Ерөнхий чуулган
Та бэлэн хэвээрээ байна уу?
2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган


Та бэлэн хэвээрээ байна уу?

Есүс Христийг дагах бидний бэлэн байдал ариун газруудад зарцуулдаг цаг хугацаатай маань шууд хамааралтай.

Намайг гадасны чуулганы даалгавар авснаас хойш хэдэн долоо хоногийн дараа, нэгэн ням гарагт ариун ёслолоос хүртэхээр бэлдэж байхад сонирхолтой бөгөөд хүчтэй бодол оюунд минь орж ирэв.

Пристийг талхны залбирал хэлж эхлэх мөчид, урьд өмнө олонтоо сонсож байсан үгс оюун санаанд минь нэн тод сонсогдов. “Тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгаж болохын тулд Ай Бурхан Мөнхийн Эцэг минь, тэд өөрсдөдөө таны Хүүгийн нэрийг авч мөн үргэлж түүнийг санаж мөн өөрсдөд нь өгсөн түүний зарлигуудыг дагахад бэлэн гэдгээ танд гэрчилж болохын тулд.”1 Бид бэлэн байгаагаа Бурханд хэдэн удаа гэрчилж байсан бэ?

Эдгээр ариун нандин үгийн ач холбогдлыг тунгаан бодох үед бэлэн гэдэг үг миний сэтгэлийг урьд өмнөхөөс илүү татав. Миний болон миний гэр бүлийн төлөөх Эцэгийн гэтэлгэлийн төлөвлөгөөн дэх Аврагчийн чухал үүрэгт болон цагаатгагч золиосонд талархаж, тэдгээрийг хайрлах сэтгэлд дотно, ариун нандин түүхүүд миний оюун, зүрх сэтгэлд орж ирсэн юм. Дараа нь би усыг адислах “Тэд үргэлж түүнийг санана гэдгээ танд гэрчилж болохын тулд …” гэх зүрх сэтгэлийг нэвтэлсэн үгсийг сонсож, мэдэрсэн.2 Тэр мөчид би гэрээнүүдээ сахих нь сайн зорилгоос илүү зүйл байх ёстой гэдгийг ухаарсан юм.

Ариун ёслолоос хүртэх нь зүгээр л бидний зөвшөөрч буйг илтгэсэн шашны идэвхгүй зан үйл биш. Энэ бол Христийн хязгааргүй Цагаатгалын бодит байдлыг мөн үргэлж Түүнийг санаж, тушаалуудыг нь сахих хэрэгтэйг сануулдаг хүчирхэг сануулагч юм. Аврагчид анхаарлаа хандуулахад бэлэн байх нь маш чухал. Тийм ч учраас энэ нь Сүмд хамгийн түгээмэл эш татаж хэрэглэдэг судар болох ариун ёслолын залбирлын гол захиас билээ. Өөрийн Төрсөн Ганц Хүүгээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн санал болгодог зүйлийн үнэнийг ойлгох нь эргүүлээд биднийг үргэлж бэлэн байхын тулд хамгийн дээд зэргээрээ чармайхыг сануулдаг.

Бидний сүнслэг суурь Есүс Христ дээр бат бөх суурилж байна уу?

Хэрэв сүнслэг суурь маань гүн гүнзгий биш, өнгөц байвал нийгмийн болон хувийн ашиг сонирхлыг даган өөрчлөгдөж магадгүй юм. Хэрэв бид Сүмийг хуучирсан, улс төрийн хувьд буруу нийгмийн бодлого, хувь хүнд тавьсан бодит бус хязгаарлалт, цаг хугацаа зэргээс үндсэндээ бүрддэг гэсэн түгээмэл үзэл бодлыг хүлээн зөвшөөрвөл бэлэн байдлын талаарх бидний дүгнэлт учир дутагдалтай болно. Бид олон нийтийн мэдээллийн хэрэгслийн оддыг эсвэл TikTok-ийн идэвхтнүүдийг бэлэн байдлын зарчмыг эерэг байдлаар сурталчлахыг хүлээх ёсгүй. Хүмүүний ойлголт бурханлаг үнэнтэй нийцэх нь ховор.

Сүм бол Бурханыг хайрладаг, Их Эзэн Есүс Христийг дагахад бэлэн, төгс бус хүмүүсийн цуглардаг газар юм. Тэрхүү бэлэн байдал нь Есүс бол амьд Бурханы Хүү Христ мөн гэсэн бодит байдалд суурилдаг. Энэ бурханлаг үнэнийг гагцхүү Ариун Сүнсний хүчээр мэдэх боломжтой. Тиймээс бидний бэлэн байдал Ариун Сүнсний нөлөө оршдог ариун газруудад зарцуулдаг цаг хугацаатай маань шууд хамааралтай.

Биднийг хайрладаг Тэнгэр дэх Эцэгтэйгээ өөрсдийн санаа зовниж буй асуудлыг ярих учир утгатай ярилцлагад илүү их цагийг, харин бусдын дуу хоолойг эрэлхийлэхэд илүү бага цагийг зарцуулах нь бидэнд тустай. Бид өдөр тутмын мэдээний оронд ариун судрууд дахь Христийн үг болон амьд бошиглогчдын сургаалыг тууштай судлахыг сонгож болно.

Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад ач холбогдол өгөх, аравны нэгээ үнэнчээр төлөх, ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх, ариун сүмд очих, ариун сүмийн ариун нандин гэрээнүүдээ эрхэмлэх зэрэг нь бүгд бидний бэлэн, шийдэмгий байдлыг тод харуулж, гэрчилдэг. Бид Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд бага зэрэг биш, бүр илүү хичээл зүтгэл гаргахад бэлэн байна уу?

Тэнгэрлэг Эцэг биднийг төгс хайрладаг ч тэрхүү хайр агуу хүлээлтийн хамт ирдэг. Тэрээр биднээс Аврагчийг амьдралынхаа төв болгоход бэлэн байгаасай гэж хүсэн хүлээдэг. Аврагч бол бүх зүйлд Эцэгт захирагдахад бэлэн байдгийн төгс жишээ маань билээ. Тэр бол “зам, үнэн, амь мөн.”3 Тэрээр Өөрийн хүслээр бидний нүглийн төлөө Цагаатгалыг гүйцэлдүүлсэн. Тэрээр Өөрийн хүслээр бидний ачаа дарамтыг хөнгөлж, айдсыг маань үргээж, бидэнд хүч чадал өгч; сэтгэл шаналсан, уй гашууд автсан үед бидний зүрх сэтгэлд амар амгалан, ойлголтыг авчирдаг.

Гэсэн ч Есүс Христэд итгэх нь сонголт юм. “[Бидэнд Түүний үгэнд] итгэх хүслээс илүү нь байхгүй ч гэсэн”4 итгэлийн аянаа эхлүүлэх эсвэл шинээр эхлэх цэг бидэнд бий. Хэрэв бид Түүний үгийг зүрх сэтгэлдээ үр мэт суулгаж, агуу халамжаар арчилбал энэ нь үндэслэж, бидний итгэл баттай болж, хүч, үйлдлийн зарчим болох болно. Мормоны Ном бол бидний итгэлээ өсгөж, сэргээх хамгийн хүчирхэг эх сурвалж. Бэлэн байх нь итгэлийн хурдасгуур юм.

Бурханлаг загвараар, мөнх бус амьдрал амаргүй бөгөөд заримдаа ахадсан ачаа мэт санагдаж болно. Гэхдээ “баясгалантай байж болохын тулд [бид] байгаа билээ”!5 Аврагч дээр болон гэрээнүүд дээрээ төвлөрөх нь үүрдийн баяр хөөрийг авчирдаг! Мөнх бус амьдралын зорилго бол бэлэн байгаагаа харуулах явдал. “Амьдралын агуу даалгавар, [шавь байхын үнэ цэн] бол Их Эзэний хүслийг мэдэх, тэгээд үйлдэх явдал юм.”6 Жинхэнэ шавь байх нь баяр хөөрийн бүрэн байдал руу хөтөлдөг. Бид шавь байхын төлөөсийг төлөхөд бэлэн байна уу?

Гэрээний зам бол энгийн нэг шалгах хуудас биш юм. Энэ бол сүнслэг байдлаар өсөж хөгжих, Их Эзэн Есүс Христэд өгсөн амлалтаа гүнзгийрүүлэх үйл явц. Тушаал, зарчим, гэрээ, ёслол болгоны гол зорилго бол Христэд итгэх итгэл, найдвараа хөгжүүлэх явдал мөн. Христ дээр амьдралаа төвлөрүүлэх бидний шийдэмгий байдал нөхцөл байдлаас шалтгаалсан юм уу өнгөцхөн биш, харин байнгын байх ёстой. “Бүх цагт бүх зүйлд хаа ч гэсэн Бурханы гэрч болон зогсоход”7 бэлэн байхаас зайлсхийж амралт авах, түр завсарлахыг бид зөвшөөрч болохгүй. Шавь байх гэдэг нь хямдхан зүйл биш. Учир нь Ариун Сүнстэй нөхөрлөх нөхөрлөлийг үнэлшгүй.

Их Эзэн арван охины сургаалт зүйрлэлээр заахдаа бидний өнөө цагийг бодож байсан нь гарцаагүй. Тэрээр ухаалаг таван охины тухай, тэд “Ариун Сүнсийг зам заагчаа болгон авсан, мөн мэхлэгдээгүй,”8 харин тосгүйн улмаас мунхгуудын дэнлүү “бөхсөн”9 хэмээн айлджээ. Нифай нэгэн цагт итгэлтэй байсан Сүмийн гишүүдийн талаар, “мөн бусад заримыг тэрээр тайтгаруулж, мөн зуурдын аюулгүй байдалд тэднийг тайвшруулахад, тэд: Сионд бүх юм зүгээр … гэнэ”10 хэмээх үгсээр хамгийн сайн дүрсэлсэн болов уу.

Зуурдын аюулгүй байдал бол Христийн оронд дэлхийн зүйлсийг эрэлхийлж, тэдгээрт итгэн найдах буюу өөрөөр хэлбэл, сүнслэг бус харин дэлхийн нүдээр харах явдал юм. Ариун Сүнс бидэнд “зүйлүүдийг байгаагаар нь, мөн … үнэхээр байхаар нь”11 харах чадавхыг өгдөг. Зөвхөн “Ариун Сүнсний хүчээр [бид] бүх зүйлийн үнэнийг мэдэж [чадах]”12 бөгөөд мэхлэгдэхгүй байх боломжтой. Бид сохор учраас бус, харин харж чаддаг учраас Христийг амьдралынхаа төвд байлгаж, Түүний тушаалуудыг дагахад бэлэн байгаагаа амладаг.13

Гэвч мунхаг охидод юу тохиолдлоо? Тэд яагаад сүнслэг тосны саваа авч явахад бэлэн бус байсан бэ? Тэд зүгээр л хойшлуулсан уу? Магадгүй, өөрсдөд нь таагүй эсвэл хэрэггүй мэт санагдсан учраас тэд дэндүү хайнга хандсан байх. Ямар ч шалтгаан байсан, тэд Христийн чухал үүргийн тал дээр мэхлэгдсэн. Энэ бол Сатаны үндсэн заль мэх бөгөөд тэдний гэрчлэлийн дэнлүү сүнслэг тосгүйн улмаас яваандаа бөхсөний шалтгаан юм. Энэхүү сургаалт зүйрлэл бол бидний энэ цаг үед зориулсан зүйрлэл. Олон хүн Сүмээс явахаасаа бүр өмнө Аврагчаас явж, байгуулсан гэрээгээ дагахаа больдог.

Бид эртний бошиглогчдын удаан хугацаанд зөгнөн хэлсэн урьд өмнө үзэгдээгүй цаг үед, Сатаны уур хилэн “хүмүүний үрсийн зүрхэнд улангасч, мөн сайн болох түүний эсрэг тэднийг уурлуулан өдөө[дөг]”14 өдрүүдэд амьдарч байна. Бидний дэндүү олон нь бурханлаг мөн чанар, Христэд итгэх итгэлд дайсагнасан захиас, үзвэр үйлчилгээгээр дүүрэн онлайн ертөнцөд амьдарч байна.

Хүүхдийн амьдралд үзүүлэх хамгийн хүчирхэг сүнслэг нөлөө бол тэднийг хайрладаг, ариун нандин гэрээнүүдээ итгэлтэй сахидаг эмээ өвөө, эцэг эхийн зөв шударга үлгэр жишээ юм. Зорилготой эцэг эхчүүд хүүхдүүд нь “нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд”15 тэдэнд Их Эзэн Есүс Христэд итгэхийг заадаг. Гэрээнүүдээ хайнга, хагас дутуу сахих нь сүнслэг байдлын хувьд сүйрэхэд хүргэдэг. Ихэнх тохиолдолд бидний хүүхдүүд, ач зээ нарын хувьд сүнслэг байдлын хохирол хамгийн их байдаг. Өвөө, эмээ нар аа, эцэг эхчүүд ээ, бид бэлэн, хүсэлтэй хэвээрээ байна уу?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр энэ нь сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно”16 хэмээн анхааруулсан. Энэ бол дэнлүүгээ тааруулах, сүнслэг тосны нөөцөө нэмэгдүүлэх тов тодорхой бөгөөд эндүүрч боломгүй сэрэмжлүүлэг юм. Амьд бошиглогчдыг бид дагахад бэлэн байна уу? Таны сүнслэг дэнлүүн дэх тос хэр их байгаа вэ? Та хувийн амьдралдаа юуг өөрчилснөөр Ариун Сүнсний нөлөөг илүү ойр ойрхон мэдрэх боломжтой вэ?

Есүсийн үеийнхтэй адил, өнөө цагт ч гэсэн шавь байхын төлөөсийг хүлээн авахад бэлэн бус, эргэж буцсан хүмүүс байх л болно. Үзэн ядсан хатуу ширүүн шүүмжлэл Аврагчийн Сүм рүү мөн Түүнийг дагадаг хүмүүс рүү чиглэх нь нэмэгдэхийн хэрээр шавь байх нь Есүс Христийг дагах сүнслэг шийдэмгий байдлаа цэх шулуун хүчирхэг байлгаж, тэрхүү шүүмжлэлийг анхаарахгүйн тулд илүү бэлэн байхыг шаардах болно.17

Хэрэв бидний сүнслэг суурь Есүс Христ дээр бат бөх тавигдсан бол бид унахгүй мөн айх ч хэрэггүй.

“Болгоогтун, Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг билээ; мөн эрмэлзэгчид хийгээд дуулгавартнууд эдгээр эцсийн өдрүүдэд Сионы нутгийн сайн сайхныг зооглох болно.”18

Бид үргэлж бэлэн байх болтугай. Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр, амен.