлтүүд нь хэрэгтэй цаг үед залбирлын хариуд хүлээн авагдсан бөгөөд бодит хүмүүс оролцсон бодит амьдралын нөхцөл байдлаас үүдэлтэй байв. Бошиглогч хийгээд сүмийн бусад удирдагчид бурханлиг удирдамжийг эрэлхийлж байсан бөгөөд эдгээр илчлэлтүүд нь тэд үүнийг хүлээн авсныг нотолдог. Есүс Христийн сайн мэдээний сэргэлт болон нээлт мөн цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн эхлэл ирж буйг хүн илчлэлтүүдэд харах бөлгөө. Сүм Нью-Йорк болон Пеннсильванигаас баруун зүгт Огайо, Миссури, Иллиной, эцэст нь өрнөд Америкийн Агуу Их Сав газарт шилжин очсон хийгээд өнөө үед дэлхий дээр Сионыг байгуулах хүчин чармайлтад гэгээнтнүүдийн хийсэн хүчирхэг тэмцлүүд эдгээр илчлэлтүүдэд тэрчлэн үзүүлэгддэг.

Эхний хэдэн хэсэг нь Мормоны Номыг орчуулах болон хэвлүүлэхтэй холбогдсон асуудлуудыг багтаадаг (хэсэг 3, 5, 10, 17, мөн 19-ийг үз). Сүүлчийн зарим хэсгүүд нь сүнсээр удирдагдсан Библийн орчуулга хийх үе дэхБошиглогч Иосеф Смитийн ажлыг тусгасан бөгөөд энэ үед номлолын олон агуу хэсгүүд хүлээн авагдсан болой (жишээ нь, хэсэг 37, 45, 73, 76, 77, 86, 91, 132-г үз, эдгээр нь тус бүрдээ Библийн орчуулгатай зарим талаар шууд холбоотой юм).

Сайн мэдээний сургаалууд нь Бурхан тэргүүтний мөн чанар, хүний гарал үүсэл, Сатаны бодит байдал, мөнх бус байдлын зорилго, дуулгавартай байдлын зайлшгүй хэрэгцээ, наманчлалын хэрэгцээ, Ариун Сүнсний ажлууд, авралд хамаарах ёслолууд хийгээд гүйцэтгэлүүд, дэлхийн хувь тавилан, Амилуулалт ба Шүүлтийн дараах хүмүүний ирээдүйн нөхцөл байдал, гэрлэлтийн харилцааны мөнх байдал хийгээд гэр бүлийн мөнх шинж чанар мэтийн тулгуур асуудлуудын тухай тайлбаруудтайгаар илчлэлтүүдэд орсон буюу. Ийм байдлаар бишопууд, Тэргүүн Зөвлөл, Арванхоёрын Зөвлөл, Далыг дуудаж, мөн тэргүүлэгч бусад албан тушаалууд хийгээд чуулгуудыг байгуулснаар Сүмийн захиргааны бүтэц алгуураар нээгдэн үзүүлэгдсэн юм. Эцэст нь Есүс Христийн талаар өгөгдсөн гэрчлэл—түүний бурханлиг чанар, түүний сүр жавхлан, түүний төгс чанар, түүний хайр, мөн түүний гэтэлгэгч хүч—энэ номыг хүн төрөлхтөнд асар их үнэ цэнэтэй, мөн бүх дэлхийн баялагаас ч илүү үнэ цэнэтэй болгодог.

Нилээд олон тооны илчлэлтүүд 1833 онд Сионд (Индепенденс), Миссурид Христийн Сүмийн Удирдлагад Өгсөн Зарлигуудын Ном нэртэйгээр хэвлэгдсэн билээ. Энэхүү нийтлэлийн хувьд Их Эзэн өөрсдийнх нь бодгальд эдгээр илчлэлтүүд үнэн хэмээн гэрчилсэн тухай Сүмийн ахлагчид чанд гэрчлэл өгчээ. Их Эзэн үйлчлэгчидтэйгээ харилцаагаа үргэлжлүүлснээр 2 жилийн дараа өргөтгөсөн эмхэтгэл Хожмын Yеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Сургаал ба Гэрээ нэртэйгээр Огайогийн Көртландад хэвлэгдэн гарчээ. 1835 оны энэхүү нийтлэлд Арванхоёр Төлөөлөгчийн бичгээр илэрхийлсэн доорх гэрчлэл хавсралт болон гарчээ:

СУРГААЛ БА ГЭРЭЭ НОМ YНЭН БОЛОХ ТУХАЙ АРВАНХОЁР ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГЭРЧЛЭЛ

Энэ зорилгын учир сүмийн дуу хоолойгоор томилогдсон Бага Иосеф Смитээр дамжуулан Их Эзэн Өөрийн Сүмд өгсөн Түүний Зарлигуудын Номны гэрчүүдийн гэрчлэл оршвой:

Тиймийн тул, Их Эзэн, бидэн дээр асгарсан Ариун Сүнсээр дамжуулан эдгээр зарлигуудыг Бурханы сүнслэг удирдамжаар өгсөн бөгөөд бүх хүмүүнд ашиг тустай хийгээд яах аргагүй үнэн гэдгийг бидэнд гэрчлэн үлдээсэн болохыг бид бүх дэлхийн хүмүүн төрөлхтөнд, дэлхийн гадаргуу дээрх хүн бүрд гэрчлэхийг хүсч байна.

Их Эзэн бол бидний туслагч мөн хэмээх энэхүү гэрчлэлийг бид дэлхийд өгдөг; түүнчлэн Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христийн ач ивээлээр дамжин бидэнд энэхүү гэрчлэлийг дэлхийтэй хуваалцах онцгой боломж олгогдсон юм, үүнд бид үлэмж баясч, үүгээр хүмүүний үрс ашиг тусыг олоосой хэмээн Их Эзэнд ямагт залбирнам.

Арванхоёрын нэрс нь:

Томас Б.Марш

Давид В.Паттен

Бригам Янг

Хибер К.Кимбалл

Оорсон Хайд

Виллям. И.МкЛеллин

Парли П.Пратт

Лук С.Жонсон

Виллям Смит

Оорсон Пратт

Жон Ф.Боинтон

Лайман И.Жонсон байлаа.

Сургаал ба Гэрээний дараачийн хэвлэлүүдэд нэмэлт илчлэлтүүд буюу цэдгийн бусад асуудлууд хүлээн авагдсанаар, түүнчлэн Сүмийн нэр хүнд бүхий цугларалтууд буюу чуулганаар хүлээн зөвшөөрөгдсөнөөр нэмэгдэж орсон билээ.

1835 оны хэвлэлээс эхлэн шашны номлолын долоон цуврал хичээл бас нэмэгдэж орсон байна; эдгээр нь Итгэлийн тухай лекцүүд хэмээн нэрлэгддэг байв. Эдгээр нь Огайогийн Көртланд дахь Бошиглогчдын Сургуульд 1834-өөс 1835 онуудад ашиглахын тулд бэлтгэгдсэн байлаа. Номлол хийгээд зааврын хувьд үр ашигтай хэдий ч, эдгээр лекцүүд нь нийт Сүмдилчлэлтүүд болж өгөгдөөгүй буюу толилогдоогүй байсан учир 1921 оны хэвлэлээс хойш Сургаал ба Гэрээнээс хасагдсан байна.

Өнгөрсөн хэвлэлүүдэд, ялангуяа хэсгийн гарчгуудын түүхэн хэсгүүдэд зарим алдаа хэвээр үлдсэн нь тодорхой болсон юм. Иймээс, он сар өдрүүд хийгээд газрын нэрс, мөн тэрчлэн бусад зохих жижиг залруулга энэ хэвлэлд орсон болно. Бичвэрүүдийг түүхийн баримт бичгүүдтэй нийцүүлэх үүднээс эдгээр өөрчлөлтийг хийсэн билээ. Хамгийн сүүлчийн энэ хэвлэлийн бусад онцлогуудад илчлэлтүүд хүлээн авагдсан газарзүйн гол байршлуудыг харуулсан газрын зургууд, харьцуулах ишлэлүүд, хэсгийн гарчгууд хийгээд сэдэвчилсэн хураангуйллууд дахь сайжралтууд багтах бөгөөд энэ бүхэн нь Сургаал ба Гэрээнд өгөгдсөн Их Эзэний захиасыг ойлгон мөн баяр баясал амсахад нь уншигчдад туслах зорилготой юм.

Сургаал ба Гэрээний хэсгүүдэд зориулсан удиртгалууд нь History of the Church (Сүмийн түүхийн) лавлагааг агуулдаг. Сүмийн түүх нь 1820 оноос 1848 оны хоорондох Есүс Христийн Хожмын Yеийн Гэгээнтнүүдийн Сүмийн түүхийн долоон боть шастир болно. Эдгээр ботиуд орчуулагдаагүй учраас зөвхөн англи хэлээр ашиглах боломжтой бөгөөдСургаал ба Гэрээний энэхүү хэвлэлийн удиртгал хэсэг дэх Сүмийн Түүхийн ишлэлүүдийн эх сурвалж нь энэ түүхийн англи хэлээр гарсан ботиудад хамаардаг билээ.