Судрууд
Агуу Үнэт Сувд


Мосегийн Номноос Сонгож Авсан Цуглуулгууд

Бүлэг 6

(1830 оны арваннэгдүгээр сараас—арванхоёрдугаар сар)

Адамын үр удам дурсамжийн ном хадгалав—Түүний зөв шударга үр удам наманчлалыг тунхагладаг—Бурхан Еноход өөрийгөө илчлэв—Енох сайн мэдээг номлов—Авралын төлөвлөгөө Адамд илчлэгдэв—Тэрбээр баптисм болон санваар хүлээж авав.

1Мөн Адам Бурханы дуу хоолойг анхаарав, мөн өөрийн хөвгүүдийг наманчлахад дуудав.

2Мөн Адам эхнэртэйгээ дахин унтав, мөн тэрээр хүү төрүүлэв,мөн тэрбээр түүний нэрийг Сет гэв. Мөн Адам Бурханы нэрийг алдаршуулав, учир нь тэрбээр хэлсэн нь: Каины алсан Абелын оронд Бурхан өөр нэг үрийг надад заяав.

3Мөн Бурхан өөрийгөө Сетэд илчлэв, мөн тэрээр эсэргүүцэн боссонгүй, харин ах Абелынхаа адилаар хүлээн авч болохуйц өргөл өргөв. Мөн түүнд бас нэг хүү төрөв, мөн тэрбээр түүний нэрийг Енош хэмээв.

4Мөн тэгээд эдгээр эрчүүд Их Эзэний нэрийг дуудаж эхлэв, мөн Их Эзэн тэднийг адисалсан болой;

5Мөн Адамын хэл дээр цэдэглэгдсэн дурсамжийн ном хөтлөгдөж байв, учир нь бурханлиг нөлөөний сүнсээр бичихийн тулд Бурханыг дуудсан болгонд энэ нь өгөгдсөн байлаа;

6Мөн тэдний хүүхдүүд цэвэр бөгөөд бохирлогдоогүй хэлтэй байж, унших хийгээд бичихийг тэднээр заалгадаг байв.

7Эхлэлд байсан мөн тэрхүү Санваар эдүгээ дэлхийн төгсгөлд тэрчлэн байх болно;

8Эдүгээ тэрбээр Ариун Сүнсээр урагш хөдөлгөгдөн, Адам энэхүү бошиглолыг ярив, мөн Бурханы хүүхдүүдийн удмын бичиг хөтлөгдсөн байв. Мөн Бурхан хүнийг бүтээсэн тэр өдөр Бурхантай адилаар түүнийг тэрээр бий болгосон байв хэмээн энэ нь Адамын удмын бичгийн номонд байв.

9Тэрээр өөрийн биеийн дүр төрхөөр тэднийг, эрэгтэй мөн эмэгтэйг бүтээж, мөн тэднийг адислан, мөн тэд бүтээгдэж, мөн Бурханы хөлийн гишгүүр дээрх нутагт амьд бодгалиуд болсон тэр өдөр тэдний нэрийг Адам хэмээн дуудсан бөлгөө.

10Мөн Адам нэг зуун гучин жил амьдраад, мөн өөрийнхөө адил, өөрийн дүр төрх бүхий хөвгүүнийг төрүүлж, мөн түүний нэрийг Сет хэмээв.

11Мөн Сетийг төрүүлсний дараа, Адамын өдрүүд найман зуун жил байв, мөн тэрбээр олон хөвгүүд мөн охидыг төрүүлэв;

12Мөн Адамын амьдарсан бүх өдрүүд найман зуун гучин жил байв, мөн тэрбээр нас нөгчив.

13Сет нэг зуун таван жил амьдрав, мөн Еношийг төрүүлэв, мөн өөрийн бүх өдрүүдэд бошиглож, мөн хүү Еноштоо Бурханы замуудаар заадаг байлаа; иймийн тул Енош тэрчлэн бошиглодог байв.

14Мөн Сет, тэрээр Еношийг төрүүлсний дараа найман зуун долоон жил амьдарч, мөн олон хөвгүүд хийгээд охидыг төрүүлэв.

15Мөн газрын бүх гадаргуу дээр хүмүүний үрс үй олон байв. Мөн тэдгээр өдрүүдэд хүмүүний дунд Сатан агуу эзэгнэлтэй байв, мөн тэдний зүрх сэтгэлд хэрцгийгээр эзэрхэж байв; мөн тэр цагаас хойш дайнууд хийгээд цус урсгалтууд ирэв; мөн хүний гар хүчийг эрэлхийлэн, нууц ажлуудын улмаас үхлийг гүйцэтгэхэд ах дүүсийнхээ эсрэг байв.

16Сетийн бүх өдрүүд найман зуун арван хоёр жил байв, мөн тэрбээр нас нөгчив.

17Мөн Енош ерэн жил амьдарч, мөн Кенаныг төрүүлэв. Мөн Енош мөн Бурханы хүмүүсийн үлдсэн нь Шулон хэмээн нэрлэгддэг байсан газраас гарч яван, мөн тэрбээр Кенан хэмээн хүүгийнхээ нэрээр нэрлэсэн амлалтын нутагт оршин сууж байв.

18Мөн Енош, тэрээр Кенаныг төрүүлсний дараа найман зуун арвантаван жил амьдрав, мөн олон хөвгүүд хийгээд охидыг төрүүлэв. Мөн Еношийн бүх өдрүүд есөн зуун таван жил байлаа, мөн тэрбээр нас нөгчив.

19Мөн Кенан далан жил амьдарч, мөн Махалалеелыг төрүүлэв; мөн Кенан Махалалеелыг төрүүлсний дараа найман зуун дөчин жил амьдрав, мөн хөвгүүд хийгээд охидыг төрүүлэв. Мөн Кенаны бүх өдрүүд есөн зуун арван жил байв, мөн тэрбээр нас нөгчив.

20Мөн Махалалеел жаран таван жил амьдарч, мөн Иаредыг төрүүлэв; Махалалеел, тэрбээр Иаредыг төрүүлсний дараа найман зуун гучин жил амьдрав, мөн хөвгүүд хийгээд охидыг төрүүлэв. Мөн Махалеелын бүх өдрүүд найман зуун ерэнтаван жил байв, мөн тэрээр нас нөгчив.

21Мөн Иаред нэг зуун жаран хоёр жил амьдарч, мөн Енохыг төрүүлэв; мөн тэрээр Енохыг төрүүлсний дараа Иаред найман зуун жил амьдрав, мөн хөвгүүд хийгээд охидыг төрүүлэв. Мөн Иаред Бурханы бүх замуудаар Еноход заадаг байв.

22Мөн энэ нь Бурхан өөрөө түүнтэй ярьсан, Бурханы хүү асан Адамын хөвгүүдийн удмын бичиг болой.

23Мөн тэд зөв шударга ёсны номлогчид байв, мөн ярьж мөн бошиглож байв, мөн бүх хүмүүнийг, хаа сайгүй, наманчлахад дууддаг байлаа; мөн итгэл нь хүмүүний үрст заагддаг байв.

24Мөнхүү улиран тохиох дор Иаредын бүх өдрүүд есөн зуун жаран хоёр жил байв, мөн тэрбээр нас нөгчив.

25Мөн Енох жарантаван жил амьдарч, мөн Метуселаг төрүүлэв.

26Мөнхүү улиран тохиох дор Енох газар нутагт, хүмүүсийн дунд аялав; мөн түүнийг аялж явахад, тэнгэрээс Бурханы Сүнс буун ирж, мөн түүн дээр оршин байв.

27Мөн тэрээр: Енох, хүү минь, энэ хүмүүст бошиглогтун, мөн—Наманчлагтун хэмээн тэдэнд хэл гэж өгүүлэх дуу хоолойг тэрээр тэнгэрээс сонсов, учир нь ийн Их Эзэн хэлж байв: Би энэ хүмүүст ууртай байна, мөн миний догшин уур тэдний эсрэг дүрэлзэж байна; учир нь тэдний зүрх сэтгэл хатуурч, мөн тэдний чих сонсоход дүйрэнгэ байна, мөн тэдний нүд холыг харж чадахгүй байна;

28Мөн эдгээр олон үеийнхний тулд, би тэднийг бүтээсэн тэр өдрөөс хойш, тэд замаасаа гажиж, мөн намайг үгүйсгэсэн билээ, мөн харанхуйд тэд өөрсдийн зөвлөгөөг эрэлхийлсэн буюу, мөн жигшүүрт хэргүүддээ тэд аллагыг төлөвлөдөг байв, мөн тэдний эцэг Адамд миний өгсөн зарлигуудыг сахьсан нь үгүй.

29Иймийн тул, тэд хуурамчаар тангарагласан байна, мөн тэд тангаргаараа үхлийг өөрсдийнхөө дээр авчрав; мөн хэрэв тэд эс наманчлах аваас, тэдний тулд тамыг би бэлтгэсэн билээ;

30Мөн энэ бол дэлхийн эхлэлд, үүний сууринаас өөрийн амнаас мөн та нарын эцгүүд, миний үйлчлэгчдийн амаар миний урагш авчирсан тогтоол бөлгөө, бүр энэ нь дэлхийд, үүний хязгааруудад илгээгдэхийн тул би үүнийг тунхагласан юм.

31Мөн Енох эдгээр үгсийг сонсоод тэрээр Их Эзэний өмнө газар уруу доош мэхийж, мөн Их Эзэний өмнө ярьж, хэлэв: Бибээр таны мэлмийд тааллыг олсны учир юу билээ, гэтэл мөн би залуу, мөн бүх хүмүүс намайг үзэн яддаг буюу; учир нь би ярихдаа удаан бөлгөө; иймийн тул бибээр таны үйлчлэгч мөн үү

32Мөн Их Эзэн Еноход хэлэв: Урагш одож мөн чамд миний зарлигласанчлан үйлдэгтүн, мөн хүмүүн чамайг цоо хатгах нь үгүй. Амаа нээ, мөн энэ нь дүүргэгдэх болно, мөн би чамд үгийг өгөх болно, учир нь бүх махан бодь миний гарт байдаг, мөн надад сайн санагдсанаар бибээр үйлдэх болно.

33Энэ хүмүүст хэлэгтүн: Өөрсдийг тань бий болгосон Их Эзэн Бурханд үйлчлэхийн тулд энэ өдөрт сонгоцгоо та нар.

34Болгоогтун миний Сүнс чам дээр байна, иймийн тул, чиний бүх үгсийг бибээр зөвтгөх болно; мөн уулс чиний өмнө зугтах болно, мөн гол мөрнүүд голдрилоосоо эргэх болно; мөн чибээр надад, мөн би чамд орших болно. Тиймийн тул надтай хамт алхагтун.

35Мөн Их Эзэн Еноход хандан ярьж, мөн түүнд хэлэв: Нүдэндээ шавар түрхээд мөн үүнийг угаа, мөн чи харах болно. Мөн тэрээр үүнчлэн хийв.

36Мөн Бурханы бүтээсэн сүнснүүдийг тэрээр болгоов; мөн ердийн нүдэнд үл харагдах зүйлүүдийг тэрээр тэрчлэн болгоов; мөн түүнээс хойш уг нутагт нэг үг тараагдсан нь: Их Эзэн энэ хүмүүст нэг үзмэрчийг бэлтгэжээ гэсэн нь байв.

37Мөнхүү улиран тохиох дор Енох уг нутагт хүмүүсийн дунд урагш одож, толгод дээр хийгээд өндөр газруудад зогсон, тэдний ажлуудын эсрэг гэрчилж, мөн чанга дуу хоолойгоор хашгирч байв; түүнээс болж бүх хүмүүн гомдсон байлаа.

38Мөн майханд оршин суугчдад хандан: Үзмэрчийг харахаар биднийг тийшээ явах хооронд та нар эндээ үлдэж майхнуудаа харж бай, учир нь тэрээр бошиглодог, мөн уг нутагт тэнд нэг хачин зүйл буй; нэгэн зэрлэг хүн бидний дунд орж ирлээ хэмээн өндөр газруудад хэлэх түүнийг сонсохоор тэд урагш ирцгээв.

39Мөнхүү улиран тохиох дор тэд түүнийг сонсоод нэг ч хүн түүнд гар хүрсэнгүй; учир нь түүнийг сонссон тэд бүгд дээр айдас иржээ; учир нь тэрээр Бурхантай хамт алхаж байв.

40Мөн нэр нь Махижа гэдэг байсан нэг хүн түүн дээр ирж түүнд хэлсэн нь: Та хэн бэ, мөн та хаанаас ирснээ бидэнд тодорхой хэлээч

41Мөн тэрбээр тэдэнд хэлэв: Миний эцгүүдийн нутаг, энэ өдрийн хувьд зөв шударга ёсны нутаг, Кенаны нутгаас гарч ирсэн болой би. Мөн эцэг минь надад Бурханы бүх замуудаар заадаг байлаа.

42Мөнхүү улиран тохиох дор далайн зүүнтэйгээр Кенаны нутгаас аялж явахдаа бибээр нэг үзэгдлийг болгоов; мөн харагтун, би тэнгэрийг үзэж, мөн Их Эзэн надтай ярилаа, мөн надад зарлиг өгөв; иймийн тул, энэ шалтгааны учир уг зарлигийг сахихын тулд би эдгээр үгсийг урагш ярих ажгуу.

43Мөн Енох үгээ үргэлжлүүлэн, хэлэв: Надтай ярьсан Их Эзэн мөн тэнгэрийн Бурхан болой, мөн тэрбээр миний Бурхан бас та нарын Бурхан билээ, мөн та нар миний ахан дүүс билээ, мөн юуны учир та нар өөрсдөө зөвлөж, мөн тэнгэрийн Бурханыг үгүйсгэнэ вэ

44Тэнгэрийг тэрээр хийсэн билээ; мөн дэлхий түүний хөлийн гишгүүр; мөн үүний суурь нь түүнийх. Болгоогтун, тэрээр үүнийг тавьсан юм, мөн үүний гадаргуу дээр тэрээр үй олон хүмүүнийг авчирсан болой.

45Мөн үхэл бидний эцгүүд дээр ирэв; гэсэн хэдий ч бид тэднийг мэдэх бөлгөө, мөн үгүйсгэж үл чадна, мөн бүр бүхнээс эхнийхийг, бүр Адамыг бид мэднэ.

46Учир нь Бурханы хуруугаар өгөгдсөн загварын дагуу бид өөрсдийнхөө дунд дурсамжийн номыг бичсэн билээ; мөн энэ нь бидний төрөлх хэл дээр өгөгдсөн бөлгөө.

47Мөн Енох Бурханы үгсийг урагш ярьж байхад, хүмүүс дагжин чичирч, мөн түүний дэргэд зогсож чадахгүй байв.

48Мөн тэрбээр тэдэнд хэлэв: Адам унасны улмаас бид байгаа ажгуу; мөн түүний уналтаар үхэл ирсэн юм; мөн бид зовлон хийгээд гаслан хүртэгчид болгогдсон билээ.

49Сатан хүмүүний үрсийн дунд ирснийг, мөн тэр өөрийгөө шүтүүлэхээр тэднийг уруу татдагийг болгоогтун; мөн хүмүүн зуурдын, тачаангуй, чөтгөр мэт болж, мөн Бурханы оршихуйгаас таслагдсан бөлгөө.

50Гэвч бүх хүмүүн наманчлах ёстойг Бурхан бидний эцгүүдэд мэдүүлсэн билээ.

51Мөн тэрбээр бидний эцэг Адамыг өөрийн дуу хоолойгоор дуудаж, хэлсэн нь: Бибээр Бурхан билээ; би дэлхийг, мөн тэднийг махан бодид байхаас өмнө хүмүүнийг бий болгосон бөлгөө.

52Мөн тэрбээр тэрчлэн түүнд хэлэв: Хэрэв чи над уруу эргэж, мөн миний дуу хоолойг анхаарч, мөн өөрийн бүх зөрчлөөс наманчлан, мөн бүр усан дотор ач ивээл хийгээд үнэнээр дүүрч миний Төрсөн Ганц Хүү болох Есүс Христийн, тэнгэрийн дор өгөгдөх ёстой цорын ганц үүгээр аврал хүмүүний үрст ирэх ёстой тэрхүү нэрээр баптисм хүртэх аваас, бүх зүйлийг түүний нэрэнд асууж, та нар Ариун Сүнсийг хүлээж авах болно, мөн та нар юуг ч асуулаа гэсэн, энэ нь та нарт өгөгдөх болно.

53Мөн бидний эцэг Адам Их Эзэнд хандан ярьж мөн хэлэв: Хүмүүн наманчилж мөн усанд баптисм хүртэхийн учир юу билээ? Мөн Их Эзэн Адамд хэлсэн нь: Болгоогтун Еденийн Цэцэрлэгт чиний зөрчлийг би чамд өршөөсөн билээ.

54Эцэг эхийн нүглүүд хүүхдүүдийнх нь толгой дээр байж үл болох анхны гэмийг Бурханы Хүү цагаатгасан билээ, учир нь тэд дэлхийн сууринаас цэвэр болой хэмээх үг хүмүүсийн дунд эндээс тархсан байлаа.

55Мөн Их Эзэн Адамд ярьж, хэлсэн нь: Чиний хүүхдүүд нүгэлд төрөхийн хэрээр, бүр тэд өсч эхлэхэд, нүгэл тэдний зүрх сэтгэлд боловсорч, мөн тэд сайн сайхны үнэ цэнийг мэдэж болохын тулд тэд гашууныг амсах болно.

56Мөн муугаас сайныг ялгаж мэдэх нь тэдэнд өгөгдсөн болой, иймийн тулд тэд өөрсдөдөө чөлөөтэйгөөр сонгогч, мөн би чамд өөр хууль болон зарлиг өгсөн билээ.

57Иймийн тул хүмүүн хаа сайгүй наманчлах ёстой, үүнийг хүүхдүүддээ заагтун, эс бөгөөс тэд Бурханы Хаант улсыг өвлөж чадах нь үгүй, учир нь цэвэр ариун бус зүйл тэнд оршиж чадах нь үгүй, эсвээс түүний дэргэд орших нь үгүй; учир нь Адамын хэлээр Ариун Хүн гэдэг нь түүний нэр болой, мөн түүний Төрсөн Ганцын нэр нь Хүний Хүү, бүр Есүс Христ цагийн голчид ирэх шударга Шүүгч бөлгөө.

58Тиймийн тул, эдгээр зүйлүүдийг хүүхдүүддээ чөлөөтэйгөөр заах зарлигийг би чамд өгч байна, хэлэх нь:

59Зөрчлийн шалтгаанаар уналт ирдэг, тэрхүү уналт үхлийг авчирдаг бөгөөд мөн та нар усаар мөн цусаар мөн миний хийсэн сүнсээр дэлхийд төрөхийн хэрээр мөн ийн тоосноос амьд бодгаль болон, бүр ийн та нар цэвэршигдэж тэнгэрийн хаант улсад усаар мөн Сүнсээр дахин төрж мөн цусаар бүр миний Төрсөн Ганцын цусаар бүх нүглээс ариусгагдах ёстой, мөн энэ дэлхийд мөнх амьдралын үгсийг мөн ирэх дэлхийд бүр үхэшгүй байдлын алдар сууд мөнх амьдралыг та нар эдэлж болно;

60Учир нь усаар уг зарлигийг сахьдаг болой та нар; Сүнсээр зөвтгөгддөг болой та нар, мөн цусаар ариусгагддаг болой та нар;

61Тиймийн тул чамд орших нь өгөгдсөн бөлгөө; тэнгэрийн цэдэг; Тайтгаруулагч; үхэшгүй алдар суугийн амар амгалангийн зүйлүүд; бүх зүйлд амьдралыг өгдөг, бүх зүйлийг амьдруулдаг тэр зүйл; бүх зүйлийг мэддэг мөн мэргэн ухаан, нигүүлсэл, үнэн, шударга ёс, мөн шүүлтийн дагуу бүх хүч байдаг тэр зүйл буюу.

62Мөн эдүгээ, болгоогтун, би чамд хэлж байна: Энэ бол цагийн голчид ирэх миний Төрсөн Ганцын цусаар дамжин ирэх бүх хүмүүний авралын төлөвлөгөө юм.

63Мөн болгоогтун, бүх зүйлд өөрсдийнх нь адил төстнүүд байдаг, мөн бүх зүйл, материаллаг зүйлүүд хийгээд сүнсний зүйлүүд аль аль нь миний тухай гэрчлэхээр бэлтгэгдэж мөн хийгдсэн болой; дээр тэнгэрт байгаа зүйлүүд, мөн дэлхий дээр байгаа зүйлүүд, мөн дэлхий дотор байгаа зүйлүүд, мөн дэлхийн дор байгаа зүйлүүд, дээрх хийгээд доорх аль аль нь: Бүх зүйл миний тухай гэрчилдэг.

64Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн бидний эцэг Адамтай ярьж байх үед Адам Их Эзэнд хандан залбиран гуйж мөн тэрээр Их Эзэний Сүнсээр алсад аваачигдан, мөн доош ус уруу хийгдэж, усан дор тавигдаж мөн уснаас урагш гаргагдсан ажээ.

65Мөн ийн тэрбээр баптисм хүртэж, мөн Бурханы Сүнс түүн дээр бууж ирсэн ажгуу, мөн ийн тэрбээр Сүнсээр төрсөн байв, мөн доторх хүндээ амьдруулагдсан байлаа.

66Мөн тэрбээр: Галаар, мөн Ариун Сүнсээр баптисм хүртсэн болой чи хэмээн хэлсэн дуу хоолойг тэнгэрээс сонслоо. Энэ бол үүнээс хойш мөн үүрд Эцэг, мөн Хүүгийн тухай гэрчлэл юм;

67Мөн чи бол бүх үүрд мөнхөөс бүх үүрд мөнхөд өдрүүдийн эсвээс жилүүдийн төгсгөлгүй байсан түүний жаягийн дагуу бөлгөө.

68Болгоогтун, чи надад нэг, Бурханы хүү билээ; мөн ийн бүгд миний хөвгүүд болж болно. Амен.