2010
Хандел ба Мессиа-гийн бэлэг
2010 оны Арванхоёрдугаар сар


Хандел ба Мессиа-гийн бэлэг

Бурханлигаар томилогдсон өдрүүдийнхээ эцэст бид Бурхан бидний дээр ирснийг Ханделын хамт хүлээн зөвшөөрч мэднэ.

Зураг
Elder Spencer J. Condie

Жорж Фредерик Хандел заяаны хөгжимчин болж төрсөн мэт санагддаг. Тэр Германд идэр насны хөвгүүн байхдаа хийл, бадралт баг бишгүүр аль алинаар нь чадамгай тоглодог байжээ. Германд анхныхаа дуурийн хөгжмийг бичсэний дараа дэлхийн дуурийн хөгжлийн төв болсон Италид очиж, итали арга барилаар хөгжмийн зохиолоо туурвихыг хичээсэн гэдэг. Тэнд тэр дуурийн болон тайзны хөгжим зохиоход чамгүй амжилт олсон аж.

Хандел 1711 онд 26 настайдаа түүний дуурь, магтуу дуунуудыг анхнаасаа л сайнаар хүлээн авсан Англи уруу нүүхээр шийджээ. 1730-аад оны сүүлчээр Британий үзэгчид герман, итали хэлээр дуулдаг дууриудад төдийлөн дуртай биш болж, харин The Beggar’s Opera (Гуйлгачны дуурь) мэтийн хошин шогийн бүтээлүүдийг сонирхох болжээ. Тийнхүү Хандел—өөрийн үзэгчдийг—алдчихгүйн тулд хэдэн жил нилээд махруу ажиллав.

1737 онд 12 сарын дотор дөрвөн дуурийн хөгжим бичиж, өөрийн биеийн хүчин чадлаас хэтэртэл ажилласны дараа 52 настай хөгжмийн зохиолчийн тархинд цус харваж, баруун гар нь түр хугацаанд саажилттай, салга болжээ. Ханделын итгэлтэй нарийн бичгийн даргад эмч, “Бид түүнийг хүнийх нь хувьд аварч чадах ч хөгжмийн зохиолчоо үүрд алдлаа. Түүний тархи эдгэрэх аргагүйгээр гэмтсэн бололтой” гэжээ.1

Хөгжмийн зохиолч түүний тавьсан оношыг сөрөн зогссон юм. Цаг хугацаа өнгөрөх тусам дулаан хаврын улирлуудаар Aix-la-Chapelle (германаар, Аахен)-д хийгдэж байсан эмчилгээний үр дүн түүний бие махбодод илт харагдаж, биеийн хүч чадал нь сэргэсэн гэнэ. Ойролцоох Сүмийн байранд бадралт баг бишгүүр тоглох чадвараа туршиж үзсэний дараа тэрээр, “Би Тамын ирмэг дээрээс эргэж ирлээ шүү” гэж баяртайгаар дуу алдсан гэдэг.2

Тэр Лондонд эргэн очиж дуурийн хөгжим бичиж эхэлсэн ч түүний бүтээл төдийлөн сайн хүлээн авагдсангүй, үзэгчид түүнийг дахин шавдуулах болжээ. Тэр ихэд цөхрөнгүйгээр “Бурхан яах гэж миний амийг аварсан юм бол оо? Ердөө л нөхдөд минь намайг дахин оршуулах боломж олгосон хэрэг үү?” гэж гайхан өгүүлсэн гэдэг.3 1741 оны 4-р сард Хандел салах ёслолын концерт хэмээн өөрийн нэрлэсэн концертоо толилуулжээ. Түүний бүтээлч чадвар шавхагдаж дууссан байв. “Тэнд эхлэх эсвэл төгсгөх юу ч байсангүй. Хандел хоосон хөндий болжээ” хэмээн нэгэн намтар бичигч бичсэн байна.4

Тэр жилийн наймдугаар сарын нэгэн үдээс хойш Хандел, яруу найрагч, өмнө нь хамтран ажиллаж байсан Чарльз Женненсийг олж уулзахаар явганаар удаан явж, ядраад буцаж ирсний дараа тэр түүнд нэгэн гар бичмэл үлдээсэн аж. Энэ цомнолыг судруудаас ялангуяа Есүс Христийн төрөлт, Түүний үйлчлэл, Цовдлолт, Амилалтыг зөгнөн өгүүлсэн Исаиагийн үгсээс эш татсан байдаг. Энэ бүтээл нь магтуу дуу болох учиртай байв. Хандел эх бичгийг уншихдаа өмнөх бүтэлгүйтлээ санан мөн эмээж байв.

“Тайвшрагтун, тайвшрагтун” гэсэн гар бичмэлийн эхний үгс хуудаснаас үсрэн гарч, Ханделд урт удаан хугацааны туршид дарамт болж байсан хар үүлсийг хөөн сарниулжээ. Тэрээр Аврагчийн төрөлт болон өөрөөсөө бусад мөнх бус нялхсыг дэлхийд төрүүлэхийн тулд ирэх Мессиагийн тухай Исаиагийн бошиглолыг үргэлжлүүлэн унших тусам түүний сэтгэлийн дарамт туугдан алга болж, түүний сэтгэл сонирхлоос сэтгэлийн хөөрөл болон өсчээ. “Бидэнд хүүхэд төрлөө” хэмээн уншихад өмнө нь түүний зохиосон танил аялгуу Ханделын санаанд урсан орж иржээ. “Тэрээр сүргээ тэжээх болно” гэсэн нэртэй гоцлол ари дууны хайраар бялхам Сайн Хоньчны дүр бодлыг нь эзэмдэх үед үзэг цаасанд хүрэхээс өмнө хөгжмийн нот түүний оюун ухаанд тодрон бууж байсан гэдэг. Дараа нь “Халлелуяа түрлэг дуу” –нд хөхүүн баяр хөөрийг тусгасан байхад үүнийг даган эвлэг уяхан, хосгүй гаргууд гэрчлэл “Гэтэлгэгч минь амьдыг би мэднэ” зохиогдлоо. Түүний сүүлийн бүтээл агуу “Worthy Is the Lamb” (“Зохистой Хурга”) юм.

Хандел амьдралынхаа туршид хөгжмийн олон бүтээл туурвисан ч, 1741 оны зуны сүүлчээр ердөө гуравхан долоо хоногт бичсэн Мессиа хэмээх ганц бүтээл нь түүнийг дэлхий дахинд нэрд гаргажээ. Тэрээр энэ бүтээлээ дуусгасны дараа “Бурхан над дээр хүрч ирсэн юм” гэж даруухнаар өгүүлсэн гэдэг.5 Ариун Сүнсний нөлөөг мэдэрдэг хүмүүс Ханделын бүтээл Meссиа-гаас хүчирхэг гэрчлэл ирдэг гэдэгтэй санал нийлэх биз ээ.

Хандел эл магтуу дууны анхны тоглолтыг ивээн тэтгэгчидтэй урьдчилан тохирч, энэ болон цаашид тавих Мессиа-гийн бүх тоглолтоос олох орлогыг “хоригдлууд, өнчин хүүхдүүд болон өвчтэй хүмүүст хандивлав. Би өөрөө ч өвчин эмгэгтэй байсан хүн, харин одоо эдгэрээд байна. Би хоригдол байлаа. Харин одоо суллагдаад байна” гэжээ.6

Мессиа-г Лондонд анх тоглосны дараа онцгой сайхан “цэнгээнт үзвэр” туурвисны төлөө үзэгчид баяр хүргэжээ.

“Хэрэв би тэднийг зөвхөн зугаацуулсан бол уучлал гуйх ёстой, эзэн минь. Би тэднийг улам сайн хүмүүс болгох гэсэн юмсан” гэж Хандел даруухнаар хариулсан гэдэг.7

Тэрээр үзэгчиддээ, түүний дотор энэ дэлхийнх биш үзэгчиддээ зориулан охь манлай бүтээлээ туурвисны дараа алдар нэр, аз хийморь, олон түмний магтаал сайшаалыг олохын төлөөх эрэл хайгуулаасаа сая нэг юм чөлөөлөгджээ. Хамгийн чухал зүйлс ач холбогдол багатай зүйлсийн эрхшээлд байхаа нэгэнт больсон аж. Гандан бууршгүй эрч хүчтэй хөгжмийн зохиолч Хандел нэгэнт амралтандаа гарчээ.

Ханделын амьдралын сургамжууд

Жорж Фридерик Ханделын амьдрал болон сүнсний залуурч болсон хөгжмийн бүтээл туурвиснаас нь бид ямар сургамж авч болох вэ?

  1. Бид авьяас чадвартаа итгэх итгэлийг хөгжүүлж, хөдөлмөр бүтээлдээ шүүмжлэлтэй хандаж амьдрах ёстой. “Хүн бүхэн өөрийн чинь чадварт эргэлзэж байвал өөртөө итгэлтэй бай. Хүмүүс яагаад өөрийн чинь чадварт эргэлздэгийг ч анхаар” гэж яруу найрагч Радъярд Киплинг хэлсэн байдаг.8

  2. Тоо бол чанар, нэр төрлийн олон янз байдлыг орлодоггүй. Ханделын эхэн үеийн дууриудыг бараг мартжээ. Тэдгээр дуурийн урьдчилан тааварлаж болохоор, жор маягтай бясалгал нь сүнслэгээр нөлөөлөх хүчгүй, дуурь бүр нь хоорондоо адилхан сонсогддог байлаа.

  3. Бид сүнсний нөлөөгөөр ажилласан үедээ тэнгэрийн ажлыг хийдэг. Бид Сүнсийг албадаж чадахгүй, харин сүнсний нөлөө, илчлэлт ирсэн үед анхааралтай сонсож, уг өдөөлтөөр ажиллах ёстой. “Миний Сүнсний хүч бүх зүйлийг амьдруулдаг бөлгөө” (С ба Г 33:16) хэмээн Их Эзэн амласан билээ.

  4. Бид сүнслэг удирдамж болон илчлэлтийн эх сурвалжаа мэддэг байх ёстой. Бид бусдыг адислахын төлөө хийдэг тэрхүү ажилд зөвхөн зэмсэг төдий юм. Амжилтынх нь төлөө түүнд өгсөн алдар хүндэтгэлээс Хандел татгалзаж, “Бурхан над [бидэн дээр] дээр хүрч ирсэн юм” гэж хэлснийг бид ойлгох ёстой.

  5. Бид үгийн хүчийг хэзээ ч дутуу үнэлэх ёсгүй. Бурханы үг энэ дэлхийн хамгийн авьяаслаг зохиолчдын бүтээлээс хавьгүй илүү хүчтэй юм (Aлма 31:5-ыг үз).

  6. Уг ажил дахь сүнсний үнэн бодитой утга учрыг Ариун Сүнсний гэрчлэл дамжуулж чаддаг. “[Хүн] Ариун Сүнсний хүчээр [ярих буюу дуулахад] Ариун Сүнсний хүч үүнийг хүмүүний үрсийн зүрх сэтгэлд хүргэдэг” (2 Нифай 33:1)

  7. Хүч нь бидний үгсэд биш харин Бурханд болон Түүний ажилд байдаг. Аврагч тухайн сүсэг бишрэл тунхаглагчдын тухай Иосеф Смитэд, “Тэд уруулаараа надтай ойр боловч зүрх сэтгэлээрээ надаас хол байдаг, … бурханлиг байдлын дүртэй боловч, түүний хүчийг үгүйсгэдэг” (Иoсеф Смит—Түүх 1:19) гэжээ. Хандел Библийн сэдвээр өөр магтуу дуулал, дууриуд зохиосон ч хөгжмийн хэлбэр нь судруудын хүч—Аврагчийн төрөлт, үйлчлэлийн тухай Исаиагийн хүчирхэг бошиглолууд болон Илчлэлт, Лук, Иохан нарын Сайн мэдээн дэх олон бошиглолын биелэлтэд тохирохгүй байлаа. Бид Ханделын Мессиа-д бурханлиг байдлын хэлбэр болон үүний хүч аль алиныг нь олж хардаг. Мессиа-д уруул ба зүрх сэтгэл тэнгэрт илүү ойртдог.

Бид бүгд Жорж Фридерик Ханделын адил энэ амьдралд өөдрөг өрнүүн сүнслэг байдал бий болгох үйл хэрэгт оролцож байгаа билээ. Дэлхий дээр өнөө үед ёс суртахууныг эрхэмлэдэг, зөв шударга амьдралыг хөхүүлэн дэмжих нь сүнслэг байдлын амжилт юм. Бид тэнгэрийн сүнслэг нөлөөнд мэдрэмтгий байхын төлөө, бидний хөдөлмөрийн үр шим бусдад сүнслэг нөлөө үзүүлдэг байхын төлөө би залбирч байна. Бид бусдыг аврахыг эрэлхийлэхдээ өөрсдийн сүнсний бүтээлч байдлыг хязгаарлаж, илчлэлт хүлээн авахыг боогдуулдаг, цагийн аясаар өөрчлөгдөн хувирдаг үзэл бодол, хувийн явцуу сэтгэлгээнд хүлэгдэж болохгүй.

Элизабет Барретт Браунинг Аврора Лей гэдэг утга уянгын яруу найрагтаа нэгэн уран санааг илэрхийлсэн байдаг:

Бултаараа дэлхий тэнгэрийн нөлөөгөөр дүүрэн,

Бутыг шатаж байгаагаар харагдуулдаг нь Бурхан;

Бут шатаж буйг хардаг нь гутлаа тайлна;

Бусад нь бутнаас жимсийг нь л түүнэ.9

Бид бүгдээрээ гутлаа үдэхгүй байж, ажил хөдөлмөрөө тэнгэрлэг ариун үйлсээр дүүрэн байлгах болтугай, хийх хэрэгтэй илүү чухал, эрхэм ажил байхад бөөрөлзгөнө түүж суухгүй байх болтугай.

Бурханаас томилогдсон өөрсдийнхөө өдрүүдийн төгсгөлд бид Хандел шиг, Бурхан бидний ажил хөдөлмөрт бидэнд хүрч ирлээ хэмээн хэлэх боломжтой байх болтугай.

Эшлэл

  1. Стефан Звейг, The Tide of Fortune: Twelve Historical Miniatures (1940), 104.

  2. The Tide of Fortune, 107.

  3. The Tide of Fortune, 108.

  4. The Tide of Fortune, 110.

  5. The Tide of Fortune, 121.

  6. The Tide of Fortune, 122.

  7. Дональд Барровс, Handel: Messiah (1991), 28; мөн “A Tribute to Handel,” Improvement Era, 1929 оны 5-р сар, 574-ийг үз.

  8. Радярд Киплинг, “If—,” in The Best Loved Poems of the American People, эмхтгэсэн Хейзел Феллеман (1936), 65.

  9. Familiar Quotations, 14 дэх хэвлэл, (1968), 619.

Балтазар Деннерийн эзэмшдэг Ханделын хөрөг зураг © Getty Images; Маттью Рейерийн авсан хийлийн Matthew Reier; photo illustration by Jed Clark © iri

Хоньчид хүрч ирсэн нь, Хенри ЛиРолл, эх хувь нь Францын Каркассонне дахь Musée des Beaux-Arts-д байдаг, тэдний зөвшөөрлөөр ашиглав, хуулбарлаж болохгүй; Христ Мариа, Марта хоёр зааж байгаа нь, Сорен Эдсберг, хуулбарлаж болохгүй; Христ хараагүй хүнийг эдгээсэн нь, Карл Хейнрих Блок, Данийн Хиллерод дахь Үндэсний Түүхийн Музейн зөвшөөрлөөр нийтлэв, хуулбарлаж болохгүй; гэрэл зургуудыг Ричард М.Ромни

Петр үгүйсгэсэн нь, Карл Хейнрих Блок, Чарли Бейрдийн гэрэл зураг, эх хувь нь Данийн Хиллерод дахь Үндэсний Түүхийн Музейд байдаг; Гурван Мариа булшны дэргэд © SuperStock, хуулбарлаж болохгүй; гэрэл зураг чимэглэлийг Маттью Рейер, Крейг Даймонд, Кристина Смит, Жон Лук