2010
Анхаарал халамжийн агуу бэлэг
2010 оны Арванхоёрдугаар сар


Анхаарал халамжийн агуу бэлэг

Манай эрин зуунд бидэнд өгсөн бүх адислалаараа Ариун Сүнсний ажлыг хөхүүлэн дэмждэг зүйлсээс бат бөхөөр зууран барьцгаая.

Зураг
Elder Neil L. Andersen

50 гаруй жил өнгөрсөн ч би 1959 оны Христийн Мэндэлсний Баярын өглөөг тодхон санасаар байдаг. Хүүхдийн цагаахан сэтгэлээр шинэ унадаг дугуйтай болохыг тэсч ядан хүлээж байлаа. Миний ах, эгч хоёр дундаа нэг дугуйтай, 61 см урт, маш хуучин энэ дугуйгаар бид бүгдээрээ дугуй унаж сурсан юм. Энэ дугуй загвараар хоцрогдсон юм нэг их байхгүй, харин би шинэ дугуй авч өгөөч гэж аав ээж хоёроосоо шалдаг байлаа. Өнгөрснөө эргэж харахад бага орлоготой гэр бүлээсээ ийм үнэтэй бэлэг хүссэндээ бага зэрэг ичингүйрдэг билээ.

Христийн Мэндэлсний Баярын өглөө би хонгил дох унтлагын өрөөнөөсөө шатаар өгсөн гарч ирлээ. Зочны өрөөнд гүйж ороод шинэ дугуй байна уу гэж хартал алга. Миний оймсны дор жижигхэн бэлэг байхыг хараад зүрх зогсчих шиг санагдан, санаагаар унаснаа нуух гэж оролдов.

Манайхан зочны өрөөнд гэр бүлээрээ байж байтал аав зэргэлдээх гал тогооны өрөөнөөс хутга аваад ирэхгүй юү гэв. Манай дүүд өгсөн бэлэгтэй хайрцгийг задлах гэсэн хэрэг л дээ. Би гал тогооны жижигхэн өрөөнд ороод гэрэл асаах гэж тэмтрэв. Өрөөнд гэрэл асахад би мэл гайхаж орхив. Миний өмнө 66 см-ийн гоё гялалзсан хар өнгийн дугуй байж байх нь тэр! Би тэр дугуйг мөн ч олон жил унасан даа. Дугуйгаа арчиж, зүлгэж, арчилж тордоно ч гэж ёстой үзүүлээд өгдөг байлаа. Удаан хүлээсэн үнэт бэлэг юм чинь аргагүй шүү дээ.

Илүү агуу бэлэг

Христийн Мэндэлсний тэр удаагийн Баяраас ердөө гуравхан сарын өмнө би унадаг дугуйнаас бүр илүү чухал, илүү үр нөлөөтэй өөр нэг бэлэг хүлээн авсан юм. Би баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан юм. Тэдгээр бага насны болон магадгүй түүнээс хойшхи олон жил би, “галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртсэн бөгөөд үүнийг тэд мэдээгүй” (3 Нифай 9:20) хэмээн Аврагчийн дүрсэлсэн леменчүүдтэй адилхан байлаа.

Есүс баптисм болон Ариун Сүнсний үнэлж баршгүй ач холбогдлыг онцлон тэмдэглэж: “Үнэнээр, үнэнээр би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй” (Иoхан 3:5) гэжээ. Аврагч шавь нараа түр хугацаагаар орхих болсон тухайгаа хэлэх үед энэ нь тэдэнд хүнд тусахыг хөнгөвчлөхийн тулд “Би түүнийг [Тайтгаруулагчийг] та нар уруу илгээнэ” (Иoхан 16:7) гэсэн тэнгэрлэг амлалтыг өгчээ.

Энэ бол агуу хүчтэй бэлэг юм. Энэ бэлэг үүнийг хүлээн авахыг чин сэтгэлээсээ хүсдэг хүмүүст юу авчирдгийг бид судруудаас мэддэг билээ: “Эцэгийн тухай мөн Хүүгийн тухай … Ариун Сүнс гэрчилдэг” (С ба Г 20:27; мөн 1 Кoринт 12:3; 3 Нифай 28:11; C ба Г 42:17-г үз). Ариун Сүнс бүх зүйлийн тухай бидэнд зааж, бүх зүйлийг бидний дурсамжинд авчирдаг (Иoхан 14:26-г үз). Тэр биднийг үнэн уруу хөтөлж, ирээдүйд тохиох зүйлсийг бидэнд харуулдаг (Иoхан 16:13-ыг үз). Ариун Сүнс бидний оюун ухааныг гэгээрүүлж, бодгалийг баяр баяслаар дүүргэдэг (С ба Г 11:13-ыг үз). Бид Түүний хүчээр бүх зүйлийн үнэнийг мэдэж болно (Moронай 10:5-ыг үз). Тэрээр Бурханы нууцуудыг бидэнд нээх болно (1 Нифай 10:19-ийг үз).

Бидний хийх ёстой юмсыг Ариун Сүнс бидэнд үзүүлдэг (1 Нифай 4:6; C ба Г 8:2-ыг үз). Тэрээр бидэнд заадаг хүмүүст сүнслэг нөлөө үзүүлдэг (2 Нифай 33:1-ийг үз). Хамгийн чухал нь, нүглийн уучлал Цагаатгалаар дамжин “баптисмаар хийгээд галаар тийм ээ, бүр Ариун Сүнсээр” (C ба Г 19:31; мөн 2 Нифай 31:17-г үз), (3 Нифай 27:20-ийг үз) ирж, эцэстээ энэ бэлгээр ариусч, эцсийн өдөр Бурханы өмнө толбогүй зогсох боломжийг бидэнд олгодог.

Ариун Сүнстэй байнга нөхөрлөхүйн энэ бэлэг баптисм хүртэж, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батлуулсан хүмүүст боломжтой юм.1 Ариун Сүнс үнэнийг эрэлхийлэгч бүх хүмүүст нэгэн зэрэг нөлөөлж чадна. Гэвч сэргээгдсэн сайн мэдээний гэрээнүүдийг өөр дээрээ авсан хүмүүст л Ариун Сүнсний бэлэг бүрэн байдлаараа хадгалагдсан байдаг.2 Энэ бэлэг үнэн бодитой юм. Энэ бол Сүмийн гишүүдийн хувьд тэнгэрлэг адислал юм.

Ариун Сүнс бол патриарх, нэгэн үзүүрт сэтгэлт багш, сүнсээр нөлөөлөгдсөн найз зэрэг цөөхөн хүмүүст зориулагдсан бэлэг биш харин тэнгэр дэх гэр орондоо эргэж очих замыг хичээнгүйлэн эрэлхийлдэг бид бүгдэд амлагдсан юм. Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф (1807–1898) Ариун Сүнстэй байх хэрэгцээ Гэгээнтэн бүрд байдгийг онцлон тэмдэглэж: “Ариун Сүнсийг олж авахын төлөө хөдөлмөрлөцгөөе. … Энэ бол дэлхий дээр Бурханы зорилгуудыг хэрэгжүүлэхэд бидэнд байх ёстой Сүнс юм. Бусад ямар ч бэлгээс илүү энэ бэлэг бидэнд хэрэгтэй. … Бид Тайтгаруулагчтай болтлоо Их Эзэнд хандан залбирах ёстой. Энэ бол баптисм хүртэхэд бидэнд амлагддаг зүйл. Энэ бол гэрлийн, үнэний, илчлэлтийн сүнс бөгөөд нэг цагт бидэнтэй бүгдтэй нь хамт байж чадна.”3

Хүнд сүнслэг нөлөө хэрэгтэй

Бид тээвэр, холбоо, мэдээлэлд нэвтрэх боломж өнгөрсөн үед хэзээ ч байгаагүй тийм өндөр төвшинд хүрсэн үед аж төрж байна. Гэвч дэлхий болон Хожмын Үеийн Гэгээнтнүүд нэгэн дуугаар дэмждэг байсан шударга ёс, ариун явдал, Хүндэтгэлийн өдрийг сахих, гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага зэрэг ёс суртахууны асуудлууд тэр байтугай амьдралын ариун байдлыг эдүгээ дур дураараа тайлбарлаж, мэтгэн маргалдах болжээ (C ба Г 1:16-г үз).

Харилцаа холбоо, технологийн хөгжлийн үр дүнд орчин үеийн дэлхий биднийг шахаж байна. Иймээс дэлхийнх биш харин дэлхийд байх нь байнга сонголт хийж, шийдвэр гаргахыг биднээс шаардаж байна (Иoхан 17:14-ийг үз). Сүнсний ялган таних чадвар тэргүүн зэргийн чухал. Христийн шавь нар бид Ариун Сүнсний бэлгийг амьдралынхаа өдөр тутмын, ухамсартай, залбиралтай хэсэг болгох ёстой. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Пакер, “Их удахгүй юу ч бүтэхгүй болох өнөөгийн дэлхийд биднээс хэн нь ч хувиараа илчлэлт хүлээн авахгүйгээр тэсэн гарч чадахгүй” гэжээ.4

Бид энэхүү тэнгэрлэг бэлгийг өдөр тутмынхаа үйл ажиллагаанд хэрхэн амин чухал залуурч болгон ашиглаж болох вэ? Бүр бидний сул дорой байдалдаа ч мэдэрдэг намуухан, зөөлхөн дуу хоолой Эцэгээс ирдэг гэдэгт бид итгэх ёстой. Бид залбирч, гуйж, хүсээд хариу бидний зүрх сэтгэл, оюун ухаанд ирэхэд айхгүй байх ёстой. Хариу чинь Бурханых гэдэгт итгэ. Үнэхээр тийм шүү.

1847 оны 2-р сард Бошиглогч Иосеф Смит Бригам Янгад зүүдэнд нь буюу үзэгдэлд хүрч ирсэн ажээ. Гэгээнтнүүдэд дамжуулах захиас байна уу гэж Ерөнхийлөгч Янг Бошиглогчоос асуусан гэдэг. “Итгэлтэй, даруу байж, Их Эзэний Сүнсийг өөрсдөдөө байлгахыг чухалчил, тэгвэл энэ нь тэднийг зөвөөр удирдах болно гэдгийг хүмүүст хэл. Анхааралтай соргог байж, намуухан зөөлхөн дуу хоолойноос бүү эргэ, энэ нь [тэдэнд юу] хийхийг, хаашаа явахыг зааж, хаант улсын үр жимсийг өгөх болно. Зүрх сэтгэлээ итгэл үнэмшилдээ нээлттэй байлга, тэгвэл Ариун Сүнс тэдэнд ирэхэд, зүрх сэтэгэл нь үүнийг хүлээн авахад бэлэн байх болно гэдгийг ах нарт хэл гэж Бошиглогч хүсчээ.5

Илчлэлт танд ч бас бусад хүмүүст ч ирнэ гэдэгт итгэх нь зүрх сэтгэлийг тань итгэл үнэмшилд нээж өгөх болно.

Ариун Сүнсний ажил

Сүмийн гишүүдийн амьдралд Ариун Сүнс хэрхэн нөлөөлдөг тухай жишээ үй түм байдаг, сүнслэг нөлөө нь ч асар их юм. Ихэнх нь нам гүмхэн, хувийн шинжтэй байдаг, харин авчирсан өөрчлөлтийг нь эргэж харсан үед л тодорхой мэдэгддэг. Миний хуваалцах дараах туршлагуудын загварыг уншихдаа өөрийн туршлагуудын талаар бодоорой.

  • Нэгэн эмэгтэй хэд хэдэн ажлын сонголтын тухай бодож суулаа. Магадгүй тэр хүүхдүүдээ сургуульдаа эргэж ирэхийг л хамгийн түрүүнд хүсэх байх. Тэр ариун ёслолын цуглаанд сууж байхад гадасны ерөнхийлөгч гэрчлэлээ хуваалцахаар босов. Тэрээр, “Баялгийг болон энэ дэлхийн хоосон зүйлсийг бүү эрэлхийл; учир нь болгоогтун, чи тэдгээрийг өөртэйгөө аваад явж чадахгүй” (Aлма 39:14) гэсэн судрыг уншив. Энэ шүлэг аливаа юмсын сүнслэг баталгаа болсон Хүндэтгэлийн өдрийг жилийн турш сахих ёстойг түүний зүрх сэтгэлд гүнзгий сануулжээ.

  • Найман настай хүүхэд баптисм хүртэж, Сүмийн гишүүнээр батлагдаад аав, өвөө хоёроосоо Ариун Сүнсний бэлэг авчээ. Тэр хөвгүүн гэрчлэлээ хуваалцахаар баяртайгаар босохдоо үг хэлж чадахгүй юм биш байгаа гэсэн бодол гэнэт төржээ. Ийм туршлага өөрт нь тохиолдсон нэг ах, “Тэр үед би Сүнсийг маш хүчтэйгээр мэдэрсэн” гэж хэлжээ.

  • Нэгэн номлогч хамтрагчтайгаа Мормоны Ном өгсөн сонирхогчийнхоо хаалгыг тогшив. Настай эмэгтэйг хаалга онгойлгох үед номлогчид ер бусын хүчтэй мэдрэмж төрөв. Тэр эмэгтэй номлогчдыг эелдгээр хүлээн авч, тэдний заасан зүйлийг уншиж, итгэснээ хэлжээ. Залуу номлогч өөртөө төрсөн мэдрэмжээр ихэд нөлөөлөгдөн, “Хайрт Эцэг минь, өнөөдөр надад төрсөн мэдрэмжийг хэзээ ч мартахгүй байлгаач” гэж залбирчээ.

  • Гэрээсээ хол байгаа коллежийн нэг оюутан аймаар ганцаардаж байгаагаа мэдрэв. Хямарсан үедээ тусламж хүлээн авахын төлөө тэр залбиралдаа гуйв. Нэг өглөө тэр хичээл дээр тайтгарлын ер бусын мэдрэмжийг мэдэрчээ. “Чи хэзээ ч ганцаараа биш” гэсэн бодол толгойд нь орж иржээ. Түүний залбирал хариулагдаж, гэрээ санахаа больжээ.

  • Буруу сонголт хийсний улмаас одоо үр дагаврыг нь амсаж байгаа хүүдээ итгэл бишрэлтэй аав нь туслах арга зам хайж байв. Удаан хугацаагаар сураг тасарсны дараа тэр хүүтэйгээ учирч, хүүгийнхээ алдааны улмаас шаналж байгаа талаараа залбирсан аж. Дараа нь “Тэр мөн Миний хүү” гэсэн бодол энэ аавын толгойд тод томруунаар орж иржээ.

  • 16 настай Лорел ням гарагийн хичээлд багшийгаа сонсон сууж байлаа. Энэ бол Христийн амилалтын үе байв. Иймээс багш Цагаатгалын тухай хичээл бэлтгэжээ. Аврагчийн туулж өнгөрүүлсэн зовлонгийн тухай, сүв бүрээс цус шүүрч, ташуурдуулан, загалмай дээр зовсон нь ямар байсныг тэр багш ярьжээ. Тэр залуу эмэгтэй Цагаатгалын тухай ийм нарийн тодорхойгоор боддоггүй байсан гэнэ. Түүний толгойд тэр бүхэн дүрслэгдэн харагджээ. Тэр эмэгтэй 25 гаруй жилийн дараа энэ тухай сэтгэл догдлон: “Тэр өдөр Ариун Сүнс надад Есүс бол Христ мөн гэдгийг гэрчилсэн” гэж ярьсан юм.

Дуулгавартай байдлын ач холбогдол

Нүгэл хилэнцийн хамгийн бусармаг хэлбэрүүд бидний эргэн тойронд газар авсан үед бид аж төрж байна. Бидний амьдралд олон гайхамшигт зүйлийг авчирсан холбооны технологи манай нийгэмд, бүр бидний гэр оронд түрэн орж ирлээ. Хэрэв бид анхаарал болгоомжтой байхгүй бол энэ нь биднийг Ариун Сүнсний бэлгийг түргэн мэдрэхгүй болгож мэднэ. Юу бидний сүнсэнд нөлөөлж болох тухайд бид анхаарал болгоомжтой байх ёстой.

Хэрэв та намуухан, зөөлөн дуу хоолойг тод томруунаар ойлгож, үүнд итгэхийг хүсвэл дуулгавартай байдлаас илүү сайн арга хэрэгсэл гэж байхгүй. Есүс шавь нартаа хандан, “Хэрэв хэн нэгэн нь миний араас явахыг хүсвэл, тэр нь өөрийгөө үгүйсгэг. Загалмайгаа үүрч намайг дагаг” (Maтай 16:24) гэжээ.

Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Жеймс И.Фауст (1920–2007): “Сүнсний дуу хоолойг сонсож, дага” хэмээн дагах зөв дуу хоолойг сонгох энгийн шийдлийг санал болгосон байдаг. Энэ бол эртний, бүр мөнхийн шийдэл бөгөөд үргэлж ямар нэг шинэ зүйлийг эрж хайж байдаг нийгэмд тохирохгүй байж болно. Сэтгэл ханамжийг тэр дороо олохыг шаарддаг дэлхийд энэ нь тэвчээрийг шаарддаг. Чанга дуутай, зогсолтгүй хурдан алхаатай, эрээн мяраан, бүдүүн баараг дэлхийд энэ шийдэл нь нам гүмхэн, амар амгалан, уяхан зөөлөн юм. Энэ шийдэл нь тунгаан боддог байхыг танаас шаардана. … Энэ шийдэл нь өнгө үзэмжээр удирдуулдаг дэлхийд итгэлээр амьдрахыг биднээс шаардаж байна.”6

Тунгаан бодох нам гүмхэн цаг

1950-1960-аад оны үед Өмнөд Айдахо дахь гэр бүлийнхээ жижигхэн ферм дээр өссөн миний амьдралаас хүүхдүүдийн маань амьдрал хэчнээн их өөр байгааг би зарим үед боддог. Аавтайгаа олон өдөр хашаа барьж, төмсний талбайд усалгааны хоолойг ийш тийш нь чимээгүйхэн зөөдөг байлаа. Гуравхан сувагтай ганц зурагттай, компьютер, МРЗ, үүрэн телефон байхгүй, зэргэлдээх хотуудаар ганц нэгхэн удаа явдаг, анхаарал сарниулах юмгүй, ихэнх цагт гэр бүлтэйгээ хамт байдаг ийм нэгэн уламжлал манай олон үеийг дамжиж иржээ.

Өнөөгийн ертөнцөд бид нам гүмхэн, тунгаан бодох цагийг хүүхдүүддээ зориулан гаргаж, намуун, зөөлхөн дуу хоолойг хэрхэн сонсохыг заах ёстой. Манай эрин зуунд бидэнд өгсөн бүх адислалаараа Ариун Сүнсний ажлыг хөхүүлэн дэмждэг зүйлсээс: ганцаар залбирах, тунгаан бодох, бясалгах, судар унших, чимээ шуугиан, анхаарал сарниулах зүйл, хэтэрхий олон үйл ажиллагаа саад болохгүй, гэр бүлтэйгээ хамт байхыг хөхүүлэн дэмжих зүйлсийг орхихгүй байцгаая.

Сүнсний өдөөлтөнд хариулах нь

Бид өөрсдөдөө ирдэг мэдрэмжийг дагаснаар энэ нь бидний Тэнгэрлэг Эцэгээс ирдэг гэдэгт итгэж сурах болно. Бид энэ дуу хоолойг ялган таньж сурахад “өсч байна” (C ба Г 109:15).

Ерөнхийлөгч Томас С.Монсон сүнсний өдөөлтийг хэзээ ч хойш тавихгүй байхыг бидэнд зөвлөсөн билээ. “Бид намуун зөөлөн дуу хоолойг ажиглан харж байна. Хүлээж байна. Бид тэрхүү намуун, зөөлхөн дуу хоолойг сонсдог” хэмээн тэрээр ерөнхий чуулган дээр хэлжээ. Энэ дуу хоолойг ярихад мэргэн ухаант эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд дуулгавартай дагадаг. Бид Сүнсний өдөөлтийг дагахаа хойшлуулж болохгүй.”

Ерөнхийлөгч Монсон дараа нь өвчин хагас биеийг нь мэдээгүй болгосон Стан найзынхаа тухай нэг туршлагыг хуваалцав. Эмнэлгийн онцгой сайн үйлчилгээ, гэр бүл найз нөхдийнх нь олон залбирал байсан ч Стан хэвтэрт орж, санаа сэтгэлээр унан цөхөрч эхэлсэн гэнэ.

“Нэг үдээс хойш оройхон би Дезерет Жим дээр нуруугаараа хэвтэн гараар даллан сэлж, тааз өөд ширтэж байтал, ‘энд чиний усанд сэлэх ч дэмий л байна даа. Найз Стан чинь эмнэлгийн орон дээр хөдөлж чадахгүй зовж байна шүү’ гэх намуухан мөртлөө тод томруун бодол зурсхийн орж ирэв.‘Эмнэлэг дээр очиж түүнд адислал өг’ гэсэн сүнсний өдөөлтийг би мэдэрлээ.’

“Усанд сэлэхээ больж, хувцаслаад, эмнэлэг дээрх Станы өрөө уруу яарлаа. Ор нь эзгүй байв. Тэр усан сангийн дэргэд эмчилгээндээ бэлтгэн тэргэнцэртээ сууж байгаа гэж сувилагч хэллээ. Намайг тэнд яаран очтол Стан ганцаархнаа, усан сангийн хамгийн гүнзгий хэсгийн ирмэг дээр байж байлаа. Бид хоёр мэндлээд түүний өрөөнд буцаж ирэн, би түүнд санваарын адислал өглөө.”

Стан эцэстээ хүч тамир нь сэргэн, хөл нь зүгээр болж, дахин явдаг болсон. Ерөнхийлөгч Монсон цааш нь: “Стан тэр нэгэн үдээс хойш усан сангийн ирмэг дээр тэргэнцэрт сууж байх үед өөрт нь төрсөн ёозгүй муухай бодлын тухай зарим хүмүүст илчлэн ярьсан байлаа. Тэр өөр нэг хувилбарын тухай бодсон гэж ярьжээ. Хараал идсэн тэр муу тэргэнцрийг нам гүмхэн мэлтийх усан сангийн гүнзгий ус уруу түлхээд оруулчих шиг амархан юм хаа байхав. Тэгсэн бол амьдрал төгсгөл болох нь тэр. Гэвч яг тэр агшинд тэр өөрийн найз, намайг харсан юм. Бид хэзээ ч ганцаараа байдаггүйг тэр өдөр Стан ойлгосон юм. Би бас тэр өдөр сүнсний өдөөлтийг дагахаа хэзээ ч, бүр хэзээ ч бүү хойшлуул гэсэн сургамжийг авсан билээ.”7

Их Эзэн Өөрийн Хоёр дахь Ирэлтийн тухай өгүүлэхдээ, Ариун Сүнсний бэлэг Түүний Гэгээнтнүүдийн дунд хүчирхэг идэвхтэй байх ёстой гэдгийг: “Учир нь мэргэн хийгээд үнэнийг хүлээн авсан, мөн Ариун Сүнсийг зам заагчаа болгон авсан, мөн мэхлэгдээгүй тэд-үнэнээр би та нарт хэлнэ, тэд тас цавчигдан мөн галд хаягдахгүй, харин тэр өдрийг тэсэн гарах болно” (C ба Г 45:57) хэмээн онцлон хэлсэн.

Бид сурч мэдэх, цэцэглэн хөгжих олон боломжийн үед аж төрж байна. Гэвч эдгээр гайхамшгуудын зэрэгцээгээр өөрсдийн арга замыг бидний амьдралд, аюулгүй хоргодох газар бидний гэр оронд шургалуулах гэсэн дайсны олиггүй хууран мэхлэлт бас газар авч байна. Хэрэв бид Ариун Сүнсийг хөтчөө болгон хүлээж авбал энэ бэлгийг танин мэдэж, хамгаалан, үүн дээр барих юм бол бид мэхлэгдэхгүй. Нүгэл хилэнц дэлхийд газар авахын хэрээр зөв шударга хүмүүст Ариун Сүнсний бэлгийн нөхөн орлуулах хүч байх болно.

Бид бурханлиг энэ бэлэгт хэдий чинээ их анхаарал тавина, “тэр өдрийг үзэж,” Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин хамт амьдрах болно.

Эшлэл

  1. Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 49-ийг үз.

  2. Даллин Х.Өүкс, “Always Have His Spirit,” Ensign, Nov. 1996 оны 11-р сар, 59–61-ийг үз.

  3. Teachings: Wilford Woodruff, 41, 51.

  4. Боид K.Пакер, “Reverence Invites Revelation,” Ensign, 1991 оны 11-р сар, 23.

  5. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 98; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  6. Жеймс И.Фауст, “Voice of the Spirit,” Лиахона, 2006 оны 6-р сар, 6.

  7. Toмас С.Монсон, “The Spirit Giveth Life,” Ensign, 1985 оны 5-р сар, 68, 70.

Бэлэг, Уолтер Рейн, хуулбарлаж болохгүй

Уолтер Рейний уран зураг

Tэдэнд ойлгуулж заа, Уолтер Рейн, Сүмийн Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв