Өсвөр үеийнхэн
Изриалийн найдвар (Hope of Israel)


Изриалийн найдвар (Hope of Israel)

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: Семинарын найрал дуучдад ямар их талархаж байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Гайхамшигтай, та нар үнэхээр сайн байлаа. Баярлалаа. Та нарт маш их баярлалаа. Би үзэсгэлэнтэй хожмын үеийн гэгээнтнүүдээр дүүрсэн уг Чуулганы төвийг хараад хүсэж мөрөөддөг байсан том гэр бүлээ олсон мэт санагдлаа. Энэ үдэш энд 22000 хүн цугласан байгаа бөгөөд үүнээс ч олон хүн нэвтрүүлгээр дамжуулан бидэнтэй хамт байгаа.

Нэлсон эгч бид хоёр та нартай хамт байгаадаа үнэхээр баяртай байна. Бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн өсвөр үеийнхэн та нартай мөн та нарын багш, эцэг эхтэй хамт байх дуртай.

Та нарын хүн нэг бүрийг дэлхий даяарх энэ онцгой цугларалтад бэлтгэж, Мормоны Номыг өдөр бүр уншиж, Их Эзэний заахыг хүссэн зүйлийг нь сонсохын төлөө залбирч байхдаа олж авсан туршлагыг тань сонсохыг бид хүсдэг.

Нээлтийн дууллыг үнэхээр ийм сайхан мэдрэмжтэй дуулсан семинарын найрал дуучдад дахин талархал илэрхийлье. Нээлтийн дуулал болох “Бурхан минь, бошиглогч илгээсэнд бид талархъя” дууллын үг нь бидний зүрх сэтгэлд бошиглогч Иосеф Смитийг үргэлж санагдуулдаг. Бид түүний ачийг санах ёстой! Тэр бол энэ эрин үеийн бошиглогч. Төсөөлөөд үз дээ! Түүнийг та нарын насан дээр байхад нь Төлөөлөгч Иаковын “Та нарын хэн нэгэнд нь мэргэн ухаан дутвал Бурханаас гуйг”1 хэмээх үгс анхаарлыг нь татжээ.

Тэр үгс залуу Иосефыг ойролцоох төгөл рүү явж, чин сэтгэлийн үгсээ Бурханд өргөхөд хүргэсэн билээ.

Тийн тэнгэр нээгдсэн юм! Иосеф Бурхан, Хүү хоёрыг харсан төдийгүй асуултуудынхаа хариултыг хаанаас авч болохоо мэдэж авсан.

Арван хэдхэн настай Иосефын хийсэн зүйлийг хийхийг одоо би та нарын хүн нэг бүрээс гуйж байна. Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, асуултуудаа тавь. Түүнээс өөрийгөө удирдан чиглүүлэхийг Есүс Христийн нэрээр гуй. Та нар хувийн илчлэлт хэрхэн хүлээж авахыг яг одоо энэ насан дээрээ өөрөө сурч мэдэж чадна. Үүнээс өөр амьдралд чинь томоохон өөрчлөлт авчрах зүйл байхгүй!

Та нарын хаана байгаа, гэрээний замын аль хэсэгт байгаа, тэр байтугай чи энэ цаг мөчид тэрхүү зам дээр явж байгаа юу үгүй юу гэдгээс үл хамааран, хэрэв та нар Ариун Сүнсний шивнээг хэрхэн сонсоход суралцах хамгийн чухал, сүнслэг ур чадварыг хөгжүүлэхэд шаардлагатай сүнслэг ажлыг чин сэтгэлээсээ, уйгагүй хийвэл амьдралдаа хэрэгтэй бүхий л удирдамжийг авах болно гэдгийг би хажууд чинь сууж байгаа хүнд биш, харин та нарт амлаж байна. Асуултын тань хариултыг Их Эзэний арга зам, цаг хугацаанд өгөх болно. Тиймээс, эцэг эх болон удирдагчдынхаа зөвлөгөөг бүү март. Тэд ч гэсэн таны өмнөөс илчлэлт эрэлхийлж байгаа.

Амьдралыг тань Бурхан удирдан чиглүүлж байгааг мэдэх үедээ та нар сорилт бэрхшээл, харамсал гомдлыг үл хайхран, баяр хөөр, амар амгаланг мэдрэх болно.

Одоо бид хоёр та нарт энэ дэлхий дээрх хамгийн агуу сорилт бэрхшээл, хамгийн агуу учир шалтгаан, хамгийн агуу үйл хэргийн талаар яримаар байна. Бид та нарыг үүний нэг хэсэг байгаасай хэмээн урихыг хүсэж байна!

Би Вэнди Нэлсон эгчээс энэхүү чухал захиасын талаар зарим нэг зүйлийг тайлбарлахыг хүссэн юм. Нэлсон эгчийг урья.

Вэнди В.Нэлсон эгч: Хайрт залуу ах, эгч нар минь ээ, бид та нарт хайртай мөн та нарт итгэдэг. Би нэгэн өдөр Ютагийн уул толгодоор газар сайгүй явагч машинаар нөхрийнхөө хамт явж байхдаа юу харснаа та нарт эхлээд яримаар байна.

Тэр өдөр намрын налгар сайхан өдөр байлаа. Алтан шаргал, үзэсгэлэнтэй, өндөр бөгөөд тэгшхэн, тэнгэрт тулсан моддын дундуур явах нь бидэнд их сайхан байв.

Зураг
ойн төгөл

Биднийг булан тойрох үед надад өөрийг минь буюу ихэнх нөхцөлд мэдэрдэг зүйлийг минь санагдуулсан нэгэн модыг би олж харав.

Зураг
тахир мод

Та нар ийм мэдрэмжийг мэдэрдэг үү? Эргэн тойрноо харахад та нараас бусад бүх хүн өндөр, тэгшхэн, зүйрлэн хэлэх юм бол тэнгэрт тулсан мэт байдаг.

Тэд бүх зүйлийн учир начрыг олсон, бүхий л зүйл нь жигдэрсэн мэт, сайхан хувцаслаж, дандаа зөв зүйл хэлж, ямар ч асуудалгүй, бүрэн төгс дуулгавартай, амьдралдаа хэзээ ч алдаа гаргаж байгаагүй мэт санагдана.

Тэгтэл, биднийг хар даа!

Хайрт ах эгч нар аа, бид өөрсдийгөө бусадтай харьцуулахаа болих цаг болсон. Өөрсдийнхөө болон бусдын тухай буруу ташаа ойлголтуудаасаа салах цаг ирсэн. Бид ч гэсэн бодож байгаа шигээ ямар ч найдваргүй, алдаа дутагдалтай хүмүүс биш. Мэдээж хэрэг, бидний Аврагч, Есүс Христээс бусад хүн харагдаж байгаа шигээ төгс биш.

Бид энэ дэлхий дээр байхдаа Тэнгэрлэг Эцэгтээ мөнх бус амьдралд ирэхээсээ өмнө хийнэ гэж амласан, бүр гэрээ байгуулсан тэр зүйлээ хийж байгаа маань л хамгийн чухал зүйл юм.

Тэгэхээр би та нараас асууя. Та нар юуг хийх гэж төрсөн бэ?

Та нарын мөнх бус байдлын өмнөх амьдралыг харуулсан 10 минутын видео бичлэгийг YouTube дээрээс үзэх боломж байсан ч болоосой.

Бошиглогч Иосеф Смит, хэрэв та нар тэнгэр рүү таван минут ширтвэл ямар нэгэн сэдвийн талаар бүх амьдралынхаа турш сурснаасаа хавьгүй илүүг ойлгох болно гэж заасан.2 Тиймээс мөнх бус байдлын өмнөх амьдралаа 10 минут ажиглан харж байна гэж төсөөлөөд үз дээ!

Их Эзэн тэдгээр дурсамжийг ухаалгаар халхлан, хөшиг татсан байдаг гэдгийг бид ухаарах нь гарцаагүй. Гэхдээ мөнх бус байдлын өмнөх амьдралынхаа 10 минутыг үзэх зөвшөөрөл олдвол яг одоо үүний та нарын амьдралд үзүүлэх байсан нөлөө ямар байхыг хэсэгхэн зуур төсөөл.

Хэрэв та нар Тэнгэрлэг Эцэг эхтэйгээ болон Есүс Христтэй хамт амьдарч байгаагаа, мөнх бус байдлын өмнөх амьдралд юу хийснээ, зөвлөх, багш нар гээд бусдад амлалт өгч, бүр гэрээнд орж мөн үнэнийг хурцаар шүүмжлэх дайралтад зоригтой хариулт өгч, Есүс Христийг баатарлагаар хамгаалж байгаагаа харах юм бол та нарын хүн нэг бүр ямар ч, бүх төөрөгдөл, эргэлзээ, бэрхшээл, асуудлыг даван гарахад туслах нэмэгдэл хүч, амлалт, мөнхийн талаас харах чадвартай байх байсан гэдэгт би итгэдэг! Бүр бүгдийг нь шүү!

Та нар энэ дэлхий дээр байхдаа хэнд тусална гэж хэлснээ эсвэл ямар бэрх туршлага амсахыг зөвшөөрснөө санах юм бол одоо байгаа болон ирээдүйд тохиолдох ямар ч хүнд хэцүү нөхцөлд та нар “Өө, би одоо санаж байна. Одоо би ойлгож байна. Энэ хэцүү байдлыг ухаарлаа. Их Эзэний тусламжтайгаар би үүнийг хийж чадна!” гэж хэлэх болно гэдэгт би итгэдэг.

Одоо би та нарыг бас нэг зүйлийн тухай бодоход урья. Бидний хүн нэг бүр энэ дэлхийд ирэхдээ “Дэлхий дээр байхдаа хийх зүйлс” гэсэн хуйлмал бичгийг бодгальдаа авч ирсэн гэж би төсөөлөх дуртай.

Тэрхүү хуйлмал бичигт юу байж болох тухай мөн Есүс Христийн сайн мэдээний дагуу энэ бичигт заавал бичигдсэн байх таван зүйлийн талаар одоо ярилцъя.

Нэгдүгээрт, та нар мөнх бус бие махбод хүлээн авахаар ирсэн. Найзууд аа, энэ үнэхээр чухал зүйл шүү.

Хоёрдугаарт, та нар соригдохоор ирсэн.

Дашрамд хэлэхэд, бидний сорилт заримдаа хянахад хэцүү эсвэл янз бүрийн хэлбэрээр зүй бус байдлаар ашиглахаар гуйвуулагддаг бие махбодын дур хүсэл, сонирхлоо барьж сурахтай холбоотой байдгийг та нар анзаарсан уу? Та нар одоогоор ямар нэг төрлийн донтолт эсвэл наманчлаагүй томоохон нүглээсээ болж зовж шаналж байгаа бол өнөөдөр бишоптойгоо ярилцаж, ачаанаасаа салж хөнгөрөхийг би та бүхэнд уриалж байна. Бишоп та нарт туслах санваарын түлхүүрүүдийг атгадаг.

Дэлхий дээр байхдаа хийх гурав дахь зүйл нь Есүс Христийг дагаж, мөнх бус байдлын өмнөх амьдралд хийсэн шигээ Түүнийг хамгаалахыг сонгох явдал юм.

Дөрөвдүгээрт, өдөр бүр наманчилж, долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх сонголтыг хий. Ингэх юм бол та Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан сүнслэгээр илааршигдан, хүчирхэгжиж, алдаршиж, улмаар ариусгагдан өргөмжлөгдөх болно.

Жагсаалтын тань тав дахь зүйл бол мөнх бус амьдралынхаа зорилгыг олж, биелүүлэх явдал юм. Миний хайрт найз нар аа, та бидэнд энэ дэлхий дээр байхдаа гүйцэтгэх гайхалтай зорилгыг мөнх бус байдлын өмнөх амьдралд байхад өгсөн.

Бидэнд мөнх бус байдлын зорилгуудаа биелүүлэх боломж олгох ч бид заавал биелүүлэх албагүй. Биднийг хэн ч үүнийг хийхэд албадахгүй. Цаг зав, эрч хүч, авьяас чадвар, нөөц боломжоо хэрхэн ашиглахаа сонгох эрх бидэнд бий. Чухамдаа юу хийхээ сонгох нь бидний сорилтын нэг хэсэг билээ.

Та бид сонголтоо хийх ёстой. Энэ дэлхий рүү ирж, гүйцэлдүүлэх ёстой гайхалтай зорилгуудаа биелүүлэхийн тулд шаардлагатай бүхнийг хийхийг сонгох уу?

Та нарыг энэ асуултыг тунгааж байх хооронд сэдвээ өөрчилж, дэлхийн түүхийн онцгой үе болох яг энэ цаг мөчид та нар яагаад дэлхий дээр байгаа тухай ярилцацгаая.

Яагаад та нар яг одоо дэлхий дээр байгаа вэ?

Яагаад та нар тэртээх 1880-аад онд эсвэл одооноос 30 жилийн өмнө төрөөгүй юм бол?

Бидний амьдарч буй энэ түүхэн цаг үеийн талаарх туршлагаасаа би та нарт хуваалцъя.

Бид хожмын өдрүүдэд амьдарч байгаа гэж байнга ярьдаг. Тиймээс ч бид хожмын үеийн гэгээнтнүүд гэж нэрлэгддэг. Гэхдээ энэ өдрүүд нь бидний төсөөлснөөс ч илүү “хожмын” байх магадлалтай юм.

2013 оны 6-р сарын 15-ны өдөр 24 цагийн дотор надад тохиолдсон нэгэн үйл явдал энэ үнэнийг бодит болгосон. Нөхөр бид хоёр Оросын Моксва хотод байсан юм.

Ерөнхийлөгч Нэлсонийг тухайн бүс нутгийн санваарын удирдагчидтай уулзаж байх үеэр надад Сүмийн гишүүн 100 орчим эгчтэй уулзах сайхан боломж олдсон юм. Би орос эгч нартаа хайртай. Тэд гайхалтай!

Би үг хэлэхээр индэр дээр гараад, өөрийгөө хэзээ ч хэлнэ гэж төсөөлөөгүй зүйлээ хэлсэн юм. “Би та нарыг удам угсаагаар тань мэдэж авмаар байна. Патриархын адислалд тань заагдсан Израилийн овгоо төлөөлөн босож, үзүүлнэ үү” гэж билээ.

“Бенжамин?” Хоёр эмэгтэй босов.

“Дан?” Өөр хоёр эмэгтэй бослоо.

“Реубен?” гэхэд хэдэн эмэгтэй босов.

“Нафтали?” Олон эмэгтэй бослоо.

Ашераас авхуулаад Зебулун хүртэлх Израилийн арван хоёр овгийг нэрлэхэд эмэгтэйчүүд босож зогссон ба бид бүгдээрээ харж гэрчилж, мэдэрч, олж мэдэж буй зүйлдээ гайхширцгааж билээ.

Москвад, тэр нэгэн бямба гарагт 100 хүрэхгүй эмэгтэй цугларахад тэдний дунд Израилийн арван хоёр овгийн хэд нь байсан гэж та нар бодож байна?

Арван нэг! Израилийн арван хоёр овгийн арван нэг нь тэр өрөөнд байв. Тэнд байхгүй байсан цорын ганц овог бол Леви байсан юм. Би үнэхээр их гайхсан. Энэ нь сүнслэг байдлын маань хувьд сэтгэл хөдөлгөм үйл явдал байлаа.

Тэдгээр цуглааны дараа нөхөр бид хоёр шууд Арменийн Ереван руу явав. Онгоцноос буугаад хамгийн түрүүнд номлолын ерөнхийлөгч, түүний эхнэр хоёртой уулзсан юм. Номлолын ерөнхийлөгчийн эхнэр Москвад болсон явдлыг хаанаас ч юм бэ сонссон байсан бөгөөд тэр баяр хөөр болон “Манайд Леви овгийн хүн байгаа!” гэж хэлж билээ.

Дараа өдөр нь нөхөр бид хоёр тэдний номлогчидтой уулзахдаа Аризонагийн Гилбертээс ирсэн нэгэн ахлагч Леви овгийнх байсанд хэчнээн их баярласныг та нар төсөөл дөө!

Би жаахан охин байхдаа хожмын өдрүүдэд, Аврагчийн Хоёр дахь ирэлтээс өмнө Израилийн арван хоёр овог цугларах болно гэдгийг Канадын Алберта мужийн Реймонд хотын Хүүхдийн хэсгийн ангид явдаг байхдаа мэдэж авсан. Тэрхүү үнэн намайг хөөрөн баясахад хүргэсэн ч миний оюун ухаанаас хэтэрсэн зүйл байлаа. Тэгэхээр 24 цагийн дотор Израилийн бүх арван хоёр овгийн гишүүдтэй уулзсан явдал миний хувьд ямар байсныг төсөөлөөд үз дээ!

Би тэр явдлаас хойш тэдгээр эгчээс удам угсааг нь асуух ёсгүй байснаа мэдэж авсан юм. Учир нь патриархын адислал нь ариун нандин бөгөөд тэдэнд илчилсэн овгийн мэдээл хувийн чанартай юм. Гэхдээ би Израилийн цугларалтын үр нөлөөг харах боломжтой байсандаа маш их талархдаг. Тэрхүү үйл явдлын нөлөө зүрх сэтгэл, ой тойнд минь хоногшин үлдсэн.

Хайрт ах, эгч нар минь ээ, энэ үе бол үнэхээр хожмын өдрүүд! Энэ дэлхийн түүхэнд одоогийнх шиг цаг үе байгаагүй. Хэзээ ч! Мөнх бус байдлын өмнөх амьдралд бид энэ дэлхий дээр байхдаа гайхалтай үйлс гүйцэтгэхээ амласан. Их Эзэний тусламжтайгаар бид үүнийг гүйцэтгэж чадна. Есүс Христийн нэрээр, амен.

Ерөнхийлөгч Нэлсон: Баярлалаа, Вэнди. Би чамдаа хайртай! Энэ нь гайхамшигтай биш гэж үү?

Хайрт залуу ах, эгч нар аа, энэ бол гарцаагүй хожмын өдрүүд бөгөөд Их Эзэн Израилийг цуглуулах ажлаа яаравчлуулж байна. Тэрхүү цугларалт өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл юм. Хэр хэмжээ, ач холбогдол, сүр жавхлангийн хувьд юутай ч харьцуулшгүй. Хэрэв та нар сонговол, хэрэв та нар хүсвэл үүний нэгэн томоохон хэсэг байж чадна. Та нар том, агуу, сүрлэг нэгэн үйлсийн томоохон хэсэг байж чадна.

Бид цугларалтын тухай ярихдаа энэхүү гол үнэнийг хэлж байгаа юм: Хөшигний хоёр талд байгаа Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг хөшигний хоёр талд сонсох эрхтэй гэсэн суурь үнэнийг хэлж байгаа юм. Тэд илүү ихийг олж мэдэхийг хүсэж байгаа эсэхээ өөрсдөө шийдэх ёстой.

Израилийн өөр өөр овгоос гаралтай хүмүүс бол Их Эзэн рүү зүрх сэтгэл нь эргэх хүмүүс юм. Тэрээр “Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм”3 хэмээн хэлсэн. Израилийн угсааны хүмүүс Их Эзэн Есүс Христийг өөрсдийнхөө Аврагч гэдгийг амархан таньж, Түүний хонин сүрэгт цугларах хүсэлтэй байх болно. Тэд Түүний Сүмийн гишүүд болж, Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулж, нэн чухал ёслолуудыг хүлээн авахыг хүсэх болно.

Их Эзэн Иосеф Смитэд одоо буюу бидний энэ цаг үе бол арван нэг дэх цаг бөгөөд дэлхийн дөрвөн зүгээс сонгогдсон хүмүүсийг Өөрийн усан үзмийн талбайд цуглуулахаар үйлчлэгчдээ дуудах сүүлийн цаг хэмээн тунхагласан.4

Энэ үдэш би 12-оос 18 настай та нарын хүн нэг бүрээс асууя. Чи өнөөдөр энэ дэлхий дээрх хамгийн агуу сорилт бэрхшээл, хамгийн агуу учир шалтгаан, хамгийн агуу үйл хэргийн томоохон хэсэг баймаар байна уу?

Энэ үнэ цэнтэй хожмын өдрүүдэд чи Израилийг цуглуулахад тусалмаар байна уу? Сонгогдсон нэгэн чи сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсоогүй байгаа сонгогдсон хэн нэгнийг олоход сайн дураараа туслах уу? Та нар бошиглогч Исаиагийн ярьсан “шуурхай элч нар” байхыг хүсэж байна уу?5

Одоо Израилийн цугларалтад оролцоход та нарын зүгээс золиослол гаргахыг шаардах болно. Энэ нь амьдралдаа зарим нэг өөрчлөлт хийхийг шаардаж магадгүй. Үүнд та цаг зав, эрч хүч, Бурханаас өгсөн авьяас чадварынхаа заримыг зориулах шаардлага гарна. Чи үүнийг хүсэж байна уу?

Израилийн цугларалтын баяр хөөр, хойшлуулшгүй байдлын талаар бод. Адамаас эхлээд бүх бошиглогч эдүгээг харсан. Бошиглогч бүр Израиль цугларч, Аврагчийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэх бидний өдрийн тухай ярьсан. Үүнийг бодоод үз дээ! Энэ гараг дэлхий дээр амьдарч байсан бүх хүн дотроос гагцхүү бид энэхүү эцсийн бөгөөд агуу цугларалтын үйл явдалд оролцож байгаа нь юутай их сэтгэл хөдлөм гээч!

Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн хамгийн нэр төртэй суутнуудаас олныг буюу хамгийн шилдэг багаа энэхүү сүүлчийн үед зориулан бэлтгэсэн. Тэдгээр нэр төртэй суутан, шилдэг тоглогч, баатрууд бол та нар!

Тэрхүү цугларалт одоо болж байгаа бөгөөд энэ нь бодит гэдгийг би гэрчилж байна. Намайг төрсөн жил Сүмийн нийт гишүүнчлэлийн тоо 600,000-аас бага байсан бөгөөд Өмнөд Америкт гишүүн байдаггүй байв. Одоо дэлхий даяар 16 сая гаруй гишүүн байгаа бөгөөд үүний 3 сая нь Өмнөд Америкт байна.

Би 1979 онд олж авсан туршлагаа хуваалцъя. Тэр үед би Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байв. Би Сүмийн удирдагчдын уулзалтад уригдан оролцсон бөгөөд тэнд Сүмийн ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл үг хэлсэн юм. Тэрээр Есүс Христийн сайн мэдээ дэлхий дээрх бүх хүнд хүрэхийн тулд улс орнуудын үүд хаалга нээгдээсэй хэмээн залбирахыг бидний хүн нэг бүрд үүрэг болгов. Тэрээр Хятадыг онцлон дурдсан бөгөөд Хятадын ард түмний хаалга сургаалд нээлттэй болохын төлөө залбирахыг биднээс хүссэн. Тэр мөн “Бид хятад хүмүүст үйлчилж, тэдний хэлийг сурч, тэдний төлөө залбирч, тэдэнд туслах хэрэгтэй” гэж хэлсэн.

Би гэртээ эргэж ирээд, эхнэр Данзэлдаа (13 гаруй жилийн өмнө нас барсан) “Ерөнхийлөгч Кимбалл тэр уулзалтад байсан бидний хүн нэг бүрийг хятад хэл сураасай гэж хүссэн! Би ‘Нэлсон ахаас бусад нь!’ гэж хэлэхийг лав сонссонгүй. Тиймээс чи надтай хамт мандарин хятад хэл сурмаар байна уу?” гэж хэлэв. Мэдээж, тэр зөвшөөрч, бид мандарин хэл заалгаж эхэлсэн.

Ерөнхийлөгч Кимбаллыг үүрэг болгосноос хойш зургаан долоо хоногийн дараа би Америкийн Чээжний Хөндийн Мэс Заслын Холбооны жил тутмын хуралд оролцож байлаа. Энэ нь Массачусеттсийн Бостонд болсон юм. Тэр өглөө би зочид буудлынхаа өрөөнд ерөнхийлөгч Кимбаллын хүссэний дагуу Хятадын хүн ардын төлөө залбирсан. Тэгээд би тухайн өдрийн хамгийн эхний хурал руу явж, байнга суудаг газраа буюу урд талд суув. Гэвч хуралдаж байх үеэр суудалдаа суух маш тохь тухгүй болж эхлэв. Слайд толилуулгад зориулан гэрэл унтрахад би суудлаасаа чимээгүйхэн босоод, ердийн үед огт суудаггүй байсан өрөөний ар талд очиж суув. Гэрэл асахад би нэг хятад эмчийн хажууд сууж байгаагаа олж мэдлээ. Тэр эмч өөрийгөө Хятадын Бээжин хотоос ирсэн профессор Вү Янг Кай гэж танилцуулав.

Түүнтэй таатай яриа өрнүүлснийхээ дараа би түүнийг Солт Лэйк Ситид ирж, Ютагийн их сургуулийн Анагаахын сургуульд лекц уншихыг урив. Тэрээр урилгыг минь баяртай хүлээн авч, гайхалтай сайнаар гүйцэтгээд, Хятад руугаа буцсан юм.

Удалгүй тэр эмч намайг Хятадын Жинан хот дахь Шаньдуны Анагаахын их сургуульд гэрээт профессороор ажиллахад урив. Энэ үйл явдлын дараа би Хятадын өөр хоёр их сургуульд гэрээт профессороор үйлчлэх урилгыг хүлээн авсан билээ.

Арван хоёрын чуулгад дуудагдахаас өмнө олж авсан эдгээр гайхалтай мэргэжлийн туршлага минь оргилдоо хүрч, Хятадын хамгийн алдартай дуурийн дуучны амь насыг аврах зүрхний нээлттэй мэс засал хийхийг хятадын мэс засалчид надаас хүсэв. Би хагалгааг хийсэн ба уг хагалгаа амжилттай болсонд талархдаг. Тохиолдлоор энэ нь миний хамгийн сүүлийн мэс засал байсан юм.

Би Хятадын хүн ардын төлөө залбирсаар бараг 40 жил өнгөрчээ. Хятадад анагаахын салбарын хамтран зүтгэгчид болон бусад найз нөхөдтэй болсондоо би баяртай байдаг. Одоо албан ёсоор “Хятадын эртний анд” болсон маань миний хувьд үнэхээр сайхан хэрэг юм.

Бурханы бошиглогчийн биднээс хийхийг хүссэн ямар ч зүйлийг бид дуустал нь хийхэд тэдгээр зүйлийг гүйцэтгэх арга замууд нээгдэж, амьдрал өөрчлөгдөх болно гэдгийг би гэрчилж байна.

Тэгэхээр та одоо өөрөөсөө “Би өсвөр насны хүүхдийн хувьд Израилийг цуглуулахад туслахын тулд юу хийх вэ?” гэж асууж байгаа гэдэгт би найдаж байна. Нэлсон эгч бид хоёр яг энэ асуултыг болон өөр хэдэн асуултыг 12-оос 18 насны өсвөр үеийнхэнд тавьсан. Тэдний ихэнх нь өнөөдөр энд байгаа.

Бид эхлээд “Израилийн цугларалт гэж юу вэ? Энэ нь та нарт ямар учир утгатай вэ?” гэж асуусан. Тэдний хариулт янз бүр байсан ч ихэнх нь үүнийг юу болохыг сайн мэдэхгүй гэдгээ илэрхийлсэн. Израилийн цугларалт гэдэг нь Бурхантай нэн чухал гэрээнүүдийг байгуулж, ёслолуудыг хүлээн аваагүй хөшигний хоёр талд байгаа Бурханы хүүхэд бүрд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг санал болгох гэсэн утгатай болохыг та нарыг мэдээсэй гэж бид энэ үдэш та нараас хүсэж байна.

Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхэд бүр Есүс Христийг дагах, Түүний сургаалыг хүлээн зөвшөөрөх, та бүхний мэддэгээр Израилийн угсаа болох Абрахам, Исаак, Иаковын угсааныханд Бурханы амласан тэр бүх адислалынх нь хамт хүлээн авахаа сонгох боломжтой.

Гайхалтай өсвөр үеийнхэн минь ээ, та нар Израилийг цуглуулахад туслахаар энэ дэлхийн түүхэн дэх хамгийн чухал энэ цаг үед энэ дэлхий рүү ирсэн! Одоо энэ дэлхий дээр үүнээс илүү чухал ямар ч зүйл үгүй. Үүнээс илүү агуу үр дагавартай зүйл гэж үгүй. Бүр огт байхгүй.

Энэ цугларалт та нарын хувьд хамгийн чухал зүйл байх ёстой. Энэ бол та нарын дэлхий рүү ирэх болсон тэрхүү зорилго юм.

Тиймээс би та нараас “Израилийг цуглуулахад туслах Их Эзэний өсвөр үеийнхний армид сайн дураараа элсэн орох уу?” гэж асууя. Энэ тухай эргэцүүлж бодоорой. Хариултаа яг одоо өгөх хэрэггүй.

Одоо Нэлсон эгч бид хоёрын залуу найзууддаа тавьсан өөр асуултуудыг авч үзэцгээе. Бид “Хэрэв бошиглогч Израилийг цуглуулахад туслуулахаар Сүмд байгаа 12-оос 18 насны бүх хүнийг элсэхийг уривал та нар сайн дураараа юу хийх вэ?” гэж асуусан.

Өсвөр үеийнхэн “Хэрэв бошиглогч Израилийг цуглуулахад туслах ажилд элсэхэд биднийг уривал би үүнд эргэлзээгүйгээр оролцох болно” зэрэг сүнслэг бөгөөд сүнслэгээр өдөөгдсөн хариултуудыг өгсөн. Өөр нэг нь “Би хийж байгаа ямар ч ажлаа орхиод, туслах болно!” гэж хариулсан бөгөөд “Түүний надаас хүссэн ямар ч ажлыг би явж, хийнэ. Яагаад гэвэл бошиглогч бол Бурханы номлогч юм” гэж бас нэг нь хариулсан.

Мөн “Би илүү их гэр бүлийн түүхийн ажил хийнэ. Би илүү нээлттэй байж, сайн мэдээний талаар бусадтай ярихыг илүү их хичээх болно. Би Христийнхтэй адил зан чанарын сайн үлгэр жишээ байж чадна. Би нас барагсдын төлөө илүү их баптисм хүртэж, хэрхэн амьдрах, ямар сонголт хийх талаар өөрчлөлт гаргаж, түүний намайг явах шаардлагатай гэж үзсэн газар руу явж, шинэ хэл сурч, шинэ хүмүүстэй уулзаж, Мормоны Номоо уг номыг уншиж байгаагүй хүнд өгөх болно. Би өөрийн байж чадах хамгийн сайхан сэтгэлтэй хүн байх болно” гэсэн хариултууд ч бас байсан.

Бид бас эдгээр өсвөр үеийнхнээс Израилийг цуглуулахад туслахын тулд юу хийх хүсэлтэйг нь асуув. Тэд дахиад л биднийг гайхшируулсан. Тэд “Би үнэн хэрэгтэй байгаа хэн нэгэн хүнд туслахын тулд спортод арай бага цаг зарцуулна. Би найзуудтайгаа цаг нөхцөөхийн оронд тэднийг ариун сүмд ирэхэд урина. Би утсандаа бага цаг зарцуулна. Би зүрэгт үзэхээ багасгана. Би [бүр] ням гаргийн өдрийн унтлагын цагаа золиослоход бэлэн байна!” гэж хариулсан.

Биднийг “Та нар Израилийг цуглуулахад туслахаар болбол юу хийж эхлэхийг эсвэл юуг хийхээ болихыг хүсэх вэ?” гэж асуухад тэд “Би хүмүүсийн асуултуудад хариулахын тулд судраа илүү их, анхааралтай судална. Би сошиал медиад бага цаг зарцуулж, гишүүн номлогчийн ажлыг хийхэд, тэр дундаа үйлчлэлд илүү их оролцоно. Гар утсаа бага ашиглах ба ашиглах үедээ сошиал медиа дээр судар эсвэл бусад сүнслэг захиас тавих болно. Би ихэнхдээ Ерөнхий чуулганы үгсийг судална. Учир нь чуулганы үгс маш чухал. Би эрүүл чийрэг байхын тулд зөв хооллоно. Бүх зүйл надтай холбоотой, миний тухай гэж бодохоо болино” гэсэн байсан. Ах, эгч нар аа, та бүхний хариултуудад маш их баярлалаа.

Хайрт залуу ах, эгч нар минь ээ, би энэ дэлхий дээр Бурханы бошиглогчийн хувьд гүйцэтгэсэн ажил үүргээ хэзээ нэгэн өдөр бошиглогч Иосеф Смитэд, ерөнхийлөгч Бригам Янгад болон бусад бошиглогчид, эцэст нь Их Эзэнд тайлагнах тэрхүү өдөрт яг одоо бэлтгэж байна. “Нэлсон ах аа, та өсвөр үеийнхэнд Израилийн цугларалт дахь тэдний оролцооны талаар илүү тодорхой хэлж болоогүй юм уу? Тэднийг энэ ажилд оролцуулахад илүү зоригтой элсүүлэхгүй яасан юм бэ?” гэсэн асуултыг би тэднээс сонсмооргүй байна.

Тиймээс, одоо би Израилийн цугларалтад туслах Их Эзэний өсвөр үеийнхний армид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 12-оос 18 насны бүх залуу эмэгтэй, залуу эрэгтэйг элсэн орохыг урьж байна.

Та нарт юу туслах вэ? Та нар Мормоны Номоос өдөр бүр уншсанаараа цугларалтын талаар сургаал,6 Есүс Христ, Түүний Цагаатгал, сайн мэдээний бүрэн байдлын тухай Библи дээр гардаггүй үнэнийг суралцах болно. Мормоны Ном нь Изралийн цугралтын төвд байдаг7 Үнэндээ, Мормоны Ном байхгүй байсан бол амлагдсан Израилийн цугларалт болохгүй байх байсан.

Одоо би дэлхийг өөрчлөхөд тань тус болох таван зүйлийг нэмж хийснээр өөрсдийгөө бэлтгэхэд та бүхнийг урьж байна.

Нэгдүгээрт, та нарт үзүүлэх дэлхийн нөлөөг багасгахын тулд сошиал медиад өнгөрүүлэх цагаа багасгахыг урьж байна.

Дотнын найзын минь ач хүү болох та нарын насны нэгэн залуу эрэгтэйн тухай би та нарт ярья. Тэр залуу эрэгтэй найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй төдийгүй ахлах сургуульдаа манлайлагч юм. Саяхан эцэг эх нь түүний утаснаас Есүс Христийг дагагч хүнд байх ёсгүй зохимжгүй зүйлсийг олсон байна. Тэд түүнийг тодорхой хугацаанд сошиал медиа хэрэглэхээ болихыг шаардаж, ухаалаг утсыг нь энгийн гар утсаар солиход тэр сандарчээ. Тэр найзуудтайгаа хэрхэн холбогдох болж байна вэ?

Тэр эхэндээ эцэг эхдээ уурлаж байсан ч хэдхэн өдөр өнгөрөхөд ухаалаг утсыг нь авсанд талархаж, “Удаан хугацааны дараа би анх удаа эрх чөлөөг мэдэрч байна” гэж хэлсэн гэдэг. Одоо тэр найзуудтайгаа энгийн гар утсаараа ярьдаг. Тэр найзуудтайгаа байнга мессэжээр харилцахын оронд бодитой ярилцдаг болсон!

Энэ залуу эрэгтэйн амьдралд өөр ямар өөрчлөлт гарсан бэ? Тэр одоо сошиал медиагийн бүтээдэг хуурамч амьдралаас хол байгаадаа дуртай болсон гэж хэлсэн. Тэр цаг үргэлж утсаа оролдож суухынхаа оронд амьдралд идэвхтэй оролцож байгаа. Тэр видео тоглоом тоглохын оронд гадаа нар салхинд амралт зугаалгын үйл ажиллагаанд оролцож, илүү өөдрөг байж, гэр орондоо тус дэмтэй байдаг болсон. Тэр үйлчлэх боломж хайн эрэлхийлж, Сүмд илүү сайн сонсож, нүүр царай нь илүү гэрэлтэж, улам аз жаргалтай болж, номлолдоо идэвхтэй бэлтгэж байгаа. Тэр сошиал медиагийн сөрөг нөлөөнөөс завсарлага авсан учраас энэ бүхэн түүнд тохиолдож байгаа юм.

Иймд, өнөөдөр миний та нарт өгөх эхний урилга нь сошиал медиагаас хол байх долоо хоногийн мацаг барьж, сошиал медиад өнгөрүүлэх цагаа багасгана уу гэсэн урилга юм. Сошиал медиад эерэг талууд байдаг гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ хэрэв та нар сошиал медиан дахь мэдээллүүд Сүнсний шивнээнээс илүү их анхаарал хандуулбал өөрсдийгөө сүнслэг эрсдэлд оруулж, асар их ганцаардал, гутранги байдалд унах болно. Өсвөр үеийнхэн хэзээ ч нүүр тулан хийхгүй, хэлэхгүй зүйлсийг сошиал медиагийн нөлөөнд автан хийж, хэлж байгааг та бид мэднэ. Үүний нэг жишээ бол бусдыг дарамтлан дээрэлхэх явдал юм.

Сошиал медиагийн өөр нэгэн сөрөг тал нь хуурамч бодит байдлыг бий болгодогт оршино. Хүн бүр өөрийн хамгийн хөгжилтэй, адал явдалтай, баяр хөөртэй зургуудаа тавьдаг нь чамаас бусад бүх хүн хөгжилтэй, адал явдалтай, баяр хөөртэй амьдралтай мэт буруу ташаа сэтгэгдлийг төрүүлдэг. Сошиал медиад байгаа төрөл бүрийн мэдээллийн ихэнх нь буруу ташаа буюу хуурамч юм. Тиймээс хуурамч зүйлсээс холдох долоо хоногийн завсарлагыг өөртөө өг!

Дараалсан долоон өдрийг сонгоод, үзээд алд! Тэр долоон өдрийн турш чамд ямар мэдрэмж төрж, юу бодож байгаад, тэр бүү хэл хэрхэн бодож байгаад чинь ямар нэгэн өөрчлөлт гарч байгаа эсэхийг анзаар. Долоон өдрийн дараа, хийхээ болихыг болон хийж эхлэхийг хүсэж байгаа зүйлс байгаа эсэхэд анхаарлаа хандуул.

Энэ сошиал медиагийн онцгой мацаг барилт зөвхөн Их Эзэн та хоёрын хооронд байж болно. Энэ нь чи Түүний өсвөр үеийнхний армид элсэхийн тулд дэлхийгээс холдоход бэлэн байгаагаа харуулах тэмдэг байх болно.

Миний хоёр дахь урилга бол бүхнээс илүү Түүний өсвөр үеийнхний армийн нэг хэсэг байх хүсэлтэйгээ Түүнд харуулахын тулд гурван долоо хоног дараалан Их Эзэнд цаг заваасаа долоо хоног тутмын золиослол үйлдэх явдал юм. Хийх дуртай зүйлээ гурван долоо хоногийн турш хийхээ больж, тэр цаг заваа Израилийг цуглуулахад туслахад зориул.

Ямар ч үед, хөшигний аль ч талд байх хэн нэгэнд туслах ямар нэгэн ажлыг хийхэд буюу Бурхантай нэн чухал гэрээнүүдийг хийж, баптисмын болон ариун сүмийн нэн чухал ёслолуудыг хүлээн авахаар нэг алхам хийхдээ та нар Израилийг цуглуулахад тусалж байгаа хэрэг юм. Энэ бол ийм л энгийн зүйл.

Та нар цаг заваа золиослох талаар залбирахдаа тухайн долоо хоногт юу хийхээ больж, оронд нь Израилийг цуглуулахад туслахын тулд юу хийж болохоо мэдэхэд чиглүүлэгдэх болно. Жишээ нь, маш сайн залуу гольфчин нэг тойрог гольф тоглох цагаа багасгаж, тэрхүү цагаа ариун сүмийн баптисмын өрөөнд өнгөрүүлж болох юм.

Миний та нарт өгөх гурав дахь урилга бол гэрээний зам дээр хөл чинь баттай зогсож буй эсэхээ шалгахын тулд амьдралаа Их Эзэнтэй болон эцэг эх, бишоптойгоо хамт бүрэн үнэлж дүгнэх явдал билээ. Хэрэв чи замаас гарч одсон бол эсвэл оюун бодол, зүрх сэтгэлээ илүү цэвэр ариун байлгахын тулд хийхээ болих хэрэгтэй зүйлс байгаа бол өөрчлөгдөх төгс цаг бол өнөөдөр.

Хэрхэн наманчлахаа сайн мэдэхгүй байгаа бол бишоптойгоо юм уу эцэг эхтэйгээ эсвэл хоёулантай нь ярилц. Тэд чамд Есүс Христийн Цагаатгалыг ойлгоход мөн чамайг жинхэнэ наманчлалын үргэлж авчирдаг баяр хөөрийг мэдрэхэд тусална.

Гэрээний замаас нэг минут ч гэсэн бүү холдоорой. Жинхэнэ наманчлалын замаар одоо эргэж ирээрэй. Та нар Их Эзэний өсвөр үеийнхний армид бидэнд хэрэгтэй байна. Та нар энэ армийн чухал хэсэг!

Та нарт өгөх дөрөв дэх урилга бол Бурханы бүх хүүхэд Есүс Христийн сайн мэдээний адислалуудыг хүлээн авч болохын төлөө өдөр бүр залбирах явдал юм. Та бид Израилийг агуу хүч чадлаар цугларахыг харахаар амьдарч байгаа бөгөөд үргэлжлүүлэн харсаар байх болно. Та нар тэр цугларалтын цаана байх хүч чадлын нэгээхэн хэсэг байх болно.

Миний та нарт өгөх тав дахь урилга бол босож зогсоод, дэлхийн хүмүүсээс өөр байх явдал юм. Та бид чамайг дэлхийн гэрэл мөн гэдгийг мэддэг. Тиймээс, Их Эзэн чамаас Есүс Христийн жинхэнэ шавийн адил харагдаж, сонсогдож, үйлдэж, хувцаслахыг шаарддаг. Тийм ээ, та нар энэ дэлхийд амьдарч байгаа ч дэлхийн толбоос зайлсхийхэд туслах дэлхийнхнээс өөр жишгүүд та нарт бий.

Ариун Сүнсийг хамтрагчаа болговол манай нийгэмд алдаршаад байгаа тодорхой хүмүүсийг шүтэн бишрэх соёлын зөв бурууг ялган харж чадна. Та нар өмнөх үеийнхнээс илүү ухаалаг байж чадна. Мөн та нарыг заримдаа “хачин” гэж дуудвал тэр нэрээ хүндэтгэлийн тэмдэг болгон зүүж, гэрэл тань улам бүр харанхуйлж байгаа энэ дэлхийд тодоос тод гэрэлтэж байгаад баяртай бай.

Дэлхийн бусад хүнд жишиг нь бол! Өөр гэдгээ хүлээн зөвшөөр! Залуучуудын бат бөх байдлын төлөө нэртэй товхимол та нарын жишиг байх ёстой. Энэ нь Их Эзэн Өөрийн өсвөр үеийнхнээс баримтлахыг шаарддаг жишиг юм. Түүний даруу үйлчлэгчийн хувьд, би та нараас энэхүү товхимлыг дахин судлахыг хүсэж байна. Үүнийг урьд нь хэзээ ч уншиж байгаагүй мэт залбирч унш. Дээр нь бичиж тэмдэглэ. Үүний талаар ярилц Жишгүүдийн талаар найз нөхөдтэйгөө ярилц. Эдгээр жишгийг хэрхэн өөрийн болгож, яг таг баримтлан амьдрахаа шийд.

Та нарт энэ товхимлын нэг хувь байгаа. Тиймээс, хэрэв та нар Израилийг цуглуулахад туслах армид элсэхээр шийдсэн бол өнөө орой энэ цуглааны төгсгөлд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын нэг хувийг авч, жишгүүдийг чинь мэддэггүй эсвэл тэдгээрийн дагуу амьдардаггүй байж болох найздаа өгөөрэй.

Энэхүү товхимол хэнд хэрэгтэй байж болох талаар залбир. Чамайг удирдан чиглүүлэх болно. Мөн энэ нь сайхан байх болно.

Харин одоо Израилийг цуглуулах Их Эзэний өсвөр үеийнхний армид элсэх та нарт өгсөн таван урилгаа товчхон дүгнэе.

  1. Сошиал медиагаас хол байх долоо хоногийн мацаг барь.

  2. Их Эзэнд зориулан гурван долоо хоногийн туршид цаг заваа золиосол.

  3. Гэрээний зам дээрээ үлд. Хэрэв замаасаа хазайсан бол наманчилж, замдаа эргэн гар.

  4. Бурханы бүх хүүхэд Есүс Христийн сайн мэдээний адислалаас хүртээсэй хэмээн өдөр бүр залбир.

  5. Бусдаас ялгар. Тэднээс өөр бай. Гэрэл нь бол. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын нэг хувийг найздаа өг.

Хайрт залуу ах, эгч нар аа, та нар Их Эзэний энэ дэлхий рүү илгээж байсан хүмүүсийн хамгийн шилдэг хүмүүсийн нэг хэсэг нь юм. Та нар урьд өмнөх бүх үеийнхнээс илүүтэйгээр дэлхийд нөлөөлөхүйц ухаалаг, илүү мэргэн байх чадвартай.

Эцэст нь, би та нарыг дэлхий даяарх өсвөр үеийнхэнтэй хамт зогсон, хаалтын дуулал болох “Hope of Israel” дууллыг дуулснаар өөрсдийгөө “Сионы арми” дахь Их Эзэний өсвөр үеийнхний сумангийн гишүүн байх сэтгэл догдлолыг мэдрээсэй хэмээн урьж байна.

Би энэ бол Бүхнийг чадагч Бурханы ажил гэдгийг зүрх сэтгэлийнхээ угаас гэрчилж байна. Тэр амьд. Есүс бол Христ. Энэ бол Түүний Сүм бөгөөд энэ Сүм тэнгэрлэг хувь тавилан болон Израилийн амлагдсан цугларалтыг гүйцэлдүүлэхээр сэргээгдсэн.

Та нар бол Израилийн найдвар, “амлагдсан өдрийн хүүхдүүд”8 билээ! Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Иаков 1:5

  2. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 475-ыг үзнэ үү.

  3. Иохан 10:27.

  4. Сургаал ба Гэрээ 33:3, 6-г үзнэ үү.

  5. Исаиа 18:2-ыг үзнэ үү.

  6. Изралийн угсааны цугларалттай холбоотой сургаал нь Мормоны Номд заасан эртний сургаалуудыг нэг юм. “Мөн Израилын угсаа тараагдсаны дараа дахин хамтдаа нэгдэн цуглуулагдана; өөрөөр хэлбэл чухамдаа харийнхан Бурханы Сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авсны дараа, чидуны модны унаган мөчрүүд буюу Израилын угсаанаас үлдэгсэд нь үүнд залгагдах болно, өөрөөр хэлбэл үнэн Мессиагийн, Их Эзэнийхээ болон Гэтэлгэгчийнхээ мэдлэгт орох болно” (1 Нифай 10:14).

  7. Жишээ болгож 3 Нифай 5:23–26-г үзнэ үү.

  8. “Hope of Israel,” Hymns, дугаар 259-ийг үзнэ үү.