2014
Нифай миний асуултад хариулсан
долоодугаар 2014


Нифай миний асуултад хариулсан

АНУ, Канзас, Жүди M. Смит,

Би сүмд төрсөн ч намайг өсөж торних үед манай гэрийнхэн сүмд ховорхон очдог байв. Ганцаараа байсан ч би сүмд очих арга замаа үргэлж олдог байлаа. 1970 оны эхээр би АНУ-ын Канзас мужийн Питтсбургт семинарын багшаар үйлчилж байлаа. Бид Мормоны Номыг судалж байсан бөгөөд би өөрийгөө болон ангийнхныгаа уг номыг бүтнээр нь уншихад уриалсан юм. Би нэг өдөр Мормоны Номыг уншиж байгаад энэ бол үнэн гэсэн хүчирхэг гэрчлэл хүлээн авч билээ.

Хэдэн жилийн дараа аав, ээж хоёр маань манайд зочилж ирэв. Тэр үед аав маань бид хоёрын санал зөрөлдсөнөөс болоод ярилцахыг хүсэхгүй байсан сэдвийг минь хөндөж ярьсан юм. Аав энэ сэдвээс нойтон хамуу шиг салахгүй байсанд миний тэвчээр барагдах дөхөж билээ. Би түр гараад унтлагын өрөөндөө орж, өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, аавтайгаа зөв харьцахад минь туслаач гэж гуйлаа. Хариулт нь Нифай ба хугарсан нумны тухай түүхийг унш гэсэн бодол хэлбэрээр ирсэн юм.

Би 1 Нифай 16-р бүлэг дэх түүхийг уншлаа. Их Эзэний эсрэг бувтнасан эцэгтээ хандан, хоол олохын тулд хаашаа явахыг асуухуйц хангалттай даруухан байсан Нифайн тухай би бодсон юм (23-р шүлэг). Энэ бодлынхоо ачаар би аав руугаа очиж, түүнээс удирдамж болон санваарын адислал өгөхийг хүсэхээр өдөөгдсөн билээ.

Би зочны өрөөнд эргэн ирж, ааваасаа адислал өгөхийг хүсэхэд аавын минь сэтгэл хөдөлж, уйлж эхлэв. Аав “би үүнийг бодож үзье” гэж хэллээ.

Дараагийн хэдэн өдөр аав мацаг барьж, залбирав. Тэгээд аав ээжтэй минь хамт буцахаасаа өмнө надад гайхалтай адислал өгч билээ.

Энэ явдлын дараа аав минь амьдралаа бүрмөсөн өөрчилсөн юм. Аав, ээж хоёр Канзас дахь гэртээ харих замдаа АНУ-ын Миссури мужид орших Адам-ондай-Аманы хөндийг очиж үзсэн бөгөөд тэнд байхад нь аавд нэгэн хүчирхэг сүнслэг явдал тохиолдсон юм.

Удалгүй аав, ээж хоёр минь идэвхтэй бөгөөд тууштай хожмын үеийн гэгээнтнүүд болсон. Үүнээс хойш хэдхэн жилийн дотор тэд хоёр номлолд—Германд болон Солт Лэйк хотын ариун сүмийн талбайд үйлчилсэн юм. 1987 онд аав минь өөд болохдоо гадасны патриархаар үйлчилж байлаа.

Миний аав сайн хүн гэдгийг Их Эзэн мэдэж байсан. Би Мормоны Номоор дамжуулан хариултаа авч, өдөөлтийн дагуу үйлдсэнээр аав минь гэр бүлийнхээ удирдагч байх ёстой гэдгээ ойлгосон юм. Энэ туршлага бидний бүх зүйлийг өөрчилсөн билээ.

Мормоны Ном нь үнэхээр Есүс Христийн бас нэгэн гэрээ бөгөөд бидний үед зориулан бичигдсэнийг би мэдсэн. Би сэтгэлээр унах ч юм уу өөр ямар ч нөхцөлд байсан энэ номоос тусламж авч болно гэдгийг мэднэ. Хариултууд энэ номонд байдаг.

Чухамдаа “Христийн үгс [бидний] хийвэл зохих бүх зүйлийг [бидэнд] хэлэх болно” (2 Нифай 32:3).