Агуу Үнэт Сувд бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэл хийгээд сургаалын олон чухал талыг хөндсөн сонгомол материалуудын цуглуулга бөлгөө. Эдгээр зүйлүүдийг Бошиглогч Иосеф Смит боловсруулсан бөгөөд түүний үе дэх Сүмийн тогтмол хэвлэлүүдэд нийтэлжээ.

Агуу Үнэт Сувд хэмээх нэр бүхий материалуудын анхны цуглуулгыг Ахлагч, дараа нь Арванхоёрын Зөвлөлийн гишүүн болсон, Британийн Номлолын ерөнхийлөгч асан Франклин Д.Ричардс 1851 онд гаргажээ. Үүний зорилго нь Иосеф Смитийн үед гаргах нь хязгаарлагдмал байсан зарим чухал өгүүллүүдийг илүү хүртээмжтэй болгох явдал байлаа. Европ болон Америк даяар Сүмийн гишүүнчлэл өссөн учраас, эдгээр зүйлүүдийг хүртээмжтэй болгох шаардлага гарч ирсэн билээ. Агуу Үнэт Сувд өргөнөөр хэрэглэгдэж, мөн үүнээс үүдэн 1880 оны аравдугаар сарын 10-нд Тэргүүн Зөвлөл болон Солт Лейк Хотод болсон ерөнхий чуулганы санаачлагаар Сүмийн жишиг бүтээл болжээ.

Сүмийн эрэлт хэрэгцээ шаардсаны дагуу агуулгад хэд хэдэн удаа хянан засварлалт хийсэн байна. Анхны хэвлэлд байгаагүй Мосегийн Номны хэсгүүд 1878 онд нэмэгджээ. 1902 онд Сургаал ба Гэрээнд орхигдсон зарим хэсгүүд Агуу Үнэт Сувдад дахин хэвлэгджээ. 1902 онд зүүлт тайлбар бүхий бүлгүүд болон шүлгүүд болгон зохион байгуулсан байна. Анхны хэвлэл нь хоёр баганат хуудсууд, товъёогтойгоор 1921 онд гарчээ. Хоёр зүйл илчлэлт нэмэгдэж орсон 1976 оны дөрөвдүгээр сарыг хүртэл өөр өөрчлөлтүүд хийгдээгүй байлаа. 1979 онд хоёр зүйлийг Агуу Үнэт Сувдаас авч Сургаал ба Гэрээнд оруулсан нь эдүгээ хэсэг 137 ба хэсэг 138 юм. Одоогийн хэвлэлд бичвэрийг түрүү үеийн баримт бичгүүдтэй нийцүүлэхийн тулд зарим өөрчлөлт оруулсан болно.

Одоогийн агуулгын товч оршлыг дор харуулав:

  • Мосегийн номноос авсан цуглуулгууд.1830 оны зургадугаар сард Библийн Эхлэл номны Иосеф Смитийн орчуулгаас авсан хэсэг (History of the Church, 1:98–101, 131–139).

  • Абрахамын ном.1835 онд Иосеф Смитийн гарт орж ирсэн патриарх Абрахамын бичээсүүдийг агуулсан египет хэл дээр үйсэн дээр бичсэн зарим дурсгалаас хийсэн орчуулга. Уг орчуулга нь Иллинойн Наувуд 1842 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн Times and Seasons-д цувралаар нийтлэгдсэн байна (History of the Church, 4:519–534).

  • Иосеф Смит—Матай.Библийн Иосеф Смитийн орчуулга дахь Матайн гэрчлэлээс авсан хэсэг (Шинэ Гэрээний орчуулгыг эхлэх бурханлиг тушаал, Сургаал ба Гэрээ 45:60–61-ийг үз).

  • Иосеф Смит—Түүх.1838 онд тэрээр бэлтгэж мөн Иллинойн Наувуд 1842 оны гуравдугаар сарын 15-наас Times and Seasons-д цувралаар нийтлэгдсэн Иосеф Смитийн албан ёсны гэрчлэл хийгээд түүхээс авсан хэсгүүд (History of the Church,1:1–44).

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Итгэлийн Тунхаг.Вентвортын Захидал (History of the Church, 4:533–541) хэмээн нийтийн мэдэх Сүмийн товч түүхийн хамт 1842 оны гуравдугаар сарын 1-нд Times and Seasons-д нийтлэгдсэн Иосеф Смитийн мэдэгдэл оршвой.