2010
Тимотийн бүүвэйн дуу
2010 оны Арванхоёрдугаар сар


Тимотын бүүвэйн дуу

Төрөлхийн хүнд өвчтэй төрсөн нялх үрийнхээ төлөө би зүрх шимшрэн өвдөж байлаа. Гэхдээ 2000 жилийн тэртээ өөр нэг хүүхдийн авчирсан бэлгийг санатлаа шүү дээ.

Манай ажлын газрын сувилагч: “Хүү чинь төрөлхийн гажигтай юм биш үү” гэж хэлэхэд зүрх зүсэгдэх шиг болсныг би санадаг. Тэр үед саяхан төрсөн нялх хүүг минь хэвийн амьдралд оруулахын төлөө эмнэлгийн хүлээн авах өрөөнд ажиллаж байсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байлаа.

Би өмнө нь иймэрхүү нөхцөл байдалтай олон удаа тулгарч байсан л даа. Гэхдээ сувилагчийн хувиар шүү дээ. Саяхан төрсөн нялх хүүхдийг амьд авч үлдэхийн төлөө тэмцэгчдийн нэг нь би байдаг байлаа. Харин одоо бол би өөдсийн чинээхэн үрийг минь өөр эмнэлэг уруу авч явахаар эмнэлгийн ажилчдын баг хүлээж байх хооронд инкубаторын хаалгаар хүүгийнхээ гарт хүрч үзсэн ээж байлаа.

Маргааш өглөө нь нярай хүүхдийн эрчимт эмчилгээний тасгаас (ЭЭТ) утасдав. Тэнд миний нөхөр Андрю, Тимотын хэвлийн хөндийгөөс том хавдрыг нэн даруй авч хаях мэс заслыг тайлбарласан эмч нараар хүрээлүүлэн сууж байсан юм.

Мэс засал нялх үрийг минь аварч, хүү минь хэвийн байдалтай, аз жаргалтай байх болно гэдэгт би туйлын итгэлтэй байлаа. Би хүүгээ мэс заслын сорвитой, тэнтэр тунтар алхаж яваагаар төсөөлөн харлаа. Мэс заслын тэрхүү түр зуурын сорви хүүгийн минь эцэг эхдээ өгсөн сануулагч байх болно.

Гурван долоо хоногийн дараа нөгөөх эмнэлгийн хурлын танхимд сэтгэл мэдрэлийн эмч тархины буруу байрлалыг тайлбарлахыг хичээж байлаа. Манай хүүхэд танин мэдэхүй, хэл ярианы үлэмж сааталтай, эцэстээ саа өвчинтэй болж мэдэх ажээ.

Түүнээс хойш хэд хоногийн дараа нөгөөх өрөөнд сэтгэл мэдрэлийн эмч, “Тимот тэжээлийн гуурсгүйгээр гэртээ харина гэдэгт би итгэхгүй байна” гэв. Манай хүү төрснөөсөө ч жин нь багасч (1.4 кг), цус багадалттай, өдөөлтөд хариу үйлдэл огт үзүүлэхгүй байлаа. Угж өгөхөд тун сул хөхөх боловч хөхсөн юмандаа хахна.

Хүүгийн минь байдал ер нь найдваргүй гэхээр байв. Би гэдэг хүн хувь заяандаа гомдож байлаа. Их Эзэн хэн нэгний үүрч чадахаас илүү хүндээр хүнийг хэзээ ч сорихгүй гэсэн Түүний амлалтад би эргэлзэж эхлэв. Энэ дарамт надад бие бялдар, оюун санаа, сүнслэг байдлын хувьд онцгой мэдэгдэж байлаа. Өдөр бүр эмнэлэг дээр олон цаг байх үедээ би хоёр том хүүхэдтэйгээ хамт байж, амар амгалан амьдралаа дахин эхлэхсэн гэж хүснэ. Гэртээ байх үедээ нялх үрийнхээ төлөө санаа зовж, яг үнэндээ бол амьдралыг минь орвонгоор нь эргүүлсэн тэр зүйлийн тухай боддог байлаа.

Би сэтгэл санаагаар уруудсан үедээ Их Эзэнд хандан, миний үйлчилж болох бүхий л арга замуудыг мэдүүлэх боломжийг надад олгооч, Тимотыг минь л хэвийн болгож өгөөч, амьдралаа хүний дайтай авч явах боломжийг олгооч хэмээн гуйдаг байлаа. Үүнээс бусад ямар ч зүйлийг би хийж чадахаар байлаа.

Эдгээр бүх зүйл болж байх үед надад тохиолдсон хувийн гайхамшиг эхэлсэн юм. Манай тойргийн олон гишүүд, нэлээд хэдэн гэр бүлийн гишүүд найз нарын хамт манай гэр бүлийн төлөө мацаг барьж залбирсан. Нэг ням гарагийн өглөө намайг сэрэхэд бүх мацаг барилт, залбирлын үр дүнд тэр өдөр ямар нэг чухал зүйл болох юм шиг хүчтэй сэтгэгдэл төрлөө. Тимотын гэнэт зүгээр болж, гайхамшигтайгаар хоолоо өөрөө идэж эхэлнэ гэдэгт би мэдээж хэрэг итгэж байсан. Намайг ЭЭТ дээр ирэхэд Тимот гөлийсөн хэвээрээ угжаа огт сонирхохгүй байлаа. Мэдээж хэрэг би санаагаар унасан ч хүүгээ тэвэртэл, тэр зүгээр болох юм шиг хүчтэй мэдрэмж гэнэт төрлөө. “Зүгээр” гэдэг нь чухам юу болохыг би мэдсэнгүй. Гэвч Их Эзэн манай гэр бүлийн төлөө хариуцлага хүлээж, биднийг мэдэж байгаа гэдэгт би эргэлзсэнгүй.

Хэдэн долоо хоногийн дараа ээж бид хоёр эмнэлэг дээр ирэв. Тэрхүү нам гүмхэн, бүдэг гэрэлтэй өрөөнд ээж миний сульдаатай бяцхан хүүг цээжиндээ тэврэн ийш тийш нь хөдөлгөн, Христийн Мэндэлсний Баярын бүүвэйн дууг дуулна:

Чимээгүй бяцхан үр минь, Эзэн Есүс

Хэрхэн дэлхийд, хол улсад, далайн цаана

Чиний адил амьдрахаар төрсөн билээ.

Энэ тухай түүхийг бяцхан үрдээ ярья.

Бүүвэй, бүүвэй, бяцхан үр минь, бүүвэй

Унт даа ямар ч айдасгүйгээр, бүүвэй.

Бүүвэй, бүүвэй, хайрт үр минь бүүвэй.

Есүс бяцхан үрээ хайрлах болно.1

Бидний хүн нэг бүрийн төлөө амар амгалан, мөнхийн аз жаргалыг энэ дэлхийд авчирсан Аврагчаар минь дамжин ирдэг амар амгаланг би мэдсэн. Тэрбээр өөдсийн чинээхэн хонгорхон үрд минь анхаарал халамж тавьж, түүнийг халамжлахаар сонгогдсон биднийг өргөн дэмжих нь мадаггүй.

Хэдэн долоо хоногийн дараа Тимотыг тусгай асрах яслид шилжүүлэв. Одоо би энэ яслид ажиллаж байна. Тэнд хүү минь хоолоо өөрөө идэж сурсан нь юутай гайхалтай байв. Хүү минь зүгээр болох юм байна гэсэн өмнө нь байгаагүй мэдрэмж надад дахин төрлөө. Хүү минь хэдийгээр олон талаар сайжирсан ч, чухам юунаас болов гэдгийг би яг нарийн мэдэхгүй байлаа. Гэвч тэр үеэс хойш тайтгаруулагч мэдрэмж надад үргэлж байгаа билээ. Санаа зовоох ямар нэг юм бий болсон хэдийд ч нөгөөх мэдрэмж намайг тайтгаруулж, “Бүү санаа зов. Юм бүхэн сайн болно. Зөвхөн хүүгээ харж баяс” гэсэн захиас болон сонсогддог билээ.

Христийн Мэндэлсний Баярын үеэр миний бодол санаа Аврагчийн өгсөн гайхалтай сайхан олон бэлэгт хандлаа. Дэлхий дээр амар амгалан байх өдий төдий арга замаар Тэр биднийг хангасан юм. Амар амгалангийн хамгийн гайхамшигтай бэлгүүдийн нэг нь бид чадах бүхнээ залбирч хийсний дараа өөрсдийн гай зовлонг Түүнд даатгах явдал мөн.

Бид Их Эзэнд итгэл найдвараа тавьж, санаа зовоодог зүйлсээ Түүнд даатгавал хариуд нь Тэр биднийг өргөн, ихэвчлэн бусад хүмүүсээр дамжуулан туслах онцгой бэлгээр биднийг адисалдаг. Миний хувьд ийм бэлэг хоёр том хүүхдэд минь хүүхэд асрагчийн хэлбэрээр, тойргийн гишүүдээс ирүүлсэн хүнсний зүйлсээр, алтан гартай эмч сувилагчид, гэр бүл, найз нөхдийн хайрын дэмжлэг туслалцаагаар дамжин ирсэн юм. Гэвч хамгийн хүчирхэг бэлэг бол Тэнгэрлэг Эцэгийн соёрхсон амар амгалан бөгөөд миний уй гашуу, уйтгар гунигийг Түүний Хүү үүрдэг явдал мөн. Чухам Түүний улмаас би бяцхан хүү Тимотоо хайрлан энхрийлж, түүний онцгой амьдралын улмаас миний замд байрлуулсан бүх хүмүүс болоод адислалуудад магнай тэнийн баярлаж явдаг билээ.

Эшлэл

  1. “Oh, Hush Thee, My Baby (Чимээгүй бяцхан үр минь),” Children’s Songbook, 48.

Зураг чимэглэлийг Скотт Снөү